image

Т.Дэлгэрмөрөнгийн хувийн амьдрал, түүний эхнэрийн ааш бидэнд сөөмийн төдий ч хамаагүй

Дэлхий хавтгай болж бид бөмбөрцөгийн хаанаас ч хүссэн мэдээллээ авч болохоор гайхалтай цаг үе ирсэн байна. Өдөр тутмын үйлчилгээ бүх шатандаа цахимжиж, технологийн дэвшлийн гайхамшгийг өдөр бүр мэдэрч явна. Сайшаалтай. Хүн бусдаас үл хамааран бие даан хөгжиж, дэлгэцний наанаас ажиллаж доллараар цалинжих боломж. Хэн ч бишээс хэн нэгэн болох дардан зам гар утастай хүн бүхний өмнө дурайж буй. Банк руу явахын оронд гэрээсээ цахилгааны төлбөрөө төлж, эрүүл мэндийн үзүүлэлтээ хянаж, гадаад хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, дотны хүмүүстээ цэцэгт мэндчилгээ илгээх гээд бүх асуудлыг гар утас шийдэж байна. Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавьж иргэний үнэмлэх захиалахаас эхлээд гадаад паспортын хүргэлт хийх хүртэл хялбар үйлчилгээг нэвтрүүллээ. Тийм ээ, шүүмжлэх тал байдаг хэдий ч бид хөгжиж байна. Интернет гэх шидэт дохиурыг бид хангалттай их ашиглаж сурлаа. Гэхдээ бид хараахан цахим орчныг өөрт хялбар, ашигтай талаар нь бүрэн ашиглаж сураагүй бололтой ...

Өнөөдрийн онцлох сонин бол дуучин Т.Дэлгэрмөрөнд зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн тухай мэдээ байв. Томооохон вэбсайтуудын хандалтын бай, иргэдийн талцах хэрүүлийн алим болсон энэ мэдээ цахим орчныг тэр чигт нь хуйлруулж байна. Уг нь өдөр бүр л зөрчил гаргасан хэдэн арван иргэнд хэрэг нээдэг, шалгадаг. Гэтэл тэр дуучны алдааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллэх, нийгэм тэр чигтээ чих тавин анхаарах ямар шаардлага байгаа юм бол. Бид үнэхээр тогоо тойрсон хэрүүл дэнслэхээс өөр асуудалгүй ард түмэн үү. Ковидын халдвараар өнгөрсөн 24 цагт 19 хүн нас баржээ. Ганцхан өдрийн дотор 19 хүний амь. Хэн ч тоосонгүй. Тоосонгүй биш хэн ч энэ тухай сөхөхийг хүссэнгүй. Учир нь манайхан эерэг ард түмэн. Муу муухай сонсохоос цээрлэдэг. Харин түүний оронд хов живэнд шүлсээ дүрж байвал сая нэг санаа нь амарна. Магадгүй хэн нэгэн зэрлэгээр хүчиндүүлж, эсвэл харамсалтайгаар үхсэн бол нийгэм түүн рүү халит фокуслах биз. Гэхдээ ямааны мах царцах дайны хугацаанд л даа. Тэгээд л айл гэрийн тогоо руу, эр эмийн хөнжил рүү, тулга тойрсон хэл ам, хаа хамаагүй эмсийн салтаа саамны хэрүүл рүү живчихнэ. Энэ нь өөрөө иргэдийн боловсролгүй байгаагийн илрэл боловч хэн ч үүнийг өөрчилье гэж хүсдэггүй. Гар утасны цаанаас өндийх чадалгүй ухамсартай иргэн болон байх нь хэн нэгэнд ашигтай болж таарлаа. Яг л халамжийн бодлогод аяархан живж, хүнсний талоноор үзэл бодлоо сольдог болсон шиг. Нөгөө талаар хувийн амьдралаа улсын хэрэг мэт дэлгэдэг, тайзан дээр гарах дуртай хандалтын ангууч нарт энэ хөнгөн хандлага ашигтай. Хандалт хаана байна, тэнд мөнгө олох нүх сүв гарч байгааг олоод харчихсан буюу инфлюнсер болохын дон шүгэлсэн дэлгэцний боолууд өдөр ирэх тусам өссөөр. Иргэдийн анхаарлыг татах хэтэрхий амархан болжээ. Нэг нүцгэн бичлэг, согтуу лайв, хэрүүлийн пост, эсвэл төв талбай дээр хоёр цаг зогсоход хангалттай. Хүн бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж байна гэдэг үгэнд сэтгүүлч нар дургүй ч гэлээ энэ үнэн. Бүх л бүтэн редакц эхнэр нөхрийн хэрүүлийг мэдээлэл болгон цацах, жирийн иргэн Дулам хувийн хаягтаа оруулах хоёр ямар ялгаатай юм бэ. Хэчнээн багалзуураа шахаж хэвлэлийн эрх чөлөө, дөрөв дэх засаглал гэж орилсон ч бид ялгарч хүчрэхгүй буюу нялхдаад байна. Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл  фэйсбүүкийн постоос ялгарахгүй гээд бод доо. Нөгөө талаараа иргэдэд мэдээллийн шүүлтүүр, эх сурвалж гэдэг ойлголт мартагдах дөхсөн болохоор олон нийтийн сүлжээнд хүссэн бүхэн нь дураараа аашилж бөөлөх шиг. Үнэнийг хэлэхэд дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний эхнэр солонгон аашт гэх Х.Ананда нарын амьдрал бидэнд сөөмийн төдий ч хамаагүй. Ганцхан тэдний гэрт гэр бүлийн хүчирхийлэл гардаг биш дээ. Насанд хүрсэн хоёр хүн өөрсдөө учраа олог. Нөгөө талаасаа олны анхаарлыг татах арга мэх нь ч байж мэднэ. Та тэр хоёр хүнийг нэг гэрт хашаагүйгээс хойш дутаж суусан нь танд илүү амар.

Оюун санаандаа юу хурааж байгаагаа бага ч гэсэн анзаараасай. Үзэж харж байгаагаас амьдралын чанар хамаарна. Сэтгэл санаа, оюун тархиа цэвэр тунгалаг байлгаж гэмээнэ та ухаалаг шийдвэр гаргана. Утасны цаанаас элийрч суудаг нөхдийн аманд орж суухаар өмнөх амьдралдаа, биеийн жиндээ, хүүхдийнхээ хүмүүжилд анхаарвал нэмэртэйсэн. Мэдэж байна, энэ нийтлэлийг хамгийн ихдээ 500 хүн уншина. Тэдний тав нь л сошиал орчинг зөв ашиглаад сурчихвал сэтгүүлч миний зорилго биелэх нь тэр. Бусдын хувийн амьдралыг хувийн орон зайд нь үлдээ. Нэгэнт та тэдний гэрт хамт амьдрахгүйгээс хойш чихээ наан, шүлсээ үсчүүлэх гээд яахав. Хэрэв танд гар утас, интернет байгаа бол сайн хэрэг. Таны өмнө өнгөт дэлхий нээлттэй байна.

М.Баасандэлгэр

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх