image

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхийн заавал мэдэх ёстой ойлголт, асуултын хариулт

Юун түрүүнд өсвөр насны хүүхэд гэдэгт 13-18 насыг хамран авч үздэг. Тэдний сурдаг сургуулийн орчин, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллээс бүрэн ангид, хамгаалагдаж чадахгүй байгаагаас бие махбодын хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөж  байна. Гэсэн хэдий ч эдгээр эрсдэл анхаарлын гадна орхигдсоор байгаа нь харамсалтай. Үүнийг уншиж байгаа та ч мөн энэ насыг дайран гарсан. Тэгвэл өсвөр насны хүүхэдтэй, дүүтэй бол үүнийг заавал уншаарай.

Өсвөр нас хүртэлх хүүхэд насны хөгжлийн үе нь тэдний бие хүн болж төлөвших суурь нь болдог.

Яг энэ үед л хүүхдэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлтүүд бий болдог. Учир нь энэ үе нь хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг.

Насанд хүрэгчдийн зүгээс аливаа зүйлд хандахыг эрмэлздэг ба тэд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ байдаг. Мөн өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ маш чухал байр суурьтай байдаг. Чухам ийм л учраас зарим тохиолдолд өсвөр үеийнхэн маань өөрийгөө ойлгохгүй мөн эцэг эх, багш нар ч ойлгохгүй явсаар шилжилтийн үеийн хямралд санаа сэтгэл тогтворгүйтэх, ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Өсвөр насанд гарах сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг хэрхэн даван туулснаар тухайн хүүхэд өөрийн хувийн зан чанарыг бий болгоно. Өөрөөр хэлбэл энэ насны зөрчил хямрал нь тухайн хүүхдийн хувийн чанарыг бүрдүүлнэ гэж сэтгэл зүйчид тодорхойлдог.

Өөр нэг онцлог нь энэ үедээ маш их оргилсон эрч хүчтэй, аливаа юманд санаачлагатай ханддаг чанар юм. Зарим тохиолдолд энэ маш их эрч хүчтэй байдал нь зөрчилдөмтгий, түр зан чанаруудаар илрэх нь бий. Энэ бол хүүхдийн мэдрэлийн тогтолцоо маш хөөрөмтгий болдогтой холбоотой.

Өсвөр насны хэрэгцээ нь өөрийгөө ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож ойлгох, мөн өөрийгөө том хүн мэтээр хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө хэн бэ? Гэдгийг таньж мэдэх нь энэ насны гол хэрэгцээ байдаг гэж үздэг. Өөрийн гэр бүл, хуримтлуулсан туршлага, шинэ мэдлэг чадварт тулгуурлан өөрийн гэсэн шинэ итгэл үнэмшил, үнэт зүйлийг бий болгоно. Монголын өсвөр үеийнхэнд эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал, сайн сайхантай холбоотой олон эрсдэл тулгардаг. 

Өсвөр насны сэтгэлзүй онцлог

Эцэг эхээсээ зай барьж эхэлнэ. Энэ бол хэвийн зүйл. Эцэг эхийн орон зайг үе тэнгийнхэн нь эзэлнэ. Тэд эцэг эхээс найз нөхдийн дүрэм журмыг илүүд үзэж, эрхэмлэн сахина. Ирээдүйнхээ төлөө санаа зовних: Би ямар ажил хийх вэ. Би өөрийгөө хэрхэн авч явах вэ. Өсвөр насныхны ажил мэргэжилтэй холбоотой сонголт нь тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухамсарласантай шууд холбогддог.

Эцэг эхчүүд яавал зохистой вэ?

Хүүхдэд бодит мэдээлэл өг. Гэр бүл доторх харилцаа, нийгэмд болж буй үйл явдлыг нуухаас илүүтэй тэдэнд зөв мэдээллийг өгөх нь тухайн асуудлыг даван туулахад туслах болно.

Тэдэнд хариуцлага хүлээлгэ. Өсвөр насныхан өөрийгөө хамгийн чухал гэж үзэх нь элбэг байдаг учир бусад хүний өмнө хариуцлага хүлээлгэж сургах хэрэгтэй. Үүний тулд гэр бүл дотор ямар үүрэг (гэрийн ажилд оролцох, ээж ааваа сонсох, дүү нарынхаа хичээлийг хийлгэх гэх мэт) гүйцэтгэх вэ гэдгийг нь тодорхой болгож өг.

Харилцаа холбоогоо тасалдуулж огт болохгүй. Ямар нэг эрсдэлт үйлдэл (тамхи татах, гадуур тэнэх, тоглоомд донтох, анимед донтох гэх мэт) хийж буй хүүхдүүдийн цаана хайр халамжийн дутагдал байдаг. Тиймээс тэдэнтэй ярилцахаа хэзээ ч зогсоож болохгүй.

М.Үйлсдэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх