image

У.Өэлүнзээ: Playmo бол монголын хамгийн том видео стрийминг платформ болох зорилготой фэнсаб нэгдэл

“HumanZ” булангийн зочноор “Playmo” платформын гүйцэтгэх захирал У.Өэлүнзээ оролцлоо. Тэрээр анимэ фэнсаб болон гарааны бизнес эрхлэх талаарх туршлагаа өсвөр үеийнхэнд нээлттэй хуваалцлаа.

"Playmo нь хамгийн том анимэ фэнсаб нэгдэл"

Намайг Өэлүнзээ гэдэг. “Playmo” латформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, World plus компанийн маркетинг төслийн менежер хийдэг. Барууны цуврал кинонуудыг орчуулдаг байсан “Serisu болон Anikod” гэсэн фэнсаб багууд илүү дэвшилтэт үйлчилгээг үзүүлье, орчуулгаа илүү сайжруулъя гэсэн зорилгын дор нэгдээд албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлээд зургаан сарын хугацаа өнгөрч байна. Нэгдэхээсээ өмнө аникод долоон жил, serisu таван жил болсон. Ихэнх кинонууд монголд бүсээсээ болоод гардаггүй. Телевизүүд ч үзэгчдийн хүссэн киног тэр бүр оновчтой сонгож, гаргаж чаддаггүй. Монголд гарах боломжгүй байгаа киног үзэх хүсэлтэй хэрэглэгчид маш олон байдаг. Тэдгээр киног манай контент сонголтын алба ярилцаж сонгоод, орчуулаад гаргадаг. Манай давуу тал нь монгол болон англи хэлээр хадмалаа солиод үзэх боломжтой. Удахгүй дуу оруулгатай болох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ үзэгчид хэл сурах тал дээр хадмал орчуулга нь илүү давуу талтай гэж үздэг учраас хадмалаа голчлон анхаарч ажилладаг. 

"Ширээний ном"

Миний хувьд Netflix-ийн захирал Рийд ХастингсийнХүний нөөцийн урлан гэдэг номыг унших дуртай. Тэр номноос өөрийнхөө ажлын явцад гарах гол алдаа, гарч болзошгүй эрсдэл зэргийг тооцож хардаг. Мөн хэрэв ингэж алдах юм бол ийм байдлаар засч болно гэж ойлголт, туршлагыг олж авдаг. Жишээлбэл, хүмүүс өөрсдөө юу хүсч байгаагаа мэддэггүй. Тэглээ гээд хэрэглэгчээс асуугаад байхаас илүү өөрийнхөө хийж буй ажилд итгээд чи яг юу хүсч байна. Тэрийгээ хийх хэрэгтэй" гэсэн санаа нь надад хамгийн их таалагддаг. Манай байгууллагын зорилго бол монголын хамгийн том видео стрийминг платформ болох. Үүний тулд тодорхой хугацаанд тууштай хичээх ёстой болохоор бид дор бүрнээ өөрсдийгөө хөгжүүлж байна. Манай үүсгэн байгуулагчдын нэг Билгүүн Энэтхэг улсад программ хангамжийн инженер чиглэлээр төгсөөд ирсэн. Билгүүн найз маань миний хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүмүүсийн нэг. Цаг төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай. Старт ап бизнес бол нэгнээсээ суралцаж, хамтдаа хөгжих том боломж гэхэд болно. 

Би бага насны хүүхэдтэй. Мөн хоёр ажил зэрэг хийдэг учраас миний амьдралын хэв маяг их ачаалалтай өдрүүдээр үргэлжилдэг. Өглөө бүр ажлаа нарийн төлөвлөж, хугацааг нь нарийн тооцоолж байгаад шахуу хуваарийн дагуу ажилладаг.

Манай багийнханы кино сонголтын дийлэнх хувийг триллер, аймшгийн болон адал явдалт кино эзэлдэг. Үзэгчдийн насны хувьд 18-24 насныхан болон 30 хүртэлх насны эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед энэ сегментэд үндэслээд драма, романс төрлийн кино нэлээдгүйг нэмсэн. Солонгосын томоохон телевизүүдээс нэрд гарч буй драмануудыг албан ёсны эрхтэйгээр платформдоо байршуулж байгаа. Солонгосын томоохон телевизүүдээс нэрд гарч буй драмуудыг албан ёсны эрхтэйгээр платформдоо байршуулдаг. Хэрэглэгчид төвөгтэй харилцаатай хосуудын тухай гэх мэт энгийн өрнөлтэй биш амьдралаас тасарсан үйл явдалтай киног сонирхож үзэх нь илүү болсон.

 

"Z үеийнхэн өөрөө шинийг санаачилдаг"

Манай багийн гишүүдийн дийлэнх нь “Z” үеийнхэн байдаг. Зөвхөн орчуулгын баг гэхэд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дийлэнх хувь нь арван жилийн хүүхдүүд. Хамгийн бага нь есдүгээр ангийн сурагч байдаг. Манай орчуулагчид хариуцлагатай, хийх ёстой ажлаа цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэдэг.  Үнэхээр мундаг гэдэг үгэнд таарахаар баг. Эхэндээ би энэ хүүхдүүд гадаад хэлийг ингэж багаасаа үзсэн юм чинь монгол хэлэндээ муу байх гэж бодож байсан. Гэтэл бүр эсрэгээрээ, монгол хэлэндээ үнэхээр сайн, монгол хэл бичгээ дээдэлдэг, найруулгын өндөр чадвартай, ном их уншдаг хүүхдүүд байсан. Мөн энэ үеийнхэн илүү бие даасан юм шиг санагддаг. Дээд үеийнхэн нь ихэвчлэн даргын өгсөн даалгаварыг яаж хийх вэ гэж толгой гашилгадаг бол “Z” үеийнхэн өөрөө шинийг санаачилж байдаг. Орчуулгаасаа гадна флатформоо яаж илүү олон хүнд хүргэж таниулах вэ гэдэг тал дээр анхаарч ажилладаг. Хэн ч хэлээгүй байхад өөрийн санаачлагаараа шүү дээ. Нэмж хэлэхэд, орчуулга хийх хүсэлтэй хүмүүс “Playmo Mongolia” пэйж хуудасны “job” хэсэгт Кино контентын хадмал орчуулагч гэсэн ажлын зар байдаг. Тэр зар луу хүсэлтээ явуулбал манай баг шалгаруулах журмын дагуу шүүж авдаг. Шалгаруулалтын журманд ямар нэгэн нас, хүйс, боловсролын түвшин заахгүй. Суурь чадвар юу вэ, монгол хэл болон гадаад хэлний чадвар, бичиж найруулах чадвар зэргийг харгалзан үздэг. Сонирхсон бүх хүнд нээлттэй. Манай хамт олон дуртай зүйлээ хийж ажилладаг. Кино урлаг, контентын ертөнцийг хүндэлдэг, кинонд дуртай, хайртай, тэрнээсээ кайф авч амьдардаг. 

Бид өмнө нь огт энэ чиглэлээр ажиллаж үзээгүй, ямар ч туршлагагүй учраас бизнес гэдэг ойлголтын талаар төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Эхэндээ өдөр тутмын ажилд анхаараад байсан. Яг л ахуйн гэдэг шиг жижиг зүйл дээр их цаг заржуулж байсан гэхүү дээ. Гэтэл бизнесийг зөв чиглэлээр авч явахын тулд илүү алсын хараатай, яаж компанийн тогтвортой байдлыг хангах вэ, яаж илүү цар хүрээгээ тэлэх вэ зэрэг асуудал дээр анхаарах ёстой байдгийг алдаан дээрээсээ суралцаж ухаарсан. Алдсан хойноо л "би энэ үед ингэсэн бол энэ алдааг гарахгүй байж дээ" гэж ойлгодог юм байна лээ. Бизнес эрхэлж, эхэлж байгаа хүмүүст хандаж хэлэхэд өөрийн харилцааны чадвараа илүү сайжруулах шаардлагатай. Шинэ хүмүүстэй танилцах боломж болгоныг алдахгүй ашиглаж байгаарай гэж хэлье. Бизнесээ ирээдүйд, ойрын тав, арван жилийн хугацаанд хаана хүрэх вэ гэдгийг харах алсын хараатай, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэдгийг өөрийнхөө уналтаас ойлгосон. Биднийг өдийг хүртэл дэмжиж ирсэн үзэгчид фенүүд, орчуулачиддаа маш их баярлалаа.

Ямар нэгэн сайхан санаа олоод тэр нь амжилттай явахыг зүрх сэтгэл чинь мэдэрч байгаа бол битгий зогсоорой.

Б.Лхагвадулам

2 Сэтгэгдэл:

  1. Amjilt

  2. Амжилт хүсье. Том мөрөөдөлд зоригтой алхмууд хэрэгтэй.

Сэтгэгдэл илгээх

Image 09
14

Монголын волейболын спортын түүхэнд өнгө нэмж яваа "Z" үеийн тамирчин

SportZ волейболын спортын дэд мастер, “Эрчим” клубийн тамирчин Б. Батсуурийн ярилцлагаар уншигчидтайгаа мэндчилж байна. 23 настай Z үеийн төлөөлөл, ирээдүйн дэлхийн тамирчин болох зорилго өвөртөлж яваа тэрээр их спортод хөл тавьсан дурсамж түүх хийгээд мэргэжлийн тамирчинд хүрэхэд нөлөөлөх бэлтгэл сургуулилтын хувийн арга туршлагаасаа хуваалцлаа.

Цааш үзэх