image

"Хонийг хяргахад бие нь хөнгөрч баярладаг тул ноос бол айдас шингээгүй энерги бүхий амьд ширхэгт үс"

Өнгө өнгийн чамин хийц загвартай эсгий урлалууд аргагүй анхаарал татна. Бүр амьд мэт урлалууд байх нь "догь". Энэ бол "Бумбаалайн ертөнц эсгий урлал"-ын үнэт бүтээлүүд. Тоглоом, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, ахуйн зүйлс хийц хийгээд өнгөөрөө сонголт арвин. Үйлчлүүлэгчид ч сэтгэл ханамжтай, ам сайтай байдаг нь үүсгэн байгуулагчийн урлангаа уйгагүй тордсон хичээл зүтгэлийн үр шим биз ээ. 

Үнэ цэнийг бүтээж, жинхэнэ ЖДҮ үйлдвэрлэж яваа Ц.Хоролсүрэнг "POSITIVE TALK" буландаа зочноор урьлаа. Түүхийн ухааны мастер, монгол бичиг гадаад хэлний багш тэрээр ардын олон хүүхдүүдэд эрдэм атгуулж яваа ачтан. Орхон Их Сургуульд сургалтын албаны менежерээр ажиллаж байгаад дикретээ авч хүүхдүүдээ өсгөнгөө бизнесээ бойжуулж яваа түүний ажил бүтээлийн амтыг хамтдаа мэдэрцгээе. 

- "Бумбаалай эсгий урлал”-ын үйл ажиллагаагаа анх хэрхэн эхэлж байсан бэ?

- Санаандгүй байдлаар гар урлалтай ажил, амьдралаа холбосон. Бүр өмнө нь өөрийгөө гар урлал хийнэ чинээ төсөөлж ч байгаагүй. 2016 онд том хүүгээ төрүүлж шинэхэн ээж болсон надад хүүхдэд зориулсан зүйлс болгон хайр хүргэм хөөрхөн санагддаг болчихсон. Тэгтэл фэйсбүүкээр хүүхдэд зориулсан гар урлалууд байхыг олж хараад хүүдээ зориулж хийж үзэх хүсэл төрөн шууд л судалж эхэллээ. Ямар материалаар хийсэн эсэх, хэв загварыг хэрхэн гаргаж, худалдаанд хэр гардаг гээд л бүхий л төрлийн мэдээллийг хайлаа. материалын хувьд монголд олдоц сайтай эсгий /эсгийнцэр/ байсан. Тэгээд л эсгий гар урлал хийж үзэх хүсэлдээ хөтлөгдөн хайж олсон гар урлалын дэлгүүртээ очтол хайсан материал маань өнгө өнгөөрөө, зузаан нимгэнээрээ байдаг юм байна. Юу хийхээ ч мэдэхгүй, сэтгэлийн хөөрлөөр яваа би ямар өнгө авахаа ч мэдэхгүй, утсан дээрээ хадгалсан хэдэн жишгээ загвар зургууд үзлээ. Үүл, сар, од бамбарууш гэх мэт амархан хэдэн зураг сонгож хэдэн өнгийн эсгий /эсгийнцэр/ авлаа. Гэвч эхлээд юу хийхээ бодсоор... Ерөөсөө хамгийн анхны хийх зүйлээ хүүтэйгээ холбоотой зүйлээр эхлэе гээд хүүгийнхээ төрсөн жил болох бич  хийхээр эсгүүр зураг олж, эсгэлээ. Хөгтэй ч гэхүү хөгжилтэй ч гэхүү эсгийгээ юугаар наахаа ч мэддэггүй, асуухаа ч мартчихаж… Тэгээд л нэгэнт эсгэсэн юм чинь бушуухан л дуугахаар зэхээд шар цавуугаар наачихсан юм.

Ингээд л хүүдээ зориулан хийсэн анхны “бүтээл”, манай урлангийн анхны бүтээл бий болов. 

Дараа нь мөн л хүүдээ зориулан дээрээс зүүдэг саатуулагч тоглоом хийв. Хийж сурсан зүйлсээ өөрийн цахим хаягтаа нийтлэн сонирхуулахад эргэн тойрны хүмүүсээс урмын үгс ирж түүнээс нь урамшиж цааш эсгий гар урлал хийх сонирхол төрж эхэлсэн. Хийсэн зүйлийн минь хэлбэр хийц, чанар сайжирсаар байтал анхны захиалга ороод ирэх нь тэр. Огт танихгүй хүнээс захиалга аваад бага зэрэг түгшиж байсан ч надад ирсэн хариуцлагаа бодож ихэд хичээв. Захиалагчид маань урлал таалагдлаа. Бөөн баяр...

/АНХНЫ ЗАХИАЛГА/

Энэ бүхнээс шинэ ажлын сонирхол хийж чадах зүйлээ олж нээсэн тул илүү албан ёсны болгохоор цахим хуудас нээлээ. Гар урлалынхаа нэрийг хүүгийнхээ бумбагар хөөрхөн хацрыг хараар “Бумбаалайн ертөнц эсгий урлал” гэж нэрлэхээр болсон юм. Хүүхэд бүхэнд эргэн тойрны зүйлс бүхэн шинэ ертөнц байдаг тул урлаж буй тоглоомоор минь дамжуулан тэд ертөнцийг танин мэднэ гэсэн санааг  тусгаж “ертөнц” гэдэг үгийг оруулав.

Тэрхүү цагаас хойш эсгий урлалд хөтлөгдөн, гэр урландаа л бүтээлээ урлаж шинэхэн бяцхан бизнесээ тордсоор л явна. 

https://www.facebook.com/Bumbaalai.handmade

- “Бумбаалай эсгий урлал”-ын онцлох бүтээгдэхүүн бол яахын аргагүй сэвлэг даахины багц. Энэхүү бүтээгдэхүүний талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцаач?

- Одоогоор хүүхдэд зориулсан зүйлс түлхүү урлаж байгаагийн дотор хүүхдийн сэвлэг даахины уут цүнх урлаж, бусад дагалдах зүйлстэй нь багц болгон худалдаалж байна. Монгол ёс уламжлалаа дагаад айл бүр хүүхдийнхээ сэвлэг даахийг үргээдэг болохоор эрэлт ч ихтэй  байдаг. Эдгээрийг тун удахгүй монгол хонины ноос болон торгоор хийхээр төлөвлөж байна.

No description available.

Бусад бүтээгдэхүүнүүдийн хувьд бүх зүйлсээ хонины ноос, монгол эсгийгээр хийдэг. Үүнд: хүүхдэд зориулсан танин мэдэхүйн болон хөгжүүлэх тоглоомууд, гоёл чимэглэлийн зүйлс, монгол ахуй соёл уламжлалаа шингээсэн зүйлс, жингийн тэмээ, цүнх, хэрэглээний бусад төрлийн зүйлсийг урладаг.

 

- Ер нь эсгий эдлэлийн онцлог юу вэ?

- Анх гар урлалтай холбогдохдоо тухайн үеийн ойлголтоор эсгий одоогийнхоор эсгийнцэрээр бүтээлээ урлаж эхэлсэн бол  2019 оноос монгол хонины ноос, монгол эсгийний онцлог, үнэ цэнийг ойлгож мэдэрч,  улмаар энэ чиглэлээр гар урлалын сургалтад сууж хонины ноосоор урлалаа хийж эхэлсэн.

Эсгий урлал бол эерэг бас эрүүл урлал. Учир нь түүхий эдээ авахдаа хүртэл амьтныг тамлаж биш, жаргааж авдаг. Хонийг хяргахад бие нь хөнгөрч, “баярладаг” тул ноос нь айдас хүйдэс шингээгүй сайхан энерги бүхий амьд ширхэгт үс.

Хонины ноос нь  хүний биeд онцгой ач холбогдолтой,  эрүүл мэндэд тустай байгальд ээлтэй, хог хягдалгүйн дээр ширхэг үртэс бүр нь бүтээлд хэрэглэгддэг зэрэг олог талын ач холбогдол бүхий байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Ноосоор гутал хувцас хийхээс эхлээд хүний хэрэглэж болох бүхий л төрлийн зүйлс хийдгээрээ онцлогтой.

Ноос, ноолуур, эсгий хувцас нь арьсыг гэмтээхгүй амьсгалуулах, чийг гаргаж хөлөргөхгүй дулаан байлгаж ханиад томуу хүрэх, бие ядрах чилэх, арьсны эмгэг тусах, харшил үүсэхээс хамгаалж чаддаг эрүүл мэндийн бүтээгдэхүүн болдог.

Хонины ноосонд өөрөө өөрийгөө эргэж цэвэрлэх чадвартай ланолин гэж бодис агуулагддаг тул нян бактери үржүүлдэггүй, тоос шороо татаад байдаггүй. Сүүлийн үед хүмүүсийн өргөн хэрэглэх болсон эфирийн тосыг хонины ноос нь хамгийн сайн шингээж, эргүүлээд тэнцвэртэй дэгдээж, үнэрээ удаан хадгалдаг тул хамгийн сайн түүхий эд болдог. 

Ноос ноолууран түүхий эдийн онцгой ач холбогдлыг тоочиход олон. Товчхондоо урлалын маань гол амин сүнс  түүхий эд болох монгол хонины ноос бол өөрөө амьсгалдаг, хүний биед хамгийн  хор нөлөөгүй маш сайн зохицдог,  100 хувь эко, байгальд ээлтэй амьд ширхэгт үс юм. Иймдээ ч хүүхдэд зориулсан тоглоом,  бүх төрлийн хэрэглээний зүйлс хийхэд хамгийн тохиромжтой байдаг.

No description available.

- Бүтээгдэхүүний загвараа яаж гаргадаг вэ?

- Ихэнхдээ бүтээгдэхүүний загвараа өөрөө бодож гаргадаг. Бас Pinterest-ээс санаа авах зарим зүйл дээр эсгий урлалын багш бидэнд санаа өгдөг. Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хийдэг хүмүүсийнхээ бүтээлийг яг нэг бүрчлэн дуурайж хийх, санааг нь бүдүүлгээр ашиглах явдал мэр сэр тохиолддог. Жижиг зах зээлийн хүрээнд энэ бол "муухай" ажиллах аргачлал тул миний хувьд зохиогчийн эрхийг дээдлэхийг хүсдэг. 

- Эсгийгээр бүтээгдэхүүн урлахад тулгардаг хэцүү зүйл бий юу?

- Мэдээж ямарваа зүйлийг эхлүүлэх, хийх явцад хүндрэлтэй бэрхшээлтэй зүйлс тохиолдолгүй яахав. Тэр болгонд нь шантралгүй зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрдөж чадсан нь л амжилтанд хүрнэ гэж боддог. Миний хувьд тулгамдаад буй асуудал нь урлан /ажлын байр/-Н асуудал байна. Одоогоор хүүхдээ харангаа хийдэг, хөгжүүлдэг өрхийн бичил бизнес учраас гэрээрээ л бүх зүйлсээ хийдэг. Зарим томхон зүйлийн захиалга авч чаддаггүй учир нь нойтон эсгийн аргаар хийх шаардлагатай  бүр том хэмжээний зүйл хийхэд  томоохон зай талбай шаардагддаг. Бусад зүйлсийг бол гэр урландаа хийхэд ямар ч асуудалгүй байдаг. Ер нь ноосоор эсгий хийх, бүтээл хийхэд ус, савантай байнгын ажилладаг.

- Танай бүтээгдэхүүн үнийн хувьд зах зээлийн үнээс хэр ялгаатай вэ?

- Ноос эсгийгээр бүтээл урлахад маш их цаг, хөдөлмөр шингэдэг тул бүтээгдэхүүний үнээ энэ бүгдийг тооцож л тогтоодог. Гэхдээ зах зээлд борлуулагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал хямд. Шаардлагатай материалын үнэ нэмэгдсэн ч дагаад үнээ нэмж ерөөсөө чаддаггүй /инээв/.

Олон улсад бүтээгдэхүүнээ гаргах бол урлаачдын том зорилгын нэг. Би ч бас мөн адил хүсэл тэмүүлэл зорилготой. Гадаадад амьдардаг монголчуудаас захиалга их ирдэг. Тэд монгол үндэснийхээ онцлогийг харуулсан зүйлс түлхүү захиалж авдаг. Бас Германаас багш маань бидэнд захиалгын санал ирүүлдэг.

- Бүтээгдэхүүний эсгийгээ хаанаас авдаг вэ?

- Монголд хонины ноосоор урладаг олон мундаг урлаачид байдаг. Тэдгээрээс голчлон Бобуяа урлан буюу эсгий урлаач Бумдарь мастераас өнгийн ноосоо авдаг.

- Эсгийгээ өөр бүтээгдэхүүнүүдтэй хослуулаад бүтээлээ хийж  болдог уу?

- Бололгүй яахав. Ялангуяа гоёл чимэглэлийн зүйлс хийхэд өөр бусад гар урлалын материалтай хослуулан урладаг. Үүнд шүр, сувд өөр бусад материал.

No description available.

- Үйл урлана гэдэг чамгүй их нөр хөдөлмөр шингэж байж бүтдэг. Мөн тэсвэр шаарддаг?

- Ухааны ур, сэтгэлийн ур, гарын ур нийлж байж  бүтээл төрдөг гэж ярьдаг. Нөр их хөдөлмөр, сэтгэлээр бүтдэг зүйл бол мэдээж гар урлал. Хүүхдээ харангаа хажуугаар нь урладаг учраас хүүхдэдээ анхаарал хандуулахаас эхлээд ар гэр амьдралаа умартаж болохгүй/инээв/. Заримдаа хийж байгаа зүйлдээ улайрах тохиолдол бишгүй байдаг.

No description available.

- Эсгий урлалаас авч байгаа хамгийн том аз жаргал тань юу вэ?

- Эсгий урлалаас авдаг хамгийн том аз жаргал бол бэлэн болсон бүтээлээ алган дээрээ тавих. Сэтгэл шингээж урласан зүйлс маань эзэндээ таалагдах, тэднээс баярлалаа гэх үг сонсох... Аз жаргал. 

- Эсгий урлал хийж сурах хүсэлтэй хүмүүс хэр их ханддаг вэ?. Тэр бүрд та хэрхэн хүлээн авдаг вэ?

- Хүмүүс маш их ханддаг. 4,5 жил гэдэг урлал хийх багагүй хугацаа боловч хонины ноосоор бүтээл хийх тал дээр одоо ч өөрөө суралцсаар дадлагажсаар яваа… Герман улсад ажиллаж амьдардаг эсгий урлалын мастер, мундаг багшаасаа суралцсаар л байна. Сургалтын тухайд би 100 хувь хийж чаддаг боллоо л гэсэн зүйлээ л хүнд заахыг хичээдэг.

- Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

- Гар урлаачид бүгд л  өөрсдийн брэндийг бүтээх цаашлаад дэлхийд гаргах том зорилгыг тавин бүтээлээ урладаг. Үүнээс гадна Монгол үндэснийхээ соёл, ёс уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад таниулах,  түүнийгээ эсгий бүтээлдээ шингээн , хүүхэд бүрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдэд ээлтэй тоглоомуудыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн урлах цаашлаад байнгын  хэрэглээ болгох зорилготой. Мөн миний хувьд монгол бичгийн багш олон жил монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх сургах үйлсэд хүчин зүтгэж яваагийн хувьд монгол бичиг эсгий урлалыг хослуулж бүтээл урлахаар зорьж байгаа.

“Монгол хүн бүр алгандаа ноосоо илж, атгандаа уламжлалаа хийж цаашид үр хүүхэд хойч үедээ  дамжуулаасай“ гэж багш минь үргэлж хэлдэг. Үүнийг л гол зарчмаа болгож явна даа…

-Танд баярлалаа.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

 

5 Сэтгэгдэл:

  1. Сайхан бүтээл урладаг бүсгүйд амжилт хүсье таван хошуу мал монгол гэрээс авах юм сан

  2. Загвар хийц сайтай үнэхээр сэтгэлээ шингээсэн бүтээлүүд хийдэг шүү. Аливаа зүйлд хариуцлагатай, үнэнч, зорьсон зүйлийнхээ төлөө цаг заваа гаргаж шургуу хөдөлмөрлөдөг зан нь бүтээлүүдээс нь харагддаг. амжилт хүсье!

  3. Гоё юм бэ, амьд мэт бүтээлүүд байна.

  4. Сайхан найздаа ажлын өндөр амжилт хүсье.мундаг шүү

  5. Мундаг найздаа зорьсон зорилгот нь томоос том амжилт хүсье ээ👏👏👏👍👍👍💯💯💯

Сэтгэгдэл илгээх