image

БОДЛЫН ӨРӨӨ | Бусдаас үл хамааран жаргалтай байж чаддаг бол өөртөө баярлалаа гэж хэлээрэй

Харах өнцөг хэр чухал вэ гэдэг асуултад сэтгэл зүйчид дуу нэгтэйгээр маш чухал гэж хариулдаг.

Учир нь бид аливаа зүйлийн муухай талыг түрүүлж хараад  өөр дээрээ тусгаж авбал бүх зүйл зовлонтой мэт санагдаж, сэтгэл санаа тогтворгүй болж эхэлдэг. Цаашлаад эргэн тойрны хүмүүстээ стресс нэмж, тухтай байдлыг нь алдагдуулдаг. Жишээ нь, гадаа салхитай жихүүн өдөр байсан гээд төсөөлье. Чи нимгэн хувцас өмссөн болохоор даарч, салхинд үс чинь хийсэн тэр өдөр нэг л онцгүй эхэлсэн байж болно. Тэглээ гээд чи цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийг сөрөн уурлаж, энэ амьдрал тэр чигтээ ийм бүтэлгүй, азгзй гэж төвөгшөөвөл асуудал бүр илүү ярвигтай болж мэднэ. Харин түүний оронд би даарлаа шүү, халуун цай ууя. Энэ цай ямар сайхан амттай юм бэ. Манай дүү дулаан хувцас өмсөөд гарсан юм чинь дулаахан яваа байх даа гэх мэтчилэн эерэгээр харж чадвал чиний сэтгэл санаа тайван амгалан болно. Энэ бол жижиг жишээ. Том зургаар нь харвал чи гадаад хүчин зүйлс, бусдын үзэл бодлыг хамгийн чухал гэж үзэх юм бол өөрийгөө  зовооно. Чиний санаанд таарах зүйл үгүй болж, чиний аз жаргалтай байх эсэх нь бусдын хийх үйлдэлтэй нэвт хамаатай болно. Юу гэсэн үг вэ гэвэл, чи бие даасан хувь хүн биш аялдан дагагч болох гэж байна. Өөрийнхөөрөө байхдаа жаргалтай байж чадвал тэр жинхэнэ амьдралын утга учир гэдэг. Энэ хүн намайг юу гэж бодох бол. Намайг ингэж хэлвэл дахиж надтай харьца болов уу. Би өөрийгөө буруу ойлгуулчихвал найзгүй үлдэх байх гэх мэтийн жижигхэн айдсаас болж өөрийгөө үгүй хийх хэрэггүй. Хэн ч чамд анхаарал тавихгүй байвал чи өөрөө тавь. Хэн ч чамайг халамжлахгүй байгаа мэт хөндий мэдрэмж төрөөд байвал чи өөрийгөө хамгийн сайнаар халамжил. Хэн нэгнээс үйлдэл хүлээхгүй, хэн нэгний нүдэнд ямар харагдах бол гэж санаа зовнихгүй амьдрах ямар гоё гэж санана. Хэрэв чихэвчээр дуу сонсоод, сэтгэл чинь хөөрсөн бол чи замын голд ганцаараа бүжиглэсэн ч болно. Хүмүүс чамайг юу гэж харах вэ гэдэгт биш чи сэтгэл зүрхэндээ юу мэдрэх вэ гэдэг хамгийн чухал. Магадгүй ч будаггүй төрхөндөө хайртай байж болно шд. Тэгвэл нүүрэндээ зузаан энгэсэг түрхэлгүй өөртөө итгэлтэй хотын гудамжаар алх. Чамд эрх чөлөө нь хангалттай бий. Ямар ч үед хэнээс ч үл хамааран жаргалтай байж чадах нь хүний сэтгэл зүрхний хамгийн том хүч. Чи амьдралыг сайхан гэж харвал тэр байж болох сайхан бүхнээ чамд дэлгэнэ. Харин хараал идсэн азгүй амьтны гунигтай амьдрал гэж харвал тэр дордож болох хамгийн хөгийн азгүйтлийг чам руу шиднэ. Тийм болохоор харах өнцөгөө өөрчилж, өөртөө итгэлтэй байгаарай. Битгий хүлээ, горьд, сайхан цагийг мөрөөд. Тэр сайхан цаг чинь яг одоо чиний дэргэд байна. Бусдаас үл хамааран  аз жаргалтай байж чаддаг бол өөртөө баярлалаа гэж хэлээрэй.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх