image

3x3 | Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхлэв

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ.

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн.

U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.

Харин С. Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2-т орсон.

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч зургадугаар байранд орлоо.

Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.

Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монголулс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх