image

ТҮМНИЙ НЭГ | Өөрийгөө сайхан бүхнээр цэнэглээд байхаар гэрэлтэж эхлэхгүй гээд яах билээ дээ

“Түмний нэг” энэ дугаартаа Эрдэнэбилиг овогтой Маралмааг онцолж байна. Хэрхэн жижиг зүйлээс ч аз жаргал мэдрэх тухай болон түүний үзэл бодлын багахан хэсгээс хүргэлээ.

Өөрийгөө хэр жаргалтай хүн гэж тодорхойлох вэ?

Би бусдад аз жаргал түгээж чадах хэмжээний жаргалтай хүн гэж бодож байна.

Аз жаргалыг өөрийнхөөрөө тодорхойлооч?

Аз жаргал бол тав тух. Бие амар байх тав тух, сэтгэл тайван байх тав тух.

Жаргалтай байх энгийн зүйлсийг нэрлэвэл?

Жишээ нь миний хувьд ядарч байхад уусан халуун кофе, өлсөж байхдаа идсэн хоол, цангаж байхдаа уусан ус, нэрийг нь үл мэдэх чихэнд хоногшсон дуугаа аялан түүндээ бүжиглэх, утсаа унтрахаас нь өмнө цэнэглэж амжих, оройтсон ч сүүлийн автобусандаа амжих, гудамжинд зөрж өнгөрөх хүмүүс гэх мэт зүйлээс л аз жаргалтай байдлыг мэдэрдэг дээ.

Өөрөөс хамааралгүй сэтгэл гундах үе байдаг. Тэгэхээр жаргалтай байхад хүрээлэл ч чухал. Тэдэнд яаж нөлөөлж чадах вэ?

Шууд ингэвэл нөлөөлж чадна, тэгвэл ингэнэ гэж хэлж чадахгүй нь. Би хүмүүстэй харьцахдаа тааруу хүн л дээ. Юм хэлвэл ер нь буруудчих гээд байдаг юм. Тиймээс хүмүүс рүү дулаан харцаар инээмсэглэх эсвэл тэврэх дуртай. Гунигтай үедээ чин сэтгэлээсээ инээж байгаа нүдийг хараад хүн тайвширдаг гэж би боддог. Яг сэтгэлийг нь тэвэрч байгаа мэт ганцхан инээмсэглэл тэр хүний өдрийг гэрэлтүүлж болно шүү дээ. Шууд сэтгэл санааг нь дээрдүүлж хүссэн үгийг нь хэлж чадахгүй ч маш бага хувь байсан ч хамаагүй тэр хүний зүрхэнд хайр, аз жаргал, тайвшралыг мэдрүүлэхийг хүсдэг.

Жаргалтай байхад саад болдог нийтлэг шалтгаан юу бол?

Тухайн хүний аз жаргалын хэмжүүртэй холбоотойгоор өөр өөр байдаг байх. Гэхдээ өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй байдал нь гэж бодож байна. Өөрийгөө аз жаргалтай болгож чадахгүй байж өөр зүйлээс таашаал мэдэрнэ гэдэг хэцүү болов уу.

Өөрийгөө хайрлах нь юунаас эхлэх вэ?

Өөрийнхөө эд эс бүрийг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх байх. Би бол би гэдгийг хамгийн түрүүнд өөртөө ойлгуулах хэрэгтэй. Тэгээд дараа нь өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Хүмүүс бусдад талархаж баяр хүргэдэг ч өөрийгөө мартчихдаг. Би өөртөө цэцэг худалдаж авдаг. Тэр цэцгийг харах бүртээ инээмсэглэн “Маралаа чи сайн байсан шүү, Маралаа чи хөөрхөн шүү” гэж хэлдэг. Заримдаа толгойгоо илж өгнө, толь руу харж инээмсэглэнэ. Өөрийгөө үйлдлээрээ ч урамшуулах хэрэгтэй шүү дээ. Юунаас аз жаргал авдаг түүнийгээ өөртөө өгөх хэрэгтэй. Хэн ч намайг өөрөөс минь илүү мэдэхгүй. Тиймээс хамгийн их баярлуулж чадах хүн нь ч өөрөө гэж боддог.

Өөрийгөө сайхан бүхнээр цэнэглээд байхаар гэрэлтэж эхлэхгүй гээд яах билээ дээ.

Нас ахих тусам хүмүүс жаргах замаа буруулаад аль эсвэл төөрчихдөг юм шиг. Яаж бүхэл амьдралынхаа турш жаргалтай байх вэ?

Хөөх за байз, би өөрийгөө тийм ч том болсон гэж боддоггүй болохоор сайн мэдэхгүй л юм. Бас би бүр тулчихсан аз жаргалтай ч хүн биш. Гэхдээ анх хэлсэн шүү дээ аз жаргал бол тав тух. Зарим хүмүүс тухтай орчноосоо гар, тухтай байгаад л байвал амжилтанд хүрэхгүй гэсэн юм яриад байдаг. Би энэ үгийн эсрэг байр суурьтай. Учир нь яагаад тухтай орчиндоо хөгжиж болохгүй гэж. Яагаад заавал үеийнхнээсээ хоцорчихвий, тэгчихвий гэж тэвдэж хөгжих ёстой гэж. Дээрх үгс ер нь материаллаг байгаа биз. Дуртай зүйлдээ үнэнч, чин сэтгэлээсээ хийх юм бол бусад нь аяндаа хүрээд ирдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс тухтай орчинд, тухтай хүнтэйгээ, тухтай ажлаа хийгээд, тухтай амьдарвал бүхэл амьдралынхаа турш жаргалтай байж чадна байх.

Одоо хувь хүн рүү чинь өнгийе. “Түмний нэг”-ээс чи болох тодорхойлолт юу вэ?

Байгалийн ниш гэж байдаг даа. Амьд бүх зүйл бие биенээсээ өөр байдаг. Би нэг юмаараа өөр гээд хэлчихвэл тийм хүн ойрхон биш ч энэ дэлхий дээр байж л байгаа. Олон зүйл хэлсэн ч бас л тийм хүн байж л байгаа шүү дээ. Үүнээс юу гэж дүгнэх вэ гэхээр “Би бол би”. Хэсэгчилж салгаж болохгүй зүйл. Надад байгаа бүх зан чанар, миний гадаад үзэмж, хийж байгаа үйлдэл, үг бүр минь нийлээд нэг цул “Би” шүү дээ. Энэ л миний бусдаас өөр байгаа зүйл гэх юм уу даа. Би би учраас бусдаас өөр. Чи чи учраас бусдаас өөр.

Амьдралд хамгийн их алдахаас айдаг зүйл?

Би өөрийгөө алдахаас айдаг. Намайг “Би” болгодог зүйлүүдээ алдахаас гэх юм уу даа. Жишээ нь би инээж чадахаа больчихвол би биш болчихно шүү дээ. Тэр үед хамгийн их шаналах байх.

Чухал сонголт хийхдээ юунд анхаардаг вэ?

Ер нь ямар ч сонголт хийх үе гарч ирэхэд үнэхээр яахаа мэдэхгүй байвал дараа нь харамсахгүйн тулд өөртөө хамгийн зөв гэсэн хоёр сонголтоо үлдээдэг. Тэгээд аабар бээбэр думаяа эрка... (яг энэ хэсэгт ямар ч хамаагүй үг хэлээд үргэлжлүүлдэг) новяа и рас и три аавын ширээн дээр байсан шилтэй архийг хэн авч уусан бэ тэр хүн гарч зайлна уу замд гарсан шаргал туулай гээд таарсан нь таалагдаж байвал шууд сонгоно, эргэлзэж байвал нөгөөдөхийг нь сонгодог. Ер нь хоёр сонголт энэ тэнцүү байна гэдэг ховор юм шиг. Аль нэг нь арай доор эсвэл дээр байдаг. Тэгэхээр аль нь дээр вэ гэдгийг мэдэхгүй байхад тулгавал ойлгодог юм шиг.

Өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе?

Арван хоёрдугаар ангийн өвөл сонгоноо тараад гэр лүүгээ явж байсан юм. Манай хороолол гэрэлтүүлэг жаахан муутай. Нэг хүн хэвтчихсэн хажууд нь арав хүрээгүй бололтой нэг хүү эмээ гээд уйлаад байж байсан. Би туслахаар очоод түргэн дуудаж өгөхөд харвачихсан байсан. Тэр үед өөрөөрөө үнэхээр их бахархаж байлаа. Олон хүн тэр эмээг зүгээр л өнгөрөөд явчихсан. Хэрэв би тоогоогүй бол амьдарч чадахгүй ч байсан байж магадгүй шүү дээ.

Хүнд тавих шалгуур бий юу?

Хэн нэгэнд шалгуур тавих эрх надад байхгүй байх. Гэхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой, хүнлэг, шударга хүмүүст дуртай.

Анхны сэтгэгдэлд юу хүчтэй нөлөөлдөг вэ?

Хувь хүний хандлага гэж боддог.

Хүнээс сонсож байсан хамгийн тод үлдсэн урмын үг?

“Чамайг хүн шиг хүн болохыг харчихвал өвөө нь болно доо” гэдэг үг. Гунигтай ч гэсэн маш их хайр мэдрэгдсэн. “Хүн байна шүү, Маралаа” гэдэг үгийг өдөр бүр өөртөө хэлэх шалтгаан болсон.

Манай “Түмний нэг” цуврал ярилцлагад орсонд баярлалаа. Ингээд жаргалтай байхын тулд яах хэрэгтэй талаар болон энэхүү ярилцлагыг уншиж буй хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?

Зөвлөгөө өгөхөөр хүн гэж өөрийгөө бодохгүй байгаа ч хэд хэдэн зүйл хэлмээр байна. Эхлээд өөрийгөө хайрлаж сураарай. Сайн ид, амьсгал, амар. Хэмжээнээсээ хэтрүүлэлгүй. Идмээр байгаа зүйлээ идэж, уйлмаар байвал уйлж, хашхирмаар байвал хашхирч, ер нь л хиймээр байгаа зүйлээ бусдын эрхэнд халдалгүйгээр хийчихэж байгаарай. Эргэн тойрноо анзаараарай. Байнга алхдаг гудамжинд чинь сайхан зүйлс анзаарагдаагүй үлдсэн байж магадгүй. Бусдад хайраа түгээгээрэй. Түрүүлж мэндэлж, аль болох их инээж байгаарай. Таагүй зүйлсээс холдож сураарай. Гүнзгий амьсгаа аваарай. Нэг хором хүлээгээд асуудлаа дахин тайвнаар бодоод үзвэл амархан шийдэгдэх байх. Мөн аз жаргалыг хаа нэгтээгээс хайгаад ирэх зүйл биш. Хаа сайгүй байдаг эд. Зүгээр л бид хурдацтай тайван бус амьдралын урсгалдаа анзаарахгүй байгаа нь тэр. Амьдралынхаа мөч бүрт амьдраарай гэж хэлмээр байна.

Х. Аззаяа 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 09
14

Монголын волейболын спортын түүхэнд өнгө нэмж яваа "Z" үеийн тамирчин

SportZ волейболын спортын дэд мастер, “Эрчим” клубийн тамирчин Б. Батсуурийн ярилцлагаар уншигчидтайгаа мэндчилж байна. 23 настай Z үеийн төлөөлөл, ирээдүйн дэлхийн тамирчин болох зорилго өвөртөлж яваа тэрээр их спортод хөл тавьсан дурсамж түүх хийгээд мэргэжлийн тамирчинд хүрэхэд нөлөөлөх бэлтгэл сургуулилтын хувийн арга туршлагаасаа хуваалцлаа.

Цааш үзэх