image

ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ЭСРЭГ ЯВАХАА ЗОГСООСОН МИНЬ

Одоогоос яг нэг жилийн өмнөх би хэн байхыг хүсдэгээ мэддэг ч, юу хийхээ мэддэггүй, бас хаанаас эхлэх ёстойгоо ч мэддэггүй төөрсөн л нэгэн байлаа. Нийгмийн нийтлэг жишгээр сард сая төгрөгний цалинтай, тогтмол  цагаар ажиллана. Илүү цаг ажиллавал, илүү цагийн хөлсөө бодуулж авдаг.  Цалингаа сард хоёр хувааж авах ч хааяа хэрэглээ, мөнгөний шаардлага цалингаас даваад явчихна. Ер нь нэг тиймэрхүү байдалтай хоёр жил шахуу ажилласан. Гэхдээ хийх ажил нь тодорхой, цалин нь тогтмол болохоор тухтай бүсдээ байгаад л байна. Яг нэг өдөр гэнэт онгод ороод,  хүссэн бүхнээ бүтээх юм шиг бодно. Гэхдээ чи үүнийхээ төлөө ямар нэг зүйл хийж эхлээгүй л бол энэ зүгээр өөрийгөө аргацаах, тайвшруулах хүн бүхний дотор байдаг бодол л доо.

 

 МӨРӨӨДӨЛ ХААНААС ЭХЭЛСЭН БЭ

Би эмээ өвөө дээрээ өссөн, бүрэг ичимхий, бүх зүйлд хаалттай хүүхэд байсан юм. Олон нийтийн арга хэмжээнд орохыг их хүсдэг ч сандрал айдсаа давж чадахгүй дандаа алддаг. Олны өмнө юм заахаар сурахгүй, гэртээ очоод ганцаараа давтахаар цээжилчихсэн байдаг. Самбарын өмнө гараад хичээлээ уншихаас айдаг тийм л бүрэг охин. 

Бага ангид байхаас эмээ өвөө МҮОНРТ-ийн өглөө хөтөлбөрийг их үзнэ. Би хөтлөгч Г.Гэрэл эгчийг харах дуртай. Нээх гоё инээсэн, цоглог дуутай, хөөрхөн эгч айл болгоны өглөөг гоёор эхлүүлэх юм аа. Энэ эгч шиг ажил хийдэг болох юмсан гэсэн битүүхэн мөрөөдөлтэй. Ахлах анги хүртлээ энэ мөрөөдлөө марталгүй, хаяалгүй явсаар сэтгүүлч болно гэж шийдсэн юмдаг. Тийм бүрэг хүүхэд байсан хирнээ, хамгийн олон нийттэй харилцах мэргэжил сонгочихсон. Гэсэн хэдий ч би сонголтондоо нэг ч эргэлзэж байгаагүй ээ. Тухайн үеийн охин хэн нэгэнд би сэтгүүлч болно, би камерийн өмнө ярьдаг болно гэж хэлсэн бол инээд нь хүрэх байсан байх. Гэхдээ би дотроо өөртөө итгэж байсан минь л хангаллтай байсан. 

Анги даасан багш маань аймагтаа үнэлэгдсэн, математикийн шилдэг багш. Манай анги 42 хүүхэдтэй. 41 нь математикаар эеш өгөхөөр болов. Би ганцаархнаа өгөөгүй, угаасаа миний мэргэжил, сургууль сонголтод нөлөөлөхгүй байсан болохоор өөр зүйл рүү самгардахыг хүсээгүй юм. За хүссэнээрээ сэтгүүлчээр сурч төгслөө. Гэхдээ бас сурч байх явцдаа мөрөөдлөө гээчихсэн. Ажил хийж гэр бүлдээ нэмэр болъё, өөрийнхөө хэрэглээг өөрөө залгуулна гээд хүний анхдагч хэрэгцээндээ захирагдаад мэргэжлээрээ ажилласан ч юм байхгүй. Уг нь төлөвлөгөө, мөрөөдлийн дагуу бол би чинь аль нэг телевиз, сонин сайтад ажиллаж байх ёстой хүн. Хуучин ажлын найз нөхөд, гэр бүл, ер нь хүрээллээс маань өөр хэн ч намайг танихгүй, мэдэхгүй. Уг нь намайг хүмүүс хараад таньж мэддэг, би тэдэнд эерэг зүйлс бэлэглэхийг хүсдэг нэгэн болохыг хүсдэг биш бил үү.

Ирээдүйд өөртөө бий болгохыг хүссэн бүх зүйлийнхээ эсрэг яваад байгаагаа мэдэж байгаа ч тухтай байсан болохоор, тэр нэг эргүүлэгт байгаад л байсан юм билээ.

 ОДОО БИШ БОЛ ҮГҮЙ, ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ҮЕ ИРСЭН НЬ

Найз Бааска маань ганцаараа том зориг зүрх гаргаад сайт нээчихсэн. Өөрийнх нь хэлдгээр ганцаараа сайтаа ажиллуулаад шааригдаж явах үед нь би ажлынхаа хажуугаар хааяа чадахаараа тусалдаг байсан юм.

Ингэж явахдаа ихрийгээ бас энэ ажил руу оролцуулчихсан. Тэгж явсаар Бааскатай хамт төсөл энэ тэр бичиж, сайтын ажлыг өргөжүүлж, контент хийе, шинэ гоё зүйлс хийж бүтээе, гээд том том юм яриад хэнд ч хэлэлгүй ажлаасаа гарчихсан. Гэрийнхэндээ баттай юм харуулах хүртлээ найзтайгаа старт ап эхлэх гээд ажлаасаа гарчихлаа гэвэл, хэцүүхэн санагдах байх гэсэн дээ тэр. Бүр ихэртээ ч хэлээгүй л дээ. За хоёр сар шахуу ажил яг олигтой бүтсэн юм байхгүй, жоохон шамирах тал даа болоод л ирлээ. Арай яаарчихав уу, зөв юм хийсэн үү гээд л айдас их. Тогтмол цалинтай, хамт олонтой байсан хүн чинь мөнгөгүй, өглөө яарах ажилгүй болоод ирэхээр арга ч үгүй байх. Гэхдээ одоо биш бол хэзээ, амархан бүтдэг мөрөөдөл ч гэж юу байхав, гэсэн бодолтой. Ер нь сэтгүүлч мэргэжилдээ дуртай байсан болохоор мэргэжлээрээ ажиллана гэдэгтээ их баяртай байсан нь тухтай бүсээсээ гарах айдсаас салахад бас нөлөөлсөн.

ОЛНЫ ӨМНӨ, КАМЕРНААС ГАРАХ АЙДСАА ДАВСАН МИНЬ

Би сэтгүүлч мэргэжилтэй, ер нь контент бүтээж, нэвтрүүлэгч болохыг хүсдэг хирнээ, хүнтэй ярилцахдаа сандардаг, өөрийнхөө хоолойг сонсох дургүй. Нэг л тийм чихэнд төвөгтэй сонсогдоно, царай төрх маань наснаасаа жоохон санагддаг гээд л өөртөө итгэлгүй байх шалтгаан өөртөө олоод л байна.

Өө бурхан минь ер нь би мөрөөдлийнхөө яг эсрэг хүн байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ шалтаг тоочих боломжгүй, ”дугай болоод зүгээр хичээ” гэсэн сонголтыг хийчихсэн байсан болохоор ихэртэйгээ хамт ”TWINS” шоу нэвтрүүлэгээ эхлүүлсэн. Бүр эхний зочноор нь сэтгүүлзүйн салбарынхаа том Заригийн Өнөрөө эгчийг урьчихсан. Зочин маань “за очно оо” гэж хэлсэн цагаас л эхэлж, дотор муухайрч, гэдэс базлаад, яана аа чадах болов уу гэсэн түгшүүр бүчээд үнэхээр хэцүү байсан гээч. Яг бичлэгтэй өдөр бэлдсэн хирнээ, нэг асуултаа ч санахгүй, эсвэл хөлс гараад тухгүй санагдаад хэцүү. Багийнхандаа мэдэгдэж болохгүй, намайг дагаад сандарчихна гээд хэрэндээ л тайван байж, худлаа инээх гэж хичээсээр л байсан. Гэхдээ Өнөрөө эгч үүдээр орж ирээд, камер рекорд явж эхэлсэн цагаас бүх сандрал байхгүй болоод, камерний өмнө хүнтэй ярилцаад байх нь жаргалтай ч юм шиг санагдаж билээ. Өнөрөө эгч биднийг дэмжиж,  бид нарт маш их урам өгч цаашид ямар ч том зүйлийг зориглоод хийх эрч хүчийг өгсөн. Баярлалаа танд, та өөрөө ч мэдээгүй байж болох ч хэдэн охинд цаашид ихийг хийх урам зориг нь болсон шүү.

May be an image of 3 people, people sitting and indoorАнхны дугаараас хойш манай багийнхан олон саад, хөл хориотой тулгарсан ч хичээсээр, үр дүнг нь бага багаар ч гэсэн харж мэдэрцгээж яваа. Хэрвээ би жилийн өмнө тухтай бүснээсээ салаагүй байсан бол өнөөдөр яг бахь байрандаа л байж байх байсан гэдэгт нээх эргэлзэхгүй байна. Чамайг сорьдог, чамайг айлгадаг, тухгүй санагдуулдаг зүйлс бүгд ирээдүйд биднийг бэлтгэж байдаг юм билээ. Хүн өөрийгөө голж, өөрийгөө анхаарахаа байсан цагаас өөр хүмүүс ч чамайг үнэлэхээ больдог. Чи чадна гэж бодож байвал, бусад хүмүүс ч чамд итгэнэ, үнэлнэ.

Око бид хоёр "TWINS" шоугаараа хүмүүсийг өөр талаас нь нээж ярилцахыг зорьж, хичээдэг. Салбар салбарын хүмүүстэй, хоёр өөр өнцөг, үзэл бодлоор ярилцаж, дундуур нь хөгжилдөж хэрэггүй маазраад байхгүй, хүнд өгөөжтэй уйдаахгүй,  хүнд хэрэгтэй зүйл үлдээсэй гэж бид контентоо бэлддэг. Тиймдээ ч энэ хэдэн жоохон охидууд яах гээд байгаа билээ гэж гайхтал нь томчуудтай ярилцаж, том том санаа гаргадаг. Том зүйлс зорьдог, өөрийгөө жоохон байна, болоогүй байна гэж бүү голоорой. Бид өөрсдийгөө голохоо больсон цагаас эхлэн том зүйлсийг бүтээхэд бэлэн болчихсон байдаг.

May be an image of 2 people, including Munkh Solongo, people sitting, indoor and text that says 'ANZ #HUMANZ'

May be an image of 3 people, including Munkh Solongo, people sitting, indoor and text that says 'HUMANZ ANZ #HUMANZ'

May be an image of 3 people, including Munkh Solongo, people sitting and indoor

May be an image of 1 person, sitting, indoor and text that says 'HUR HUMAN A #HUMANZ'

May be an image of 3 people, including Munkh Solongo, people standing and indoor

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
14

Монголын волейболын спортын түүхэнд өнгө нэмж яваа "Z" үеийн тамирчин

SportZ волейболын спортын дэд мастер, “Эрчим” клубийн тамирчин Б. Батсуурийн ярилцлагаар уншигчидтайгаа мэндчилж байна. 23 настай Z үеийн төлөөлөл, ирээдүйн дэлхийн тамирчин болох зорилго өвөртөлж яваа тэрээр их спортод хөл тавьсан дурсамж түүх хийгээд мэргэжлийн тамирчинд хүрэхэд нөлөөлөх бэлтгэл сургуулилтын хувийн арга туршлагаасаа хуваалцлаа.

Цааш үзэх