image

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Энэ удаагийн ярилцлагын буландаа шинээр зочилсон орон бүрийнхээ дарсны соёлтой танилцаж, шинэ амтыг эрэлхийлж явдаг аялагч бүсгүйг урилаа. Түүнийг Ц.Сувдаа гэдэг. Тэрээр “World wine” компанийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Түүний мэргэжил, сонирхол хоёр нь ижилхэн. Тиймдээ ч тэр ажилдаа дуртай. Ажлаа хийнгээ аялж, аялангаа ажлаа амжуулж чаддаг эмэгтэй юм. Тэрээр Герман, Хонгконг, Украйн Одесс хот Хар далай, Франц, Тайланд, Хятад улс, Сингапур, Малайз, Мальдив зэрэг гэсэн 10 оронд хөл тавьжээ. Аялал бол түүний хувьд шинэ дарсны амтыг мэдрэх завшаан. Өөртэйгөө ярилцах, өөрийгөө дүгнэх цаг хугацаа. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэе.

Дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэнд хоёр удаа оролцов”

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог. Хоёрдугаарт, зах зээл дээр шинээр ямар бүтээгдэхүүн гаргасан бэ гэдгээ танилцуулдаг. Гуравдугаарт, дарсны салбарт хамтран ажиллаж байгаа түншүүдтэйгээ уулздаг. Дэлхийн 142 орны 61500 хүн энэ үзэсгэлэнг зорьж очсон. Маш том, өргөн цар хүрээтэй арга хэмжээ. Германчууд ямар ч арга хэмжээ байсан нарийн төлөвлөж, ямар ч чирэгдэлгүй зохион байгуулдаг улс. Цагийг яс барьдаг. Үзэсгэлэн тараад 60 мянган хүн такси барихаар гарахад ямар ч асуудал гараагүй. “Dusseldoerf” хотын бүх таксиг үзэсгэлэнгийн үүдэнд байхаар зохион байгуулсан байгаа юм. Тэнд очсон хүмүүс “Германд болж байгаа үзэсгэлэнд ирэх дуртай. Учир нь маш сайн зохион байгуулж чаддаг” гэж ам уралдан ярьдаг. Яах аргагүй үнэн. Мөн тухайн үзэсгэлэнд оролцож буй хүмүүсийн хэрэглээг дагаад тухайн хотод тодорхой хэмжээний эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ. 60 мянган хүний хоол, зочид буудал, шоппинг, хувийн хэрэглээг ямар ч төвөггүй хангадаг. Олон давуу талтай гайхалтай арга хэмжээ болдог. Анх 10 жилийн өмнө очиход бүх зүйл сайхан санагдаж, шинэ газар үзээд л, хэлэх үггүй шахуу байсан. Харин сүүлд очиход туршлага судлах, шинэ санаа, шийдэл хайх маягтай болсон байсан шүү би ..

Манай улсад дарсны соёл бага багаар дэлгэрч байна”

Манай улсад дарсны хэрэглээ өдөр ирэх тусам өргөжиж байна. Өмнө нь дарс ууж байгаа хүн гоё харагддаг гэсэн хандлагатай байсан. Одоо ч зарим хүн тийм бодолтой. Гэхдээ нэг үеэ бодвол хөгжиж яваа салбар. Монголын жирийн супермаркетад ороход л төөрөлдөхөөр олон төрлийн сонголттой дарс өрөөтэй. Амт, хэмжээ, баглаа боодол нь олон янз. Хэрэглэгч өөрийн хүссэн дарсаа авах боломжтой болсон. Ресторан болон үйлчилгээний байгууллагад ороход цэсэнд нь дарсны сонголт байх жишээтэй. Энэ бүхэн нь бага багаар дарсны соёл манайд дэлгэрч байгаагийн илрэл. Мөн хүмүүс эрүүл мэндэд тустай талаас нь дарсыг хардаг болсон байна лээ. Үүнийгээ дагаад өндөр хатуулгатай бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэн. Зөвхөн манай улс гэлтгүй дэлхий даяар татгалзаж байна. Согтох хүртлээ уух бус тогтмол хэрэглэх нь дарсны зөв хэрэглээ. “Сангриа” дарс бол монголчуудын хамгийн анх хэрэглэсэн бүтээгдэхүүн. Есөн төрлийн жимсийг хольж гарган авдаг дарс. Дарс сонгохдоо хамгийн түрүүнд өөрийнхөө ямар амтанд дуртай гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд байнга олон төрлийн дарсыг амталж үз. Амттанд дуртай бол чихэрлэг болон хагас чихэрлэгийг. Дургүй бол хуурай дарс сонгоно гэх мэт.

“БОРДО нутгийн зөөлөн салхи одоо ч надад үнэртдэг”

Би 2016 онд компаниасаа шагнуулж Франц улс руу ганцаараа аялсан юм. Ганцаараа явах үнэхээр гоё. Өмнө нь аялахдаа баг бүрдүүлж, эсвэл туршлагатай хэн нэгэнтэй хамт явдаг байхад сайхан байсан л даа. Гэхдээ ганцаараа хол явахаар хүн өөрийгөө илүү мэдэрдэг юм билээ. Яахав, айх, эмээх зүйл бишгүй. Сүүлдээ дасчихсан. Францад очоод дэлхийн хамгийн шилдэг, үнэ цэнэтэй дарсыг үйлдвэрлэдэг “Бордо” нутагт очсон юм. Манайхаар бол “Бордо” аймаг гэсэн үг. Дарсыг бид айрагтай зүйрлэж болно. Манай хамгийн сайн айраг бол Булганы Сайханы айраг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Яг үүнтэй адил дэлхийн сайн дарстай газар бол Францын “Бордо” хот. Баруун талаасаа Атлантын далайн чийглэг уур амьсгал, зүүн талаасаа эх газрын хуурай уур амьсгал хосолсон энэ газар бол усан үзэм ургах хамгийн сайн орчин. Бордо хотын хүмүүс “манай газар дор алт байхгүй. Гэхдээ манай хөрс бол алмаз” гэж ярьдаг.

Миний аяллыг зохион байгуулж хөтөлж явсан  түнш хамтрагч  дэлхийн хамгийн том ФРАНЦ дарсны брэнд болох JP.Chenet –ийн үйлдвэрлэгч. Тэрээр намайг уг Шату болон бусад 10 Шатуд зочлох боломжийг олгосон юм. “Шату” /chateau/ гэдэг нь дарсны орд шилтгээн гэсэн үг. Өөрөөр хэлбэл усан үзэм тарихаас эхлээд дарс бэлэн болох бүх явц өрнөдөг газар гэсэн үг. Францын айл бүр тодорхой хэмжээний га газарт усан үзэм тариалдаг. Тариан талбайных нь гол хэсэгт гаднаас нь харахад хоёр давхар орчим цагаан чулуугаар хийсэн жижиг байшин бий. Дотор нь ороод үзэхэд газар доошоо хоёр, гурван давхар үргэлжилсэн байдаг. Усан үзмээ хурааж авснаас бусад бүх процесс газар дор өрнөдөг гэсэн үг.

Монголд борлуулж буй дарсны шошгоны зураг дээрх газартаа өөрөө очиж, нүдээрээ харна гэдэг үнэхээр гайхалтай. Францад хийсэн уг аяллаар “Chateau Cantin Saint Emilion Grand Cru Classe” нэртэй шатуд очсон юм. Үүдэнд нь очиход нэг ч хүн харагдаагүй. Чимээгүй, намуухан. Яг л үлгэрийн юм шиг. Хүн байна уу гэж асуухад граш юм уу гэмээр газраас хөлийн чимээ гарав. Намхандуу нуруутай, сөөвгөр сахалтай үс нь бага зэрэг сэгсгэр дунд эргэм насны залуу гарч ирсэн нь тус шатуны дарсны мастер байжээ. Дарсны үйлдвэр бүрт дарсны мастер, талбай бүрд дарсны инженер байдаг юм. Тэр хүнтэй мэндлээд цааш ганц хоёрхон алхам газар явахад нэг тийм чийглэг, далайн үнэр үнэртэж эхэлсэн. Энэ үнэр одоо хүртэл надад үнэртдэг. Монголд хүчтэй салхи салхилахад хуурай байдаг даа. Тэндхийн салхи бол зөөлөн, чийглэг. Хацар, нүүр илбэнэ гэдэг дээ. Яг л тийм. Шату нь үйлдвэрлэл, дарсны зоорь, амталгааны хэсэг гэсэн гурван хэсэгтэй. Эхлээд тариан талбайтай танилцана. Түүхийг нь сонсоно. Дарсны зоорийг нь үзнэ. Амтлана. Одоогийн байдлаар яг энэ маягаар 10 орчим шатугаар зочилсон байна.

өрийн дууллаа Францын Бордо хотод эгшиглүүлэх үнэхээр гайхалтай байсан"

Миний санаанаас гардаггүй, гайхалтай дурсамж үлдээсэн нэг шату бий. Тэр бол “Шату Анжелус”. Энд дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн дарсыг үйлдвэрлэдэг. Намайг очих үед миний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйл надад тохиолдсон юм. Монголоос “Бордо” руу олон хүн очдог. Гэхдээ яг намайг очиж байх үед “Шату Анжелус”-т очсон Монгол хүн байгаагүй. Урьдчилан цаг авдаг. Хэрэв цаг аваагүй очвол үүднээс нь л буцна. Намайг авч явсан аяллын хамтрагч албан ёсоор цаг авч очсон. Намайг очих үед найрсаг харилцаатай хөтөч тосч авсан. Тэрээр “Та манай шату дээр ирсэн анхны монгол хүн боллоо. Манайд нэг өвөрмөц уламжлал бий. Эрт үед энд хүмүүс ажилладаг байсан юм л даа. Тухайн үед цаг байхгүй байсан болохоор хонх цохиж ажил эхлэх болон дуусах баримжаа авдаг байсан юм. Өглөө ажил эхлэх болон дуусах үед хонх цохино. Биднийг илэрхийлэх гол уламжлалын нэг гэж ойлгож болно. Тийм болохоор бид хонх цохиж таны дууг дуулж өгнө” гэлээ. Би гайхаад ямар дуу юм бол гэсэн чинь манай улсын төрийн дуу эгшиглэсэн. Миний зүрх амаар гарах шахсан. Баярласандаа уйлах нь холгүй. Төрийн дууллаа Францын Бордо хотын Сайнт Эмилионд сонссон нь миний амьдралын мартагдашгүй дурсамжийн нэг.

Би хамгийн удаан дарсан гэвэл 1979,1983 оны дарснуудыг амталж байсан. Харин коньякны хувьд 1914 оныхыг. Дарсны хувьд он буюу ургацын жил хамгийн чухал. Бусад бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн он нь байдаг бол дарсан дээр усан үзэм хураасан жил нь байдаг. Жишээ нь 2015 гээд биччихсэн байвал 2015 онд хураасан усан үзмээр хийсэн гэсэн үг. Дарсыг өнгөөр нь цагаан, ягаан, улаан гэж ангилдаг. Цагаан дарс бол уухад хөнгөн. Мөн өнгөө дагаад цагаан махан хоол буюу загас, тахиа, шувууны мах идсэний хэрэглэхэд тохиромжтой. Монголчуудын хувьд хонь, ямааны мах нь хөнгөндөө багтдаг. Тиймээс энэ төрлийн зоогний араас цагаан дарс ууж болно. Улаан дарс нь цагаан дарснаас арай хүнд төрлийнх. Үнэр амт нь арай илүү. Өнгөө дагаад үхрийн махтай хамт хэрэглэж болно. Хоолтой маш гоё зохицдог.

Аялж байхдаа дарсны соёлтой танилцах нь сонирхолтой, шинэ амт нээх үйл явдал. Дарс өөртөө бүх зүйлийг агуулдаг. Түүнийг амтлаад л хаанахын ямар нууц аргаар хийсэн дарс вэ гэдгийг мэдэж болно. Бас хөдөлмөр. Усан үзэм тарьж, дарс гарган авахын тулд маш их хөдөлмөр шаардана. Дарс нь цаг хугацааны үнэ цэнийн үр дүнд бий болдог зүйл. Орон орны дарсыг амтлахаар түүх уугаад байгаа юм шиг санагддаг. Олон зуун жил, удам дамжин хадгалж үлдсэн амтыг амтлаж, үнэр амт, шинж чанарыг нь өөрийн биеэр мэдэрч, таашаал авч болно.

Атлантын далайд өгсөн амлалт”

Францын Бордо муж бол  Атлантын далайн эрэг дээр оршдог. Уг аяллаар явахдаа Атлантын далай дээр очиж байсан юм. Тухайн үед далайн эрэг дээр сууж байхад надад нэг бодол төрсөн. Юу гэхээр “Эх дэлхий хүн төрөлхтөн бидэнд дөрвөн далай бэлэглэсэн. Харин эцэг эх минь бидэнд тав дах далайг бэлэглэсэн юм байна. Тэр нь хүний амьдрал. Хүний амьдрал бол маш том далай. Энэ далайд чи жижиг завиар эрэг дагаад явах уу. Эсвэл том хөлөг онгоцны эзэн болоод аялах уу гэдгээ өөрөө шийднэ” гэх бодол. Магадгүй надтай санал нийлэх олон хүн байгаа байх. Очиж үзээгүй орондоо очиж, таарч байгаагүй хүмүүстэй уулзаж, мэдэхгүй соёлтойгоо танилцах нь хүний амьдралыг утга учир гэж би ойлгодог. Хэсэг элдвийг эргэцүүлсний дараа “би дахиад чам дээр заавал зочилно оо” гэж амлаад буцсан даа. Би Атлантын далай, Энэтхэгийн далай, Хар далайгаар аялж байсан. Хамгийн гоё нь “Хар далай”. Тас хар, сул хөрстэй. Гишгэхээр мөр гардаг. Харахад бас их сонирхолтой. Хуучин социализмын үед социалист орнуудын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Эндхийн ард иргэд жилд хоёр удаа ургац хураадаг байсан гэдэг. Би ер нь далайд их дуртай юм байна. Далайн эрэг дээр дарс шимнэ гэдэг жинхэнэ кайф, амар амгалан шүү дээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх
Image 12
09

Б.АНУ: Бүтээгдэхүүн борлуулах биш эко хэрэглээг олон хүмүүст хэвшүүлэх нь миний туйлын зорилго

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын буландаа эко хэрэглээг түгээн дэлгэрүүлэгч, минималист Б.Ануг урьж оролцуулж байна. Тэрээр MINIMALIST ANGY фэйсбүүк хуудсыг хөтлөн олон хүмүүст амьдралын зөв хэв маягийг хуваалцдаг билээ. Бидний ярилцлагаас өөрт хэрэгцээтэй мэдлэг мэдээ мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний урам зориг, итгэл найдвар, шинэ амьдралын хэв маягийг бий болгох эерэг яриаг хүлээн авна уу.

Цааш үзэх
Image 12
08

"Анх контент бүтээхэд үнэтэй камер, микрофон зэрэг нүсэр төхөөрөмж хэрэггүй"

- Бичлэг контент хийх сонирхолтой хүмүүс одоо бол маш их болсон. Ялангуяа 2000-аас хойш оныхон. Тэр хүмүүсд хэлэхэд, мэдээж хэрэг контентын төрөл өөрийн сонирхлоо мэддэг, дуртай зүйлээ үнэхээр үйлдэл болгомоор байвал зүгээр л нүдээ аниад эхлэ гэж зөвлөе. Яагаад гэвэл ямарваа нэгэн зүйлийг хийхэд анхны алхам маш чухал ба тэр зүйлийн 50 хувь байдаг. Үүнийг л хийчихвэл судалгаа болон суралцах процесс практик дээр хамт явагддаг. Хийхээсээ өмнө удаан хугацаанд бодох нь “overthinking” болж, үйлдэлгүй хоосон мөрөөдөл болдог талтай. Тиймээс суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг шиг оролдоод үз. Ямар улс эх орон, хүмүүсийн амьдралыг шийдэж байгаа биш. Өөрйинхөө хүссэн зүйлийг тэнэг юм шиг л эхэлсэн нь дээр. Бусад нь цагийн эрхээр өөрөө явах замаа олно.

Цааш үзэх