image

С.Отгонбат: Би аялалд явахдаа жижиг хонх, Монгол төгрөг авч явдаг

"Positive talk" булангийн энэ удаагийн зочноор Аялах цэнэг” компанийн үүсгэн байгуулагч, аялагч С.Отгонбаттай ярилцлаа.

-           Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-       Миний хувьд мэргэжлээ санаандгүй тохиолдлоор сонгосон. Арван жилээ төгсөөд аав намайг цагдаа болгоно гээд цагдаагийн академ руу аваад очсон. Гэтэл тэр жил цагдаагийн академ 18 нас хүрээгүй хүүхэд элсүүлэхгүй гэсэн тушаал гаргасан байсан. Би тэр үед нь 17 настай байсан болохоор орж чадаагүй. Ингээд ХААИС-ийн аялал жуулчлалын ангид орсон. Энэ мэргэжлийг сонгосон ч гэсэн аялал нэг их сонирхдоггүй байсан. 2010 онд анх Амай ахын аяллын влогийг олж уншаад аялалд дурлаж эхэлсэн. 2011 онд сургуулиа төсгөхтэй зэрэгцээд Амай ах монголд ирээд влогийнхаа идэвхтэн уншигчидтайг уулзалт хийхэд нь очиж танилцаад, номын ажилд нь тусалж, сайн дурын ажил хийдэг байсан.

-       Өөрийн аяллынхаа сонин сайхнаас хуваалцаач. Хамгийн дурсамжтай аялал тань хаагуур байсан вэ?

-       Германд амьдарч байхдаа Европын орнуудаар аялсан. Хамгийн анхны аялал нь Амай ахтай аялаж байсан. Нэг өдөр Амай ахын төрсөн ах нь залгаад Отгоо ахын дүү чамайг манай гэр бүл бүх зардлыг чинь даагаад Амай ахтайгаа хамт аялаад ирээч гэсэн. Ингээд Лаос, Тайландаар сар гаран аялаад ирсэн. Энэ аяллаас буудлаа сонгохдоо юуг анхаарах, унаа тэргээ тохирохоос эхлээд бүх зүйлийг Амай ахаас сурсан. Монголд ирснийхээ дараа би ер нь яагаад Хөвсгөл явж үзээгүй юм бол гэж бодоод байж сууж чаддаггүй. Шууд гэрээсээ гараад автобусанд суугаад хөвсгөлд очоод хоёр хоног амарч байгаад ирсэн.

-       Ганцаараа аялхад аюул, бэрхшээл тулгардаг уу?

-       Энэ тал дээр хаана, ямар нутгаар аялж байгаагаасаа л хамаарна. Африкийн дайнтай бүс, эсвэл халдварт өвчин гарсан нутгаар бол угаасаа ойлгомжтой. Тухайн аялалд гарч байгаа орон хэр аюулгүй вэ гэдгээс л хамаарна даа. Миний хувьд бол хүн өөрөө юм болгоноос эмээгээд байхгүй бол гайгүй юм шиг санагдаад байдаг шд.

-       Аялалд явахад зайлшгүй хэрэгтэй, авч явах ёстой зүйл юу байдаг вэ?

-       Мөнгө л хэрэгтэй дээ. Мөнгө байхад хаанаас хэрэгтэй юмаа худалдаад авчихна. Гэхдээ хүн болгонд авч явдаг хувийн эд зүйл байдаг. Миний хувьд аялахдаа жижиг хонх авч явдаг. Хонхоо жингэнүүлээд чимээ гаргаад явахаар муу юмыг зайлуулж байна гэж бодоод явдаг. Бас монгол мөнгөн дэвсгэрт авч явдаг. Авч явахад овор хэмжээ багатай, зай эзлэхгүй, хүмүүст бэлэглэхэд дурсгалтай байдаг.

-       Одоо намар болоод хүйтэн сэрүүний улирал эхэллээ. Монголд намар өвлийн цагт ямархуу аялал зүгээр байдаг вэ?

-       Манай монголд хаана очоод юу хийх вэ гэдэг мэдээлэл нь маш дутмаг санагддаг. Жишээлбэл, дэлхийгээр аялагчдын групп дээр Уу  булан”-гийн зургийг байршуулахад тэнд маш олон хүн очих болсон. Яг үүнтэй адил аяллын компаниуд тухайн газарт очоод яг юу үзэж харах, юу хийж болох вэ гэдгийг маш дэлгэрэнгүй гаргах хэрэгтэй.

-       Таны бодлоор аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-       Монголд аялал жуулчлалын салбарын хүмүүс хоёр талын бодлого барьж ажилладаг. Жуулчид аваад заавал хөтөчтэй, машинтай яв. Дур дураараа үүргэвч үүрээд явахгүй. Нэгдсэн журмаар зуучлалын агентлагаараа яв гэсэн бодлогыг агентлаг компаниуд баримталж байна. Яагаад гэвэл тэд нарт энэ нь ашигтай санал. Нэг талаараа энэ зөв боловч бүх хүн энийг төлөөд явж чадах уу гэдэг бас асуудалтай. Хоёрдугаарт, бүх жуулчдад чөлөөтэй үүргэвчтэй аялал хийх боломжийг нь олгох. Мөн нэг асуудал нь гадаад хүнд үнээ нэмдэг нь хамгийн утгагүй зүйл. Биднийг ч гэсэн гадны улсаар аялаад явж байхад чи гадаад хүн учраас гэсэн шалтгаанаар үнээ нэмбэл маш муухай санагдана ш дээ. Төрөөс нэгдсэн зохицуулалт хийх хэрэгтэй. Манайд бас унаа тээврийн асуудал маш их байдаг. Жишээлбэл, би нэг удаа Баян-Өлгий аймагт очиход өглөө таван цагт автобуснаас буусан. Нутгийн хүмүүс нь бол гэрийнхэн нь тосоод авчихна. Гэтэл хэдэн жуулчид нь яахаа мэдэхгүй гайхаад хоцорч байгаа юм. Зорьсон газар луугаа явах унаа байхгүй, буудал оръё гэхээр онгорхой газар байхгүй гэх мэт.

-       Таны хувьд аялахдаа баримталдаг зарчим юу вэ?

-       Хамгийн эхний зарчим бол инээмсэглэх. Хүн бүхэнтэй инээмсэглэж харьцах. Амай ахын хамгийн анх хэлж өгсөн зүйл бол инээмсэглэж байгаа хүн рүү хэн ч хэзээ ч муухай хардаггүй юм. Амьдралд ч хамгийн чухал зүйл. Мөн ямар ч хэцүү зүйл тохиолдсон дараа нь гоё үйл явдал болдог л байхгүй юу. Би Унгарт явж байгаад буудлаасаа гарах гэсэн барьцаа мөнгөө авах гэсэн хариуцсан ажилчин нь 10 цагт ирнэ гээд, би зургаан цагт унаандаа сууж явах хэрэгтэй болчихсон. Барьцаа мөнгөөрөө эсвэл унааны мөнгөөрөө шатах хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болоод хүлээсээр байгаад барьцаа мөнгөө авчихсан. Ингээд галт тэрэгний буудал дээр очоод билетээ авах гэсэн хэл ойлголцохгүй болохоор бухимдаад байж байтал араас нэг хүн та монгол хүн үү гээд монгол хүн зогсож байсан. Тэр залуу надад билет авч өгөөд, одоо хаашаа яаж явахыг зааж өгөхөд энэ хүнтэй уулзуулах гээд л энэ бүтэлгүйтлүүд болоод байж гэж бодсон. Зарим залуучууд эхлээд монголоороо аялчихаад дараа нь дэлхийгээр аялах хэрэгтэй гэдэг. Миний бодлоор бол залуу ачаалал даах чадвартай байгаа дээрээ хаа хүрч чадах вэ тэр газарлуугаа явчихаад ирэх хэрэгтэй. Хөгширсөн хойноо харин дотооддоо ойрхон газраар явж болно шүү дээ.

-       Би нэг хаа нэг газар луу аялмаар байна. Гэхдээ яаж, юунаас эхлэх ёстойгоо мэдэхгүй байна гэж бодъё. Та зөвлөгөө өгөөч?

-       Хамгийн эхний алхам бол зүгээр л билетээ захиал. Билетээ захиалчихсан байхад хүн аяллыхаа бэлтгэлээ хийгээд эхэлдэг. Хэд хоногоор явах уу гэдгээсээ шалтгаалаад төсвөө бэлдэж эхэлнэ. Тээврийн зардал, буудал, хоол гэсэн үндсэн гурван зардлаа сайн тооцоолох хэрэгтэй. Билет, буудал хоёроо аль болох эртхэн захиалчихвал хамаагүй хямд тусдаг. Цаг нь тулах тусам буудал илүү үнэтэй болдог.

Б.Лхагвадулам

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх