image

Ч.Ядамжав: "Чи юу дутсан гэж ингэдэг юм" зэргээр зэмлэх нь хүүхдэд би энэ хүмүүст тээр болдог юм байна гэх мессежийг өгөх магадлалтай

Цар тахлын үед орхиж болохгүй сэдэв бол жил дамнан гэртээ хөл хориулсан бага насны хүүхдийн сэтгэл зүйн асуудал юм. Хөл хорионы үеийн сэтгэл зүй болон түүнээс үүдэн гарах хор уршигийн талаар Франц улсын Лоррэний их сургуульд сэтгэл зүйн чиглэлээр сурдаг, АНУ-ын Флорида мужид мастерын зэргээ хамгаалсан хүүхдийн эмч Ч.Ядамжавтай дэлгэрэнгүй ярилцлаа.

- Манай улс дотооддоо ковидын халдвар алдсаны улмаас боловсролын байгууллагууд хаалгаа бариад удаж буй. Энэ үед хамгийн ихээр хохирч байгаа масс бол хүүхдүүд. Тэдний сэтгэл зүйд ямар асуудал гарч байгаа бол?

- Дэлхий дахиныг хамарсан энэхүү цар тахалд хүүхдүүд байтугай том хүмүүс ч маш их өртсөн. Хүүхдүүдийн хувьд сөрөг нөлөө нь магадгүй том хүмүүсийнхээс илүү байгаа нь хүүхдийн тархины хөгжил боловсрох шатандаа явж байгаатай холбоотой. Жишээлбэл, шийдвэр гаргалт, хүслээ сонирхлоо удирдах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, аливаад тэвчээртэй хандах, юмыг наанатай цаанатай харах гэх мэт тархины чухал ур чадварын төв болох тархины духны дэлбэнгийн урд хэсэг ойролцоогоор 30 нас дөхөж байж бүрэн хөгждөг гэдэг нь судалгаагаар харагдаад байгаа. Хүүхдүүдийн хувьд өдөр болгон хичээлдээ яваад, найзуудтайгаа уулзаад, багштайгаа харилцаад явж байсан нөхцөл байдал нь нэг өдрийн дотор орвонгоороо өөрчлөгдөж, гэнэт л байнга гэртээ байж, гадаа гарч тоглох боломжгүй, ангийнхнаасаа холдох зэргээр тодорхойгүй байдал бий болсон нь хүүхдүүдийн сэтгэл зүйд маш их түгшүүр, айдас, ойлгомжгүй байдал, үл ойлгогдох ирээдүйг бий болгосон. Ер нь хүний сэтгэл зүйд, аливаа нэгэн зүйл тодорхойгүй байх нь хэцүү буюу тархи байнга юмыг ойлгохыг хичээж байдаг. Үүн дээр нэмээд, хэрэв эцэг эх нь харилцан ярилцдаггүй, аливаа зүйлийн учрыг нь тайлбарладаггүй, хүүхдүүдэд гарч байгаа сэтгэл хөдлөлийг нь ойлгоход тусладаггүй, сонсдоггүй байх зэрэг нь хүүхдийн дотор төрж байгаа сөрөг сэтгэл хөдлөлийн эрчмийг улам нэмэгдүүлж байдаг. Ийнхүү тодорхойгүй орчинд орохоос гадна, хүүхэд болгоны ар гэр нь өөр өөр. Гэр бүл нь тогтвортой, эцэг эх нь халамжтай, ойлгодог бол хүүхдэд гарах сэтгэл зүйн сөрөг нөлөө харьцангуй бага байж болно. Гэтэл харамсалтай нь, эцэг эх нь ойлгодоггүй, хэрүүл маргаантай, архи болон бусад донтолттой гэр бүлд байгаа хүүхдүүдийн хувьд сургууль цэцэрлэгт явах нь нэг ёсондоо тухайн хүүхдийн хувьд хортой гэр бүлийн нөхцлөөс гарах боломж олгодог. Гэтэл ковидын хөл хорио энэ боломжийг алга болгосон гэсэн үг. Өдөр бүр сургуульдаа очиж найзуудтайгаа бага ч гэсэн цагийг тайван, амар амгалан орчинд өнгөрөөдөг байсан хүүхэд нөгөө сэтгэл зүйн хувьд тулгамдсан асуудалтай гэр бүлд өдрийн турш байх нь эргээд хүүхдэд маш сөргөөр нөлөөлөх магадлалтай. Товчхондоо хэлэхэд, үргэлжилсэн хөл хорио сэтгэл зүйн хувьд маш их сөрөг үр нөлөөг хүүхдүүдэд авчирж байгаа.

Гифка дарья 60 е годы teen girl гиф картинка, скачать анимированный gif на  GIFER от Nuadariel

- Насанд хүрэхээс өмнө хүүхэд сэтгэл зүйн хэдэн үе шатыг давдаг вэ?

- Сэтгэл зүйн үе шатын хувьд, хүүхэд хэд хэдэн үе шатыг дамждаг.

Эрик Эриксоны онолоор хүүхэд насанд хүртлээ буюу 18 нас хүртлээ нийт таван үе шатыг дамждаг гэж үздэг.

0-18 сард: энэ насанд хүүхдэд хүнд итгэх үү, итгэхгүй юу гэдэг ойлголт суудаг. Өөртөө болон бусдад итгэх итгэлийн эх үүсвэр энэ эхний 18 сард явагддаг байх нь. Хүүхдийн халамж, анхаарал хүссэн, өлссөн үед хүүхдэд асран хамгаалагч шаардлагатай хэрэгцээтэй зүйлсийг өгөх тусам хүүхэд хүнд итгэж болох юм байна гэдэг ойлголтыг авч, ирээдүйд хүнд итгэх итгэлийн суурь тавигддаг

2-3 насанд: бие даах эсвэл эсрэгээрээ өөрөө өөрөөсөө ичих гэдэг ойлголт суух буюу хүүхэд горшонкд бие даан суух үед нь хүүхэдтэйгээ хэрхэн хандах, өмдөндөө баасан үед нь ичгэвэртэй байдалд оруулж муулах гэх мэтээс шалтгаалаад ичгүүр гэдэг зүйл суудаг байх нь. Энэ үед хүүхдийг маш сайн ойлгох нь биеэ даасан болж өсөхөд нь туслана гэсэн үг.

3-5 насанд: санаачлага гаргах эсвэл гэмшил үүсэх. Хүүхэд өөрөө өөрийгөө бусдад илэрхийлэх, биеэ даах, өөрөө өөрийнхөө орших орон зайг олж авах үе нь юм. Энэ үед хүүхдэд орших орон зайг олгож өгөх нь юманд айхгүйгээр санаачлага гаргах төлөвтэй болдог бол, энэ үед хүүхдийг маш их дарж хүүхдэд өөрөөр нь байх боломжийг олгохгүй байх нь гэмшил гэдэг мэдрэмжинд их автдаг.

6-11 насанд: бүтээлч чадвар эсвэл бусдаас доогуур мэт мэдрэмж үүсэх. Энэ үед хүүхдэд хичээл сурлага дээр маш олон бэрхшээл тулгардаг, энэ үед амжилттай байж чадвал хүүхэд өөрийгөө ур чадвартай гэж ойлгох, эсрэгээрээ амжилтгүй байвал бусдаас доогуур мэт өөрийгөө мэдрэх мэдрэмж үүсэж болно

12-18 насанд: бие хүн төлөвшил эсвэл өөрийнхөө чин дүрийг алдах. Энэ үе шатанд хүүхдүүдэд бие хүн төлөвшиж, өөрийгөө хэн бэ гэдгээ олж мэдэх, өөрөө өөртөө үнэнч байх зэрэг ур чадварууд суудаг. Ингэж чадаагүй тохиолдолд өөрөө өөрийнхөө хэн бэ гэдгийг алддаг гэж үздэг.

- Ер нь 6-14 насныхан стресст өртдөг үү. Тийм бол ямар хэлбэрээр илэрдэг вэ?

- Хүүхдүүд, том хүмүүсийн адилаар стресст өртөнө, ингэхдээ илүү их хүчтэйгээр өртдөг. Яагаад гэвэл хүүхдүүд нэгдүгээр стресст өртсөнөө мэддэггүй шууд зан ааш байдлаар ил гаргадаг, түүнийгээ зөвөөр илэрхийлэх аргад суралцаагүй буюу уур хүрвэл юм цохих гэх мэтээр шууд илэрхийлдэг. Сэтгэл нь тавгүйтсэн гэдгээ мэдсэн ч хэрхэн шийдэх, тухайн сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах аргаа мэддэггүй. Шууд ээж, аав дээрээ очоод би стресстээд байна гээд илэрхийлэх чадваргүй байдаг болохоор эцэг эхчүүд тэр болгон ойлгоод байдаггүй. Эдгээр стресст үзүүлэх хариу урвалууд нь нас насныхаа сэтгэл зүйн онцлогоос шалтгаалаад өөр өөрөөр илрэх буюу зан ааш нь өөрчлөгдөх, их цочмог ууртай болох, зөрүүдлэх, нойр нь алдагдах, хоолны дуршил багасах эсвэл ихсэх, их аймхай болох, эсвэл ямар нэг шалтгаангүй баашлах, анхаарал төвлөрөлт нь сулрах, ээж ааваасаа сэтгэл зүйн хувьд зайгаа авч сэтгэлээ хуваалцахаас зайлсхийх, ганцаараа цагийг өнгөрөөхийг илүүд үзэх гэх мэт шинжүүдээр сэтгэл нь тавгүйтсэнээ илэрхийлдэг. Ер нь хүүхдийн сэтгэл дотор болж байгаа сэтгэл хөдлөлийн шуурга буюу маш олон төрлийн сэтгэл хөдлөлийн давалгаа нь бидний нүдэнд “муу хүүхэд”, “ааштай хүүхэд”, “болдоггүй, үгэнд ордоггүй” хүүхэд мэтээр хэлэгдэх зан аашаар ил гарж байдаг. Тэрийг эцэг эхчүүд хараад энэ ерөөсөө үгэнд ордоггүй, хүний үг авдаггүй гэх мэтээр цоллодог боловч цаана нь юу болоод байгааг нь, ямар мэдрэмж үүсч байгааг нь, юунд санаа нь зовоод байгааг нь тэр болгон асууж үздэггүй, сониучаар сураглая гэж боддоггүй. Тэгэхээр, хүүхдийнхээ гаргаж байгаа зан аашийн цаана мэдрэмж байгааг ойлгож, мэдрэмжийн цаана сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүй байгаа гэдгийг ойлгох нь их чухал.

- Хөл хорионы үеийн сэтгэл зүйл байдал дараа нь тухайн хүүхдэд ямар нэгэн хор уршиг авчрах уу?

Hello, Daria. — Okay, let's divide up all the guys at school. I've...

- Дараа нь ямар нэгэн хор уршиг авчрах уу үгүй юу гэдэг нь дахиад л нөгөө эргэн тойронд нь байгаа асран хамгаалагчдаас шууд хамаарна. Дээр хэлсэнчлэн хүүхдийн тархины хөгжил үйл ажиллагааны хувьд 30 хүртэлх насанд бүрэн гүйцэд хөгждөг учраас энэ онцлогийг эцэг эхчүүд давуу тал байдлаар өөрсдөдөө ашиглах боломжтой. Жишээлбэл, өмнө нь хүүхэдтэйгээ ярилцдаггүй, хүүхдээ сонсдоггүй, ойлгодоггүй байсан бол танд хугацаа байна. Энэ ковидын хөл хорио хүүхдүүдийн сэтгэл зүйн хувьд маш том сөрөг нөлөөг үзүүлж болно. Гэхдээ тэр нь заавал насан туршийнх байх албагүй. Насан туршийн байх уу, үгүй юу гэдэг нь эцэг эх буюу танаас шалтгаална. Хэрэв энэ хүнд хэцүү үед хүүхэд ганцаараа шаналаад, зовоод, айгаад, түгшээд, ярилцах хүнгүй байвал төдий чинээ насанд туршид нь сэтгэлийн гэмтэл байдлаар үлдэх магадлалтай. Аливаа зүйл хэзээ сэтгэлийн гэмтэл болдог вэ гэхээр тухайн хэцүү үйл явдлыг ганцаараа туулах үед, хажууд нь сонсох, ойлгох хүн байхгүй тохиолдолд болдог.

- Манай эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах нь ховор. Өөрийгөө ч ойлгохгүй байгаа хүүхдэд ээж, аав нь яаж туслаж чадах вэ?

- Эцэг эхчүүд өөрсдөө сөрөг сэтгэл хөдлөл үүсэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол эдгээр сэтгэл хөдлөлүүдийг хүүхэддээ үүсэхэд хүлээн зөвшөөрч чадахгүй, хурдхан шиг зогсоохыг бодож, хүүхдээ сэтгэл санаагаар унасанд нь буруутгаж, хурдхан нулимсаа арчиж, эргээд аз жаргалтай баяр баясгалантай болохыг хүчээр шаарддаг. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ тусламж үзүүлье гэж хүсвэл өөрсдөөсөө эхлэхээс өөр аргагүй болох нь. Жишээлбэл, нэг ээж ажлаасаа халагдахад өөрт нь сөрөг мэдрэмжүүд болох уур, хилэн, гуниг, харуусал үүссэн гэж бодъё. Гэтэл тэр хүний толгойд "за ийм юм байж л байдаг, гутарч болохгүй, хүчтэй байх хэрэгтэй, өдий болчхоод иймхэн юманд гутарч болохгүй, хүүхдүүддээ энэ хэцүү байгаагаа харуулж болохгүй" гэж боддог гэж төсөөлье. Ийм ээж дээр ангийнхаа нэг сайн найзтай муудаад сэтгэлээр унасан хүүхэд нь ирээд зовлонгоо ярьвал "за юун сүртэй юм, ийм юм байж л байдаг, цаагуур чинь зөндөө найзууд байна, битгий гоншигоноод бай" гэж хариулах магадлал өндөртэй. Хэдийгээр ангийнхаа найзтай муудах нь насанд хүрсэн бидний нүдэнд зүгээр л байдаг зүйл мэт харагдаж болох ч, энэ үйл явдал хүүхдийн нүдэнд маш том гуниг, харуусал, уур төрүүлж болно. Тэгэхээр, нэгдүгээрт хүүхэддээ төрж байгаа мэдрэмжийг нь шүүмжлэлгүйгээр, дүгнэлгүйгээр, зөвлөлгүйгээр зүгээр л сонсоод үзээрэй. Ингээд сонссоныхоо дараа эцэг эх та эргүүлээд хүүхэддээ өөртөө таны бага ахуйд тохиолдсон төстэй дурсамжийг ярьж, тэр үед ямар хэцүү байснаа хуваалцаж хүүхэддээ эдгээр мэдрэмжүүдийг мэдрэх нь буруу зүйл биш гэдгийг ойлгуулах нь чухал. Ингэж ойлгуулсныхаа дараа амьдралд ийм зүйл олон тохиолддогийг, сургууль ахуйн бүх найз нар насан туршийн найз биш байдгийг, эсвэл хүн хоорондын харилцаанд үл ойлголцол, маргалдаан тоймгүй их тохиолддог зэргийг тайлбарлах нь хүүхдэд тань таны бодож байгаагаас илүү том тус болно. Ийм байдлаар хүүхэддээ тусламж үзүүлэх боломжгүй, чадваргүй байгаа бол дор хаяж хүүхдээ сонсоод үзээрэй. Том хүний хувьд дотоод сэтгэлээ уудлах арга нь ярилцах байдаг бол, хүүхдүүдийн хувьд наснаас хамаараад эхлээд тоглоом эсвэл зураг зурах, хамт цагийг өнгөрүүлэх байдаг. 

Гифка симпсоны неловко перекати поле гиф картинка, скачать анимированный  gif на GIFER от Arcanewarden

- “Чи юу дутлаа гэж ингэдэг юм” гээд л хүүхдээ чичлэх гэр бүл бий. Хоол болон хувцас байхад болно гэх хандлагатай. Энэ үед хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг үү?

- Магадгүй эдгээр төрлийн үгийг хэлж байгаа эцэг эхчүүдийн хувьд хүүхдийг хайрлах гэдэг үгийн тодорхойлолт нь, хувцас авч өгөх, хоол ундаар хангах, уранхай хувцастай явуулахгүй гэх мэт байж болох юм. Хэрэв энэ төрлийн үгийг эцэг эх байнга хэлээд, эргээд ямар нэгэн байдлаар эцэг эхийн зүгээс тайлбар өгөхгүй, уучлалт гуйхгүй, учрыг нь тайлбарлахгүй, эцэг эх өөрсддөө үүссэн стрессээ хүүхэддээ наах нь цаашид сэтгэлийн гэмтлийг үүсгэх эх үүсвэр болно. Ийм төрлийн үгийг сонсож өссөн хүүхдэд “би бол чухал биш, үнэ цэнэтэй биш юм байна. Би хайр хүртэх эрхгүй юм байна. Би энэ хүмүүст их тээр болдог юм байна” гэх мэт мэссежүүдийг эцэг эх нь ил гаргаж хэлээгүй байсан ч аваад үлдэх магадлалтай. Хүүхэд ер нь эцэг эхчүүдээс ирж байгаа аман болон аман бус мэссежийг байнга авч, их өртөж байдаг. Хүүхэд анх төрсөн цагаасаа эхлээд өөрийнхөө талаарх, өөрийгөө хэн бэ гэдэг ойлголтыг эргэн тойрныхоо хүмүүсээр төлөөлүүлж, эргэн тойрныхоо хүмүүсээр дамжуулж авдаг. Энэ нь эргээд хүүхэд гэдэг нь бие хүн гэж төлөвшөөгүй, өөрийгөө бүрэн олоогүй байдаг болохоор эцэг эхийн хэлсэн үг тухайн хүүхдийг өөрийгөө тодорхойлох тодорхойлолт нь болж байдаг. Хүүхдээ байнга мундаг, мундаг гэж хэлэх нь эргээд хүүхдэд байнга мундаг байх ёстой мэт, хэсэг хугацаанд ч гэсэн сул дорой байх боломжгүй мэт, сэтгэл хямарч түгшиж байсан ч тэрийгээ харуулж болохгүй мэт өөртөө маш өндөр стандарт тавихад хүргэдэг. Харин эсэргээрээ, хүүхдээ байнга доромжлох болон чадваргүй гэх утгатай үгийг хэлдэг бол хүүхдийн толгойд том болсон ч гэсэн би чадахгүй, би юу ч биш, би үнэ цэнэгүй, би чадваргүй мэтээр өөрийгөө төсөөлж боддог. Эцэг эх бидний зүгээс хүүхэддээ хэлж байгаа санаатай болон санаагүй үгнүүд эргээд хүүхдийн толгой доторх дотоод дуу хоолой болдог. Тэр дотоод дуу хоолой нь эерэг байх уу, сөрөг байх уу гэдэг нь эцэг эхээс танаас шалтгаалж байна.

- Хүүхдээ сэтгэл зүйн асуудалгүй эрүүл өсч, торниулахын тулд эцэг эхчүүд юу хийх ёстой вэ?

- Онгоц сүйрэх гэж байхад, хүчилтөрөгчийн маскыг хүүхэддээ түрүүлж өгөх үү, эсвэл өөртөө түрүүлж өгөх үү гэсэн асуултанд сэтгэл зүйн салбар шинжлэх ухаанд өөртөө түрүүлж өгөөрэй гэж зөвлөдөг. Яагаад гэхээр эцэг эх өөрийгөө аварсан тохиолдолд хүүхэддээ чанартай сайн тусламж өгч чадна гэж үздэг. Тэгэхээр энэ асуултад хариулахад, хүүхдээ сэтгэл зүйн хувьд эрүүл өсч, торниулъя гэвэл эцэг эхчүүд өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай гэсэн үг. Мөн эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл хөгжил бойжилтыг нас насаар нь мэддэггүй. Жишэлбэл, зарим эцэг эхчүүд хүүхдээсээ насных нь хувьд хийх чадваргүй зүйлийг шаардаад хийж чадаагүйд нь уурлаж бухимдах тохиолдол байдаг. Энэ тал дээр Францын сэтгэл зүйч Изабеллэ Филлиозат ийнхүү хэлсэн байдаг. 12-18 сартай хүүхдэд “битгий” гэсэн үгийг ойлгох чадвар суугаагүй буюу таныг “зам битгий гараарай” гэж хэлвэл хүүхдийн толгойд “зам гараарай” гэж ойлгогддог. Тэгэхээр хэрвээ энэ насны хүүхдийг та өөрийнхөө үгэндээ оруулмаар байвал хүүхдээрээ хийлгэмээргүй байгаа зүйлийг хэлэхээс илүүтэйгээр хүүхдийн хийж болох зүйлийг хэлбэл, таны хүүхэд болон таны амьдрал стрессгүй байх болно. Энэ жишээний хувьд “миний хажууд байж байгаарай” гэж хэлбэл таны хүүхэд илүү сонсох байх шүү. Мөн энэ насны хүүхэд цаг хугацааны талаарх ойлголтгүй байдаг учраас хүүхдэд цаг хугацаатай холбоотой зүйлийг буюу “хүлээж бай, байж бай, одоохон” гэх мэт зүйлсийг хэлээд ойлгоно гэж хүлээх хэрэггүй. Угаасаа тархины хувьд чадваргүй гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг мөлхөж эхэлж байхад нь одоо босоод алх гэж хэлдэггүйтэй адилхан сэтгэл зүйн хувьд дөнгөж энгийн хэдэн үгийг ойлгодог байхад нь сөрөг утгатай үгийг ойлго гэж шаардах нь буруу юм. Хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн үе шатыг ойлгох нь эргээд хүүхдүүдээс тухайн насанд нь байхгүй ур чадварыг шаардахаас сэргийлнэ.

Ковидын үед эцэг эхчүүдийн зүгээс хүүхэдтэйгээ харьцахдаа анхаарах зүйл бол тэдэнд эцэг эхтэйгээ байхдаа аюулгүй гэдгийг мэдрүүлэх, тэдний асуусан асуултад үнэнчээр зөв энгийн үгээр хариулах, ирээдүй ямар болохыг тааварлаж мэдэх боломжгүй байх нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулж, хүүхдийг аль болох олон удаа тэвэрч, хайрлаж, хамгаалж, хамтдаа цагийг цуг өнгөрөөхийг санал болгож, кино хамтдаа цуг үзэх, эсвэл цуг хоол хийх зэргээр ханьтай байлгах, эцэг эхчүүд сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж байгаагаа үлгэрлэн харуулах, аль болох зурагт болон утаснаас хол байлгахыг хичээгээд үзээрэй.  

М.Баасандэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх