image

Эхийн сэтгэлийг тольдон харуулах “Хөхөө” киног үзсэнээр та юуг илүү ойлгох вэ

Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн 2018 онд бүтээсэн Хөхөө кино нь Олон Улсын кино наадамд шилдэг кино, шилдэг найруулагч шагналыг авсан бүтээл юм. Кино наадамд ганц удаа гарахдаа үзэгч түмний магтаал сайшаалыг нэлээдгүй хүртээд авсан билээ. Тэгвэл коронавирусын цар тахлын улмаас уг кино нь кино театруудаар гарах боломжгүй байсан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр энэ оны есдүгээр сарын 24-нөөс эхлэн гарч эхлээд байгаа тэрээр цахим орчинд үзэгчдийн шүүмж, дүгнэлт магтаалд булагдаад байна. Энэхүү киноны хувьд утга санаа гүн гүнзгий хийгээд олон үйл явдал болдоггүй нь өвөрмөц хийгээд гайхалтай. Иймд Хөхөө киноноос та юуг ойлгож авах боломжтой вэ.

1. Эх хүний үрээ гэх сэтгэл: Хүнийг хариу нэхэлгүй насан туршдаа чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол яахын аргагүй эцэг, эх билээ. Төрөхөөс үхэхийн хооронд зөвхөн үр хүүхдээ хамгаалж хайрлаж байдаг тэдний сэтгэл ёстой л үхтэл үр харам гэж юутай үнэн юм. Чамайг ажилдаа явахад чинь өглөөний хоол бэлдээд тавьчихдаг, хүйтэн өдөр дулаан хувцсаа өмсөөрэй гэхэд нь цааргалахгүй үгэнд нь орж байгаарай. Нэг л өдөр хөхөө шувууны үлгэрт гардаг шиг яваад өгчихдөг болохоор дэргэд байхад нь хайрлаарай.

2. Ямар ч үед чамайг уучилдаг: Хэдий бид буруу зүйл, алдаа хийсэн ч гаднаа зэмлэж дотроо өмөлздөг. Ямар ч эцэг, эх үр хүүхдээ муу санаж, муу явахыг нь харахыг хүсдэггүй. Чамайг нэг алдлаа гэхэд дахиж алдахгүй гэдэгт үргэлж итгэж байдаг. Эх хүн гэдэг амь тавих мөч бүрдээ чиний араас санаа тавьж, хаана юу хийж явдаг бол гэж залгах бүрд нь цааргалалгүй утсыг нь аваад сэтгэлийг нь амрааж байгаарай. Хэдий ачийг нь хариулах том зүйл биш боловч тэдний хувьд сэтгэлийг нь амрааж байгаа гэсэн үг юм.

3. Ээж аавдаа хааяа нэг очоод элгийг нь дэвтээж байгаарай: Учир нь тэд үр хүүхдээ үргэлж санаж байдаг. Чамайг ирэх бүрд чинь гаднаа ил гаргаж чадахгүй дотроо хэмжээлшгүй ихээр баярлаж байдаг юм шүү. Үр хүүхэд нь том болоод өөр өөрийн замаар амьдралаа босгоод сайн сайхан явахыг харах тэдний хувьд жаргал болдог. Хэдий чи баян цатгалан алдар нэртэй байлаа ч  эцэг эхээс чинь илүү чухал биш гэдгийг санаарай. Удаан уулзаагүй үрээ харахын хүслэн болсон эхийн шаналал ямар их тэвчээр вэ.

4. Өөрөө туулж үзээгүй байж бусдыг шүүмжлэх: Ямарваа нэгэн зүйлийг бусдын нүдээр харж дүгнэж, шүүмжлэх амархан. Чи хэвтэрт байгаа эхийгээ өдөр шөнөгүй хараад аманд нь хоол хийж өгч үзээгүй бол юуг ч ойлгохгүй. Өөрийн туулаагүй зүйлийг бусдад тулгаж шүүмжлэж байхад эх хүний санаа зовох сэтгэл чимээгүйхэн харцаараа илэрхийлэгдэнэ.

5. Хүн чанар: Үхэх сэхэхийн зааг дээр байгаа ээжийнхээ дэргэд хэсэг байж чаддаггүй тэсгэл алдсан сэтгэл, шунал хамгийн хэцүү хийгээд амьдралын бодит үнэн дүр төрх юм. Эхийн эцсийн хүсэл хүүхдүүдээ эв эетэй, нэгнээ хайрлаж ойлгож явахыг зорьж байсан билээ.

Нэгийг бодогдуулж холыг ойртуулсан уг кино нь үйл явдал бага хийгээд бодит амьдралыг нэгэн эхийн амь тавих хүртэл олон өнгийг харуулж чадсан бүтээл юм. Үр хүүхдийн эхийгээ гэх сэтгэл мөн шунал, хувиа хичээх зан гээд бүгдийг нэг дор харуулжээ. Ийнхүү Хөхөө кино нь та бүхэнд сургамж хийгээд бодит байдлыг харуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

С.Цэвэлмаа

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх