image

SEXEDUCATION | Эмэгтэйчүүд эмзэг эрхтнээ "ХАЙРЛАХ"-ын тухайд

Эмэгтэйчүүдийн эмзэг эрхтэн бол гоо сайхны хэмжүүр мөнөөсөө мөн. Энэ нь эрүүл, аюулгүй байснаар үнэлэгдэнэ. Бид нүүрнийхээ арьсанд анхаарал тавьж, өмсөх хувцсаа цэвэрхэн байлгахад санаа зовдог шигээ эмзэг эрхтнээ ч төдий чинээгээр хайрлах хэрэгтэй. Бэлгийн боловсрол олгох булангийн энэ удаагийн нийтлэлээр эмзэг эрхтнээ хайрлах аргуудаас танд сануулъя.

Дотуур хувцасны ариун цэвэр

Охид эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэвэрт дотуур хувцасны сонголт болон дотуур хувцсаа цэвэр байлгах нь хамгийн чухал. Учир нь өдөр тутам тохиолддог энгийн дадал тул цаашлаад таныг олон сөрөг нөлөөллүүдээс хамгаалах болно. Нэгдүгээрт: Бие зассаны дараа эмзэг эрхтнээ чанартай нойлийн цаасаар зөөлөн арчих. Ингэхдээ урдаасаа арагш чиглэлтэй арчих нь зөв юм.

Сарын тэмдэг ирэхээс бусад үед үтрээнээс цайвар шүүрэл бага хэмжээгээр ялгарах нь хэвийн зүйл. Үтрээний шингэн буюу шүүрэл нь үтрээг эрүүл байгааг илтгэж байгаа юм. Гэвч ихэнх эмэгтэйчүүд үүнээсээ санаа зовниж хуурай цацлага хэрэглэдэг. Энэ нь эсрэгээрээ үтрээ загатнах, хуурайшилт үүсэх гол шалтгаан болдог байна.

Хоёрдугаарт: Синтетик материалаар хийсэн хувцас буюу нилонон материалаар хийсэн дотуур хувцас өмсөхөөс татгалзаарай. Учир нь синтетик дотуур хувцас нь агаарын солилцоог бууруулж, арьсыг ихээр хөлөргөн бактери, мөөгөнцөр үржих таатай нөхцлийг бүрдүүлэгч болдог гэнэ. Иймд эмэгтэйчүүдийн эмч нар ч агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, даавуун дотор хувцас хэрэглэхийг зөвлөдөг.

Мөн дасгал хөдөлгөөн хийх, ууланд алхах зэрэг хөлс ихээр гадагшилсны дараа заавал дотуур хувцсаа сольж заншаарай.

Ариун цэврийн хэрэглэлээ зөв сонгох

Эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөж буйгаар ариун цэврийн хэрэглэлийг дөрвөн цаг тутамд сольж байх нь тохиромжтой юм. Мөн сарын тэмдгийн үеийн шингэн гадагшлуултаас хамааран 2-3 цагийн хугацаанд болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарахн солих шаардлагатай. Чанар муутай ариун цэврийн хэрэглэл сонгох, хэрэглэлээ солихгүй удах нь загатнах, эвгүй үнэр гарах, үрэвсэлт өвчин, харшил үүсгэх суурь шалтгаан болдгийг санаарай. 

Бэлгийн харьцааны ариун цэвэр

Эмэгтэйчүүд дотно харьцаанд орсны дараа зайлшгүй үтрээгээ цэвэрлэдэг дадалд суралцаарай. Учир нь үрийн шингэн, бэлгэвчээс үүссэн тоосонцор нь халдварт өвчин үүсгэх аюултайгаас гадна шээсний замын халдварт өвчинд ч өртүүлэх эрсдэлтэй. 

Үтрээгээ цэвэрлэх хамгийн энгийн арга нь бүлээн цэвэр усаар зайлж угаах юм.

Эмзэг эрхтэнд зориулсан бүтээгдэхүүний зөв хэрэглээ

Эмзэг эрхтнээ угаахдаа хатуу болон хэт хурц үнэртэй саван хэрэглэхээс зайлсхий. Саванд агуулагддаг глицерол, антисептик зэрэг химийн бодис нь үтрээн дэх бактерийн тэнцвэрт байдал болон хүчил, шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, ашиггүй бактерийн өсөлтийг нэмэгдүүлдэг байна.  Иймд зүгээр л бүлээн усаар угаах нь зүйтэй. Анхилуун үнэрт бүтээгдэхүүн буюу салфетка, үнэр дарагч, скраб зэрэг нь асар өндөр химийн элементүүдийг агуулах ба халдварт өвчин тусах эрсдлийг ч нэмэгдүүлдэг. Тиймээс хамгийн эрүүл аюулгүй, органик бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байгаарай.

Бэлгийн замын өвчин болон болзошгүй эрсдлээс хамгаалах

Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь хламиди, заг хүйтэн, герпес, тэмбүү, ХДХВ зэрэг бэлгийн замаар дамждаг өвчин авах эрсдэлийг даруй хэд дахин нэмэгдүүлдэг. Иймд бэлгийн харьцаанд хамгаалалттай орсноор БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Сануулан хэлэхэд, бэлгэвч худалдан авахдаа материал болон найрлагаас нь харшлах эсэхээ нягтлаарай.

Мөн байнгын бэлгийн хамтрагчтай болж байгаа бол хариуцлагатайгаар хэн хэн нь шинжилгээнд хамрагдаж цаашдаа ч тогтмол үзлэгийн цагтай болоорой гэж зөвлөдөг.

Энэ сэдэвт хамаарах дараагийн асуудал бол илүүдэл үс. Илүүдэл үсийг хусах эсвэл вакс хийлгэх аргыг байнга хэрэглэх нь буруу.  Учир нь эмзэг  эрхтний үсийг хуссанаар арьсны хамгаалах давхаргыг үгүй хийдэг байна. Тэр хэрээрээ төрөл бүрийн халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Судалгаанаас үзэхэд нууц эрхтнийхээ үсийг хусдаг эмэгтэйчүүд бэлгийн хомхой, үрэвсэлт өвчинд илүү их өртөмтгий байдаг нь батлагджээ.

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандан мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах

Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол бэлэг эрхтэн өвчилсөн үедээ эмчээс зөвлөгөө авалгүй дур мэдэн эмчилдэг явдал юм. Тухайлбал, мөөгөнцрийн эсрэг эм, тосон түрхэц, бактерийн эсрэг лаа зэргийг эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Хэрэв:

Таны нас 16-аас доош, 60-аас дээш бол

Жирэмсэн бол

Таны үтрээнээс цусархаг ялгадас гарсан бол

 Хэвлийн доод хэсгээр өндөр зовиуртай бол

 Зургаан сарын дотор хоёр ба түүнээс дээш удаа мөөгөнцрийн үрэвслийн шинж илэрсэн бол

 Өмнө нь бэлгийн замаар дамжих халдвараар өвдөж байсан бол

 Өмнөх эмчилгээнд үр дүн муутай байсан бол

 Удаан хугацаагаар өөр төрлийн эмчилгээ, химийн тариа хийлгэж буй бол эмчид заавал хандаарай.

ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН!

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх