image

За яг таарлаа даа, Заяаны зам дээр | Дуун бодол

Cүүлийн үед хит болоод байгаа артист Ганга, Эрдэнэ хоёрын "Bad Boy" дууг их сонсдог болоод байгаа. Нэг тийм хөнгөн үгтэй хэрнэ, ая хэмнэл, клип нь гоё санагдаад байдаг юм. Дууны эхэнд Эрдэнийн дуулдаг "За яг таарлаа даа, Заяаны зам дээр" гэдэг хэсгийг олон дахин сонсоно. Яг энэ хэсгийг ахин дахин сонсдог нь залууг нь харах гэсэн дээ л. Аа худлаа худлаа, яг энэ хэсгийг нь сонсохоор заяаны хань гэх зүйлийн талаар эргэцүүлээд байдаг юм л даа. Өчнөөн эмо дуу байхад энэ дуу байхдаа яахав дээ гэж бодож магадгүй л дээ. Энэ хэсгийг сонсохоор эморохгүй эрүүлээр бодоод байдаг юм. За гол сэдэвтээ оръё. Гэхдээ энэ хэсгийг уншчихаад тэр дууг эхлээд нэг сонсоод үзээрэй. 

Би амьдралдаа маш олон зүйлсийг эргэцүүлж, эргэлзэж явсан ч ганцхан зүйл дээр бат зогсдог байлаа. Хувь тавиланд минь заяаны хань тохионо, гал халуун дурлана гэж. Ер нь одоо энэ өндөрлөгөөс харахад хань ижилтэй болох гээд яараад байдаг байсан юм билээ л дээ. Яараад хайгаад байх хэрэггүй шүү. Угаасаа тэглээ гээд буруу хүмүүстэй л таараад байдаг юм шиг санагдсан.

Би хүсээд байгаа тэр хайртайгаа учрах төдийд дотоод ертөнц минь зөвхөн түүнд л зориулагдах гэж бүтээгдсэн юм шиг мэдрэмжийг мэдрэх байх гэж. Нэг тийм өөр байдаг байх гэж л боддог. Надад олон боломж, цөөхөн хувилбар байсан. Залуу охидод сонголт их байдаг гэхэд хилсдэхгүй л байх. Гэхдээ би мэдрээгүй. Мэдэрч чадахгүй яваад л байсан. Юуг ч юм нэг тийм өөр мэдрэмж хүлээгээд л.  Ганц тэр л залуу байхад бүгдийг үл тоож чадах тэнхээг, хүчтэй сонирхол төрүүлэх өөр хэний ч мэдээгүй ертөнцийг, эмэгтэй хүний нандин зүйлс болон чанаруудаа, далавчгүй ч дагаад нисэхэд бэлэн тэр итгэлээ тэр нэгэнтэй байхад би мэдрээгүй.  Зүгээр л миний дотно хүн шиг, надад хамаатай хүн шиг л мэдрэмж. Тэр хэрээр нэг хаалт байгаад л байна. Өмчилж чадахгүй, хяналтгүй дурлаж чадахгүй. 

Би эргэлзэж эхэллээ. Өдийг хүртэл өөрийгөө хуурч явсан юм гэж үү, заяаны хань гэж байдаггүй юм гэж үү. Эсвэл би хэтэрхий жоохон байгаа юм болов уу, цаг нь болоогүй зүйлийн төлөө яараад ч байгаа юм шиг. Гэхдээ хэзээ тохиромжтой байдгийг бас мэдэхгүй. Тийм болохоор өөртөө хариулт өгч чадахгүй. Гэхдээ заяаны хань, галзуу дурлал эд бол миний тархины нэг буланд үргэлж байж байдаг бодол. Тиймээс бодоод л байдаг байсан. Би яагаад хүмүүс шиг гал халуун дурлал, заяаны ханьтайгаа учрахгүй байна гэж. Хүмүүсийг ч ажиглалаа, өөрөө ч багахан бүтэлгүй дурлалын туршлага суусан.

Хүн ерөөсөө тэр хайрыг өөрөө бүтээдэг юм байна. Ид шид, кино шиг мэдрэмж, драматик зүйл тохионо гэж хүлээлгүйгээр түүнийг эрж хайх. Олсон даруйдаа хязгааргүй, хариу нэхэлгүй хайрлаад үзэх. Би чинь юу ч юм хүлээсэн, эхлэл тавьчхаад үргэлжлүүлдэггүй байсан байна шдээ. Яг л надад чи юм өгвөл, би зөрүүлээд юм өгнө гэсэн байр суурьтай. Гэхдээ яасан гээч, "Би олсон". Яг надтай адилхан хүнийг. Санаа нийлэх, чиний бүтэлгүйтлийг, чиний сул талыг хамгаалж, хайрладаг хүнийг. Чиний өөрөө ч мэдэхгүй зан араншинг тэр хүн таниад мэдчихсэн хайрлаж байх хүнийг. Заяаны хань мөн биз дээ. Угаасаа заяаны хань гэдэг бол миний сонгосон хүн л юм билээ шдээ. Тиймээс заяаны хайр гэж байдаг. Түүнийг хүн өөрөө бий болгодог. Түүнээс биш чамд хуваарилаад тавьчихсан хүлээгээд байж байдаг хань гэж үгүй. Түүнтэй чинь тэгээд учирснаа яаж мэдэх вэ гэж гайхах хэрэггүй, бодоод ч хэрэггүй. Цаанаасаа мэдрэгдэх болно гэдэгт итгээрэй. Мөн яарах хэрэггүй. Өөртөө үнэнч байсан хүнийг бурхан шагнадаг юм. 

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх