image

HUMANZ: БИДНИЙ АМЬ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ | ЯАГААД ЗААВАЛ АМИА ХОРЛОЛТ ГЭЖ ...

Сүүлийн үед өндрөөс үсэрч амиа егүүтгэлээ гэсэн мэдээлэл өдөр бүр цацагдаж, нийгмийг айдас, цочролд автуулж байна. HumanZ.mn сайтын бодлогод ямар нэгэн сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээ материал нийтлэхийг хориглодог учраас хүний амь нас хохирсон мэдээллийг ямар нэгэн байдлаар оруулдаггүй. Харин хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, нэгнээ хайрлах, хайр түгээх үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ.

HumanZ.mn сайтын ерөнхий редактор М.Баасандэлгэр: Чиний амь ээжээс чинь илүү үнэтэй

Хүн болж төрөх. Энэ амьдралыг туулаад энэ хорвоогоос буцах. Би ирээдүйд хэн болохоо мэдэхгүй. Гэхдээ намайг угтан ирэх цаг хугацааны төгсгөлд үхэхээ маш сайн мэднэ. Хэрэв би энд ирээгүй байсан бол бүрхэг тэнгэрээс асгарах борооны тансаг үнэрийг, цагаан цаас шиг үрсийн цангинасан инээдийг, цээжийг минь нэвт сүлбэсэн анхны хайрыг, ядаж сульдахаа мэдэхгүй залуу насны эрч хүчийг мэдрэхгүй байсан болов уу. Хааяа энэ амьдрал туйлын хатуу, хэцүү болгон над дээр ирж цуглаад байгаа мэт санагддаг. Би яагаад, яагаад заавал би, яахаараа миний амьдрал, бусад хүн жаргаж байхад би гээд гомдол тээж, хэнээс ч юм бүү мэд төгс хариулт эрэх үе тохиодог. Тэр болгонд нэг сайн  уйлж аваад бүх зүйлийг шинээр эхэлдэг. Надад байгаа амь нас. Үнэрлэж, харж, сонсож, хүрч буй гайхалтай мэдрэмжүүд. Хайрлаж, гомдож, хорсож бас өндийж байгаа алхмууд. Хүн бүр анх удаа амьдарч, бүгд ижил шаналж, багахан жаргалд ташуурч, эргээд байрандаа очиж, дор бүрнээ амьдралын чихэрлэг хэрнээ гашуун амтыг тамшаалж байхад би яагаад дутна гэж. Юу мэдэрч, ямар цаг хугацааг туулж байгаагаас үл хамааран энэ бол амьдрал. Бууж өгөх тухай, өөрөө саналаараа нэрээ татах тухай, бүлээн амиа хөргөх тухай ганц хором ч бодож болохгүй. Энэ шийдэл биш, хамгийн  арчаагүй алхам. Бидний амь хэр үнэтэй вэ гэж үү? Ээжээс үнэтэй. Хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй хүн ээж нь байдаг. Тэгвэл чиний амь нас ээжээс чинь илүү үнэтэй гэж байна.

Хүчтэй байх хэрэггүй, өөрийгөө хайрлах дайны ухаантай байгаарай. 

HumanZ.mn сайтын сэтгүүлч, редактор М.Янжиндулам: Үнэ хэлж тогтоогоод байхааргүй л үнэ цэнтэй

Төрж, үхэх нь үнэн гэдгийг бид мэдэж бас хүлээн зөвшөөрдөг ч энэ хоёр туйлын агуулгыг зүй бусаар эвддэг.

Шулуухнаар бол бусдын амь насыг үгүй хийх, өөрийнхөө халуун амьсгалыг таслах... Өчүүхэн жаахан өвдөлтөөс үнэхээр их айдаг байж амь насаа зуурдаар бүрэлгэх, бүрэлгүүлэх нь үгээр хэлэмгүй аймшигтай. Тийм их аймшиггүй зориг гаргаж байгаа нь юунаас шалтгаалав гэдэг нь жинхэнэ АСУУЛТ. Амиа егүүтгэх. Амиа егүүтгэж нас барах, амиа егүүтгэх оролдлого хийх тохиолдол нь анагаах ухаан, философи, нийгэм судлал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг. Хэвлэл мэдээллээс гаргасан тоо баримтаас үзвэл хүн амын дундах дээрх үйлдлүүд нь өсөн нэмэгдэх хандлагатай байна. Амиа егүүтгэх тохиолдлыг судалгаанаас амиа егүүтгэх үйлдлийг нийгмийн харилцаа, түүнд оролцох байдлаар гардаг болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Тэгвэл манай улсын хувьд амиа хэн, яагаад амиа хорлож байна вэ? - Хүйсийн хувьд эрэгтэйчүүд, насны хувьд харьцангуй залуу. Яагаад гэдэг асуултад товчхон хариулбал сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэх, нийгмийн байдалд харилцах чадвар муу байгаагаас үүддэг тухай тэмдэглэгддэг. Монгол Улсын иргэд ЕБ-ыг үнэ төлбөргүй эзэмшиж суурь мэдлэгийг олж авах эрхтэй мөн үүрэгтэй. Тэгвэл ЕБС-иас олгож буй авч буй мэдлэг иргэн хүн амь насаа эрүүл аюулгүй авч явахад чиглэсэн байдаггүй нь суурь буруу гэж харж болно. Томъёо хийгээд онол чээжлүүлэхтэй зэрэгцүүлж Сэтгэл зүйн, бэлгийн, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн боловсролыг тэгш хүртээмжтэй сайтар олгох шаардлагатай. Эдгээр мэдлэгийг эзэмшсэн тохиолдолд бие хүн өөрийгөө болон бусдыг амь насаар нь эрсдэлд оруулах хэмжээний үйлдэлд хяналттай хандах юм. Дурдаж буй зүйлсийг хамаарах яамныхан ажил болгохоор шийдвэрлэдэг ч үйл явцын цаашлаад үр дүнгийн зүйлс одоогоор ҮГҮЙ. Тиймээс хэвлэл мэдээллийн болон боловсролын байгууллагууд бидний амь ямар үнэ цэнтэйг ойлгуулан түгээх нэн шаардлагатай байна. Амь насыг үнэ хэлж тогтоогоод байхааргүй л үнэ цэнтэй.

HumanZ.mn сайтын сэтгүүлч, редактор М.Мөнхсолонго: Өөртөө тусалж буй хамгийн эцсийн найдвар нь ...

Үхэлтэй бид хүссэн хүсээгүй, эрт орой хэзээ нэгэн цаг учрах л болно. Энэ хувь заяанаас хэнбугай байсан үл мултарч чадна. Гэхдээ яагаад амиа хорлолт гэж. Яагаад хүмүүс амиа хорлох талаар боддог юм бол. Хэрвээ та амиа хорлолтын талаар бодож байгаагүй бол та ойлгохыг хүссэн ч энэ арга замаар амиа егүүтгэж буй хүмүүсийг ойлгоход хүндрэлтэй байх болов уу. Би бодохдоо сонголт, шийдэл олж хараагүй нэгний сохор цөхрөл өөртөө тусалж буй хамгийн эцсийн найдвар нь байж дээ гэж боддог. Хаа нэг бодол санаанд нь төрдөг зүгээр л нэг хямдхан санаа ч биш. Амиа егүүтгэх тухай бодож эхэлсэн хүмүүс юунаас ч тэр ямар ч утга ялгаж харахаа больсон байдаг байх. Яг тэр тухай бодож эхэлсэн цагаас нь амьдралынх нь баяр баясал, цаг хугацаа зогссон мөрөөдөл нь замхарсан. Сайхан кофе уунгаа тамхи татаад хэн нэг найздаа, гэр бүлдээ чамайг үхэл рүү түлхээд байгаа тэр асуудлаа дотроо цэлмэтэл яриад үз л дээ гэж үү. Үгүй дээ амиа хорлохоор шийдсэн хүмүүс чамтай инээж байсан ч цээжинд нь тэр нэг юм нь буглачихсан байдаг юм. Инээгээд чилл сайхан л байгаа юм шиг харагдаж байсан шдээ гэж үү. Амьдралаас таашаал авч чадахаа байсан хүмүүст зүгээр л оршин байхдаа автоматаар хийж буй үйлдэл нь. Ер нь тэд зүгээр л жүжигчин болчихдог юм шиг. Тэд олон үгт драма тоглохын оронд чимээгүй жүжиглэлтийг илүүд үздэг. Угаасаа би өөрөөрөө зөндөө л харуулсан шүү дээ. Одоо төгсгөлийн бүлэгт нь би юу ч ярихыг хүсэхгүй байна гэнэ. Мэдээж гаднаас нь хараад энэ хүн амиа хорлох гэж байна гэж хэлэх нь бараг л боломжгүй юм. Амиа хорлож буй хүмүүсийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. “Эрэгтэй хүн уйлдаггүй юм” гэсэн хандлагаар Монголд эрэгтэй хүүхдээ тэгж өсгөдөг нь арай амиа хорлох талбарыг нь бэлдэж өгөөд байгаа юм биш биз. Би эрэгтэй байх тусмаа уйлаасай, ганц шил юм уусныхаа дараа биш, энгийн үедээ ч чөлөөтэй ярилцдаг байгаасай гэж хүсэж байна. Түүнчлэн насанд хүрсэн хүн ойролцоогоор 20 удаа амиа хорлох гэж оролдсоны эцэст амиа хорлодог гэсэн үзүүлэлт байна. Амиа хорлолтын 79 хувь нь бага, дунд албан орлоготой улс орнуудад гарч байна. 2016 онд дэлхий дээрх нийт үхлийн 1.4 хувийг бүрдүүлж байсан ба нас баралтын тэргүүлэх шалтгааны 18-т бичигдэж байсан. Амиа хорлох бодлыг дараах сэтгэцийн эмгэгүүд бий болгож байх болзошгүй.

Үүнд:

- Депресс буюу сэтгэл хямрал

- Сэтгэцийн өөрчлөлт

- Бодисын хэрэглээний эмгэг

- Гэмтлийн дараах стрессийн эмгэг

- Гэвч сэтгэцийн тогтворгүй байдалтай хүн болгон амиа хорлох талаар боддог гэвэл ташаа ойлголт юм. Бусад хүчин зүйлсүүд хүчтэй нөлөөлж байх магадлалтай.

Үүнд:

- Гэр бүлийн салалт, хүчирхийлэл

- Дотны хэн нэгнээ алдах, санхүүгийн хүндрэл

- Байнгын ичгүүртэй болон бүтэлгүй байдал

- Эрүүл мэндийн ноцтой байдал болон эдгэшгүй өвчин

- Хууль эрх зүйн асуудал, гэмт хэрэгт холбогдох гэх мэт

-Тааламжгүй хүүхэд насны санаа зовинолт (өвчин, шарх сорив, дээрэлхүүлэлт, хүчирхийлэл)

-Ялгаварлан гадуурхалт, арьс өнгөний үзэл зэрэг бусад цөөнх болон цагаачлагчид хандах ёс бус авир

- Гэр бүл болон найз нөхдийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй хүйсийн эрх тэгш байдал, бэлгийн чиг хандлага, шашин болон түүнээс дээш эдгээр бэрхшээлүүдтэй тулгарч байгаа хүний амиа хорлох магадлал илүү өндөр байдаг байна. Жишээ нь: ажлаа алдсанаас үүдэн гарч буй санхүүгийн бэрхшээл, депрэсстэй байдал, гэмт хэрэг үйлдчихсэн хүн ганц бэрхшээлтэй хүнээс амиа хорлох эрсдэл нь нэмэгдэх юм.

Хэрэв танд өөрийгөө гэмтээх талаар бодол төрж байгаа бол та Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хандаж сэтгэл зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой. Энэ утсаар холбогдоорой. 1800–2000

HumanZ.mn  сайтын менежер М.Мөнх-Отгон: Бид хайр түгээх хэрэгтэй байна

No description available.

Дөнгөж арван жилийн ширээнээс салаад удаагүй байхад миний мэдэхийн хамгийн сайхан сэтгэлтэй, инээд гэрэл цацруулсан найз минь сайн дураараа энэ амьдралаа орхиж билээ. Тэр үед хүн яагаад, яасан гэж тийм хэцүү байсан юм байх даа, би туслаж чадах байсан байх даа, анхаарал тавьж байхгүй яаав даа гэсэн хоосон бодлууд, харамслууд гол зурахын хажуугаар сэтгэлд хүнд чулуу тарих шиг санагдсан. Тэр үед сэтгэл хоосрох гэдэг үг биеждэг бол яг л энэ агшин, яг энэ цаг хугацаа байна гэж бодогдож байсан санагдаж байна. Бидний үеийн залуучууд сайн дураараа энэ амьдралаа дуусгаж байгаад хэнийг ч буруутгахгүй байгаа. Учир нь би тэр хүний оронд мэдэрч бас амьдарч үзээгүй учраас. Харин бид шүүмжлэхийн оронд бага ч болов хайр түгээх хэрэгтэй байна. Нэгийгээ хайрлаж, хань болж, түших хэрэгтэй байна.

Бид хэтэрхий их үйл явдалтай, завгүй амьдрал дунд өөрийгөө бас өрөөлийг ч хайрлаж бас талархахаа мартсан мэт санагддаг. Бид хайрлах, талархах гэдгийг хэтэрхий биет зүйлсээр төсөөлж, нөгөө л нэг сайхан инээмсэглэл, урмын дулаан үг дутагдаж яваа нэгнээ орхиод байх шиг.

Хүний амийг үнэлэх ямар нэгэн хэмжүүр эсвэл үнэ өртөг гэж байдаггүй хэдий ч бидэнд өөрсдийн гэх үнэ цэн бий. Бидний үнэ цэн, үнэт зүйл энэхэн насанд олдсон амийг амьдарч жам ёсоор дуусгах уу эсвэл үзэгдээд өнгөрөх агшин шиг өнгөрөөх үү гэдэг сонголт бидний гарт үргэлж л байдаг. Хамгийн сүсэг бишрэлгүй нэгэн ч хайртай хүнээ алдахгүйн тулд сав ертөнцийн хаана оршин буйг нь ч үл мэдэх бурхан гэж зүйлийн өмнө амьд үлдээж өгөөч гэж алга хавсран залбирдаг. Хүний амьдралын зорилго, утга учир бол аз жаргалтай амьдрах биш амгаланд хүрэх юм гэж Далай багш хэлсэн байдаг. Учир нь аз жаргал гэдэг хүн бүрийн хувьд харьцангуй ойлголт юм.

Монголын хамгийн анхны "Generation Z"-үүдийн вэбсайт HumanZ.mn

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
01

HUMANZ | ТАНЫ ХАЙРТАЙ ХҮН ЦЭРЭГТ ЯВНА ГЭВЭЛ ЗӨВШӨӨРӨХ ҮҮ

Эр цэргийн албанд хүүхдээ явуулах уу, явуулахгүй юу гэх сэдвээр нийгэм талцаж, басхүү цэргийн хуаранд болж өнгөрсөн хэргийг жигшин зэвүүцэх хандлага ажиглагдаж байна. Эх орон дуудахад эрэлхэгээр очсон хүү эргэж ирээгүйд хэн хүний сэтгэл эмтэрнэ. Энэ маягаар цэргүүд хохирч байгаа асуудал дээр залуу үеийн төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Цааш үзэх
Image 03
23

HUMANZ: ШИНЭ ҮЕ БУЮУ "Z" ҮЕИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ | БАЙР СУУРЬ

Энэ үеийн залуус нь мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эерэг өнцөг баримтлахыг зорьдог учраас тэдэнд чиглэсэн нөлөөллийн вэбсайт нээх нь залуу үеийн чухал хэрэгцээ байсан гэхэд болно. HumanZ.mn нь 2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, Z үеийн залуусаас хамт олноо бүрдүүлсэн шинэхэн редакц юм. Ямар нэгэн хар бараан, улс төрийн, нийгмийг хагаралдуулах шинжтэй мэдээ материал нийтэлдэггүй бөгөөд зөвхөн мэдлэг олгох, нийгэмд эерэг уур амьсгалыг түгээх зорилготой контент бүтээдэг.

Цааш үзэх
Image 03
17

ОР ХООСНООС ТЭРБУМТАН БОЛОВ | HumanZ

Оргүй хоосноос гайхалтай бизнес эрхлэгч, тэрбумтны амьдралын түүх хийгээд амжилтын тухай энд өгүүлнэ.

Цааш үзэх
Image 03
17

Дэлхийг өөрчилсөн 20 эмэгтэй | HumanZ

Нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн, хүч чадал, мэдлэг боловсрол, эрх мэдэл, авьяас чадвар, хичээл хөдөлмөрийнхөө үр шимээр дэлхийн хамгийн том өөрчлөлтүүдийг хийж чадсан 20 ЭМЭГТЭЙГ нэрлэж байна.

Цааш үзэх