image

БОДЛЫН ӨРӨӨ | Хэн нэгний "ЗАПАС" гэж хэлүүлдэг харилцаа гэрэлт ирээдүй мөн үү

Намайг арван жилд байхад хосуудын харилцаа илүү тодорхой байсан санагддаг юм. Нөгөө ангийн хөвгүүнд сайн болчхоод таархаараа ичингүйрч, тэгсэн хэрнээ сургууль дээр аль болох олон тааралдахыг хүсэж, түүний талаар жижигхэн ч хамаагүй зүйл мэдэхийг хүснэ. Түүнтэй хамаатай бүх зүйлийг нандигнаж, ер нь л их гэгээлэг, нандин хайрлаждурлаж, шохоорхдог байж билээ.

Хосууд нэгэндээ үерхэх санал тавихдаа зүрхэн хэлбэртэй лаа уртаас урт асааж, сарнайн дэлбээн зам татуулж голд нь өөрөө зогсоод, найз нөхөд олны өмнө ил цагаан сэтгэлээ илчилж, үерхэх санал тавьдаг байж билээ. Гэрлэх санал биш, зүгээр л үерхэх санал шүү дээ. Харин одоо үед бүх төрлийн харилцаа тодорхойгүй хар нүх шиг л болчихсон. Бид хэзээнээс нэгэнтэйгээ албан ёсоор үерхэж байгаагаа өөрсдөө ч сайн мэдэхгүй. Бичсэн чат чинь роман болж, хэдэн цаг тасралтгүй дуудлага хийсэн ч гэлээ энэ бол зүгээр найзын шинж. Хамтдаа кино үзэх нь болзоо байхаа больж, жирийн найзуудын энгийн үйлдэл болно.

Архи ууж, согтуудаа үнсэлцвэл нас биед хүрсэн томчууд бага зэрэг ухаанаа алдаж, бусдаар ноцтой зүйл биш гэж бодно. Дөрвөн ханаар тусгаарлагдсан өрөөнд энэ шөнө хамт хоносон ч маргааш өглөө нь жишим ч үгүй “Би энэ харилцаанаас илүү зүйл хүсээгүй” гэж хэлж болно. Та эрэгтэй эсвэл эмэгтэй хүн гэдгээс үл хамаарч хосын харилцааны нарийн төвөгтэй хэсгүүдийг алгасаад зүгээр л хэсэг зуур жаргалтай байх боломжтой болсон байна. Орчин үеийн хосууд өөрсдийгөө хос гэж нэрлэхээс татгалзсан. Харин оронд нь насанд хүрсэн хүмүүс гэж хэлбэл хэн нэгэн ямар нэг ачаа үүрэх шаардлагагүй болно.

Хэн нэгэнтэй дотно харилцаанд орсон ч дараа нь “Чи олон юм бодох хэрэггүй. Бид насанд хүрсэн хүмүүс” гэж хэлээд тухайн хүнийг ганцаараа л хэтрүүлж бодож гэх эргүүлэгт оруулаад орхиж болно. Ингэлээ гээд чи муу хүн болохгүй ба тэр хүн ч чамайг буруутгаж бодохгүй.

Улаан цайм аальгүйтэж, сээтэн хаясан ч эцэст нь “Чи л ганцаараа сэтгэл хөдлөлтэй хүлээн авч, би зүгээр л найзууд гэж бодсон” гэж хэлээд тэр хүнийг тэнэг байдалд оруулаад явсан ч гэсэн түүнээс өөр хэн ч чамайг муу хүн гэж тооцохгүй.

Гэрлээгүй л бол та хоёрын харилцааг авч хэлэлцэхгүй. Гэрлээд салсан ч хүүхэдгүй бол хүндээр бодох ч үгүй. Бидний харилцаа байж болох хамгийн тодорхойгүй зүйл болчихож.

Өмнө нь бид хэн нэгэнд харьяалагддаг байсан.

Би түүний найз охин учраас өөр залууд сээтэн хаяхгүй гэж боддог байсан. Ядаж л боддог байсан шүү. Одоо харин найз залуу нь хараагүй л бол хөөрхөн залууд хөгжилтэй зангаа харуулаад ямар нэгэн тодорхойгүй харилцаа эхлүүлж болно. Тэр харилцаа хаа ч хүрч болно. Нөгөө талд энэ эмэгтэй минийх гэж зуун хувь итгэлтэй хэлэх аргагүй. Аргагүй шүү дээ. Бид хосууд гэж тохиролцоогүй учраас бие биендээ үнэнч байх талаар ямар нэг хариуцлага хүлээгээгүй. Иймд өөртэй чинь өчигдөр хамт байсан чиний “найз охин” өнөөдөр өөр залуутай болзоонд явбал гайхах хэрэггүй. Харамлах эрх байхгүй.

Харилцааг тодорхойгүй найзын төвшинд авчирч байгаа зүйл бол айдас юм. Бид нөгөө хүндээ итгэдэггүй. Тэр орхиод явж магад. Өмнө нь хэн нэгэн намайг орхиж явах үед үхмээр санагдтал өвдсөн тул дахин өөр нэгэнд итгэхээс айж байна. Иймээс найз залуутай байхаас илүү найзууд байсан нь дээр. Эцэст нь хэн ч шаналахгүй. Ядаж л бусдад шаналж байгаа нь мэдэгдэхгүй.

Чамайг өмчлөх гэж оролдсон мэдрэмжгүй залуу\ бүсгүй болмооргүй байна. Зүгээр л ямар нэг хариуцлага хүлээмээргүй байна. Өвдсөн үед чинь санаа тавьсан үгс хэлэх яршигтай. Сэтгэлээр унасан үед чинь яагаад гэж асуумааргүй байна. Төрсөн өдрөөр чинь бэлэг өгөхийг хүсэхгүй байна. Бид чинь найзууд шиг л хүмүүс. Гэхдээ хамт унтдаг. "Өө зүгээр зүгээр". Насанд хүрсэн хүмүүст ийм зүйл байлгүй яахав. Хэн нэгэнтэй бага зэрэг хөгжилдөх стрессгүй амар байдаг. Угаасаа бидний амьдралд хайраас илүү чухал, дурлалаас илүү зовоодог олон асуудал байхад хосын харилцаанаас болж зовох илүүц юм шиг санагдана. Гэрлэхгүй л юм чинь ингэсхийгээд л байж байя ч гэж бодогдоно. Илүү сайхан хүн гарч иртэл түр сэтгэлээ хууръя ч гэж бодож байгаа. Нээрээ шүү. Чиний хүйснээс үл хамаарч хэн нэгнийг запасанд байлгаж үзсэн гэдэгт зуун хоёр хувь итгэлтэй байна. Энэ төрлийн харилцаанд өгч болох нэршил нь "Запас" харилцаа бололтой. Гэр бүл болох хэн нэгнийг иртэл бие сэтгэлийн хэрэгцээг минь хангаж өгөөрэй гэж байгаа бололтой. Хөөх энэ тухай сонсоод гайхахгүй байх чинь. Чи ч бас энэ тойрогт орж үзсэн. Тийм үү. Хэрэв үгүй бол хол тойроод яваарай. Чадах чинээгээрээ зөв зүг рүү гүйгээрэй.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх