image

Оюутан насандаа ээж болох гэж буй охидод илгээх “аминчхан” зөвлөгөө

Юуны өмнө алтан  хэвлийдээ амь ургуулж буй залуухан ээжүүддээ баяр хүргэе. Та бол энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй юм шүү. Энэхүү нийтлэлээ оюутан байх хугацаандаа ээж болох гэж буй залуухан охиддоо зориуллаа.

Ихэнх хүмүүс их сургуулиа төгсөөд, тодорхой ажилд орж, хувийн карьер, тодорхой байр суурьтай болсныхоо дараа гэр бүлтэй болохыг зөвлөдөг. Гэхдээ амьдрал энэ зааврын дагуу явлаа гээд хангалттай төгс болохгүй шүү дээ. Ялангуяа оюутан байхдаа ээж болсон залуухан эмэгтэйчүүдэд энэ талын дарамт шахалт цөөнгүй гардаг. Хамаатан садны шүүмжилсэн харц, үеийн хүүхдүүдийн хэнэггүй яриа, аав ээжийн хатуу үгс гээд эмзэглэмээр зүйлс бишгүй. Мэдээж энэ бүхнийг хүндээр тусгаж авалгүй өнгөрөөх хэцүү ч өөрийгөө битгий буруутгаарай. Учир нь хүүхэд гэдэг хамгийн гэгээлэг, ариун нандин бурхны бэлэг юм шүү.

Ингээд оюутан насандаа ээж болсон болон ээж болох гэж байгаа хөөрхөнүүддээ зориулсан зөвлөгөөг хүргэе.

Яг юунаас эхлэхээ мэдэхгүй байвал хэрэг болох аппликейшн

Ихэнх охид жирэмсэн болсноо мэдсэн даруйдаа яг юунаас эхлэхээ мэдэхгүй шоконд ордог. Тэгвэл ЭЭЖҮҮД, HELLO BABY зэрэг аппликейшн бага ч болтугай тус болно гэдэгт итгэлтэй байна. Эдгээр аппликэйшн нь жирэмсэн болсон үеэс эхлээд хүүхэд өсөж том болох үе хүртэлх мэдэх ёстой олон зүйлийг агуулсан байдаг.

Сэтгэл санаагаа тайван байлгах

Бусдыг юу гэх бол гэсэн бодлоо яг одоо толгойноосоо авч хаяарай. Учир нь хэн ч чамайг өөрөөс чинь илүү ойлгож, хайрлахгүй. Тиймээс өөрийгөө гадаад орчноос чөлөөлж, тайван байдлаа ямагт хадгалаарай. Энэ нь хүүхдэд ч мөн чухал нөлөөтэй. Сайхан аялгуутай дуу эсвэл симфони хөгжим сонсонгоо гадуур алхах эсвэл дуртай зүйлээ хийнгээ хэн нэгэнтэй ярилцах ч байж болно.

Хувийн карьертаа санаа зовох хэрэггүй

Хүүхэдтэй болохоор нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд үгүй болчихдог юм огт биш шүү. Хэрвээ ингэж боддог бол ахиад энэ талаар битгий бод гэж зөвлөмөөр байна. Мэдээж хүүхдээ төрүүлээд хэдэн сар, жил гэртээ байж хүүхдээ өсгөх хэдий ч энэ бүхэн тийм ч муу зүйл биш. Эрт орой хэзээ нэгэн цагт ээж болох нь дийлэнх эмэгтэйчүүдийн дайраад, даваад гарах зүйл. Харин ч гэртээ байх хугацаандаа онлайнаар танилын хүрээгээ тэлж, шинэ шинэлэг зүйл сурч өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой.

Өөртөө цаг гаргах

Ээж болно гээд өөрийгөө орхиж болохгүй. Яахав, сургуулиасаа чөлөө аваад хэсэгтээ гэртээ сууж байгаа ч энэ цаг хугацаагаа өөртөө, бас хүүхдэдээ ч зарцуулах хэрэгтэй. Тэглээ гээд өөртөө хэт ачаалал өгөөд, нэг дор олон зүйлийг амжуулах гээд хэрэггүй. Аль болох тухтайгаар ажлуудаа амжуулаарай. Боломж гарвал найзуудтайгаа уулзаж сэтгэлээ онгойтол ярилцаж, авмаар байгаа хувцсаа авч, нөхөртэйгээ гэнэтийн болзоо төлөвлөж нандин дурсамжуудаа нэмээрэй.

Сүүлд нь нэмж хэлэхэд хүүхэд бол энэ хорвоогийн хамгийн ариун нандин бэлэг. Эх хүн болно гэдэг юутай ч зүйрлэмгүй алдар гавьяа юм шүү. Тиймээс юунд ч бууж өгдөггүй хүчтэй, ухаалаг, гайхалтай ээж байгаарай.

Дадлагажигч оюутан: М.Үйлсдэлгэр

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх