image

“Өнөөдөр чиний хажууд инээгээд сууж байсан хүн маргааш байхгүй болчихдог, аав ээжийгээ хайрлаарай”

Энэ удаагийн зочноор олны танил буюу инфлюнсер биш жирийн нэгэн эгч, сайн охинтой хийсэн энгийн хэрнээ дотно яриа байх болно. Энэ ярилцлагыг уншаад аавдаа, ээждээ эсвэл дотны хүндээ хайртай гэдгээ хэлбэл сэтгүүлч миний бяцхан зорилго биелэх нь тэр. Түүнийг Батхуягын Хонгорзул гэдэг. Одоо 23 настай. Технологийн дээд сургуульд Хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр сурдаг.

- Цар тахал гарсантай холбоотойгоор хоёр жилийн хугацаанд хөл хорионы байдалтай байлаа. Энэхүү нөхцөл байдал танай гэр бүлд хэрхэн нөлөөлсөн бэ?

- Магадгүй хүн болгонд тодорхой хэмжээгээр өөр өөр нөлөөлсөн байх. Заримынх нь хувьд сайнаар нөлөөлж байхад өөр нэг талд муугаар ч гэдэг ч юм уу. Би аав, гурван дүүгийнхээ хамт амьдардаг. Миний хувьд энэ хугацааг гэр бүлдээ илүү их цаг гаргах боломж байсан гэж боддог. Гурван дүүтэйгээ ярилцаж тэдэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөхөөс гадна гэртээ олон зүйлийг хийж амжуулсан. Харин хичээл сургуулийн хувьд цахимаар орсон нь танхимын сургалтыг бодвол үр дүн багатай байсан гэж харж байгаа.

- Дүү нар нь хэдэн насны хүүхдүүд вэ. Тэдэндээ ямар эгч байхыг хичээдэг вэ?

- Миний доод талын эрэгтэй дүү энэ жил МСҮТ-ийг гагнуурчин мэргэжлээр төгсөнө. Тэр аавыг дуурайгаад аливаад гарын дүйтэй. Өнгөрсөн жил сургуулиас нь сар бүр өгдөг 200 мянган төгрөгийн тэтгэлгээ цуглуулж байгаад гагнуурын аппарат аваад зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу гагнуур хийсэн.  Харин дараагийн эрэгтэй дүү одоо наймдугаар анги. Хууль Сахиулахын Их сургуульд орно гээд л одооноос бэлдээд байгаа. Хамгийн бага охин дүү дөрөвдүгээр анги. Эрх, цовоо сэргэлэн. Хоёр эрэгтэй дүүгийн хувьд яг шилжилтийн насан дээрээ байгаа болохоор тэдэнтэй илүү нээлттэй, дотно байхыг хичээдэг. Азаар тэд минь архи, тамхи хэрэглээд, орой үдэш тэнэж санаа зовоогоод байдаггүй. Магадгүй аавын минь хүүхдүүдээ хүмүүжүүлэх ухаан байх. Би өмнө нь дүү нараа хэтэрхий төгс байлгах гээд ууртай эгч байдаг байсан санагддаг юм. Одоо бол аль болох ойлгодог, хийснийг нь дэмждэг, урамшуулдаг эгч байхыг хүсдэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой, аливаад сэтгэлээсээ ханддаг, хэлбэрт биш үр дүн, агуулгад ач холбогдол өгдөг хүмүүс болчихвол миний эгч байсны хэрэг бүтэх байх.

- Таны хувьд аав гэж ямар хүн бэ?

- Арван жилийн өмнө ээжийгээ алдахад аав л бидний дэргэд үлдсэн. Би аавыгаа их гоё хүн гэж боддог. Бид дөрвийг атгасан гар шиг зангидаж, эвтэй байх ямар гоё гэдгийг ухааруулсан. Заримдаа аавыгаа бодохоор бахархах, өрөвдөх бодол зэрэгцдэг. Бусад айлын аав, ээж нар ямар нэгэн асуудал тулгарахад хамтдаа ярилцдаг бол манай аавд ингээд хуваалцах хань ижил байхгүй. Тэглээ гээд бидэнд хойд ээжийн нүүрийг үзүүлээгүй. Ингээд бодохоор сэтгэл зүйн асар их дархлаатай юм шиг.

- Аз жаргалыг хэмжих хэмжүүр таны бодлоор?

- Аз жаргал бол элэг бүтэн тайван амьдрал. Нөгөө талаараа энгийн хэрнээ жижиг зүйлээс ч түүнийг мэдрэх боломжтой. Өнөөдөр гар утасгүй эсвэл хүссэнээ авч чадахгүй байснаар аз жаргалгүй байна гэсэн үг биш. Зүгээр л байгаа зүйлдээ ханаж, тэднээс гоё сайхныг мэдрэх нь өөрөө аз жаргал.

- Хүний амьдрал эрээнтэй бараантай. Тэгвэл хүнд хэцүү, шантармаар үедээ юунаас үлгэрлэж, урам зориг авдаг вэ?

- Үлгэр дуурайлал, урам зориг авах хүмүүс маш их байдаг. Заримдаа дүү нараасаа  үлгэрлэх үе ч байдаг. Би есдүгээр ангиа төгсөөд аймгийнхаа МСҮТ-д гоо засалчаар суралцсан. Тэгээд МСҮТ-ээ төгсөх жил манай үеийнхэн ЭЕШ өгч таарсан юм. Би монгол хэл, уран зохиолын хичээлдээ сонирхолтой байсан болохоор энэ хичээлүүдээрээ шалгалт өгөөд үзье гээд зүгээр л бүртгүүлчихсэн. Гэтэл нэг өдөр ЭЕШ хамт өгөх найз маань залгаад “Чи хаана байна, бид нар шалгалт өгөх сургууль руу явж байна” гээд хэллээ. Үнэндээ энэ үеэр ажил хийдэг байсан болохоор шалгалтын хуваарь энэ тэрээ анзаараагүй. Тэгээд ажлаасаа чөлөө аваад шалгалт руугаа гүйлээ. Тухайн үед аавдаа тусалж, дүү нараа анхаарахын тулд ажил хийх нь чухал байсан болохоор шалгалтад бэлдэж сүйд болоогүй.

Гэхдээ оноогоо хараад өөртөө итгээгүй. Монгол хэл дээрээ 759 оноо авсан байсан. Өөрийн хүсэж, сонирхож явдаг Монгол хэлний багш мэргэжлээр МУБИС-д тэтгэлгээр элсэх боломжтой болсон юм.

Гэхдээ энэ үед охин дүү маань нэгдүгээр ангид орох байсан. Тэгээд ч хоёр эрэгтэй дүү хангалттай том болоогүй. Ядаж их сургуульд орохоор төлбөр гэлтгүй их мөнгө зарцуулна. Ингээд надад сургуульд сурснаас ажил хийх нь илүү дээр гэж бодогдоод шууд л шийдчихсэн. Эхэндээ эргэн тойрны найзууд бүгд сургуульдаа яваад ганцаараа үлдчихсэн мэт мэдрэмж төрнө. Тэгээд нэг, хоёр сар болоод энэ байдалдаа дассан даа. Дүү нартаа хоол цайг нь бэлдэнэ. Хичээлээсээ ирэхэд нь ямар байсан талаар асуугаад хичээлийг нь хийлгүүлнэ. Иймэрхүү байдалтай хагас жил үргэлжилсэн. Тэгээд удалгүй гоо сайхны газар, хоолны газар гээд олон газруудад ажиллаж үзсэн. Даанч эдгээр ажлууд ихэвчлэн цаг наргүй байсан болохоор өглөө эрт гараад оройтож ирнэ. Ингэж ажиллаад цалин авах хэдий ч ямар нэгэн ахиц дэвшил гарахгүйн дээр бие их ядарна. Өглөө 07.00 цагт гараад шөнийн 11,12 цагт орж ирсэн хүнд юун сайхан бодол төрөх вэ дээ. Унтахаа л илүүд үзнэ. Иймэрхүү ажил хийх нь ямар ч ахицгүй байсан учир сумынхаа цэцэрлэгт туслах багшаар орж болох талаар судлаад, курс төгссөн. Тэгээд цэцэрлэгийн эрхлэгч маань удахгүй хуульд шинэчлэлт хийгдэнэ. Ингэхээр цэцэрлэгт хоол үйлдвэрлэлийн технологич гээд шинэ орон тоо гарч ирнэ. Удахгүй манай ахлах тогооч тэтгэвэртээ гарна. Тэгэхээр чи энэ мэргэжлээр сураад төгсөөд ир гэх гоё хариуг хэлсэн. Тэгээд л би хотод ирээд ийнхүү суралцаад явж байна. Анх оюутан болоход үеийнхнээсээ хоцорсон мэдрэмж төрөөд, яг яахаа мэдэхгүй гацсан. Гэхдээ хүн цаг үргэлж суралцах ёстойг ойлгоод аль болох өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэх болсон. Амьдрал гоё амьдрах бүр ч гоё. Тиймээс надад одоо бүх зүйлийг хийж чадах юм шиг тийм сайхан урам зориг дотор асаж байна.

- Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

- Би аль болох юмсын сайн сайхан талыг олж хардаг байхыг хичээдэг. Бас ажлыг чин сэтгэлээсээ хийж, өөртөө үнэнч байхыг л баримталж явдаг даа.

- Ингээд бидний ярилцлага өндөрлөж байна. Сүүлд нь Z үеийнхэндээ хандаж найрсаг зөвлөгөө хэлэхгүй юу?

Өнөөдөр чи нөүтбүүк, гоё ганган хувцасгүй эсвэл сүүлийн үеийн утасгүй байж болно. Гол нь хөдөлмөрлөх бүрэн чадалтай байна гэдэг хамгийн гоё. Тэгээд бас байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байгаарай гэж хэлмээр санагддаг. Өнөөдөр чиний хажууд инээгээд сууж байсан хүн маргааш байхгүй болчихдог. Зарим хүүхдүүд аав, ээжийнхээ дуудлагыг авахгүй таслах ч юм уу, төвөгшөөхийг харахаар цохиод авмаар санагдах үе байдаг. Тиймээс ээж, аавыгаа хайрлаарай.  Ямар ч зүйлд чин сэтгэлээсээ, өөриймсөг хандаж чадвал амьдрал биднийг шагнадаг юм шүү.

Дадлагажигч оюутан: М.Үйлсдэлгэр

30 Сэтгэгдэл:

  1. Хэзээний л инээд цацруулан алхаж явдаг харахаар л эерэг энерги туяарч байдаг мундаг охин шүү. Амжилт

  2. Uram ugsun hun buhend bayrlalaa❤️ Dandaa jargaltai baigaarai😘😘

  3. Нутгийн дүү нартаа амжилт хүсье

  4. Хонгороо дүүдээ амжилт хүсье.Мундаг дайчин ажилсаг, найрсаг ,ухаалаг дүү шүү😍 Үйлсээдээ амжилт хүсье. 😍

  5. Үргэлж эерэг энерги цацруулсан мундаг охин шүү. Хамгийн сайн сайхныг хүсье 😘

  6. Үргэлж эерэг энерги цацруулсан мундаг охин шүү. Хамгийн сайн сайхныг хүсье 😘

  7. Гоё зүйл уншлаа

  8. Үнэхээр мундаг охин шүү. Дүү нарын сайн эгч, аавын сайн охинд аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

  9. Хонгороодоо амжилт хүсьe...

  10. Ээжийгээ оролсон мундаг дайчин ухаантай охин байна.Сайн сураад хүссэн ажилдаа ороорой .Цэцэрлэгийн эрхлэгчид нь талархал илэрхийлье. Залуу хүүхдийг дэмжиж бгаад нь ,нулимс дуслуулан байж уншлаа.Нутгийн зөвлөл дэмжиж туслах байхаа ухаантай охинд.

  11. Ээжийгээ оролсон мундаг дайчин ухаантай охин байна.Сайн сураад хүссэн ажилдаа ороорой .Цэцэрлэгийн эрхлэгчид нь талархал илэрхийлье. Залуу хүүхдийг дэмжиж бгаад нь ,нулимс дуслуулан байж уншлаа.Нутгийн зөвлөл дэмжиж туслах байхаа ухаантай охинд.

  12. Ухаалаг хөөрхөн охин шүү. Нутгийн 2 дүүдээ амжилтын дээдийг хүсэе.

  13. Minii hoorhon duu chini mundag heljee egch ni nulims asgaruulan duustal unshilaa ulam ih amjiltiig hvsie

  14. Нутгийн 2 дүүдээ амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе. Сайхан ярилцлага байна.

  15. ymar mundag ohiduud ve nutgiin du nart amjilt husey tsaashdiin ajil hudulmurt n ondoroos ondor amjilt husey

  16. Аль аймгиин хүүхэд вэ жаахан тус дэм үзүүлбэл

  17. Бүх зүйл эхлж байна 🤩🤗 амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье 👏

  18. Хонгороодоо хамгын сайн сайхан эрүүл энх бж ажлын хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье мундаг шүү .М.үйлсдэлгэртэй сайхан сурвалжлага авсанд бллаа ажилд нь амжилт хүсье

  19. mundag ohin shuu amjilt💕😍

  20. Яасан мундаг эгч нар вэ хха😂 амжилт хүсье🔥👏

  21. Minii nz😍mundag shvv chamdaa sain saihan bvhniig hvsii chi mini 🙎🏻‍♀️bvhniig hiij chadah hvchtei💪 ohin shvv😘

  22. Ta 2too amjilt huseyee🤗❤

  23. unshaad bvvr hoiloi zangirad irdeg shvv kk bi gantshan uuriguu zowood hetsvv bn gd zalhuurad hoish suugad shanatarch blaa… setgeld min hvch nemsen shn yriltslag bn🥰

  24. Minii mundag uhaalag dvv min... sn ohin shvv...mundag yrijee dvv min... chamdaa ulam ih amjiltiig hvsie...

  25. мундаг сэтгүүлч болохнээ амжилт

  26. Үнэхээр сэтгэлийн хаттай мундаг охин шүү чи минь♥️

  27. shn yriltslaga boljee uilseedee amjilt husey 💗💗

  28. vnheer saihn yriltslaga bolje ❤️

  29. Mundg ymaa

  30. Хонгороо эгчдээ амжилт хүсье та үнэхээр мундаг хөдөлмөрч эгч шүү🤩♥️Үйлсээ минь сайхан ярилцлага болсон цаашдын бүх зүйлд нь амжилт хүсье👏👏❤️🕊

Сэтгэгдэл илгээх