image

ТҮМНИЙ НЭГ | Z үеийнхэнтэй зөв харьцах хамгийн шилдэг арга бол түүнтэй найз шиг нь харьцах

“Түмний нэг” энэ дугаарт Лүндэнжамц овогтой Хаш-Эрдэнэ оролцлоо. Түүнтэй Z үеийнхэн болон тэдний сэтгэл зүйн талаар ярилцлаа.

Оюутны ширээнээс ажилчин ангид шилжих үед төрсөн сэтгэгдэл өөрчлөлтийн талаар яриач?

Оюутны сүүлийн жил маань ковид буюу хөл хориотой үед өнгөрсөн. Ажилчин ангид шилжих оюутан байхаас нэг ялгаатай зүйл нь илүү хариуцлагатай том хүн болж байгаагаа мэдрэх явдал. Компани, бизнесийн байгууллагууд хүнд хэцүү байдалд орж эхэлсэн тухайн үед анхны ажилдаа ороход бахархууштай санагдаж байсан. Анхны ажилд мэдэхгүй зүйл их, амаргүй байсан ч Z үеийнхэн гэдэг үргэлж тасралтгүй суралцаж байдаг хүмүүс учраас алдаа дутагдлаа байнга засаж явсаар ирсэн.

Бага насныхаа тухай хэлээч?

Ардчилал руу шилжээд хэдхэн жил болж байсан үе байх. Бага нас маань шар цэцэгтийн хөндий, Шарынгол гэдэг газар өнгөрсөн. Гурван марал од, Гэрлэж амжаагүй явна, Амьдрал нулимсанд дургүй, Мосфильм, Зочид буудлын эзэн, Диваажингийн шат, Гэрэлтэй цонх гээд л. Шуудан дээр очиж суурин утсаар ярьдаг, соёлын төв дээр очиж киноныхоо төгсгөлийн ангиа үздэг байсан үе. Sega, Pentium, Play station компьютерүүд анх гарч ирж байсан үед жаахан хүүхдүүдийг байлдан дагуулдаг байлаа.

Бага байх үеийн тэр нийгэм одоогоос хэр өөр вэ?

Хүүхдийн хүмүүжил дээр л гэхэд асар их ялгаатай харагдаж байна. Ялангуяа эцэг эхчүүдийн хүүхэддээ хандах хандлага, одоогийнхоос харьцангуй өөр. Буруу зүйл хийвэл хатуухан шиг хандчихдаг. Мэргэжил сонголт, хичээл сурлагын тал дээр эцэг эхчүүд томоохон шийдвэрийг гаргадаг, оролцдог тийм үе байлаа. Одоогийн нийгэм интернет, хэвлэл мэдээлэл, соёлын хувьсгалаар хүмүүс бага зэрэг өөрчлөглөж эхэлсэн. Хүн болгон өөрийнхөө сонгосон замдаа тууштай зүтгэвэл заавал цутгасан хэв мэт аав ээжийнхээ заасан замыг дагах албагүй гэдгийг ойлгосон. Тийм учраас энэ үеийнхнийг ялангуяа Z үеийн анхдагч хүмүүсийг их онцгой гэж нэрлээд байгаа юм.

Анхдагч Z үеийн хүмүүсийн онцлогийг илүү дэлгэрэнгүй хэлээч?

Үнэхээр зөв асуулт байлаа. Анхдагч Z үе буюу 1995-1998 онд төрсөн хүмүүсийг Zillenials гэж нэрийдэх нь ч бий. Амьдралд илүү нухацтай ханддаг. Илүү няхуур боловч бас хааяа юу ч бодолгүй шууд хийчихдэг. Өөрөөр хэлбэл юмыг ул суурьтайгаар brainstorm хийдэг хүмүүс гэж ойлгож болно. Ажлын байран дээр одоо л анхдагч Z үеийнхэн хүч түрэн орж ирж, тэд нарыг сорьж сургах хүсэлтэй хүмүүс ч олон болсон нь саашаалтай.

Өөр улс оронд Z үеийг ойлгох, Монголд ойлгох хоёрын ялгаа нь юу гэж бодож байна?

Жишээлбэл АНУ-д Z үеийнхэн нийгэмдээ нөлөөлөх хандлага илүү хүчтэй гэж харж байгаа. Billie Eilish, Lil Nas X, Zendaya гэх одууд түргэн хугацаанд тодорхой амжилтууудыг олж нэрд гарсаар явна.

Зөвхөн Z үе гэх ойлголтоос гадна АНУ 90-ээд оны үед соёлын дайралт хийж соёл, урлаг, спортын одуудаа дэлхийн номер нэг гэж бусад улс оронд итгүүлж байсан явдал ч бас нөлөөлсөн байдаг. Майкл Жордан, Майк Тайсоныг энд дурьдаж болно. Харин Монголчуудын хувьд Z үеийнхний сэтгэлгээ хандлагыг дөнгөж ойлгож эхэлж байна. Зүүний буюу Ази хүмүүсийн гэр бүлийн онцлог нь аав ээжээ хүндэлдэг, хүмүүжлийн хувьд ч барууны орнуудаас өөр учраас Монголчуудын хувьд миллениал үеийнхэн илүү давамгайлах хандлага одоогоор байсаар байна.

Тэгэхээр Z үеийнхэн нийгмийг яаж хэрхэн өөрчилж чадах вэ?

Сайны хажуугаар саар гэгчээр нийгэм тэр аяараа стресс бухимдалтай нэгнээ шүүмжилсэн, талцсан хүнд сурталтай зүйл ихээхэн харагдаж байна. Эдгээр нь хувь хүний боловсрол болон технологийн хувьд бага зэрэг хоцрогдмол байдлыг харуулж байгаа юм. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Z үеийнхэн төрөхдөө технологийг атгаж төрсөн хүмүүс. Хүнд суртал үүсгээд буй тэр механизмыг илүү боловсронгуй болгож чадах тийм бүтээлийг, тийм шийдлийг олж чадна. Биднийг нийгэм хангалттай дэмжээд өгвөл хариуд нь өөрсдийн потенциалаа хэд дахин илүүгээр харуулж чадах мундаг хүмүүс юм.

Аливаа зүйлийг хийж бүтээхэд сэтгэл зүй их чухал санагддаг. Энэ үеийн хүмүүсийн сэтгэл зүй ямар гэж харж байна?

Энэ үеийн сэтгэл зүйн нэг сул тал нь тогтворгүй байдалтай байдаг. Урмын үгээр тэжээгдэж хамгийн шилдэг потенциалаа үзүүлэх үе эсрэгээрээ хэнтэй ч ярихгүй сэтгэл дотроо гуньж ганцаардах үе ч бий. Буруу зүйл хийвэл социализмын үе шиг гар хүрэх шийтгэх байдал нь энэ үеийнхэнд яагаад ч зохимжгүй бөгөөд байдлыг улам дордуулж сэтгэл гутралд хүндээр өртөх, цаашлаад амиа хорлох ч хандлага гаргаж мэднэ. Z үеийнхэнтэй зөв харьцах хамгийн шилдэг арга бол түүнтэй найз шиг нь харьцах явдал. Ялангуяа эцэг эхчүүдийн хувьд “Чи миний өөдөөс, чи жаахан юм байж” гэх статусын хувьд өөр шүү гэж ойлгогдох үгсийг олон хэрэглэх нь зориггүй, аймхай, дотогшоо төрлийн хүн гаргаж ирж байгаа юм.

Өөрийн буруу хийсэн зүйлийг нуух, худлаа ярих зэрэг олон сөрөг үр дагавар гаргаж ирж байгааг анзаардаггүй.

Нийтээрээ бүгд нэг зүйлийг хийж нийгэмд нөлөөлнө гэж байхгүй. Өөрийн чинь хувьд юу хийж бүтээж чадах вэ?

Үнэхээр л мундаг үе гарч ирж байгаа юм бол өөрсдийгөө харуул гэдэг үгийг их сонсдог. Тэр нь зөвхөн эрдэм номын боловсрол биш юм. Хувь хүний төлөвшил, хандлага бусдад нөлөөлөх эерэг байдал маш чухал. Хийж чадах гол зүйл гэвэл өөрийгөө болон өөрийнхөө хүрээллийг эрүүл байлгах. Жишээ нь миний дотны найзууд хорт зуршилгүй, тамхи татдаггүй, зөв сэтгэлгээтэй залуучууд бий. Ийм хүмүүс олон байхад л нийгэм аяндаа эрүүл болж хэдэн жилийн дараа гэхэд багахан өөрчлөлтүүд харагдаж эхлэх байх гэж найдаж байна.

Бидний үеийн залуус гээд харахаар бараг талаас илүү хувь нь сэтгэл гутралд өртсөн санагдаад байдаг. Тийм үе тулгарахад яаж давах вэ?

Сэтгэл гутралд өртөх олон хүчин зүйл байдаг. Саяхан ковидтой холбоотой хөл хорионы үеэр мэр сэр амиа хорлолтын мэдээнүүд гарсан. Тэдгээр нь ихэвчлэн бусад хүмүүстэй харилцах харилцаа хязгаарлагдмал байдлаас үүдэлтэй. Гарах гарцаа олохгүй хэнд хандахаа тэд мэддэггүй. Арай өөр төрлийн гутрал гэвэл улирлаас үүдэлтэй гутрал ч байдаг. Жишээ нь өвлийн улирлын сэтгэл гутралыг тусдаа авч үздэг. Үүнд зориулаад хиймэл гэрлийн эмчилгээгээр дамжуулан гутралыг эмчилж байгаа нь сүүлийн үед тренд болж байна. Миний хувьд сэтгэл гутралыг давахын тулд дараах зөвлөгөөг өгмөөр санагдав. Өөрийгөө ямар үед хэдий хэр хугацаанд гутралд өртдөг гэдгээ мэддэг байх. Танихгүй хүмүүстэй уулзаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, боломжтой бол ганцаарчилж уулзах. Найз нөхөдтэйгөө ний нуугүй ярилцах. Болоогүй байгаа ирээдүйд мэдэгдэхгүй байгаа зүйлийн араас хий дэмий хэтрүүлж бодохгүй байх.

Үүнээс гадна "Өнөөдрөөр амьдрах зарчим” гэдэг номыг уншаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. Өчигдөр нэгэнт өнгөрсөн маргааш бид юу тохиолдохыг хэлж мэдэхгүй. Зөвхөн одоогийн мөчид л амьдарч байна.

Түмний нэг цуврал ярилцлаганд орсонд баярлалаа. Ингээд төгсгөлд нь өөрт төрсөн сэтгэгдэл болон бидний үеийн залууст хандаж хэлэх үг байвал хүргээч?

Урьж оролцуулсанд баярлалаа. Ярилцлага маань зөвхөн Z үе гэлтгүй хүн болгон тусгаж авахад ээлтэй болсон болов уу гэж бодож байна. Залуу байгаа дээрээ өөртөө цаг гаргаж өөрийгөө ямагт шахаж дайчилж байгаарай. Хамгийн гол нь өөрийгөө хайрлахаа мартаж болохгүй шүү. Баярлалаа.

 

Х. Аззаяа

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
14

Монголын волейболын спортын түүхэнд өнгө нэмж яваа "Z" үеийн тамирчин

SportZ волейболын спортын дэд мастер, “Эрчим” клубийн тамирчин Б. Батсуурийн ярилцлагаар уншигчидтайгаа мэндчилж байна. 23 настай Z үеийн төлөөлөл, ирээдүйн дэлхийн тамирчин болох зорилго өвөртөлж яваа тэрээр их спортод хөл тавьсан дурсамж түүх хийгээд мэргэжлийн тамирчинд хүрэхэд нөлөөлөх бэлтгэл сургуулилтын хувийн арга туршлагаасаа хуваалцлаа.

Цааш үзэх