image

HUMANZ | ТАНЫ ХАЙРТАЙ ХҮН ЦЭРЭГТ ЯВНА ГЭВЭЛ ЗӨВШӨӨРӨХ ҮҮ

Эр цэргийн албанд хүүхдээ явуулах уу, явуулахгүй юу гэх сэдвээр нийгэм талцаж, басхүү цэргийн хуаранд болж өнгөрсөн хэргийг жигшин зэвүүцэх хандлага ажиглагдаж байна. Эх орон дуудахад эрэлхэгээр очсон хүү эргэж ирээгүйд хэн хүний сэтгэл эмтэрнэ. Энэ маягаар цэргүүд хохирч байгаа асуудал дээр залуу үеийн төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Сэтгүүлч М.Баасандэлгэр: Эр цэргийн алба амралт сувилал шиг байхгүй нь мэдээж

Залуус цэрэгт явахыг дэмждэг байлаа. Цэргийн амьдралыг харуулсан киног үзэхээр л дурламаар, бараг өөрөө цэрэгт явмаар догь мэдрэмж төрөөд огшоод ч байх шиг. Манай үеийнхэн дунд ч цэрэгт явсан залуусыг илүү өндрөөр үнэлж, “эр хүн” гэх тодорхойлолтод дөхсөн мэтээр ханддаг нь ил ажиглагддаг. Нөгөө талаараа  цэрэгт явсан танил залуус онгироо, тавьтиргүй болсон мэт санагдах үе ч цөөнгүй. Он жав, хал цэрэг гэх мэтийн хэллэг хавчуулан ярихдаа цэрэгт явснаараа, зодуур дааснаараа их л бахархаж, бардаж байх шиг харагддаг. Эх орон дуудсан цагт элдэв шалтаг тоочилгүй зориг гарган явсан залууст бахдах сэтгэл төрөлгүй яахав дээ. Их л дурсамжтай цаг үеийг цэргийн ангид өнгөрөөдөг байх. Хүний амьдралын час хийсэн халуун бөгөөд хатуухан үйл явдлууд хуаранд болдог биз. Жинхэнэ анд нөхрийн барилдлага, ах дүүгийн журамт харилцаа, эр хүмүүсийн дотортой яриа тэнд л өрнөдөг байх гэх төсөөллөөр саяхныг хүрчээ.

Цэргүүдээр ажил хийлгэдэг, элдэв хүчний ажилд дайчилдаг, хүнд нөхцөлд хатуу дүрэм журамтай байлгадаг зэрэг дам яриаг сонсоод тийм ч сүртэй хүлээж аваагүй. Эр цэргийн алба амралт сувилал шиг байхгүй нь мэдээж.

Жинхэнэ тэвчээр хатуужлыг тэндээс л олж авдаг байж таараа гэж бодно. Хэрэв чамайг цэрэгт явна гэвэл би шууд зөвшөөрнө гээд хайртай залуудаа хэд хэдэн удаа цухуйлгаад авсан удаа ч бий. Тэр чинээний л гоёоор төсөөлдөг байж л дээ. Хоёр сарын өмнө цэрэг нас барсан тухай мэдээлэл хөвөрч эхэлсэн. Олны дунд золгүй явдал гарахыг алийг нь тэр гэхэв гээд анзаараагүй. Дараа нь нэг цэргээр даажигнаж, балмадаар дэглэж байгаа бичлэг үзсэн. Үнэхээр зэвүү хүрсэн ч бүгд ийм биш, тэр өөдгүй нөхдүүд хариуцлага хүлээгээсэй гээд мартагнасан. Дундуур нь цэргийн ангийн тухай элдэв мэдээлэл цуварсаар л байсан. Нэмээд өчигдөр нэгэн цэрэг даргадаа зодуулж эмчилгээ авалгүй амиа алдсан тухай мэдээлэл уншлаа. Хангалттай, энэ салбар үнэхээр болохоо байсан  нь үнэн юм байна. Хүнийг амь тасартал нь зодно гэхээр нүдэнд буухгүй юм. Ямар их хорсол, омог, уур хилэн бэ. Үхтэл нь зодсон энэ тохиолдол цэрэг нар байнга их бага  хэмжээгээр зодуулдаг гэдгийн баталгаа мөн биз дээ. Заавал зодуулж эр хүн болох ёстой юу. Энэ аймшигтай хэргийн дараа Зэвсэгт хүчнээс мэдэгдэл гаргаж, дарга нар нь уучлалт хүсч, шат шатанд нь арга хэмжээ авч байгаа ч тэр болгон хэнд хэрэгтэй вэ. Нийтэд нь өөрчилж, хатуу дүрэм журам тогтоох тийм хэцүү юу гэж томчуудаас асуумаар санагдах юм. Ил гараагүй, хүнд мэдэгдээгүй хэдэн цэрэг хөндүүртэй хөх бие, дарамт  айдсаар дүүрэн сэтгэл зүйтэй өдөр хоногийг өнгөрөөж  байгаа бол. Бүгд ийм биш байх л даа. Гэхдээ ийм тохиолдол нэгэнт гарсан болохоор эргэн тойрны хэн нэгнээ цэрэгт яв гэж хэлэх зүрх алга. Энэ хэрэг нэг цэргийн асуудал биш болохоор хэсэг шуугиад өнгөрөхгүй байгаасай. Тэр яргачдад, Зэвсэгт хүчнийг муухай харагдуулдаг унхиагүй албатууд шангаа заавал хүртээсэй. Цэргийн алба үнэ цэнтэй байсан бол эрэгтэй хүн бүр шуурах байсан биз. Зугтаж, төвөгшөөх нь илүү байгааг харахад бодит байдлыг мэддэг ч байж мэднэ. Цэрэг энддэггүй энх цаг ирвэл эргэлзэхгүй залуусаа цэрэгт яв гэж уриална. 

Сэтгүүлч М.Мөнхсолонго: Армид муугаасаа сайн нь олон

Манай өвөө тэвхийсэн мөртэй, гутлаа ямар ч тоосгүй гялтганатал нь тосолдог яг цэргийн л хүн баймаар  мөрдөс нь зохисон сайхан залуу байсан гэдэг. Миний аавын цэрэгт байхдаа авхуулсан ганган сайхан зургууд зөндөө олон байдаг. Хэчнээн яарч байсан ч өмдөө шугам гартал нь индүүдээд, гутлаа мөлгөр болтол нь тосолж, хав хар гялгар үстэй, халаасандаа үргэлж гутал энгэрийн алчуур авч явдаг их чамин залуу байсан юм. Энэ бүхнийгээ цэргийн амьдралаас сурч авсан, нямбай зан гэдэг байж билээ. Аав минь хорвоогийн мөнх бусыг үзэхэд цэргийн он жав нь гээд ах ирээд их л уйлсан. Хамтдаа цэрэгт ямар сайхан нөхөрлөсөнөө яриад л. Цэрэгт нөхөрлөсөн найзууд ямархан гоё, нандин юм бэ гэдгийг жоохон охин байсан ч гэсэн тэр үед ойлгож байсан. Газар дээрх ганц ах минь хилийн цэрэгт алба хаан, улирч ахлагч болж армитай амьдралаа холбож явсан. Ахыгаа карентинд гарахад нь захисан аранзны юмыг нь бэлдэж захаар нэг гүйдэг байлаа. Анги дээрээ байрладаг байхад нь хуушуур ундаа, тамхи аваад мянган төгрөгийн мотоцикльд суугаад очно. Харуулын цэргээр ахыгаа дуудуулж авчирсан юмаа өгөхөд хэчнээн гоё санагддаг байсан гээч. Дүрэмттэй ахаараа их бахархаж хорвоогийн хамгийн мундаг ахтай хүн шиг санагдна.

Найз залуу минь цэргийн сургуульд сурч төгсөөд дэслэгч цол тэмдгээ гардан авч одоо мэргэжлээрээ цэргийн дугаар ангид ажилладаг. Би мэднэ ээ, найз залуугаа цэргүүдээ яаж хайрлаж, хамгаалдаг гэдгийг. Цэргээ эмнэлэгт үзүүлээд явж байна гээд нойргүй, хоолгүй явж байсан үеүдийг нь ч саяхан юм шиг санаж байна. Яг ижилхэн цолтой, мөрдөс нэгт найзууд нь цэргүүдээ юу гэж ярьж, яаж харьцдаг, хэн нь ямар амьдралтай, өөрөө даргадаа загнуулаад ч хамаагүй, арын хаалгаар ч болтугай чөлөө өгөөд гэр лүү нь явуулчихсан гээд яриад л сууж байдаг. Амьдралд нь даргынх нь хувиар тус болчих юмсан гээд ярьдгийг нь ч мэднэ. Армийн ажил гэдэг бол нэр төртэй, нэг байгууллагын нягтлан хийхээс хамаагүй хүнд хүчир бахархалт ажил гэж би боддог, дүгнэдэг. Цэрэгт яваад ухаан суугаад ирлээ гэж ярьдаг, халагдахдаа уйлсан гэж ярих олон ч аавын хүүг мэднэ.

Миний амьдралын хайртай бүх эрс минь цэрэг армийг муулахыг би үзээгүй ээ. Сайн сайхныг нь л хажуунаас нь харж өссөн. Армид муугаасаа сайн нь олон гэдгийг өөрийн амьдралаар мэдэх хүний хувьд “Би хүүтэй болбол хүүгээ цэрэгт явуулна”.

Сэтгүүлч М.Янжиндулам: Жинхэнэ хохирогч дахиж амьсгалахгүй

Цэрэг хүлээж үзээгүй, цэргийн албанд хэн нэгнийг үдэж байгаагүй ч элгэн садан, энхрий дотно хүмүүсээс эр цэргийн албанд дуудвал баяртайгаар үдэж явуулах болно. Тийм цог хийморь, жавхаа сүртэй, алба хааж үүрэг биелүүлэх хуулийг хэн ч уландаа гишгэж, нулимах эрхгүй. Гэвч төрийн тэрхүү том албанд мордогсод жинхэнэ эх орны цэргүүд нь гишгэгдэж, нулимуулж, амиа зүй бусаар алдах ёс, хуульгүй юмсан. Харамсалтай нь байж болохгүй тэр зүйлс бодит байгаад хэн хүний сэтгэл эмзэглэж бас түгшиж байна. Аливаа хагацал гунигийг мэдрэх гэдэг үгээр илэрхийлэмгүй тарчлаантай. Гэвч дайны үеийн он цаг өнгөрч энхийн туг мандаж ардчилал сэрсэн тэр мөчөөс хойш хэчнээн олон ижий аавын сэтгэл өмөрч, хэчнээн олон амрагийн зүрх сэмэрсэн бэ гэвэл туурга тусгаар манай улсын хувьд тийм ч бага биш. Эр цэргүүд бусдын гарт амиа алдаж байна. Тэгэхдээ нэг тогооноос хоолоо иддэг мөрдөс арай илүүхэн нэгнийхээ гарт.

Мөрдөс чүд илүүхэн хүн амины хэрэгтнүүдээ дээгүүрх суудалтнууд нь хаацайлж, тангараг өргөсөн алтан амь орь хоосон үнэ цэнгүй энэ хорвоогоос харамсалтайгаар эгээрч байна. Магадгүй дэлгэцээр ганц удаа гарч ирээд уучлалт гуйчихаад эргээд хэвийн ажилладаг байдал хавтгайрлаа.

Тэгэхэд жинхэнэ хохирогч дахиж амьсгалахгүй, хохирогчийн ар гэрийнхэн амьсгалж чадах ч үгүй үлдэж хоцрох нь юутай гашуун эмгэнэл, гаслам буруу эргэлт вэ. Ингээд л цэргийн албанаас эрүүл саруул, эсэн мэнд, ямар ч хохиролгүй туулаад гараад ирэх нь бүх хүнд боломжтой биш боллоо. Хохироогч л бусдыг хохироодог. Бид хайртай эрчүүдээ бусдын гарт эндэлгүй амьдраарай гэж сургадаг ч хэн нэгнийг юугаар ч битгий хохироогоорой гэж сургадаг билүү. Хэн ч хохирохыг хүсдэггүй шигээ бусдын хувьд хохироогч байхгүйн тулд хүмүүжих, суралцах, дадалжих ёстой. Сэтгэл зүйн хувьд бүрэн эрүүл хүн хэзээ ч бусдыг ямар нэгэн байдлаар хохироохгүй. Тиймээс улс, нийгмээрээ сэтгэлзүйн зөв дархлаатай иргэдийг бэлтгэх шаардлагатай. Цаашлаад ажил албанд хүний нөөц бүрдүүлэхдээ томъёо хэр чээжилж, гадаадын хэдэн хэлээр ярьдаг вэ гэдгийг хойш нь тавьж хандлага, сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилна гэдгээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье. Хэн нэгэн үүргээ биелүүлж байгаагийнх нь оронд амийг нь золихоо зогсоо!

Контент менежер М.Мөнх-Отгон: Бид эрчүүдийг сонсдог билүү

No description available.

Эр цэрэг чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ. Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ. Энэ шүлгийг эр цэргийн баяр болоход гараараа бичээд аав болоон ангийн хөвгүүддээ өгдөг байсан санагдаж байна. Бага байхад цэрэг гэдэг бол их баатарлаг, том хүн шиг санагддаг байж. Насан хүрсний дараа цэрэгт яваад ирсэн найзууд гоё сайхныг нь ярихаас хүнд хэцүүг нь үл ярина. Балчир хүүхдүүд цэргийн дарга болж тоглоно.

Хамгийн баатарлаг гэгээлгээр төсөөлж өссөн алба яагаад ийм хэцүү болж, үртэй хүн бүр хүүгээ явуулахаас айж эмээдэг болчхов оо ...

Үхтэл үр харам гэж амьнаасаа тасалж төрүүлсэн үрээ хэн ч бусдын гарт номхон зогсоож зодуулж байгаад алдахыг хүсэхгүй. Тиймдээ ч одоо цагт хэн ч төр засагтаа итгэж хүүгээ өгөхийг хүсэхгүй биз. Эрэгтэй хүн чанга хатуу, нулимсаа харуулдаггүй, жинхэнэ эр хүн шиг байх ёстой гэсэн туйлширсан үзэл тэднийг ийм харгис хатуу, энэрч өрөвдөх сэтгэлгүй болгоо юу. Хүнийг ийм сул дорой, өнгөц ойлголттой болгосон нийгэм өөрөө буруутай ч юм шиг. Бодоод байсан бид эрчүүдийг сонсдог билүү. Сэтгэл доторхыг нь хуваалцаж, өрөвч зөөлөн мөн чанарыг нь гаргаж ирж чаддаг болов уу. Бодох л сэдэв. Нийгмийг цочроосон харамсалтай үйл явдалд залуу хүнийхээ хувьд харамсаж бас эмзэглэж байна. 

Монголын хамгийн анхны "Generation Z"-үүдийн вэбсайт HumanZ.mn

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
30

HUMANZ: БИДНИЙ АМЬ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ | ЯАГААД ЗААВАЛ АМИА ХОРЛОЛТ ГЭЖ ...

Сүүлийн үед өндрөөс үсэрч амиа егүүтгэлээ гэсэн мэдээлэл өдөр бүр цацагдаж, нийгмийг айдас, цочролд автуулж байна. HumanZ.mn сайтын бодлогод ямар нэгэн сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээ материал нийтлэхийг хориглодог учраас хүний амь нас хохирсон мэдээллийг ямар нэгэн байдлаар оруулдаггүй. Харин хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, нэгнээ хайрлах, хайр түгээх үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ.

Цааш үзэх
Image 03
23

HUMANZ: ШИНЭ ҮЕ БУЮУ "Z" ҮЕИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ | БАЙР СУУРЬ

Энэ үеийн залуус нь мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эерэг өнцөг баримтлахыг зорьдог учраас тэдэнд чиглэсэн нөлөөллийн вэбсайт нээх нь залуу үеийн чухал хэрэгцээ байсан гэхэд болно. HumanZ.mn нь 2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, Z үеийн залуусаас хамт олноо бүрдүүлсэн шинэхэн редакц юм. Ямар нэгэн хар бараан, улс төрийн, нийгмийг хагаралдуулах шинжтэй мэдээ материал нийтэлдэггүй бөгөөд зөвхөн мэдлэг олгох, нийгэмд эерэг уур амьсгалыг түгээх зорилготой контент бүтээдэг.

Цааш үзэх
Image 03
17

ОР ХООСНООС ТЭРБУМТАН БОЛОВ | HumanZ

Оргүй хоосноос гайхалтай бизнес эрхлэгч, тэрбумтны амьдралын түүх хийгээд амжилтын тухай энд өгүүлнэ.

Цааш үзэх
Image 03
17

Дэлхийг өөрчилсөн 20 эмэгтэй | HumanZ

Нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн, хүч чадал, мэдлэг боловсрол, эрх мэдэл, авьяас чадвар, хичээл хөдөлмөрийнхөө үр шимээр дэлхийн хамгийн том өөрчлөлтүүдийг хийж чадсан 20 ЭМЭГТЭЙГ нэрлэж байна.

Цааш үзэх