image

Боловсролын зээлийн тэгш хүртээмж

Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Суралцах чин хүсэл эрмэлзэл, тэмүүлэл зорилготой залуусын урам зоригийг нэг л өдөр, нэг л шийдвэр гаргаад мохоох төр засагтай. Ийм байхад залуу хүчний ирээдүйн баталгаа гэж хаана байна. Боловсролын зээлийн сангаас олгодог “оюутны хөгжлийн зээл”-ийг ар гэрийн боломж тааруу, санхүүгийн чадвар дутмаг оюутан залуус их сургуулиа төгсөөд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдэг. Гэвч боловсролын зээлийн сан нь их сургууль амрахаас аравхан хоногийн өмнө “Засгийн газрын 70  дугаар тогтоолоор тэргүүлэх чиглэлээр суралцдаг оюутан”-д зээл олгох журамыг баталсан байна.

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд оюутнуудын “оюутны хөгжлийн зээл” -ийг Боловсролын Зээлийн Сан баталгаажуулаагүй, зээлийг нь олгоогүй тул өнгөрсөн хавар зээлээр суралцах хүсэлт гаргасан оюутнууд дээр хаврын улирлын сонгосон кредитийн сургалтын төлбөрийн өр үүссэн болно. Уг асуудлыг Боловсролын зээлийн сан хэрхэн шийдвэрлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байна. Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутны зээлийн хяналтын тоо /квот/-г Боловсролын Зээлийн сан одоогоор хуваарилаагүй байгаа тул оюутны хөгжлийн зээлийн хүсэлт, материал авах боломжгүй” гэсэн мэдэгдлийг 2020 оны наймдугаар сарын 17-ны өдөр сургуулиуд албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан зарласан юм. Гэнэтийн энэ шийдвэрээс болж зээллэг авах хүсэлтэй, төлбөргүй оюутнууд сургуулиасаа чөлөө авахаас өөр аргагүйд хүрсэн. Зарим хэсэг нь аав, ээжийгээ шаналган, намрынхаа семистрын мөнгийг хүн хүнээс боломж бололцоогоор нь зээлж авсан. Хүмүүсээс зээлсэн мөнгөө яаралтай төлж барагдуулахын тулд хичээлийнхээ хажуугаар ажил хийж нойр, хоолгүй зүтгэсээр сая нэг барагдуулж дуусаж байгаа нь ч бий. Төр төмөр нүүрээ цар тахлын хүнд хэцүү байгаа нөхцөлд ёстой нэг харуулчих шиг боллоо.

Боловсролын зээлийн сангийн хэлтсийн дарга Д.Ганцэцэг “2020-2021 оны хичээлийн жилд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-д багтсан мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нийт 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор болоод байна. Санхүүжилтийн хүрээнд 5066 оюутанд зээл олгох боломжтой гэв. Ингээд төсвийн тодотгол азаар тодотгож, оргүй хоосноос хэдэн оюутан ч болов зээлд хамрагдах боллоо. Нийт "Уран сайхны гэрэлтүүлэг" тэргүүтэй 37 мэргэжил монгол улсад эрэлттэйд тооцогдож бусад нь хөсөр хаягдсан. Үүнээс болж орлогогүй олон оюутнуудын хүсэл тэмүүлэл арчигдаж, түүний ард олон мянган гэр бүл шаналан сууна. Цар тахлын үед төсөвөө танах нь байж болох асуудал ч улс орны ирээдүйг авч явах боловсролын салбараас иймэрхүү байдлаар төсөв танах нь олон оюутан сурч чадахгүй, хичээл завсардах нөхцөл байдлыг үүсгээд байна.

Оюутны хөгжлийн зээл олгох, буцаан төлүүлэх журмын 2.7. ”Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн зургаа хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана гэж заасан байдаг. Харин “боловсролын зээлийн сан” гэрээгээ зөрчиж байгаа юм. Сургуулиа төгсөөгүй байгаа оюутнуудад өмнө авсан зээлээ төлж барагдуул гэсэн дарамт шахалтыг сургуулийн зүгээс өгөөд эхэлжээ. Мөн төлбөрийн 70 хувийг төлөөгүй тохиолдолд шалгалтанд оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Коронавирустэй холбоотойгоор айл өрхийн орлого буурчихсан энэ үед 12 дугаар сарын дундуур болох шалгалтнаасаа өмнө төлбөрөө төлнө гэдэг хэцүүхэн асуудал билээ.

Эрх баригч МАН 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө 1.4.23-т “Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлж, оюутан ар гэртээ санхүүгийн дарамтгүйгээр сурах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Энэ мөрийн хөтөлбөр нь чихэн дээр цэцэг ургуулж байсан цаг саяхан. Орлогогүй оюутнуудын итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл дээр дөрөөлж мэхлэн гарч ирэхэд амархан байсан байх.

Боловсролын Зээлийн сан гэрээгээ эргээд харах хэрэгтэй. Тэргүүлэх чиглэлд нь багтаж чадаагүй мянга мянган оюутнууддаа ядаж анх үүсгэсэн зээлийн нөхцөлөөрөө үйлчилмээр байна. Аль хэдийн санхүүжилт нь ороод ирсэн зээлийг нэхэж төлбөрийн өрөнд бүү унагаа. Нэгхэн хавар сураад төгсөх байсан оюутнууд чөлөө авахаас өөр аргагүй хүнд байдалд байна. Хариуцлагагүй, бодлогогүй төрийн балагт оюутнууд нь унадаг ямар нийгмийн тогтолцоо вэ? Хүн бүр сурч боловсрох эрхтэй.  

Л.Хонгорзул

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Д.Жаргалсайхан: Тусгай албаны офицер бэлтгэх бакалаврын хөтөлбөр батлагдсан

Дотоод хэргийн их сургууль цагдаа, төрийн тусгай хамгаалалт, хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тусгай албаны офицерын албан тушаалд ажиллах “Аюулгүй байдал-тусгай албаны ажилтан“ бакалаврын хөтөлбөр боловсруулж баталсан.

Цааш үзэх
Image 04
02

Аутизм бол ертөнцийг бусдаас өөрөөр харах өнцөг ♥

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-н бол “АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”

Цааш үзэх
Image 03
31

Франц Улсад тэтгэлгээр суралцах найман оюутныг сонгон шалгаруулна

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах 8 оюутныг сонгон шалгаруулна.

Цааш үзэх