image

Бодлын өрөө | Хувь хүний амьдралыг хувийн тойрогт нь үлдээ, шүлс үсчүүлсэн яриа хэнд ч дэм болохгүй

Бид яагаад нэгнийхээ амьдралыг заадаг юм бол оо. Үгээр идэж, гоочилж, хуруугаа цуцтал коммэнт бичихийг яаана. Бурхан багшийн их шавь аятай амьдралын филсофи хүүрнэж, ам уралдан айл гэрийн амьдралыг шинжих дуртайг яаана. Дөрвөн мөч нь янгинаж эмнэлгийн орон дээр ёолох үед өмнөөс нь өвдөхгүй хэрнээ яаж ичихгүй зааж чаддаг байна аа. Амьсгал хурааж авсанд ороход хажуугаар нь хэвтэхгүй юм байж яагаад бүх солголтод нь дураараа оролцож  зүрхэлдэг байна аа. Хачин юм. Хүн бүрд эхлээд төгсөх богинохон цаг хугацаа бий. Тэрүүхэн хооронд яаж амьдрахаа тэр өөрөө мэдэг гээд орхих тийм хэцүү юу. Заагаад, тушаагаад, оролцоод, шүүмжлээд сууна. Огтхон ч гэмшихгүй. Манайхан яагаад хувь хүний хувийн амьдралыг тэр тойрогт нь үлдээж чаддаггүй юм бол. Насанд хүрсэн хүмүүст намба байдаг даа. Өдий болсон хүнд ухаан байдаг даа. Түүнийгээ нэгэндээ дэлгэж, холоос ч гэсэн хайрлаасай билээ. Хайр гэдэг сүр бараа ихтэй аймар зүйл биш. Заавал сүржин загнаж, уран сайхны кино шиг найруулах албагүй. Элдэв зүйл бодолгүй тэр хүний амьдралыг хүлээн зөвшөөр. Зөнд нь орхи. Тэр алдаж дээ, босоод ирээсэй. Буруу ярьж дээ, зөв тийшээ алхаасай. Санаандгүй гэндэж дээ, тэнхээтэй яваасай. Чулуу шидүүлж дээ, чанга байгаасай. Зүгээр л сайныг хүсээд чимээгүй өнгөрөх ухамсар бүх хүний тархинд жаахан ч гэсэн зайг эзлээсэй. Бид өөрөө ч мэдэлгүй бусдыг гомдоож, сэтгэлийг нь шархлуулж, цээжинд нь гуниг хуруулдаг. Хэдхэн үгнээс болж, хэнд хэрэггүй амны хөдөлгөөнөөс болж бид нэгнийгээ өвтгөсөөр байдаг. Аймар биш гэж үү. Наадах чинь эцэггүй хүүхэдтэй. Эсвэл наадах чинь хүүхэд гаргадаггүй. Арчаагүй царайлаад нөхөртөө араар тавиулчихсан. Хүүхэд цувуулаад гэрийн авгай болчихсон ... Яахаараа оюун ухаант хүний амнаас ийм эв хавгүй үгс ямар ч шүүлтүүргүй гарч чаддаг байна аа. Та л жаргалтай амьдарч, бусад нь хэмлүүлж явах ёстой юм гэж үү. Таны хазгай гишгэсэн бүхэн санаандгүй алдаа. Бусад хүнийх гэм юм гэж үү. Үгүй дээ, бид бүгд зовлон жаргалыг ээлжлэн үүрэх жамтай. Эцсийн бүлэгтээ бүгд дуусна. Яг л байгаагүй юм шиг. Хэзээ ч энэ дэлхийд ирж байгаагүй мэт. Нэгнийхээ төлөө зориг гарган хатуу үг хэлж болох ч хорон шүлс битгий үсчүүлээрэй. Үгээр хүнийг амьдруулж, үгээр хүнийг үхүүлж болно. Энэ зүгээр л хэлсэн ухаантай үг биш. Ганцхан үгийн гайгаар үзэсгэлэнт бүсгүй амь тавьж, хоёрхон үгийн ерөөлөөр гутарсан залуу босч ирдэг. Нэгнийгээ сайхан үгээс усалж, цагаан сэтгэлээр дэмнээрэй. Бусдад буруу санагдах үг хэлэхгүй гэж өөртөө амлаарай. Үр чинь үлдэнэ. Үйлийн үр чинь хураагдана. Муухай үгийг залгилаа гээд хэний ч ходоод өвддөггүй. Өөртөө ирэх эрхэм бүхнийг амаараа дууд. Бодлоороо зал. Чамд бий, чиний аз жаргалтай амьдрах түлхүүр .... 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх