image

Б.Алтанзул: Амаржсан бүсгүйчүүд балетаар хичээллээд ТӨРӨӨГҮЙ ЮМ ШИГ БОЛОХ БОЛОМЖТОЙ

Балетьн урлаг нь хүмүүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уян налархай хөдөлгөөнөөр хөг аялгуунд тааруулан харуулж, хүмүүст бие сэтгэлийн таашаал өгдөг тийм л урлаг. Уншигч та бүхэнд балетын урлагийн талаар багахан ч гэсэн ойлголтыг өгч, хүүхдээ баллетаар хичээллүүлэхээр сонирхож байгаа бол мөн та өөрөө баллетаар хичээллэбэл танд ямар эерэг өөрчлөлтүүд гарч болох талаар “Art in Motion contemporary and ballet dance студио-гийн багштай ярилцсан аа хүргэж байна.

- Сайн байна уу, та манай уншигчдад зориулж өөрийгөө товчхон танилцуулаач?

- Сайн байна уу, намайг Бямбасүрэнгийн Алтанзул гэдэг. Балет сонирхогч хүүхдүүдийн сургуульд найман жил багшилж байна. Найз залуутайгаа хамт Art in Motion contemporary and ballet dance студио-г нээгээд хоёр дахь жилдээ үйл ажиллагааг явуулж байна. 

-Та балетын урлагтай хамгийн анх хэзээ танилцаж байв?

- Анх би өөрөө бас л сонирхогч, суралцагч байсан. Балетдаа тууштай явж сайжраад, тухайн үед явж байсан сургуулиас маань санал тавьсны дагуу багшилж эхлээд одоо тасралтгүй багшилсаар найман жил болж байна.

- Сонирхогчийн балетаар сурч байгаа хүүхдүүд ч багш болох боломжтой байдаг  юм уу?

- Тийм ээ боломжтой. Гэхдээ тууштай бүх зүйлээ зориулах хүн их ховор байдаг. Бараг мянгад нэг гэхэд болно доо. 

- Бүжгийн урлаг эмэгтэй хүнийг торгон мэдрэмжтэй, цэгцтэй зөв болгодог. Тэр дундаа балет өөрөө тансаг урлаг. Тиймээс хүнээс их тэсвэр хатуужил шаарддаг гэдэг. Танд хамгийн анх балетаар хичээллэж байхад нь юу нь хэцүү, юу нь сайхан байсан бэ?

- Мэргэжлийн бүжигчид балетын сургуулийг найман жил сурч байж төгсдөг. Балет их нарийн техникүүдтэй тэр бүгдийг сурах гэж л олон жил зарцуулаад байгаа юм. Бүх бүжгийн суурь нь сонгодог балетын дасгалууд байдаг. Тэр сонгодог дасгалуудыг сурчихсан байхад цаашлаад өөр зүйл рүү хувирах боломжтой.

Анх сурч эхэлж байхад мэдээж бүх зүйл нь хэцүү байсан. Харахад болмоор юм шиг хэрнээ, яг хийхээр их хэцүү. Цаашлаад улам гүнзгийрүүлээд сурахад тэр болгон дээр хүндрэл гарна. Хамгийн гол нь өөрөө хичээл зүтгэлтэй, чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Урсгалаараа явж сурдаггүй урлаг. 

- Таныг балет рүү анх юу хөтөлсөн бэ?

- Багаасаа л бүжгэнд сонирхолтой, бүжигчин болох хүсэлтэй хүүхэд байсан. Тиймдээ ч тэр үү аяндаа энэ зам руу хөтлөгдөөд ирсэн. Хүнд чин хүсэл эрмэлзэл байхад өөрөө түүнийгээ хайж олоод зөв зам руу орчихдог юм шиг. Хэрэв тэр замаа олбол тууштай байх хамгийн гол түлхүүр.

Би багш болно гэж огт бодож байгаагүй. Сүүлд нь бодоход би багш болъё ч гэж хүсч байгаагүй юм билээ. Нэг  мэдэхэд л багш болчихсон байсан. Гэхдээ надад энэ нь таалагддаг. Миний үндсэн мэргэжил айти инженер. Гэсэн ч балетын урлагт дурлаж хичээллээд түүндээ тууштай явсны үр дүнд одоо "багшаа" гэж дуудуулах олон шавьтай болсон байна. 

No description available.- Балетаар хичээллэхийн хамгийн том давуу тал нь юу вэ?

- Ер нь бол олон давуу тал бий. Хүүхдүүдтэй ажиллаж байхад ажиглагддаг нэг зүйл нь маш их тэсвэр хатуужилтай болж чаддаг. Тэр нь л өөрөө хамгийн том давуу тал. Хүн болгон тэсвэр хатуужилтай байж чаддаггүй. Хүн тэсвэр хатуужилтай байсныхаа ачаар юуг ч зориод, юунд ч хүрч болно. Энэ нь өөрөө юу юунаас ч илүү давуу тал. Хүнд хэцүү санагдаж байгаа бүх зүйл хүнийг тэсвэр хатуужилтай болгодог. 

- Балетаар хичээллэхэд хүнд гаднаасаа болон дотоод гоо сайхан талаасаа ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ?

- Аливаа ямар ч зүйлийг хийсэн тууштай байж өөрчлөлт гарна. Балетын дасгалуудын гол нууц нь хүний булчингуудыг ажиллуулаад сунгаж байгаа процесс нь. Булчингаа нарийн техникийн дагуу сайн гүйцэд ачаалуулаад, сунгаад байгаа процесс нь арьсыг чангална, булчинг хэт том болгож хөгжүүлэхгүй нарийн гоё болгоно. Хүзүү уртасна, нуруу тэгширнэ, хөлийн майга засна, хөл гар уртасна гэх мэт гоо зүйн маш олон давуу талтай. 

Манайхан хурдан хугацаанд их үр дүн хүсээд байдаг талтай. Үр дүн харагдахгүй бол шантраад эхлүүлээд хаячихдаг гэх мэт. Тиймээс ядаж хугацаатай бол тухайн заасан хугацаанд сэтгэл зүйгээ бэлдээд өөр зүйл бодохгүй би үүнийг тухайн цаг мөчдөө хамгийн сайнаараа хийнэ гэсэн сэтгэлзүйгээр хичээллэх нь үр дүнтэй юм шиг санагддаг. 

Зарим хүмүүс балетын сургалтыг зорьж ирэхдээ яг зорилгоо тодорхойлчихсон ирдэг. Би зөвхөн сунгалтаа сайжруулна, зарим нь би яг балетчин шиг бүжиглэж сурмаар байна гэдэг ч юм уу. Сунгалтаа сайжруулъя гэж байгаа хүн бол гурван сар болоход хүссэн сунгалтаа хийгээд сурчих боломжит хугацаа. Гэхдээ хамгийн гол нь тууштай, таслахгүй явах нь чухал. Ер нь хэдэн ч насны хүн байсан ялгаагүй бүх хүн бүгд яг адилхан нэг түвшинд хүрэх боломжтой. Шөрмөс хөгширсөн гэсэн дурсамж хадгалдаггүй. Сунаад байвал сунаад л байна, сунамхай чанартай эд. 

No description available.-Танай сургалтанд хамгийн ахмад нь хэдэн настай, хамгийн бага нь хэдэн настай суралцагч явж байна вэ?

- Манайд хамгийн бага нь гурван настай, ахмад нь 52 настай хүн хичээллэдэг. 52 настай шавь маань ямар ч асуудалгүй чөлөөтэй А,Б суучихдаг.

Гэхдээ гурван сар хичээллээд ч сунгалт нь хүссэн шиг үр дүнд хүрдэггүй  төрөлхийн хатуу хүн гэж байна л даа. Эсвэл бүр төрлөхийн уян зөөлөн ч хүн байна. Хүн хүний онцлогоос хамаарч үр дүн гарах хугацаа өөр өөр. Хамгийн чухал нь тууштай байдал шүү.

- Эцэг эхчүүд өөрт нь  гоё санагдахаар хүүхэд нь хүсэхгүй байсан ч хүчээр сургалт, дугуйланд явуулдаг. Эцэг эхийн хүслээр болон өөрөө сонирхоод дурлаад ирж байгаа хүүхдүүдийн хооронд хэр их ялгаа гардаг вэ?

- Их ялгаа гарна. Би хүүхдүүдээ аль болох шалгаж авахыг хичээдэг. Дургүй хүүхдийг хүчлэх хэцүү шүү дээ. Сонирхогч хүүхдүүдийн сургууль гэдэг мэргэжлийн сургуулиас өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн сургууль шиг дуртай ч бай, дургүй ч бай шахахгүйгээр бага багаар дасгаж, аль болох дуртай болгохыг хичээнэ. Хүүхдэд юм заах ер нь амархан, сурах бүрэн бололцоотой байдаг. Өнөөдөр заасан хөдөлгөөнийг сурахгүй хэрнээ, маргааш нь сурчхаад хүрээд ирдэг. Гэхдээ ер нь гайгүй ээ. Хэд хэдэн оролтын дараанаас дасаад ирэхээрээ дуртай болдог, ядрах мэдрэмж нь арилдаг. Үүнд багшийн ур чадвар, орчин, хамт хичээллэж байгаа хүүхдүүд их нөлөөлнө.

- Анх балетаар хичээллэх гэж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?

- Яг юугаар хичээллэх гэж байгаа вэ гэдгээ сайн судлах ёстой юм болов уу гэж боддог. Юунд орох гэж байгаагаа мэдэхгүй, шууд л бүжиглээд  эхлэнэ гэж боддог. Тэр бүжгийг хийдэг болтлоо хүн 8-10 жил хичээллэдэг. Бүжигчид гоё, тансаг харагдаж, нарийн гүйцэтгэлтэй хийхийн тулд маш олон жил сурдаг. Бас өөрийнхөө эрүүл мэнд, дасгал хөдөлгөөндөө анхаарахаар ирж байгаа бол тухайн хичээлийн цагтаа бүрэн өөрийгөө зориулж дайчлан хичээх хэрэгтэй. Иймэрхүү дайчин хандлагатай хүмүүс нэг сарын дотор ч маш хурдан сайжирдаг. Хугацаа хамаагүй болчихдог. Бүжиглэнэ гэж бодоод ирсэн чинь дасгал сунгалт хийлгээд байхаар хүмүүс шантарчих гээд байдаг талтай. Төсөөллөөс нь өөр болохоор тэгдэг байх. Сунгалт хийхээр мэдээж өвдөнө. Тиймээс сэтгэлзүйгээ бэлдээд, балет хийхээр ямар дасгал хийдэг гэх мэтийг интернетээс судлаад өөрийгөө бэлтгэвэл үр дүн хурдан гарна.

- Иогийг нэг төрлийн сунгалт гэж ойлгодог. Балетын сунгалтаас юугаараа өөр вэ. Иоганд явах уу, балетанд явах уу гэж эргэлзэж байгаа охидуудад зөвлөхөд?

- Эрчтэй дасгалд дургүй, нуруу нь өвддөг, нуруундаа шууд ачаалал өгөх боломжгүй хүмүүст иога зүгээр. Балет яг адилхан сунгалт хийнэ, гэхдээ илүү их булчин ачаалалсан дасгал түлхүү хийнэ. Тиймээс үр дүн арай хурдан гардаг. Өөрийгөө дайчилж чадна гэсэн хүмүүс балетыг сонговол зүгээр.

Би өөрөө энэ мэргэжилдээ их дуртай. Хүмүүс нүдэн дээр илт сайжраад, нуруу нь өвддөг байсан бол болиод, таргалалттай байсан бол турах, хөл нь майга байсан бол тэгшрэх гэх мэт эерэг үр дүн гарна. Хүмүүс чин сэтгэлийн баярлаж талархсан сэтгэгдлээр ханддаг. Тийм зүйлд хүн амташчихдаг юм билээ.

Хүмүүсийг эрүүл саруул байгаасай, балетын урлагаар хичээллээд сайхан бүхнийг нь мэдрээсэй гэсэн бодлоор анх сургуулиа байгуулсан.

Нээгдээд удаагүй байхад ковид гараад карентилчихсан. Тэрнээс хойш хоёр жилийн хугацаанд ихэнхдээ ажиллаж чадахгүй карентинтай байсан ч бид зөвхөн энэ зүйлийг туулаагүй, бүгд л адилхан туулж байгаа учраас гэсэн сэтгэлээр хандаж ирсэн. Гэсэн хэдий ч манайхыг гээд байнга зориод ирдэг олон олон шавь нартай байгаадаа талархдаг.

- Би үнэхээр эвсэлгүй гэж бодоод түүндээ бат итгэчихсэн, өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Үнэхээр таг эвсэлгүй хүн гэж байдаг уу, тийм хүмүүс бүжиглэж сурахыг хүссэн ч өөртөө итгэлгүй байдал нь хойш нь татаад байдаг. Танайхыг гээд зориод ирвэл хэрхэн туслах вэ?

- Эвсэлгүй хүн гэж байхгүй. Хүн баруун зүүн тархиараа өөрийгөө удирддаг. Зүүн тархи нь хичээл номоо хийх, баруун тархи нь хөдөлгөөн хийх гэх мэт зүйлсээ удирдана. Өөрийгөө эвсэлгүй гэж боддог хүмүүсийн зүүн тархи нь арай хөгжил нь муу байна аа л гэсэн үг. Аливаа дасгал хөдөлгөөн, бүжгийг тууштай удаан хийгээд байхаар дадал болж, чаддаг болдог. Тиймээс би бүжиглэж чадахгүй, эвсэлгүй гэж эмээх зүйл байхгүй.

-Төрсөн эмэгтэйчүүдэд балетын дасгал хэр нийцтэй байдаг вэ?

- Жирэмслэхээр хэвлийн булчин хоёр тийшээ болчихдог. Тэр булчинг сайн хумихын тулд хэвлийг тойрсон булчинг сайн ажиллуулах хэрэгтэй. Тэрэнд балетын сунгалт, хөл ажиллаж байгаа дасгалууд маш сайн ордог. Мөн балетын сунгалтууд аарцгийг сайн хумьж өгдөг, тиймээс тэр дасгалуудыг хийгээд байвал төрсөн эмэгтэйчүүд буцаад төрөөгүй үе шигээ болох боломжтой. Энийг мэддэг эмэгтэйчүүд их зорьж ирдэг.

No description available.- Хүмүүс фитнесс, иога, балет аль ч төрөлд нь явсан бай дундаас нь орхих, шантрах зүйлс их байдаг. Таны ажигласнаар балетын юу нь хэцүү гээд хүмүүс шантарч байгаа харагддаг вэ?

- Миний бодлоор сунгалт нь хэцүү. Сунгалт өвдөлт ихтэй болохоор биеэ зовоох дургүй хүмүүст хүнд санагдаад шантарчих гээд байдаг. Бусдаар бол хийсээр байгаад сурчихдаг даа.

- Хүүхдээ багаас нь балетаар хичээллүүлэхээр сонирхож байгаа эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?

- Ер нь хүүхдээ боломжтой бол багаас нь балетаар хичээллүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Хүүхэд балетаар удаан хичээллээд ирэхээр юманд хандаж байгаа хандлага, аливааг харах өнцөг нь хүртэл өөр болчихдог. Надад шавь нар минь өөрсдөө хэлдэг. “Миний амьдрал аймар гоё өөрчлөгдсөн багш аа” гээд л хэлнэ.

- Сүүлийн үед хүмүүс  сэтгэлзүйн эрүүл мэнддээ их анхаарч, дасгал хөдөлгөөн хийдэг болсон байна. Балет хэрхэн нөлөөлдөг вэ?

- Өөртөө төвлөрч байгаа мөч бүхэн нь сэтгэлзүйн эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлнө.

- Нээлттэй ярилцаж, охид бүсгүйчүүдэд хэрэгтэй гоо зүйн мэдээлэл өгсөн танд баярлалаа.

No description available.

No description available.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх