image

МУГТ Э.Цэндбаатарын тухай фактууд | НАЙМАН АЛТЫН ЭЗЭН

Энэ долоо хоногийн гол сэдэв бол ямар ч хариу үйлдэлгүй зодуулж буй бичлэг нь цахим орчинд тарсан МУГТ Э.Цэндбаатар байлаа.

Түүнийг согтууруулах ундаа хэрэглэж, удаа дараа ёс зүйн алдаа болон сахилга бат алдсан гэх үндэслэлээр Монголын Боксын холбоо хөөж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулахгүй байх шийдвэр гарсан юм. Түүний орох 60 килограммын жинд Алдар спорт хорооны тамирчин О.Тулгыг ДАШТ-нд явуулахаар болж асуудал нэг тийшээ болсон. Гэвч тэрээр тус холбооны удирдлагуудын өмнө хадаг барин сөгдөж дахин нэг удаа боломж олгооч хэмээн гуйсан. Мөн дээр нь 2000 орчим иргэн дуу нэгтэй гарын үсэг цуглуулав. Эл үйл явдлын дараа Монголын Боксын холбооноос ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн. Тулаан ирэх аравдугаар сарын 3-ны өдөр Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох юм. Гэнэт олны анхааралд өртөж, арт түмний гарын үсгийг цуглуулан Монголын Боксын холбооны шийдвэрийг дахин хэлэлцэхэд хүргэсэн Эрдэнэбатын Цэндбаатар гэж хэн бэ.

- Тэрээр 1996 оны аравдугаар сарын 16-ны өдөр төрсөн.

- Хоёр охин, эхнэрийн хамт амьдардаг.

- Боксын үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хороо, "Ажнай" корпорацын тамирчин, ОУХМ

- “Рио-2016” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн хошой аварга болж байсан.

- “Бээжин-2008” олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэх үеэр олон хөвгүүд боксын спортоор хичээллэх эхлэлээ тавьсаны нэг нь Э.Цэндбаатар байжээ.

- Түүний анхны багш нь Баянгол спорт хорооны дасгалжуулагч Батбуянгийн Энхтайван юм.

- 17 настайдаа буюу 2013 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 49 кг-д шилдэг боксчдыг ялж улсын аварга болж байсан.

- 2014 олд Азийн аварга шалгаруулах тэмцээнд орж хүрэл медаль хүртсэн.

- 2015-2016 оны улсын аваргад 56 килограммын жинд дарааллан түрүүлсэн.

- Э.Цэндбаатар 2008 оноос боксын спортоор хичээллэхдээ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт найман удаа алтан  медаль хүртсэн байна.

- Тэрээр 2021 оны зургадугаар сард 25 насандаа Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх