image

С.Будрагчаа: Өөрчлөлт авчирч чадсан бол САЙН СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХЭЛНЭ

Та сэтгүүлч мэргэжлийн тухай юу мэдэх вэ. Магадгүй хэн нэгэн сэтгүүлчийн нийтлэл танд урам зориг бэлэглэж, таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт хийсэн эерэг тохиолдол байдаг уу. Нэрнээс нь эхлээд л бичгийн сэхээтэн, нийгмийн соён гэгээрүүлэгч мэт дүр буудаг энэ мэргэжлийн тухай Livetv.mn редакцын сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа. “FACTCHECK” нэвтрүүлгээр уншигч, үзэгчдийн танил болж, нийгэмд тулгарсан асуудалд шийдэл эрж ажилладаг түүний яриа олон залуу сэтгүүлчид жим зурж өгөх болов уу.

- Сэтгүүл зүйн ангид тийм ч олон эрэгтэй оюутан байдаггүй. Анзаараад байхнээ, төгсөгч нараас мэргэжлээрээ ажиллах хүн ховор байх шиг санагддаг. Таны хувьд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

- Би их сургууль төгсөхдөө маш том амбицтай байлаа. Хэвлэлийн магнат болно. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллагыг базсан, монголын нийгмийн оюун санааг удирдсан хүн болно гэсэн ирмүүн хүсэлтэй. Гэтэл ажлын байран дээр гараад өөрийгөө ямар өчүүхэн юм бэ гэдгийг мэдсэн. Тасралтгүй сурч, хөгжих ёстой гэдгээ ойлгосон гэхүү дээ. Намайг төгсөх үед манай улсад вэбсайтын үйлчилгээ дагнан эрхэлдэг байгууллага цөөхөн байлаа. Gogo.mn, News.mn, Shuud.mn тэргүүтэй хэдхэн вэбсайттай. Эдгээр сайтууд цөөн уншилттай. Миний хувьд анх дөнгөж нээгдэж байсан Guren.mn сайтад сэтгүүлчээр орсон юм. Одоо байдаггүй л дээ. Ажилд орохдоо худалч хүнд компьютер, интернеттэй байгаасай гэж залбирдаг байсан тийм үед сэтгүүлч болж байлаа. Одоо бодохоор инээдтэй ч юм шиг. Гэхдээ 10 жилийн хугацаанд нийгэм хурдацтай хөгжсөн л дөө. Тухайн үеийн интернет хэрэглэгчид одоогийнх хоёрыг харьцуулвал тэнгэр, газар шиг өөр.

- Анх сэтгүүлчээр ажилд ороход тань хэвлэл мэдээллийн салбарын цаг агаар ямаршуу байсан бэ?

- Тухайн үед монголын хэвлэл мэдээллийн салбарт сонин бол хаан шиг байсан цаг. Өдөр тутмын сонингуудын оргил үе гэхэд болно. Хүмүүс сонинг ихээр уншина, итгэнэ. Одоо бол вэбсайт хөгжөөд, сонингийн уншигч цөөрч байна. Дөнгөж төгссөн шинэ сэтгүүлчид бичгийн хүмүүс их гайхалтай санагддаг байлаа. Баабар гуайн нийтлэлүүд News.mn сайтад тавигддаг. Түүнийг нь уншаад ямар гоё бичдэг юм бэ, яаж аливаа зүйлийг ийм өргөн цар хүрээтэй хардаг юм бэ гэж бодно. 2010 онд надтай хамт ажиллаж байсан сэтгүүлч гэвэл одоогийн Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболд, Zaluu.com Чимгээ, Asu.mn Сайхнаа, Үндэсний телевизийн Сүхээ, АТГ-ын хэвлэлийн албаны Эрдэнэбүрэн гэх мэт хүмүүс бий. Тухайн үед бид нар нийтлэл бичиж, нийгмийн өөрчилнө гэхээсээ илүү редакциас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилладаг. Одоогийн сэтгүүлч нараас ялгаатай тал нь харилцаа холбоо хангалттай хөгжөөгүй байсан цаг болохоор хөлөөрөө явж мэдээгээ олно. Ерөнхийдөө хөлөөрөө явж мэдээ олдог байсан үеийн шувтарга нь бид хэд байж магадгүй. Тэр үед фэйсбүүк одоогийнх шиг олон хэрэглэгчтэй байгаагүй. “Yahoo messenger” гэж зүйлээр хоорондоо мэдээлэл солилцдог. Зарим залуучууд мэдэхгүй байж магадгүй. Тухайн үеийн холбоо барих гол сүлжээ нь энэ байлаа. Дээд шүүх, УЕП, ЦЕГ зэрэг албан байгууллагуудаар очиж шинэ мэдээ хайна. “Хадаас” болчих мэдээ байна уу, ганц гайгүй хадаас өгчих гэж хэвлэлийн эгч нарыг шаналгана. Хариуд нь хүн амь авах уу, хүчин авах уу гэж асуудаг. Нэг хүн амь, хоёр хулгай өгчих гэх мэтээр л ойлголцоно. Өнгөрсөн 10 жилийг эргээд анзаарахад ямар ч тохиолдолд гэмт хэргийн мэдээг хүмүүс сонирхдог.  Одоо ч гэсэн гэмт хэргийн мэдээ оруулахад маш их хандалт авдаг. Үүнийг буруутгаж, өөлөх аргагүй. Хүний анхаарал байгаа болохоор л энэ төрлийн мэдээ үргэлж хандалтын бай болдог.

Би вэбсайтын суурьтай. Дараа нь өдөр тутмын сонинд ажиллаад, удалгүй дэлгэцийн уран бүтээл рүү орсон хүн л дээ. Сонинд ажиллаж байгаад телевизэд ороход зохиол, хэл найруулга, хэв маяг нь тэс өөр. Дэлгэцийн бүтээлийн гол онцлог нь гэвэл хүн аливаа зүйлийг уншихаар 60-70 хувийн итгэл үнэмшилтэй байдаг гэнэ. Шинжлэх ухааны үндсээр нь авч үзвэл хүн аливаа мэдээллийн 80-30 хувийг харах мэдрэхүй буюу нүдээрээ авдаг. Чихээрээ 20-30 орчим хувийг авна. Тэгэхээр телевизийн бүтээл хүний нүд, чих хоёроор хосолж ордог. Дээрээс нь ая, ритм нэмээд өгөхөөр хүнийг бүрэн эзэмдчихдэг юм байна. Гарч чадахгүй, дундаас нь зогсоох аргагүй. Сэтгүүлч үзэгчийг өөрийнхөө хамтрагч болгож, таамаг төрүүлж, сонирхлыг нь өдөөснөөр нэвтрүүлэгтээ татан оролцуулж чаддаг хүчтэй салбар бол телевиз.

- Таны хувьд сэтгүүлч мэргэжлийн гол үнэ цэнэ юу вэ?

