image

Үхэл "сенсаци" болсон юм уу | Бид ямар "аймар" юм бэ

Нүдээ нээгээд л, зав гаргаад л, орондоо ороод ч сошиал гэх зүйлийг ус шиг хэрэглэдэг, ашигладаг болжээ. Элдэв түүх, зураг, нийтлэл хуваалцахаас илүүтэй улс орон хийгээд дэлхий дахинд өрнөж буй мэдээ мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авдаг эх үүсвэр нь фэйсбүүк. Ингэсэн гэнэ, тэгсэн гэнэ гэх спам сайтуудын хов живэн дунд мэргэжлийн редакцуудын нийтэлж буй үхлийн сенсаци өдөр бүр уралдаад л хөвөрцгөөнө. Аргагүй дээ, үхээд байгаа юм чинь, нэгнээ хөнөөгөөд байгаа юм чинь, амиа хорлоод байгаа юм чинь, ор сураггүй алга болоод байгаа юм чинь, азгүйгээр чад хийгээд байгаа юм чинь гээд л үхэл сэвсэн мэдээ бүрийн араас нэхэж уншсаар ... Уншсаар дөжирсөн. Харамсахаа ч больсон. Цаг бусын үхэлд ямар ч сэтгэл хөдлөлгүй болсон байна аа гэдэг бидний сэтгэл зүйч яавал ч яаг дээрээ” тулсан шиг ...

Үхлийн мэдээний дийлэнх нь амиа хорлолтын тухай. Манай улсад амиа хорлолтын насны доод хязгаар 10 бол дээд хязгаар 89 хүртэл бүртгэгдсэн байдаг. Энэ нь бүхий л насны хүмүүс амиа хорлож байна гэсэн ойлголт. Сүүлийн жилүүдэд 10-25 насны хүүхэд, залуус амиа хорлох нь ихэссэн. Тэдний амиа хорлосон шалтгааныг судлахад амьжиргааны баталгаат төвшин доогуур, эцэг, эх асран хамгаалагчдын хараа хяналт сул, хагас болон бүтэн өнчин эсвэл сургуулийн орчинд гадуурхалд өртөж дээрэлхүүлдэг байсан шалтгаанууд олон тохиолддог. Дээрх бүх шалтгаануудыг тэдний сэтгэл зүй даахгүйн улмаас амиа хорлох харамсалтай шийдвэрт хүрдэг. Нөгөө талаараа хэн нэгний амиа хорлоход хүргэх хэмжээний гэмт хэргийн эзэн шалтгаан ч болдог.

Манай улс нийт хүн амд оногдох амиа хорлолтын тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг.

Аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг эдийн засаг, улс төр, нийгмийн, ажилгүйдэл ядуурал гэх мэтээр том малгайн дор оруулж явлаа.  Эдгээр нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл мөн үү гэвэл тийм.  Харин яг тодорхой тохиолдолд тухайн хүний амиа хорлох субъектив хүчин зүйлийг судлахад "сэтгэцийн тулгамдсан асуудал л байдаг. Сэтгэцийн тулгамдсан асуудал  архины хамаарал, сэтгэл гутрал, хайр дурлал, цуу яриа, өөртөө итгэлгүй байдал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж болно. Бүр амиа хорлолтыг даган дуурайх сэтгэл зүйч гэж байдаг. Амиа хорлох тухай эргэлзээтэй шийдвэр тээж яваа хүн хэн нэгний амиа хорлосон үйлдлийг дагах, эсвэл яг тэр үйлдлээр бусдын амь насанд ч "хал хүргэх" гэмт хэргийг хүртэл сэддэг байна. Солонгост олон сая фентэй алдартай к-поп од сэтгэл зүйн асуудлаа давж чадаагүйн улмаас нойрны эмийг их тунгаар хэтрүүлэн ууж амиа хорлосноос үүдэн мөн л сэтгэл зүйн асуудалтай фенүүд нь уг үйлдлийг дуурайн амь насаа эрсдэлд оруулах нь ихсэж байсан жишээтэй. Манай улсад ч далавчгүй байж өндрөөс нисэх хэргүүд ар араасаа гарч байсан. Одоо ч гарсаар... Жаалхан зүрхтэй бяцхан гар гэрээслэл хүртэл бичиж үлдээгээд нисэн, унаж эх газартаа шингэсээр ...

Эрдэнэт хүний амь нас гэдэг юу ч биш болсон цөвүүн цаг ууҮнэ цэн гэж ярихаасаа илүү амьд явах эрхээ эдэлж чадаж байгаа юу гэдгийг ярих цаг болжээ. Энэ бол хэдэн байгууллага бие биерүүгээ бичиг шидээд шийдэх асуудал биш. Сургалт хүмүүжлийн наснаас нь эхлүүлээд эрүүл бие бялдар, сэтгэл зүйтэй иргэн бэлдэх ёстой асуудал. Хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ярих бүх эрх зөрчигдөж эхэлснээс сэтгэцийн тулгамдсан гэх асуудлын хуудас бичигдэж эхэлж байна. Тиймээс  хууль, эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох ёстой. Мөн хүүхдүүдийн амьдарч байгаа орчин нөхцөл хүний амьд явах жам ёсны эрхийг хангалттай хангаж чадаж байна уу, үгүй гэдгийг бодолцох цаг болсон.

Хамгийн гол нь хүнд асуудалд тулгарахад хаана очиж ярих вэ. Тийм газар хаана байна вэ гэдэг асуулт. Монгол Улсад хаягдсан нэг салбар байгаа нь сэтгэл зүйн боловсрол. ЭМЯ, Боловсролын яамны бодлогод тусгагдаж байгаа нь сайн хэрэг ч хүртээмжтэй ажиллаж буй хэлбэр нь тод харагдахгүй л юм ...

Тэгэхээр нийтлэлийн эхэнд бичигдсэн сошиал дахь мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгцээ шаардлага одоо өөр төвшинд бэлтгэгдэн хүрч ажиллах ёстойг сануулъя. Нэгэнтээ уншигч, үзэгчдийн дийлэнх нь мэдээ мэдээллийг үнэн зөвөөр, шүүлтүүртэй хүлээн авах нь бага тул тэдний тулгамдаж буй асуудалд өнгөцөөр хандалт шүүрэхийн төдийхнөөр ажиллах биш мэргэжлийн ёс зүйн зарчмыг мөрдөн ажиллах шаардлагатай байна. Осол гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотнынхон болон хүүхэд өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана Хэвлэл мэдээллийн ес зүйн зарчмын 4.6-р мөрдлөг.

Хэн нэгний /ийм зүйлээс болоод/ /ингэж/ үхсэн үхлийг унш БИШ хэн нэгэнд хэрэг болох сэтгэл зүйн эрүүл мэндээ аврах тухай мэдээ, мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг хөөж нийтэлдэг байя.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх