image

Хоёр тэрбумыг зарж, ААН-үүдийн хаалгыг барьсан ч нөхөн сонгуулийн ирц 40 хувь давсангүй | Гоё сонгууль боллоо ...

Дахиад л сонгууль боллоо. Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нийслэлийн захирагч Д.Сумъяабазар нарын орны хүнийг хайх өнгөн хэсгийн үйл ажиллагаа гэж нэрлэсэн ч болно. Нөхөн сонгууль нэрээр 2.2 тэрбум төгрөгийг хоншоортой нь аргагүй цацаж, сүр дуулиантай нөхөн сонгуулийн сурталчилгаа цахим ертөнц даяар долоон хоног үргэлжиллээ. Сүүлийн үед ч дээ. Сонгуулийн сурталчилгааг фэйсбүүк хуудсаар л хийдэг болж. Уур нь хүрэхээр лайв хийж загначихаад, онгорхой хаалга балбаж, морь унаж, хийн буу онилж чадах чинээгээрээ л нэр дэвшигчид минь өөрсдийгөө хэн гэдгийг харууллаа. Иргэд ч цахим ертөнцөөр залхтлаа санаатай бүүст хийсэн нэвтрүүлэг үзэж, өдөр шөнөгүй эрх баригч намыг зүхэж, ардын баатрууд ар араасаа төрсөн сонирхолтой үзэгдлүүд ар араасаа цуврав. Нээрээ л манайхан хашир бөгөөд хэрсүү зан гаргаж бөөнөөрөө саналаа өгөөд, эрх баригч намын нэр дэвшигчдийг нам цохих гэж байгаа мэт найдлага үе үе төрнө. Эцсийн бүлэгтээ бүх зүйл 2020 оны УИХ-ын сонгуулийн жимээр болж өнгөрлөө. Хэнтий аймаг ч яахав. Анхнаасаа тохироо нь тодорхой байсан болохоор олны анхаарлыг татаагүй. Харин нийслэлд болсон сонгууль иргэдийн эгдүүцлийг ихээр хүргэв. Их ч найдсан даа. Даанч Монгол Ардын намаас нэр дэвшсэн Энхбаярын Батшугар азаар ч тэр үү, эзээр ч тэр үү хамгийн их саналыг авчихлаа. Бас л том машинаар хүн зөөсөн, архи өгч саналыг нь өгүүлсэн, тооллогын явцад луйвар гарсан гэх хар иргэдийн дунд төрж, улс даяараа Сонгинохайрхан дүүргийн иргэдийн “сул” сонголтыг гайхав. Аргагүй биз дээ. Яахаараа ч жил гарангийн өмнө өстөн дайсан шиг явсан намаасаа нэр дэвшдэг юм. Намбарын Энхбаяр гуай чинь нэгэн цагт Монгол Улсын ерөнхийлөгч явсан, МАХН-ын дарга хүн хэрнээ яахаараа л МАН-руу хүүгээ шургуулчихаад ард нь чимээгүй сууж байдаг юм. Улс төр гэж бас л явдалтай, зарим талаараа “банзал” явахыг шаарддаг салбар юмаа даа. УИХ-ын гишүүн болж л байвал тэр хэний намаас юу золиослож гарах нь хамаа алга. Уг нь үзэл санаагаараа нийлсэн хэсэг нөхдийн нам гэж нэрлэдэг. Сүүлийн үед ашиг сонирхлоороо нийлсэн хүмүүсийг нам гэж ойлгодог боллоо. Нөгөө талдаа сонгуульд зарж буй энэ их мөнгөний ямхын төдий нь ч сонгогчийн боловсролд зориулагддаггүй. Учир нь саналаа өгөхгүй, зарах сонирхолтой байх нь дээгүүр наймаалцдаг хүмүүст ашигтай болж таарлаа. Их л сүржин эхэлсэн дээ. Архи зарахгүй, үйлчилгээний байгууллагуудыг хаа. Сонгинохайрхан дүүргийн сонгууль болж байна. Баянзүрх дүүргийн кино театрын хаалгыг барь. Ер нь нийслэл даяар бүх хүнийг гэрт нь байлга. Эгээтэй л зам хааж, гудамж бүрийн үзүүр дээр цагдаа зогсоож тамлаагүй дээ. Нээрээ л энэ дайны бяр байлгүй дээ. Хотын даргын орны хүн тодрох алтан мөч юм чинь. Гэсэн  ч нөхөн сонгуулийн ирц нь 40 хувьд ч хүрсэнгүй. Дахиад ч санал хураалт болж магадгүй. Ингэж зовоож гарсан нөхөр нь УИХ-ын гишүүн болоод гийгүүлэх ч юмуу дөө. Ковидын халдвараар 1363 хүн үхчихлээ. Эмнэлэгт ор байтугай шал олддоггүй. Тэгсэн манай эрх баригч нам айлын хүүхдийг элгэндээ наах санаатай хамаг башир аргаа барж байна. Үхэх нь үхээд, зовох нь зовоод, өрөндөө баригдаж, өтөндөө идэгдээд амьдаръя даа. Бидний л хийсэн сонголт. Горыг нь өөрсдөө амсъя. Анх нөхөн сонгуулийн тов гарахад л энэ үр дүнг бүгд гадарлаж байсан. Яг санаснаар боллоо. Хорыг нь найруулсан хүмүүс баярлаж байгаа байлгүй. Гоё сонгууль боллоо гэж. Дахин санал хураалт явагдах болов уу. Боллоо гэж бодоход манайхан саналаа өгөх болов уу. Хэрүүлийн бузартай улс төрийн маргаан нь нэг тийш чиглэж, цар тахлын асуудалдаа анхаарал тавиасай. Санал өгөх хүнгүй болтлоо үхээд дуусах нь. Ирэх сонгуулиа бодооч ээ ..

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нийт 18,796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь нөхөн сонгууль саналаа өгчээ. Харин 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэлтэй 45,151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцов. Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах эсэх асуудлыг аравдугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэхээр болов.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх