image

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Энэ удаагийн ярилцлагын буланд МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан, “Survivors” нэгдлийн жүжигчин Б.Нурсауле оролцлоо. “Survivors” нэгдлийн юутүб суваг нь 115K захиалагч, фэйсбүүк хуудас нь 189 мянган дагагчтай, залуусын үзэх дуртай контентыг хамгийн сонирхолтой хэлбэрээр үйлдвэрлэдэг хамт олон юм.

- Survivors нэгдлийн жүжигчин болсон түүхээсээ хуваалцаач?

- Нэг хэсэг миний амьдралын ихэнх цагийг математик эзэлдэг байсан юм. Өглөөний найман цагаас оройн арван цаг хүртэл би зөвхөн математикын хичээлээ давтдаг. Олон улсын нэр хүндтэй олимпиадад оролцох эрхээ аваад, яг очихын даваан дээр байрлах байрны асуудлаас болоод больчихсон. Маш удаан хугацаанд бэлдэж, өндөр хүлээлттэй байсан болохоор явж чадахгүйгээ мэдээд маш их сэтгэлээр унасан. Дахиж хэзээ ч тоо бодмооргүй санагдсан гэхүү дээ. Өөр нэг тэмцээнээ золиослоод хичээж эхэлсэн болохоор ч тэрүү шууд л дахиж энэ зүйлийг хиймээргүй санагдаад. Тэгээд математикаас хөндийрч, сошиалд цаг гаргадаг болсон юм. Нэг өдөр фэйсбүүк орж байхдаа Survivors пэйж дээрээс жүжигчин шалгаруулж авна гэсэн зарыг харав аа. Жаахан байхдаа жүжигчин Ундармаа эгч, Бооёо ахыг хараад дуурайж жүжиглэх дуртай байсан юм. Сонирхол байсан болохоор нэг удаа оролдоод үзье гээд шалгаруулалтанд ороод азаар тэнцсэн дээ.

- Математиктаа их цаг гаргадаг байсан гэхээр даруу төлөв сурагч байв уу?

- Яг ч даруухан бол биш ээ. Найзуудтайгаа бол гоё харилцдаг. Илтгэх урлагийн төрлөөр хичээллэдэг. Гэхдээ тийм ч их өөртөө итгэлтэй, нээлттэй нэгэн байгаагүй. Хүмүүсийн нүүр лүү хараад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй төрлийн хүн гэхүү дээ.

- Анх камерны өмнө гарахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

- Миний төсөөлснөөс тэс өөр байсан. Өмнө нь би юутүб контентын тухай бодохдоо зүгээр л нэг удаа текстээ хэлээд, хэдэн талаас камер бичээд, эвлүүлээд л болно гэж ойлгодог байсан юм. Гэтэл бодит байдал дээр бидэнд ганцхан камер байсан. Тэгэхээр бүх дүрсийг тус тусад нь авдаг. Ингэхийн тулд нэг хэлсэн үгээ яг тэр эмоциороо олон удаа хэлдэг. Дээрээс, доороос, томоор нь, нүүр рүү тулгаж авах гээд бүх хэсэгт зориулж яг ижилхэн жүжиглэнэ гэсэн үг. Жишээ нь, нэг хэсэг дээр би чамд хайртай гэчихээд дараа нь хайртай шүү гэж болохгүй. Хэрэв ийм алдаа гаргавал бичлэгний эдит буюу эвлүүлэг хийх явцад маш хэцүү байдал үүсгэдэг. Хамгийн анхны видеон дээр Дүүрээ гэдэг найзтайгаа хамт уул руу мацаад орилдог. Энэ бичлэгийг хийхийн тулд бараг 40-50 удаа уул руу өгсөж уруудсан. Ганц л үгээ буруу хэлэх юм бол дахиад эхнээс нь зураг авна. Эхэндээ энэ болгон үнэхээр хэцүү санагддаг байсан.

No description available.

- Чиний бодлоор контент гэж яг юуг хэлдэг вэ?

- Миний бодлоор хүнд ямар нэгэн зүйл ойлгуулж чадаж байгаа зүйлийг контент гэж хэлнэ. Энэ албан ёсны тодорхойлолт нь биш л дээ. Гэхдээ үзсэн хүн нь ямар нэгэн мэдрэмж аваад, зөв хүн байхын тулд би ийм зүйл хийх юм байна, ингэж үлгэр дуурайлал авч болдог юм байна гэж бодуулж чадсан бичлэгийг л контент гэнэ. Тэрнээс би яг одоо утсаа гаргаж ирээд “Хэй, бүгдээрээ сайн уу. Би яг одоо хоолоо идэж байна. Энэ хоол маш амттай байна. Одоо би кино үзнэ. Еэс, би голын суудлыг авч чадлаа” гэсэн бичлэг бол контент биш. Эсэргээрээ хүний сэтгэл хөдлөлийг гаргаж, мэдлэг мэдээлэл өгч чадах юм бол тэр контент мөн гэж боддог.

- Цахим орчинд хэр их цагийг өнгөрөөдөг вэ?

- Карентины өмнө тодорхой хугацааг л цахим орчинд зарцуулдаг байсан. Харин карентин эхэлснээс хойш энэ хугацаа их болсон. Амьд харилцаа гэхээсээ илүү онлайн орчинд найзуудтайгаа ярих нь амар байдаг. Хичээл хийх, ямар нэгэн сонирхсон зүйлээ хайх, дотны хүнтэйгээ яриа өрнүүлэхэд онлайн тусалдаг. Харин бичлэгэндээ зориулж өдөрт 2-3 цагийг зарцуулдаг. Тик ток дээр юу болж байна, контент бүтээгчид ямархуу бичлэг хийж байна гээд сонирхож үздэг. Эсвэл өөрийнхөө өмнөх бичлэгийг үзээд алдаа, сул талаа хардаг.

- Хөл хорио чамд хэрхэн нөлөөлсөн бэ. Оюутан болсон жил нь хичээл орохгүй байхаар уйтгартай байна уу?

Яг онлайн  хичээлийн тухай ярьвал тэс өөр сэдэв рүү орчихно байх. Гэхдээ онлайн хичээл оюутанд бие даах чадвар өгдөг ч гэсэн нэгдүгээр курст байгаа хүүхдүүд бие даах чадвар гэж зүйлийг олж аваагүй байдаг. Магадгүй энэ зүйлийг олж авах гэж их, дээд сургуульд элссэн хүүхдүүдийн хувьд хөл хорио хүнд тусч байна. Дунд сургуульд байхад багш нар хийгээрэй, шалгуулаарай гээд л шаарддаг. Өнгөрсөн жилийн 12 дугаар ангийнхан онлайнаар хичээллэдэг байсан болохоор өөр байж магад. Миний хувьд нэг жилийн хугацаанд “GAP YEAR” авчихсан байсан болохоор бие даах чадвар жаахан дутмаг. Тийм болохоор сурахад жаахан хүндрэлтэй тал бий. Мэдээж ямар ч шалтгаангүй хөл хориогүй гэдгийг мэдэж байгаа болохоор дасан зохицохыг хичээж байна.

Хөл хорионы үед гэр бүлтэйгээ танилцлаа. Би долдугаар ангиасаа хойш л өглөө найман цагт гараад орой арван цагт гэртээ ордог төрлийн буюу завгүй хүн байсан. Ихэнх цагийг гадуур өнгөрүүлдэг. Сүүлийн үед гэрээсээ бүх ажлаа амжуулахаар хүн бага ядардаг гэдгийг ойлгож байна. Бас би заавал гадуур гарч найзтайгаа уулзахаас илүү аав, ээжтэйгээ ярьж болно гэдийг, гэр бүлтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх нь маш чухал зүйл гэдгийг ойлгож байна.

- Яагаад МУИС-ийн Хууль зүйн сургуулийг сонгосон бэ?

МУИС нэгдүгээр курстээ мэргэжлийн хичээл үздэггүй, ерөнхийд нь заадаг болохоор одоохондоо хууль гэдэг зүйлийг дэлгэрэнгүй судлаагүй байна. Яагаад хуулийн чиглэл рүү орох болсон бэ гэвэл хамгийн чадахгүй зүйлээ сонгосон. Хүмүүс мэргэжлээ сонгохдоо хамгийн дуртай, сайн хийж чаддаг зүйлээ гүнзгийрүүлэхийг хүсдэг. Миний хувьд сонирхдог мэргэжил минь бизнес. Одоо өөрөө бизнес хийж үзэж байгаа. Гэхдээ надад илүү ажил хэрэгч, удаан суудаг, нэлээн олон зүйл уншдаг чанар дутмаг байна гэдгийг анзаараад хуулиар монголдоо сурах шийдвэр гаргасан юм. Гэхдээ ирээдүйд хуульч, өмгөөлөгч болно гэсэн бодол байхгүй.

No description available.

- Өсвөр үеийнхэндээ хандаж зөвлөгөө өгөөч гэвэл?

Нас насаараа өөр байх л даа. Гэхдээ бага, дунд ангийн дүү нартаа хандаж хэлмээр байна. Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Мэдээж хичээлээ хийнэ. Гэхдээ хэтэрхий шамдаад, онц авсангүй гэж уурлаад, муу сурлаа гэж сэтгэл санаагаар унах хэрэггүй. Угаасаа бүх зүйл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгддөг. Шаналж, санаа зовж биш гоё, хөгжилтэй байгаарай гэж хэлэх байна. Ахлах ангийн буюу амьдралынхаа хамгийн чухал үеийг шийдэх гэж байгаа хүүхдүүд бол өөр. Миний бодлоор Монголд маш олон ”A copy” байдаг. Хэн нэгнийг дуурайж хувцасладаг. Тийм болохоор хүнийг дуурайдаг биш өөрийгөө хэн бэ гэдгийг олохын тулд цаг гаргаарай гэж хэлмээр байна.

Өөрийгөө олно гэдэг нь нэг өдөр суугаад “өө, би нэг иймэрхүү охин” гээд болчихдог зүйл биш. Би ч гэсэн одоо хүртэл өөрийгөө олоогүй. Хоёр жилийн өмнөхийг бодвол 20-30 хувь л ойлгосон байх.

- Бичлэг хийж цахим орчинд байршуулах сонирхолтой хүмүүст анхан шатны зөвлөгөө өгөөч?

- Нэрэндээ хайртай байгаарай гэж зөвлөе. Сонсоход сонин байж магадгүй л дээ. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр шийдвэл чамд маш том хохирол авчрах эрсдэлтэй. Би зөвхөн хичээлдээ анхаардаг, өөртөө цаг гаргадаггүй байсан болохоор анхны бичлэгээ үзээд өөрөөсөө жаахан ичсэн л дээ. Нэгэнт намайг тэр чигээр минь хараад дүгнэсэн хүмүүсийн бодлыг засах хэцүү. Энэ угаасаа ийм охин, тийм охин гээд л ярьдаг. Тийм болохоор чи үнэхээр бичлэг хиймээр байгаа бол хийсэн контентыг чинь гурван сая хүн үзчихсэн байна гэж төсөөлөөд, доор нь янз бүрийн сэтгэгдэл бичсэн байх цаг мөчид өөрийгөө очсон байна гэж төсөөл. Чи үүнд бэлэн үү гэдгээ дахин бодох хэрэгтэй. Үсрээд л 40,50 хүн үзнэ биз гэсэн бичлэгийг 500 мянган хүн үзчихээр хүн айдаг. Яагаад вэ гэвэл тэр олон хүнд үзүүлнэ гэж бодсон бичлэг нь биш. Үүнээсээ болоод дахиж бичлэгэнд орох нэргүй болчихдог гэх юмуу. Тийм болохоор энэ бичлэгээр минь намайг хүн танина гэж бодоод, бэлэн үгүйгээ бодоорой. Хэрэв бэлэн байгаа бол хэнд хамаатай юм. Өөртөө байгаа зүйлээрээ аргалаад бичлэг хийж болно.

- Чиний бодлоор “Z” үеийнхэн юугаараа онцлог вэ?

- Сонголт дүүрэн үе. Хүн болгон амжилт гэдэг зүйлийг чухалчилдаг болсон үе. Миний хувьд зэтүүд хүссэн хүсээгүй нийгмийн талын асуудал руугаа анхаарлаа хандуулах шаардлагатай. Сурлага, амжилт, карьер гэх мэт. Тэднээс хүн бүр сайн байхыг, мундаг байхыг шаарддаг. Нөгөө талаараа манай үеийнхэнд өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, мэдрэмжийн асуудал дутмаг юм шиг. Зүгээр л найзтайгаа суугаад хоёр цаг сэтгэлээ уудалж ярилцах нь үнэ цэнэтэй дурсамж болчихсон. Уг нь бол энэ нь зүгээр л харилцааны нэг хэлбэр. Тэгэхээр хааяа ч гэсэн  өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах тухайд бодоход цаг гаргаж байгаарай.

Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

No description available.

Бэлтгэсэн: М.Баасандэлгэр

 

 

 

2 Сэтгэгдэл:

  1. Baharhdag shu🙆🏻‍♀️❤️

Сэтгэгдэл илгээх

Image 02
05

Г.Мөнгөн: Хэрэгжүүлж чадахгүй бол ямар ч төлөвлөгөө гаргах хэрэггүй

Интернэтийг зөв эсвэл буруу ашиглах нь хувь хүний амьдралын зохион байгуулалтаас хамаарна. Интернетэд хэтэрхий их цаг зарцуулах нь буруу гэж хэлээд нэмэргүй. Зарим сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглож байна гэсэн. Хориглосон ч гэсэн бид интернэтийн эрин үед амьдарч байгаа учраас хэрэглэж л таарна.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх