image

О.Энхбилэг: Дотуур хувцасыг соёл гэдэг талаас нь ойлгуулахыг хүсдэг

Энэ удаагийн Эерэг яриа булангийн зочноор “DEBRA MONGOLIA” брэндийг үүсгэн байгуулагч О.Энхбилэг уригдлаа.

-Таны хувьд багаасаа оёх сонирхолтой хүүхэд байсан уу. Энэ авьяасаа хэзээ нээж илрүүлсэн бэ?

-Багадаа зураг зурах, бичих сонирхолтой хүүхэд байсан. Гэхдээ юм оёдог байгаагүй. Ээж маань нэхмэл нэхдэг, аав савхи оёдог гарын ур дүйтэй хүмүүс л дээ.

-Биенесийн санаагаа хаанаас олсон бэ? Яаж эхлүүлж байв?

-Уг нь би шал өөр мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсөөд хүүхдээ төрүүлсний дараа гэрт байх хугацаанд торон левчиг трэнд болоод, авч чадахгүй байсан болохоор материал аваад өөрөө хийж үзсэн. Тэрийгээ өмсөөд толинд харах нь маш таатай мэдрэмж төрүүлсэн. Төрснийхөө дараа оёсон хувцасаа өмсөөд өөрийгөө өөрөөр нь харах үнэхээр гоё байсан. Ингээд ээждээ, найздаа, эгчдээ хийгээд бэлэглэсэн. Бизнес болгож хийе гэсэн санаа бол сошиал дээрээ байршуулахад хүмүүс маш их дэмжсэн. Ганц хоёр хүмүүсээс захиалга авахаараа шөнө суугаад оёдог байсан. Үнэхээр дуртай байсан болохоор хобби болгож хөгжүүлсэн юм.

-Сүүлийн хоёр жил ковидын улмаас хүмүүсийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, саад бэрхшээлүүд тулгарлаа. Биенэс эрхлэгч хүний хувьд үүнийг хэрхэн даван туулж байна вэ?

-Манай брэнд үүсгэн байгуулагдаад тав дахь жилдээ орж байна. Ковид гарах хүртэл олон салбар дэлгүүртэй, том үйлдвэртэй болно гэж зориод маш идэвхитэй ажилладаг байсан. Арав гаран ажилтантай, байнга шинэ загвар, коллекц гардаг байсан. Ковид гарснаас хойш багагүй ажилчдаа цөөлөөд завсарлага авсан л гэж бодож байгаа. Нэг хэсэг ч нилээн хэцүүдсэн шүү. Одоо ч гэсэн ямар ч ашиггүй, амиа бариад л явж байна даа. Намраас арай гайгүй болох байх аа.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд жижиг дунд бизнес эрхлэн явуулж байгаа хүний хувьд тулгарсан саад бэрхшээлүүдээ хэрхэн даван туулсан бэ?

-Дотуур хувцас оёх нь харьцангуй шинэ салбар болохоор бүх зүйлийг цэвэр практикаар сурдаг. Би энэ чиглэлээр сургууль төгсөөгүй болохоор бүх зүйлийг өөрөө эхнээс нь бие дааж сурсан. Анх нэг бичлэг үзээд, нэг төрлийн эсгүүрээр хийдэг байсан бол одоо олон төрлийн жижиг эсгүүрээр хийдэг болсон нь практикаар л олж мэдсэн зүйлс. Тоо томьёо харна, мэргэжлийн заавар зөвлөмж гэх юм байхгүй болохоор өдөр бүр л шинэ зүйлстэй тулгардаг. Маш олон юм хэрэглэгддэг, маш их размер байдаг, чимхлүүр ажил ихтэй. Жижиг деталь оёдол ихтэй, яагаад ч хурдан гарах боломжгүй. Яаж ч бодоод олон загвар зэрэг гаргах боломжгүй болохоор нь яагаад заавал би ийм хэцүү зүйл сонгочихсон юм бол оо гэж бодогдох үе байдаг шүү.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд дотуур хувцасандаа илүү анхаардаг болсон байна. Таны бодлоор дотуур хувцасны онцлог давуу тал нь юу вэ?

-Миний хувьд ДОТУУР ХУВЦАСЫГ СОЁЛ гэдэг талаас нь ойлгуулахыг хүсдэг. Өмнө нь дотуур хувцасыг гадуур хувцасны дотуур өмсөх ёстой зүйл л гэж ойлгодог байсан. Одоо бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илүү тодотгож өөртөө итгэх итгэлтэй болгож, үнэ цэнийг нь нэмэгдүүлдэг. Энэ нь гэр бүлийн халуун дулаан харилцаанд ч чухал нөлөө үзүүлдэг. Үүнийг ойлгуулахыг маш их хичээж, энэ талаараа ч их бичдэг. Бүтээгдэхүүнээ зарахаасаа илүү эмэгтэйчүүд энэ ойлголтыг өгөхийг зорьдог. Сүүлийн үед ч манай эмэгтэйчүүд харьцангуй анхаардаг, мэддэг болсон лээ.

-Танай бүтээгдэхүүний хувьд бусдаас ялгарах давуу талыг юу гэж хардаг вэ?

-Манайх хэдий анхдагч нь байлаа гээд ганцаархнаа үйл ажиллагаа явуулаад байна гэж байхгүй гэдгээ мэдэж байсан. Бусдаас ялгарах онцлог гэвэл дотуур хувцасыг соёл гэдэг талаас нь түгээн дэлгэрүүлж байгаа. Мөн бардам хэлэх нэг зүйл нь одоо энэ чиглэлээр ажиллах гэж байгаа хүмүүст илүү боломжтой болгож өгч байгаа гэж бодож байна. Намайг анх хийж эхэлж байхад материал огт олддоггүй, яг таарсан материал нь хангалттай биш байдаг байсан. Улаанбаатарын бүх л материалын дэлгүүрээр явдаг байлаа. Одоо бол худалдаа эрхлэгчид мэддэг болсон болохоор материалыг хангалттай авчирдаг болсон. Манай брэндийн хувьд яг нэг стандартаар, олон размераар хийж байгаа нь давуу тал гэж бодож байна.

-Таны ирээдүйн зорилго, мөрөөдөл юу вэ?

-Юун түрүүнд монголдоо өөрийн гэсэн зах зээлтэй болж авмаар байгаа. Мөн олон охид эмэгтэйчүүдийг сургаж, ажлын байраар хангахыг зорьж байна. Цаашлаад дэлхийд “Made in mongolia” гэсэн шошготой дотуур хувцасыг олон орны хүмүүс өргөн хэрэглэдэг болоосой гэж хүсдэг. Мөн ирээдүйд энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтын төвүүдэд  анги нээх хэрэгтэй байгаа. Охидууд заагаад өгөөч гэсэн хүсэлт гаргадаг ч нэг бүрчлэн заагаад өгөх боломж байдаггүй.

-Өөрийн гэсэн брэнд бий болгох, бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс олон байгаа байх. Тэдэнд хандаж хэлэх зөвлөгөө юу байна вэ?

-Хийх гэж байгаа зүйлээ сайн судлаад, зоригтой эхлэх л хэрэгтэй.Сошиал техник технологи хөгжсөн үед үүнийг сайн ашиглах хэрэгтэй. Хүмүүс юу хүсч байгаагаа мэдэрч, өөрөө хийх зүйлдээ дурлаж чадвал болохгүй зүйл гэж байхгүй дээ. Миний хувьд яг энэ л байсан. Өөрөө маш их дурлаад, хүмүүст хийж хуваалцах чин хүсэлтэй байсан болохоор өнөөдрийн “Debra Mongolia” брэнд үүсэн бий болсон.

- Цаг гаргаж ярилцсан таньд маш их баярлалаа.

Б.Лхагвадулам

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх