image

Г.Батсанаа: Чиний зорилго чамайг замаасаа буцахаас чинь хамгаалах хамгийн том хүч чадал

Эерэг яриа булангийн энэ удаагийн зочноор Г.Батсанаа уригдлаа. Арван жилийн дунд сургуульд бүх талаараа хүний нүдэнд өртдөггүй сурагчаас БНХАУ даяар оюутнуудын дунд зохиогдсон 50 орчим хятад хэлтэй холбоотой тэмцээнд оролцож, дийлэнхд нь тэргүүн байр эзэлдэг болох хүртэл юу түүнийг өөрчилсөн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

  - Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Батсанаа гэдэг. Гадаад хэл олон орны соёлыг сонирхдог, аялах дуртай нэгэн. Бээжингийн хэл соёлын их сургуульд хятад хэлний багшаар бакалавр, олон улсын улс төр мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Одоо Бээжин хотын олон улсын компанид Social Media чиглэлээр ажилладаг.

- Таны өөрийн инстаграмдаа нийтэлдэг өдөр бүр дөрвөн хэл дээр нэг эшлэл контент хэл сурч байгаа хүнд нэлээн өгөөжтэй юм. Та хэзээнээс эхлэн хэдэн хэл сурсан бэ?

- Баярлалаа. Миний хувьд хамгийн анх нэгдүгээр ангиасаа Үй-Цай хятад хэлний бүрэн дунд сургууль буюу одоогоор “Үй-Цай ерөнхий боловсрол, Үй-Цай хятад хэлний боловсролын сургууль”-д хятад хэлийг сурч эхэлж байсан. Дунд ангиас эхлэн сургуульд маань англи хэлийг зааж эхэлдэг. Ийнхүү хятад, англи хэлийг арван жилээсээ сурч байлаа. Сүүлийн жилүүдэд ажлын шаардлагаар болон надад орос хэлээр ярьдаг найзууд олон байдаг учраас Бээжинд амьдардаг байхдаа орос хэлтэй их ойр байсан л даа. Тиймээс сонсоод ойлгодог. Тэр ч утгаараа надад хэрэгтэй гэж үзээд сүүлийн нэг жил орос хэл сурч эхэлсэн. Мөн орос хэлээс гадна бас нэг хэл шинээр сурч байгаа. Ер нь аливаа хэлийг сурахдаа яагаад сурах гэж байгаа вэ гэдэг зорилго нь тодорхой байвал сурч байгаа үйл явц нь тийм ч хэцүү санагдахгүй. Инстаграм хаягийн хувьд яг ийм төрлийн хаяг огт харж байгаагүй. @zoulen.s гэх энэхүү инстаграм хаягаа анх аялалтай холбоотойгоор хөгжүүлье гэж бодсон. Гэвч ер нь дөрвөн хэл дээр гоё эшлэлүүдийг зурагныхаа доор оруулж өгч байвал ямар вэ гэдэг санаа төрөөд, олон хэл сурах сонирхолтой хүмүүст тус нэмэр болох, нөгөөтэйгүүр хэл сурах сэдэл өгөх болов уу гэсэн үүднээс энэ хаягаа хөгжүүлж эхэлсэн. Хаягаа хөтөлж эхлүүлээд жил гаран болж байна.

Өнгөрсөн хугацаанд хаягт маань пост орохыг хүлээдэг, орсон эшлэлийг нь өөр хэлүүд дээр бичиж аваад тэмдэглэл хөтлөөд сурдаг олон хүүхэд байдгийг мэдсэн. Тиймээс ч илүү олон залууд хүрээсэй гэж хүсдэг. Бид бүхний сайн мэдэх хэлтэй бол хөлтэй гэдэг үг байдаг даа. Өнөөгийн энэ нийгэмд амьдарч буй хүмүүс заавал англи хэлийг эсвэл манай улсын хоёр хөршийн хэл болох хятад, орос гээд өөрийнхөө сонирхлоороо мөн хэрэгцээгээ дагаад ямар нэг хэлийг сурах л хэрэгтэй. Учир нь өөр улс орон руу явах, олон хүмүүстэй танилцах зэргээр маш олон боломж нээгддэг. Боломж бол бэлтгэгдсэн хүнд л ирдэг зүйл. Өөрөө бэлтгэгдээгүй байх юм бол боломж ирлээ гээд бид шүүрч авч чадахгүй.

- Арван жилийн дунд сургуульд бүх талаараа хүний нүдэнд өртдөггүй охин байлаа. Авьяасаараа ч тэр, сурлагаараа ч тэр... гэж We17.17-д өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэр охиныг юу ингэж өөрчлөв?

- Багаасаа л гадаад хэл сурч байсан учраас оюутан болоод гадаадад сурах хүсэл байсан. Бээжин хотын их сургуульд шалгалт өгөөд тэнцэж, олон улсын оюутнуудын дунд хамтдаа суралцах болсон нь миний амьдралд маш том эргэлтийг авчирсан юм. Учир нь тэнд өрсөлдөөн ихтэй, бусдаас онцгойрч байж илүү их боломж нээгддэг тийм л дүрэмтэй. Тиймээс маш их хичээж эхэлсэн, манай их сургуулиас зохиогдсон, Бээжин хотын их дээд сургуулиудын дунд зохиогдсон, БНХАУ даяар оюутнуудын дунд зохиогдсон гээд 50-иад хятад хэлтэй холбоотой тэмцээнд оролцож ихэнхэд нь тэргүүн байр эзэлж, энэ бүхэн нь улам илүү өөрийгөө нээх үүд гарц нь болоод зогсохгүй өөртөө итгэх итгэл минь улам их болж, олон талын нуугдмал авьяас илэрсэн. Тэгэхээр хүрээлэн буй орчин маш чухал. Яг л надтай адил хятад хэл сурч байгаа олон улсын мундаг авьяаслаг оюутнуудтай мөр зэрэгцэхээр өөрийн эрхгүй хичээж, бие биенээсээ суралцдаг. Тиймээс хүн өөрөө ямар болмоор байна яг тийм хүрээлэлдээ орж бие биенээ дэмжиж, урам зориг өгдөг зөв найз нөхөд сонгох хэрэгтэй. Аливаа гадаад хэлийг сурч буй хүмүүс нийгмийн идэвхтэй байх нь зөвхөн хэлээ сайжруулахад ч биш хүнтэй хэрхэн харилцах, ганцаараа эсвэл багаар ажиллаж сурах гээд олон шинэ зүйл сурч байдаг. Хийж байгаа зүйлдээ дурлах хэрэгтэй. Сурч байгаа хэлэндээ хайртай болоорой.

Хамгийн чухал нь гадаад хэл сурахаасаа өмнө, эх хэл болох Монгол хэлээ маш сайн сураарай.

- Таны хувьд ямар хэл сурахад хамгийн хэцүү байсан бэ?

- Миний хувьд орос хэлийг сурах хэцүү санагдаж байна. Учир нь хятад болон англи хэлийг багаасаа сурсан учраас тийм ч төвөгтэй байгаагүй. Нөгөөтэйгүүр ажил дээр гарсан эсвэл оюутан болсон хойноо ямар нэгэн хэл суръя гэхээр яг түүнтэй зэрэгцээд бид нийгмийн амьдралд оролцдог учраас маш олон өөр ажил давхар амжуулах шаардлага гардаг. Тэр ч утгаараа өөр зүйлд зарцуулах цаг нь их байдаг болохоор яг хэлээ суръя гэхээр хэцүү санагдах үе гардаг. Түүнээс биш ямар нэгэн хэлийг сурахад бол хэцүү гэж хэлэх нь өрөөсгөл хэрэг л дээ. Хүн хүний хувьд мэдээж өөр байгаа. Миний хувьд одоогийн байдлаар ажлынхаа хажуугаар орос хэлийг сурна гэдэг бол маш хэцүү санагдаж байгаа. Хэдийгээр крилл үсгээ мэдэхээс гадна уншиж бас бичиж чадаж байгаа боловч  яг цаг гаргаад үнэхээр сайн суръя гэвэл хэцүү санагддаг. Орос хэл өөрөө маш сайхан хэл. Орос хэлийг төгс эзэмшсэн гадны хүн олон байдаг. Яг үүний адилаар ямар ч хэлийг сурахад маш хэцүү гэсэн ойлголт байхгүй. Хүний өөрийнх нь юунд илүү их цаг зарцуулж байна вэ, амьдрал дээр ямар сонголтууд хийж байна вэ гэдгээс л шалтгаална гэсэн үг.

- Хэл сурч байгаа хэн бүхэнд тус болохуйц өдөр тутамдаа хэвшүүлсэн чухал дадал зуршлаасаа хуваалцаж болох уу?

- Өөртөө хэвшүүлсэн дадал зуршил гэвэл миний хувьд маш завгүй байдаг учраас өдөрт дор хаяж 30 минутыг хэлэндээ зарцуулаарай гэж багш маань дандаа хэлдэг. Яг үүний адилаар тодорхой хэмжээний цагийг заавал зарцуулах ёстой. 30 минут ч болно. Хэрэв илүү цаг гарч байвал чанартай нэг цаг суухад л хэл хурдан сайжирдаг. Мөн шинэ үг тогтмол сурах хэрэгтэй. Түүнээс гадна бас бичих хэрэгтэй. Учир нь аливаа зүйлийг бичих үед нүдэнд тэр үг нь тогтоод тархинд бууж байдаг. Шинэ үг сурахдаа амьдрал дээр өгүүлбэрт оруулаад ч юм уу эсвэл холбоо үгээр нь сурах юм бол илүү тус дөхөм болдог. Мөн бичихээс гадна уншиж, сонсож, ярих хэрэгтэй. Эдгээр дөрвөн чадвараа хөгжүүлж, энэ дөрвөн тал дээр өдөр болгон тогтмол бага цагийг зарцуулдаг байхад л сайжирна гэсэн үг. Түүнээс гадна яг ямар хэл сурч байна тэр хэлэндээ илүү их цагийг гаргаж, дурлаад тэр хэл дээрх дууг нь сонсоод киног нь үзвэл үр дүнтэй. Анх киног мэдээж хадмал орчуулгатай үзэж болно. Яваандаа сайжраад ирэхээр хадмал орчуулгагүй, тухайн хэл дээрх киног үзэж байх хэрэгтэй. Кино үзсэнээр амьдрал дээр яаж яригддаг вэ гэдгийг сурахад тус болдог. Яагаад гэвэл номон дээр байдаг зүйлс амьдрал дээр хэрэглэгддэг хэллэгүүд өөр байх тохиолдол их гардаг. Бүр илүү сайжраад ирэхээрээ мэдээ сонсдог болох хэрэгтэй. Энэ бол маш чухал бөгөөд хэлээ хурдан сайжруулахад сайн дадлага туршлага болж өгнө. Өнгөрсөн хугацаанд хэл сурч байх үйл явцдаа би маш их даалгавар хийдэг байсан. Хичээл бүтэн өдөржин өглөөнөөс орой болтол орно. Маш хүнд даалгавартай тэр бүрийг хийж байх хугацаанд сууж сурна. Сууж сурч байж аливаа зүйлийг гараасаа гаргаж сурдаг л даа. Хамгийн гол нь тууштай байдал чухал шүү. Ямар ч зүйлийг эхлүүлээд битгий орхиорой гэж бас зөвлөмөөр байна. Хэрэв эхлүүлээд хаях юм бол энэ хэлийг сурах гэсэн зорилт, зорилго нь тодорхойгүй ч юм уу эсвэл тийм ч чухал биш байсан хэрэг болно. Үнэхээр чухал гэдэг нь үнэн л бол нэгэнт эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг нь заавал үзэх хэрэгтэй.

Бид нар ямар ч хэлийг насан туршдаа л сурна. Сурч дуусахгүй. Тийм болохоор тэвчээртэй тууштай байх хэрэгтэй. Нэмж хэлэхэд бид өөрөө өөрийнхөө эзэн нь болж өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байхын тулд хичээх хэрэгтэй л гэж хэлмээр байна.

- Анхлан хэл сурч байгаа хүмүүст та ямар арга барил санал болгох вэ?

- Хүн болгон өөр өөрийн гэсэн сонирхолтой байдаг. Яг түүгээрээ дамжуулан хэлийг сурах юм бол илүү амархан байх болно. Жишээ нь, дуунд дуртай хүн бол дуугаар дамжуулан, дагаж дуулах, дууны үгийг нь орчуулж эсвэл кино үзэх дуртай бол киногоороо дамжуулан, ном унших гэх мэт хэлээ сайжруулах боломжтой байдаг л даа. Бүр анхлан сурч байгаа тохиолдолд зүгээр давтаад л байх хэрэгтэй. Шинэ үг сурах үедээ ялангуяа хятад хэл дээр бол нэг ханзыг эсвэл нэг холбоо үгийг цээжлэхийн тулд дор хаяж арав, хорь, гуч  гээд цээжилж тогтоох хүртлээ л бичдэг. Ингэснээр нүдлэгдэж тархинд чинь сууна гэсэн үг. Давтаж бичихгүйгээр цээжлэгдэнэ гэж бараг л байхгүй. Олон дахин давтаж бичихээс гадна бүрэн ойлгохгүй ч гэсэн богино текст, үлгэрийн ном эсвэл миний инстаграм хаягтаа оруулж байгаа шиг нэг нэг өгүүлбэрээр нь өдөр болгон уншдаг байх хэрэгтэй. Ингэж бага багаар ахиулаад л, хүн өөрөө үнэхээр хичээх юм бол боломжгүй зүйл гэж байхгүй.

Арга барилын хувьд бол нэгдүгээрт хүн өөрийнхөө ямар зүйлд дуртайг олж мэдээд тэр арга барилаараа дамжуулж сурах юм бол үр дүнтэй.

  - Тухайн хэлийг бүрэн эзэмшихийн тулд тэрхүү хэлээр ярьдаг орчинд нь амьдрах илүү үр дүнтэй гэж сонссон?

- Энэ мэдээж үнэн. Гэхдээ хүн болгон бас орчинд нь л хэлийг сайн сурсан уу гэвэл үгүй. Би  бараг 10 жил Бээжин хотод амьдарсан туршлагаасаа харах юм бол хэдийгээр яг орчинд нь байлаа гээд хүн өөрийгөө хэл сурах гэж байгаа тэр хүрээлэлдээ орохгүй бол сурахгүй. Хятадад ч бай Солонгост ч бай монголчуудтай л нийлээд байх юм бол хэлийг нь сурахгүй. Тиймээс заавал тэр орчинд нь байх уу гэвэл бас өрөөсгөл асуудал. Монголдоо байгаа хэдий ч бүр маш сайн хэл сурсан хүмүүс олныг танина. Тиймээс хувь хүнээс өөрөөс нь шалтгаална гэсэн үг. Мэдээж орчинд нь сурвал нэг шат ахиж байгаа. Учир нь орчинд нь амьдарч хэл сурахын давуу тал нь ангид багшаар хичээл заалгахаас гадна нийгмийн амьдрал дээр гараад хөрштэйгээ, гудамжинд зөрж өнгөрөх хүмүүстэй харилцах эсвэл дэлгүүрт худалдан авалт хийх үед  гэх мэтчлэн өдөр тутмын амьдралын үйл явдлуудаар дамжуулж хэлээ илүү сайжруулах боломжтой байдаг. Энэ тал дээр мэдээж тус дөхөмтэй. Түүнээс биш заавал гадаадад очиж байж хэлийг нь төгс эзэмшинэ гэсэн зүйл байхгүй.

- Хүссэн хэлээ өөрийн болгож эзэмшихээр шамдан суралцаж буй хүмүүст хандаж хэлэх  үг байна уу?

- Нэн тэргүүнд харилцан яриа маш чухал. Харилцан яриа байхгүйгээр, сурсан зүйлээ амаараа ярьж гаргахгүйгээр ямар нэг хэлийг эзэмшинэ гэдэг хэцүү. Хэл сурахын тулд хүчээр толгойдоо цээжлээд, буулгаад байдаг хүмүүс бас байдаг л даа. Энэ арга нь ихэнх хүмүүст тохиромжгүй байдаг. Тиймээс өөрийнхөө арга барилыг олох хэрэгтэй. Хамгийн тохиромжтой арга бол хичээлийн танхимд суралцаад зүгээр л цээжлээд байх биш амьдрал дээрээ хэрэгжүүлж харилцан ярианд сурсан зүйлсээ оролцуулан хэрэглэх юм. Хичээлийн танхимд бид амьдралынхаа зөвхөн 10 хүрэхгүй хувийг сурч  авдаг. Монголд ч, гадаадад ч яг адил. Мэдээж онолын мэдлэг чухал. Гэхдээ илүү их цагийг нийгмийн амьдрал дээр найз нөхөдтэйгээ, бусад хүмүүстэй харилцаа бий болгож орчноосоо суралцаад явбал хэл сурах үйл явцад их тустай байдаг. Монголдоо олон улсын залуучуудын хөдөлгөөнд хамрагдах, сайн дурын үйл хийх, орчуулга хийх гэх мэт аргууд хэрэглэж болно. Нөгөө талаас бас чиний хүрэх гэж байгаа тэр зорилт чинь юу вэ, ямар учраас энэ хэлийг сурах гэж байгаа вэ гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Учир нь чиний тэр зорилго чамайг замаасаа буцахаас чинь хамгаалах хамгийн том хүч чадал байх болно. Жишээ нь, чи жилийн дотор ямар нэг хэлээр чөлөөтэй ярьдаг болохыг хүсч байна гэдэг зорилтыг өмнөө тавиад түүнд хүрэхийн тулд өдөр болгон ядаж долоо хоногийн гурван өдрийг тэр хэлээ сурахад зориулах ёстой. Боломжтой бол өөрөө сураад эхэл. Youtube, интернет сайн ухаж үз. Маш олон гарын авлага, аппликэйшн байдаг шүү. 21 дүгээр зууны  техник технологийн өндөр хөгжилтэй энэ цаг үед бараг хүн бүр ухаалаг утастай. Тиймээс өдөр болгон сошиал орчинд хэрэггүй зүйл ухаж өнгөрөөх цагаасаа хумслаж байгаад хэрэгтэй зүйл сураарай. Хэлийг суръя гэвэл түүндээ сэтгэлээсээ цагаа зориулах хэрэгтэй.

Эцэст нь хэл сурахаар төлөвлөж буй хүмүүст хандаж хэлэхэд битгий шантраарай. Алдаа гаргахаас битгий айж ичээрэй. Алдаж байж сурдаг шүү дээ. Тууштай байх юм бол болохгүй, хэцүү зүйл гэж байхгүй. Амжилт хүсье гэж хэлмээр байна.

- Цаг гарган өөрийн туршлагаа хуваалцсан танд баярлалаа.

Дадлагажигч оюутан: Т.Армангүль

7 Сэтгэгдэл:

  1. I enjoy you because of your entire efforts on this blog. Debby take interest in engaging in investigations and it is easy to understand why. A number of us hear all about the dynamic medium you present helpful tips by means of this web blog and as well as boost contribution from visitors on the situation so our own daughter is always becoming educated so much. Have fun with the remaining portion of the year. You are performing a remarkable job. <a href=https://www.blogexpander.com/>blog</a> I always use <a href=https://1llo.short.gy/uf7lPe>url shortener</a> It is very helpful.

  2. goy yriltslaga bn

  3. Mundag busgui shu. Amjilt

  4. Mundag busgui shu. Amjilt

  5. Сайхан ярилцлага бна .

  6. Сайхан ярилцлага бна .

Сэтгэгдэл илгээх