- Сэтгүүлчийн ажил өөрөө их хүчтэй. Энэ хүчийг зөв хүн залж чадах юм бол зөв үлгэр дуурайлал үзүүлж нийгмийг өөрчлөх бүрэн боломжтой. Хэрэв буруу хүний гарт орох юм бол нийгэмд том хор хөнөөл авчрах чадалтай. Хүмүүс сэтгүүлч нарыг янз бүрээр л хэлдэг. Шууд бичлэгний доор бичсэн сэтгэгдлүүдийг харахаар их л муу муухайгаар хэлж, доромжилж, буруутгаж, шантааж хийдэг гэж зүхэх хандлага байдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Тэртээ тэргүй 2017 оны судалгаагаар монголын хэвлэл мэдээллийн салбарт 5004 хүн ажиллаж байна гэсэн тоо бий. Энэ 5000 хүний дунд сайн, муу холилдон оршиж байгаа. Тийм болохоор сэтгүүлч бид ямар нэгэн байдлаар шүүмжлэлийн бай болсоор л байна. Монгол Улсад баян ч бай, эрх мэдэлтэй ч бай ямар нэгэн хүн төр гэдэг махны машины ирэн дээр ирээд хэн ч биш болдог. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тэрбумтан, эрх мэдэлтэй хүмүүсийг хар. Энэ хүмүүсийн  буруу үйлдэл дэлгэгдээд, ямар нэгэн байдлаар төрийн хууль хүчний байгууллагын дарамтанд ороод, машиндуулаад ирэхийн цагт тэр хүмүүсийн цорын ганц тулах цэг, хорогдох байр нь хэвлэл мэдээлэл байдаг. Тэр том тэрбумтны хувьд хорогдох байр нь хэвлэл мэдээлэл байхад жирийн иргэний дэргэд өөр хэн байна гэж. Хэдий ардчилсан орон гэж байгаа ч жирийн иргэдийг төр ямар аймар машинддаг гэж санана. Яг туйлдаа хүрч яахаа мэдэхгүй байгаа хүнийг аврах эцсийн цэг нь хэвлэл байдаг. Хэн ч биш байсан нэг хүн хэвлэл мэдээллээр гарсны маргааш хэн нэгэн болсон мянга түмэн тохиолдол бий. Хэдэн арван жил хөөцөлдөөд бүтээгүй зүйлийг ганцхан удаа хэвлэлээр гаргаад, нийгэм даяар дуулиан тариад шийдэгдсэн кэйс ч байдаг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа залуучууддаа, тэр тусмаа Z үеийнхэн гэж ялгарсан танай үеийнхэнд хандаж хэлэхэд зөв байсан хүн л хождог. Хэрэв чи зөв байж чадвал алдар нэр нь ч тэр, эд хөрөнгө, нэр хүнд нь ч тэр дагаад ирдэг. Хүмүүс дам яриандаа, цахим орчинд сэтгүүлч нарыг харааж доромжилдог боловч яг нүүр тулаад зогсход сэтгүүлч хүнтэй доромж харьцаж чадах хүн хаана ч байхгүй. Би микрофоноо бариад, зураглаачаа дагуулаад явахад УИХ-ын дарга, Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд хэнтэй ч таарсан чи л гэж харьцана. Камерны урд хэн ч байсан надтай нэг түвшинд л очно. Учир нь би өөрөө биш, нийт ард түмнийг төлөөлж тэр хүнтэй ярилцаж байгаа тул яг ижилхэн хүн гэсэн үг. Сүүлийн үеийн хэллэгээр төрийн томчуудыг ил цагаан долоогоод, бөхөлзөөд, ая талыг нь хараад явдаг сэтгүүлч байхгүй байгаа биз дээ. Гоё өөрийнхөөрөө энгийн харилцдаг. Энэ нь ч ард түмэнд таалагддаг.

Сэтгүүлч мэргэжлийг өчүүхэн өнцгөөс өнгөц харахад дорд юм шиг санагдаж магадгүй. Харин яг бодит эрэмбэ, ранкаар нь үзвэл өндөр. Чи өөрөө зөв байж чадвал чи хүчтэй нэгэн болно. Чадахгүй бол муухай царайлаад сууж байхаас өөр яахав.

- Тэгвэл сайн сэтгүүлч гэж хэн бэ. Ямар зүйл хийсэн хүнийг "сайн" гэж дүгнэж болох вэ?

- Өөрчлөлт авчирч чадсан бол сайн сэтгүүлч гэж хэлнэ. Сэтгүүлч ямарваа нэгэн асуудлыг хөндөж болно. Телевиз, сонин, вэбсайт гээд аль нь ч байсан болно. Хөндөж гаргасан асуудлынх нь дагуу нийгэм бужигнаж, буруутан байгаа бол шийтгэгдэж, засах боломжтой бол шийдвэрлэгдэж, мөнгө идсэн хүн бол ажлаасаа халагдаж, ядарсан хүн байсан бол амьдрал нь дээшилнэ. Энэ өөрчлөлтийг хийж чадсан сэтгүүлчийг сайн гэж хэлнэ. Түүнээс биш олон хүнд танигдсанаар нь, олон хуудас материал бичсэнээр нь үнэлэх утгагүй асуудал. Олон л сэтгүүлчтэй таарч явлаа. Би насаараа сэтгүүл зүйн салбарт ажилласан, миний сэтгүүл зүй гэж ирээд л цээжээ дэлддэг хөгшин сэтгүүлч нарыг харахаар ой гутдаг шд. Тэр хүн хэн юм. Энэ нийгмийн юуг өөрчилсөн юм. Миний хийсэн энэ нийтлэл, бүтээсэн энэ контент үүнийг ингэж өөрчилсөн гээд харуулах юм байна уу. Агуу Балдорж шиг Далай ээж цаазын тавцанд гэдэг бүтээл шиг зүйл хийж чадсан уу. Тэгж чадаагүй хэрнээ насаараа ажилласан, миний сэтгүүл зүй гэж залуу үе рүүгээ нулимах үйлдлийг харахаар онцгүй л санагддаг.

- Өдөр бүр шинэ зочин, тэс ондоо орчин, янз бүрийн салбар луу орж чаддаг сонирхолтой мэргэжил бол сэтгүүлч. Энэ мэргэжил танд юу өгсөн бэ?

- Өнөөдөр би яг хэн бэ. Өчнөөн ажил солилоо. Олон газар очиж, юм юм хийж үзлээ. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм үнэ цэнэтэй нөхцлийг бүрдүүлэхэд сэтгүүл зүй тусалсан. Би олон түмэнд танигдсан мундаг хүн биш ч гэлээ тодорхой түвшинд шийдэл авчирсан нэвтрүүлэг надад бий. Хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан “Factcheck” контентын ард болохгүй байсан асуудал шийдэгдэж байдаг. Сэтгүүлч байх гоё. Өглөө нь талбай дээр болсон жагсаал дээр гүйж явна. Өдөр нь нэг ядарсан хүний амьдралыг шууд дамжуулна. Орой нь нэг алдар цуутай хүнтэй ярилцлага хийгээд сууж байдаг. Нэг өдөрт нийгмийн янз бүрийн давхаргын олон хүнтэй уулздаг. Өглөө мэдээндээ гүйж яваад өдөр нь цагдаа дээр дуудагдаад мэдүүлэг өгөөд сууж байна. Сайн муу нийлж сав дүүрнэ гэдэг шиг л нэг тийм адармаатай, завгүй ажлын хэмнэлтэй. Тэр болгондоо шинэ санаа, чадвар, хандлагыг суралцаж болдог уйдах сөхөөгүй мэргэжил бол сэтгүүлч.  

- Сэтгүүлч хүний хувьд ажил хэргийн тал дээр байнга баримталж явдаг зарчим юу вэ?

- Хүн хэлмэгдүүлчихвий гэж айдаг. Тэр тусмаа хүчгүй, чадалгүй хүнийг хэлмэгдүүлэхвий гэж их айдаг. Үзэгний үзүүр гэдэг чинь өөрөө хүчтэй зэвсэг. Санамсаргүй байдлаар чи бид хоёрын дунд тулаан үүсч болно. Бодит жишээ татаж яръя. 2019 оны аравдугаар сараас 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг гэж эмэгтэй бид хоёрын дунд бүтэн жил дамнасан тулаан болсон юм. Нэг талд төрийн өндөр албан тушаалтан, тэрбумтан. Нөгөө талд жирийн нэг сэтгүүлч. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би Livetv.mn сувгаар гурван эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг, П.Оюунчимэгтэй нүүр нүүрээ харж хийсэн нэг лайв, нэг хэвлэлийн бага хурал, дөрвөн мэдээ хийсэн байна. Энэ бол нүдэнд харагдах бодит зүйлүүд. Харин хөшигний ард жинхэнэ тулаан болж байгаа юм. Шүүх цагдаа, заналхийлэл, дарамт. Тэр бүү хэл хамт ажилладаг хүнээр хүртэл ятгуулах гэж оролдоно. Энэ тулаан бол тэр хүн бид хоёрын л асуудал. Үүний хөлд ХЭҮК-ын бусад ажилтан хэлмэгдэх ёсгүй. Ямар ч гэм буруугүй алба хаагч үрэгдэх ёсгүй гэсэн үг. Баримт цуглуулах үед нөхрийнх нь зургийг ил гаргах гэсэн дандаа жаахан хүүхэд тэвэрсэн зураг олдоод байсан. Гэтэл тэр хүний ач, зээ нь энэ хэрэгт ямар ч хамаагүй. Эмээ нь төрийн өндөр албан тушаалтан атлаа охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, тайчих үзүүлбэр хийдэг баар ажиллуулж байгаад хүүхэд нь буруугүй. Мөн ХАБУ зочид буудалд ХЭҮК-ын шинэ жилийг хийсэн тухай зургийг гаргахдаа хажууд нь байгаа хүмүүсийн нүүрийг нууж байгаа юм. Тэр хүнтэй хамт шинэ жилд оролцож зураг даруулсан нь хамт олных нь буруу биш шүү дээ. Аливаа нийтлэлийн дунд завсрын хүн хохирчихвий гэхээс болгоомжилдог. Гэм буруугүй хүнийг өртүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажилладаг.

- Дийлэнх хэвлэл мэдээллийн байгууллага хар бараан мэдээг шүүрч хандалт цуглуулж харагдах юм. Манай салбар соён гэгээрүүлэх үүргээ хэр сайн биелүүлж байна вэ?

- Манай ерөнхий редактор Д.Амартүвшин хэлдэг юм. Хэвлэл мэдээллийн салбар бол хөгжмийн оркестр. Хүн болгон өөр өөрийнхөө өнгийг тоглох ёстой. Будрагчаа бол эрэн сурвалжлахаар бичдэг бол эвэр бүрээ. Гадаад мэдээ бичдэг сэтгүүлч бол хийл. Хүнд хэрэгтэй нийгмийн асуудал шийдэх нийтлэл бичдэг бол төгөлдөр хуур. Энэ бүгд өөр өөрийн өнгөтэй байх ёстой. Аль нэг нь давамгайлж болохгүй. Жигдхэн бөгөөд тасралтгүй явж гэмээнэ энэ дундаас гоё хөг аялгуу гардаг юм. Нэг анхаарах зүйл нь хүн болгон өөрийн тоглож байгаа хөгжмөө байж болох хамгийн сайнаараа гаргах ёстой. Ингэж байж сайн баг бүрддэг. Дандаа үхэл хагацал, гэмт хэрэг бичээд байвал уншигч таашаал авахгүй. Байнга бүх зүйлийг гоё сайхан байна гэж сэнхрүүлээд байвал бодит байдалтай нийцэхгүй гэж хэлдэг. Энэ нь ч үнэн болов уу. Намайг хүүхэд байхад алдартай хүмүүсийн хөрөг, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэхээр амралт шиг санагддаг байлаа. Орчин үед нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр дагнан ажилладаг байгууллага ховор. Голдуу улс төр, хар бараан чиглэлээр контент бүтээх сонирхолтой. Энэ нь нийгэм буруу тал руугаа яваад байгаагийн нэг жишээ л дээ. Магадгүй бид сураад, хөгжөөд, хүмүүсийн амьдрал сайжраад, маргаашийн талхаа яах вэ гэж санаа зовохгүй болсон цагт хүссэн хүсээгүй хар мэдээ уншдаг хүн байхгүй болно. Гэмт хэрэг, хар бараан мэдээг тоохгүй. Мөнгөтэй хүн чинь өөрийгөө шаналгасан зүйлд дургүй байдаг юм. Тэд дандаа нэг өөрийг нь амраасан, тайвшруулсан, сурган хүмүүжүүлсэн юманд татагддаг. Энэ цаг мөч тун удахгүй ирнэ.

- Эрэн сурвалжлах төрлөөр бичдэг сэтгүүлчид байх ёстой чанар юу вэ?

- Зориг. Зориг байхгүй бол ухаан хүрэхгүй. Мөн тууштай байх. Зоригтой бөгөөд тууштай яваад байвал ямар ч эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн үнэний өмнө сөхөрдөг л байхгүй юу.

Баримт цуглуулах дээр шат дараа гэж бий. Дөнгөж сэтгүүлч болсон хүн нууцын зэрэглэлтэй, чухал баримтыг олж чадахгүй. Юугаа ч мэдэхгүй хүүхдэд баримт бариад очдог хүн гэж байхгүй. Энэ тохиолдолд юу эх сурвалж болдог вэ гэвэл нээлттэй мэдээлэл. Шилэн Цогоо шиг л байх хэрэгтэй. Нэг үеэ бодвол монголын төрийн байгууллагуудын материал нээлттэй болчихсон. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Энэ мөнгийг эрх баригчид зөв зохистой ашиглаж байна уу, өөрөө тансаглаад байна уу гэдэгт хяналт тавих үүднээс шилэн дансыг ухах хэрэгтэй. Мөн нэг арга бий.

Сонин, сайтын мэдээ уншаад, ерөнхийд нь шүүрдэж байхад маш чухал асуудлыг илээд орхичихсон, дурдаад өнгөрчихсөн тохиолдол байдаг. Үүнийг гярхай хараад өлгөж авч, цааш үргэлжлүүлж чадвал дараагийн баримтууд утас шиг хөврөөд л гараад ирдэг.

Амтанд ороод араас нь тууштай хөөгөөд явахад аяндаа эх сурвалж олдоно. Уншигчид чинь тэнэг хүмүүс биш шүү дээ. Хийж байгаа бүтээлийг чинь хараад энэ сэтгүүлч тууштай хөөцөлдөж, өөрчлөлт авчирч чадахаар хүн байна гээд баримтаа бариад ирдэг. Чиний хэзээ ч олж чадахгүй байх гэж бодсон нууц баримтууд өөрөө чинийх болдог. 2019 оны аравдугаар сар. Ачит Эхт гээд үйлдвэр байдаг. Энэ газарт ЕТГ-ын дарга байсан П.Цагаан гэж хүн эзэн болоод суучихсан, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгыг дангаараа эзэмшиж байсан юм. 2019 онд л гэхэд тэр хүний цэвэр ашиг нь 93 тэрбум хүрсэн. Энэ тухай нэвтрүүлгийг цацахад нийгэм даяар дуулиан болж, хэдхэн хоногийн дотор хэдэн зуун мянган хүн үзсэн. Манай редакц дээр хүний хөл тасрахгүй. Тэгсэн Будрагчаа сэтгүүлчтэй уулзмаар байна гэж нэг хүн ирээд надад А4-ийн хэмжээтэй цаас өгсөн. Монголын хөлбөмбөгийн холбооны U15, U17 насны ангиллын ахлах дасгалжуулагч Япон эмэгтэйн тус холбооны ерөнхийлөгч Х.Азжаргалд илгээсэн албан ёсны өргөдлийг зургийг нь дараад, хэвлэсэн байгаа нь тэр. МҮХХ-ны дасгалжуулагч нар охидыг хүчирхийлж, дарамт үзүүлдэг байсан зүй бус үйдлийн тухай өргөдөл. Магадгүй энэ баримтаар мэдээ бичсэн бол хоёр өдөр цахимаар сэвэгдээд л өнгөрөх байсан биз. Би энэ асуудлын учрыг олох гэж гурван сар явсан. Солонгос руу мэйл бичиж, хөлбөмбөгийн холбоон дээр очиж дүрс авахаас эхлээд баримт цуглуулахад маш их хугацаа орсон. Нөгөө захидал өгсөн хүн маань байн байн утасдаад нэвтрүүлэг гарах болж байна уу гэхээр болоогүй ээ, судалж байна л гэнэ. Сүүлдээ нөгөө хүний тэсвэр алдагдаад намайг баримтаа хөлбөмбөгийн холбоонд зарчихаж гэж хардсан байх. Хэн ч байсан хардана. Хөлбөмбөгийн холбоо баян байгууллага шүү дээ. Хохирогч хүүхдүүд ээж, ааваасаа айгаад яриа өгөхгүй байсан болохоор нэвтрүүлэг бэлэн болох хугацаа удааширсан гэхүү дээ. Аз болж тамирчин охидын дунд болсон явдлын талаар ганцхан охин ээждээ хэлсэн байсныг би олж уулзсан юм. Нэвтрүүлэг бэлэн болж, рэндэрлэж  дуусаад 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ний 18.30 цагт нэвтрүүлгээ цацсан. Яг энэ үед Монголын хөлбөмбөгийн холбооны дээд шагнал гардуулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа эхэлсэн. Энэ бол зориуд тааруулсан цаг хугацаа биш. Рэндэр дууссан хугацаа нь л тэр. Тэр нэвтрүүлэг бүүм болсны маргааш өглөө нь ерөнхий нарийн бичгийн дарга нь холбоонд ирсэн бүх өргөдлийг ёс зүйн хороонд шилжүүлсэн байдаг. Энэ дагуу дөрвөн цуврал нэвтрүүлэг хийж, холбоотой бүх хүн хариуцлага хүлээсэн. Мөн охид ямар ч айдасгүйгээр дуртай спортоороо хичээллэх боломж бүрдэж байлаа.

- Сэтгүүлч нар бичсэн нийтлэлээсээ болж цагдаагийн байгууллагад дуудагдах тохиолдол цөөнгүй. Туршлагатай сэтгүүлчийн хувьд сонин биш байх л даа. Анх бичсэн нийтлэлээсээ болж цагдаад дуудагдахад ямар мэдрэмж төрсөн бэ?

- Монголын мэдээ сонины Эрэнгийн албаны дарга байхдаа дуудагдсан юм байна. 2018 оны хоёрдугаар сард Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа гэж хүн албан тушаал дээрээ тасралтгүй 30 жил суусан. Бүх л бүтэн НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагын даргаар 30 жил ажилласан тохиолдол монголын түүхэнд ч байдаггүй юм билээ. Тэр хүн албан тушаалаа баяжих хэрэгсэл болгочихсон. Архивын хөгжлийн сан гээд ТББ байгуулаад, тэндээсээ төрийн байгууллагын бүх бичиг цаас, тоног төхөөрөмжийг худалдаж авдаг. Архивын газар чинь хэдэн мянган хуудас цаас материалыг үдэхээс эхлээд бичгийн хавчаар, шүүгээ, үзэг дэвтэр хэрэг болно. Энэ болгоныг нөхөр нь Хятадаас оруулж ирээд, эхнэр нь байгууллагадаа худалдаж авна. Үүндээ амтшаад өөр байгууллагуудад хүртэл оруулж ирсэн бараагаа шахдаг болсон талаар хөндөөд биччихсэн чинь намайг цагдаад өгчихсөн. Хамгийн ичмээр нь намайг хүн гүтгэсэн гээд хоёр сая төгрөгөөр торгож байлаа. Тухайн үед надад үнэхээр эвгүй байсан. Авдаг цалин минь хэд билээ, байрны лизингээ яаж өгдөг билээ. Гэтэл дахиад хоёр саяар торгуулчихдаг гээд л хэцүү байдалд орж эхэлсэн. Ганцхан энэ хэрэг ч биш ар араас нь хүмүүс цагдаад өгч, Анандбазар гэж хүний гомдлоор Иргэний шүүх намайг 10 саяар торгосон юм. Эрэнгийн сэтгүүлч байхаа больдог ч юм билүү гэж боддог боллоо. Тэгсэн гэнэт миний уур хүрээд, та нартай би нэгээ үзнэ гэж шийдээд жинхэнэ үзэж тарсан. Ёстой хайр гамгүй үзэлцсэн дээ. Намайг үндэслэлгүйгээр 10 саяар торгосон шүүгчийг би сахилгын хэрэг үүсэх хүртэл нь явсан. Бүх баримтыг дэлгэж, торгуулийг хүчингүй болгосон. Тэр цагаас хойш үг, үсэг бүр дээрээ онцгой анхаарах ёстой гэдгийг ойлгосон юм. Сэтгүүлч нарыг ганцхан үгэн дээр нь дөрөөлж унагадаг. Тэгэхээр авилгачдад олзлогдож болохгүй юм байна гэж бодоод нягт болж эхэлдэг юм билээ. Энэ нь цаг хугацааны туршид туршлага сууж байгаа нэг хэлбэр юмуу даа. Одоо ч гэсэн цагдаа, шүүхээс дуудах тохиолдол байдаг. Сүртэй тоогоод байдаггүй юм. Гэрчийн мэдүүлэг аваад л дахиж холбогддоггүй. Цаг хугацааны явцад хүн туршлагаждаг. Гэхдээ дунд нь маш их алддаг. Алдсан нь ч зүгээр. Алдахаас битгий ай гэж хэлье.

Бусад сэтгүүлч нарын нийтлэлийг унших нь сайжирч, хөгжих хамгийн сайн арга.

Бэлтгэсэн: М.Баасандэлгэр

9 Сэтгэгдэл:

  1. balai setguulch, tsag hugatsaa haruulah blgui de. mungunii setguulch өрөвдмөөр сэтгүүлч....

  2. Мөнгөний л сэтгүүлч шүү дээ.

  3. Зориг хүрэхгүй бол ухаан хүрэхгүй сайхан үг байна

  4. Amidraliin sorild elegdej bish erlegdej yawaa hun bna

  5. Хэвлэл мэдээлэлийн салбар сэтгүүлчид маш өндөр ёс зүйтэй байж иргэдэд хамгийн үнэн бодит мэдээлэлийг сайн судалж , хянаж боловсруулан хүргэх , өөрийн нэр хүндээ өсгөх зорилгоор болон хэн нэгний захиалгад тохируулж хувийн ашиг сонирхолоор бэлтгэж цацсан мэдээлэл бодит байдалаас хазайдаг , ХСҮТ-ийн энэ эмчийн гаргасан үйлдэлийн талаархи мэдээлэл хэт нэг талыг барьсан бодит баталгаагүй хүнд өвчтэй иргэнийг ашиглан иргэдийн эмзэг сэтгэхүйгээр наадсан мэдээлэл , худал үгийг мянга дахин давтахад үнэн болдог зарчимаар явчихлаа .... гэм зэмгүй ажилаа хийж буй шудрага олон эмч нарын нэр төрд халдсан үйлдэл .....!!!!!

  6. Mundag setguulch bnaa. Tsaashdaa ene niigmiin buzar bulai buhniig ilchilj tseverlej yavaarai. Amjilt husie.

  7. Bi zaluu setguulch tanii svvld hiisen хсүт iin emchiin tuhai eren surwaljilsang vzsen. Uurchlult hiihed nuluulj chadsang chni haraad vneheer ih baharhaj mergejildee dahin duralsan shvv Bayarlala

  8. Oorchlolt avchirsaan haa ch l bgaa eruul mendiin salbariin buglaa bsan. Havdar bol gazar avsan bsan daa

  9. Guren гэж шинэ өнгө аястай үнэхээр гоё сайт байдаг байсан. Тэр сайт хаачсан бэ. Менежмент сөйтай санагдаж бсан

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Үр бүтээмжтэй ажиллах ЭНГИЙН, ШАЛГАРСАН аргууд

Хэрэв та ажилдаа хандах хандлагаа өөрчилж, идэвх санаачлагатай хүн болж өндөр бүтээмжийг ажилдаа бий болгохыг хүсэж байвал хамгийн түрүүнд дараах үйл ажилгаануудыг өөрийн ажиллах арга барилдаа тусгаж өгөөрэй.

Цааш үзэх
Image 01
15

Цагаа үр дүнтэй удирдах энгийн шалгарсан 20 арга

Цаг хугацаа хэчнээн чухал болохыг бид мэддэг ч дийлэнхийг нь үр дүнгүй өнгөрүүлсээр байдаг. Тэгвэл энэ асуудалд таны амьдралыг бүр мөсөн өөрчилж болохуйц энгийн 20 аргыг танилцуулъя. Цаг хугацааныхаа удирдагч байцгаая.

Цааш үзэх
Image 01
14

LIFEHACKER | ИНСТАГРАМ ашиглан хэрэглэгчээ нэмэгдүүлэх нь

Инстаграм бол онлайн орчинд маркетеруудын хамгийн бага ашигладаг платформ юм.Уг нийгмийн харилцааны сүлжээ нь 200 сая гаруй хэрэглэгчтэй ч тэдгээрийн ердөө 29 хувийг маркетерууд бүрдүүлдэг байна.Мөн дэлхийн топ 100 брэндийн 59 хувь нь идэвхтэй ашигладаг тиймээс энэ бол онлайн худалдаагаа өргөжүүлж,брэндээ таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Цааш үзэх
Image 01
13

LIFEHACKER | "YOUTUBE STAR" болоход туслах бяцхан зөвлөгөө

Бидний хамгийн сайн мэдэх, хамгийн их ашигладаг алдарт Youtube бол БОЛОМЖ.

Цааш үзэх