image

Дурсамжийн төлөө л амьдардаг хэрэг үү | Төгс биш хариулттай бодол ...

Дурсамж... Ярих дурсамж дүүрэн амьдрах сайхан... Багын дурсамж, залуудаа хөглөсөн явдлуудаа эрхгүй шүүрс алдан дурсах хэн нэгнээс өнгөрсөн намрын баяр жаргалтай өдрүүдийг ч нэхэн дурсах амьдрал ажээ. Аргагүй бичих хийгээд уншихын төдий энэхэн хугацаа ч дурсамж.

Ямар орон зайд хэнийг дурсах тухай бичигдсэн хууль үгүй ч хамгийн хайртай болон хамгийн ихээр сэтгэлийг тань сэмрүүлсэн нэгнийг дурсамжиндаа хадгалчихдаг.

Эцсийн эцэст хайр бас хүндлэл дийлдэг л хорвоо юм даа... Гэр бүлийн хайр, найз нөхдийн хайр, мөн чанар нь таалагддаг хүмүүсийн хүндлэл, мөнхийн сэдэв болсон хайр сэтгэлийг бид тээн тээсээр цаг хугацааг бие мах бодийнхоо хувьд үддэг. Гагцхүү харамсал, харуусал, гунигийг хэн ч тойрч гарч чаддаггүй. Хайрладаг хүмүүстэйгээ ч тэрхүү уйн тойрогт хамт эргэлдэнэ. Тэгэхээр бас юунд ч үл бардам, үл тохиолынх мэтээр итгэж болохгүйг дахин дахин сануулах шиг.

Цаг хугацааг ухрааж болдогсон бол гэж бид ярьдаг шүү дээ. Тэгвэл зөвхөн дурсамж цаг хугацааг эргүүлэн тэр нэг мэдрэмжүүдийг авчирч чаддаг.

Дурсах сайхан. Дурсамжиндаа мөнхөлсөн зүрхэнд байдаг хүмүүс харагдахгүй, гарт хүрэхгүй хол байх хэцүү. Хэчнээн урт хөвөрч орооцолдсон дурсамжийн утас дундаа тасардаг. Огт санахгүй болох биш мартагнуулсаар байдаг нь цаг хугацааны хийх ажил нь байх.

Дурсах гунигтай. Миний дуртай намар дуусч дурсамжийн эзний хайртай өвөл ирдэг. Гэвч намарт ч, өвөлд ч, хаварт ч, намарт ч бидний дурсамж огт хамаагүй. Бид л улирлыг дурсамж болгон үлдээдэг. Дурсаад дурсаад байхад ирэхгүй цаг хугацаа л биднийх гэсэн үг.

Сайхан ч бай муухай ч бай дурсамжийг хэзээ ч байхгүй болгож чадахгүй. Бид амьдарч байгаадаа л хэзээд ч дурсамж бүтээсээр байдаг. Гагцхүү алийг нь нэр болгон ярьж үлдээх вэ гэдэг л сонголт. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх