image

Бодлын өрөө | Хол зайн үерхлийг хэрхэн давах вэ

Хайртай хүнээсээ хол зайд байна гэдэг маш хэцүү. Гэхдээ хэцүү гэдэг нь давж чадахгүй даваа гэсэн үг биш юм. Хэцүү зүйл байгаа цаг хугацаандаа л хэцүү байдаг. Хол байхад цаг хугацаа хэтэрхий удаан өнгөрөх шиг санагддаг. Гэвч үнэн хэрэгтээ цаг хугацаа яг нэгэн ижил хурдаар л урагшилж байдаг шүү дээ. Бидний амьдралын хором мөч бүхэн юу тохиолдож яаж өрнөж буйгаас шалтгаалан цаг хугацаа зүгээр л хурдан эсвэл удаан санагддаг. Зүгээр л санагддаг шүү. Тийм учраас хэтэрхий удаан бүр заримдаа цаг зогсчихсон мэт санагдах үед энэ зүйлийг зүгээр л тэгж санагдаад байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаг хугацааны хурдыг бид өөрчилж чадахгүй харин бид өөрсдийнхөө бодол санаа хандлагаа өөрчилж чадна.

Хэрэв үргэлж бие биенээ гэж анхаарал халамж тавьж алхам тутамдаа түүнийгээ бодож, бие биенээ урмын үгээр тэтгэж, өнөөдөр юу болсон, сэтгэл санаа нь ямар байна гэх зэрэг том жижиг бүхий л зүйлсэд сэтгэлээсээ хандаж, анхаарал болгоомжтой хандах юм бол бие биетэйгээ яг л хамт байгаа мэт мэдрэмжийг авах болно.

Хосууд хоёр талд хол байх үедээ хамгийн гол анхаарах зарчмыг би “Хичээл зүтгэл” л гэж хэлнэ.

Хичээл зүтгэл оршиж байхад өөрөө өөрийгөө ямар их хайртай, ямар нөхцөл байдалд байгаа, хэрхэн даван туулах юу хийх, яах ёстойгоо маш сайн ойлгоно. Хайртай хүндээ чи ямар их хайртайгаа мэдрүүлж ойлгуулах болно. Бие биенийхээ хичээл зүтгэлээр л хол зайнд байгаа хосууд эрч хүч урам зориг авдаг юм шиг санагддаг.

Хол байхын хамгийн хэцүү зүйл нь хүрэх, хүрэлцэх мэдрэмжийг авч чаддаггүй. Түүнийхээ уруул дээр үнсэхийг, түүнийгээ тэврэхийг, гараас нь хөтлөхийг, хацрыг нь илбэхийг, духан дээр нь үнсэхийг, хацрыг нь хоёр талаас нь шахаж байгаад хөөрхөн хошуун дээр нь үнсэхийг, үсийг нь үнэрлэхийг, өөдөөс нь хараад хэвтэхийг, энгэртээ наагаад мэдрэх тэр тайван амгалан мэдрэмжийг гэх зэрэг олон мэдрэмжийг биеэр мэдэрч чаддаггүй. Үүнийг гэхдээ төсөөллийнхөө хүчээр давж болно гэдэгт би итгэдэг. Мэдэрч үнэхээр л чадахгүй боломжгүй байгаа зүйлд сэтгэл санаагаа зовоон хэвтэхийн оронд зүгээр л нүдээ аниад тэрхүү мэдрэмжүүдийг мэдэрч байгаа мэт төсөөлөх хэрэгтэй. Ер нь л хол байх хугацаанд аливаа зүйлд сэтгэл санаагаа чилээж хэцүү байгаа зүйлсээ их ярилцаад байх юм бол хайртай хүнээ ч тэр өөрийгөө ч тэр улам л хэцүү болгоно уу гэхээс жаргалтай болгохгүй. Аль болох адал явдалтай хөгжилтэй бие биенээ урмын үгээр тэтгэж үргэлж хайртай шүү гэдгээ хэлж хором бүрийг л жаргалтай өнгөрүүлэхийг хичээх нь зөв алхам.

Дахин хэлье. Хэцүү зүйл байгаа цаг хугацаандаа л хэцүү байдаг. Хэрвээ давж чадна гэж бодвол чадах л болно.

Болно бүтнэ бүгдийг нь даваад гарна сайхан болно гэсэн итгэлээ гээх л юм бол бүх зүйл дааж давшгүй хэцүү санагдаж цөхрөлд хүрэх болно. Хенри Форд хэлсэн байдаг шүү дээ “Чи чадна гэж бодвол чиний зөв. Чи чадна. Чи чадахгүй гэж бодвол бас л чиний зөв. Чи чадахгүй” гэж.

Учирсан зовлон уулын чинээ ч, Учрах жаргал далайн чинээ юм шүү. Хайртай хүмүүсийнхээ төлөө хүчтэй байгаарай.

 

1 Сэтгэгдэл:

  1. Bi neg zaluutai instagramaar taniltsaad 2sar boloh gj baigaamlda uuln chat bijih bolgon doo l halamj tawidg daanj uulzaj amjihguil baina . 😒Odoo j yrih, msj gehees iluu chatr l holgoddg bolj dee ter l tiim baina

Сэтгэгдэл илгээх