image

БОДЛЫН ӨРӨӨ | Хайр сэтгэл бол зүрх, оюуны хүнд хөдөлмөр

Бид хэзээ, хэнд татагдахаа сонгож чадахгүй ч, хэнийг хайрлахаа өөрсдөө шийддэг. Энэ бол тархины бидэнд өгдөг боломж. Хэрэв зүрхэндээ хөтлөгдөөд ирвэл, бид татагдсан таалагдсан хүн бүртээ хайр халамжийг өгч, хамт байхыг хүсэх байсан биз.

Өнөөгийн соёлийн сэтгэлгээ сэтгэл хөдлөлд ихээхэн ач холбогдол өгдөг болсон. Зөвхөн хайр ч биш. Биднийг аз жаргалтай болгодог зүйлсийг хийж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дага гэж сануулдаг. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад сэтгэл хөдлөл бол маш хувирамтгай. Агшин зуурынх л байдаг. Өнөөдрийн мэдрэмж, маргааш огт үгүй болох ч үе бий. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн. Гэвч тэнцвэрт мэдрэмжийг бид энэ насандаа хайраас л олдог.

Амьдрал галзуу хулгана мэт санагддаг үе зөндөө бий. Бид хэн нэгэнд хаягдах, урам хугарах, гомдох гэх мэт маш олон хүнд хэцүү зүйлстэй нүүр тулна. Гэхдээ тийм байлаа гээд бид мөрөөдлөө хаядаггүй, бид үр хүүхдээ орхидоггүй, эцэг эхээсээ татгалцдаггүй. Тиймээс ч хайрттайгаа харьцах харилцаанд хүндрэл үүслээ гээд хаяад явах бол энэ харилцаа чинь анхнаасаа л үнэ цэнэтэй байгаагүйн шинж байх. Хэрэв тухайн хүн чинь чамайг аз жаргалтай болгож амьдралд чинь утга учир авчирдаг бол ямар ч хүнд хэцүүг хамтдаа даван туулах хүчтэй болдог.

Хайр бол сэтгэл хөдлөл, мэдрэмж ч биш. Энэ бол хүнд хөдөлмөр.

Хайр чамаас их олон зүйлийг шаардана. Жинхэнэ хайр заримдаа чиний итгэл үнэмшлээс эсрэг чигт явахыг хүсэж магад. Чи хүсэхгүй байсан ч чамд олон зүйлийг ойлгуулахыг хичээнэ. Заримдаа бүр ойлгохгүй хүнд зүйлийг хийхийг ч шаардана. Харилцан буулт хийхийг үргэлж нэхнэ. Амархан биш.

Гэхдээ хамгийн гайхамшигтай зүйл бол тэр аялал нь өөрөө байх. Тэр хүнд хэцүү шийдвэр болгон чинь, учраа олох гэж тэмүүлж буй сэтгэл чинь, бас ийм нэг сайхан зүйлийн төлөө хөдөлмөрлөх боломжтой байх чинь гайхамшиг шүү. Аз жаргалтай мөчүүдээс гадна энэ хатуу бэрх үеүдээ бас нандигнаж сурснаар Хайр гэдэг агуу юмны утгыг нь бүрэн ойлогодог байх аа.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх