image

FromINNA | Нууцлаг харцандаа дахиад л нууцаа хадгалчих шиг...

FromINNA залуу шүлэгч Л.Мажиггаравын бодол, мэдрэмжээс төрсөн шүлгүүдийг  болон  найрагчдын бичсэн дуртай шүлгүүдээ онцлон хуваалцаж байна. 

     Хэдэнтээ түүнтэй таарч байлаа. Таардаг газрууд нь шүлэг яруу найраг уянгалсан орон зайнууд... Бас хэдэнтээ түүний дуудах шүлгийг чимээгүйхэн сонсож суулаа... Алга ташмаар санагдахгүй харин гүн бодолд нухлуулаад үлдчихдэг юм... Нэг, хоёрын дугаараар тэмдэглэсэн даруухан хэдэн мөртүүд айхавтар бодлын утсыг дахиад л хөврүүлчихлээ. Үзүүрийг нь олъё доо

...

1.    ... ... Хөл хүнд эгчийнхээ

Хөлийг барихад гүн их тайтгарал мэдрэгдэв

Амьдрах гэдэг энэ ажээ... ...

2.    ... ... Харилцуурын цаанаас

Ээж минь өнөөдөр болоод маргааш болох зүйлсийн тухай

Хүүрнэн үгүйлнэ, тэр дандаа жаргалтай үгүйлнэ

Ээжийн жаргалтай ярианд  хөлчүүрхсэн аав минь

“Будан талд нь дуниартсан

Буурал аавын нутгаа хө” гээд л дуулна

Чихэнд сонсголонтой ер бусын тэр намуухан аясанд

Жижигхэн дүү минь эргэлдэн бүжнэ

Уулсын энгэрийг чимэн ургасан

Үзэсгэлэнт цэцэг адил тэр найгаад л... эргэлдээд л...

Бид харилцуураар ярих хугацаанд

Манай гэрт урлагийн үзлэг болдог

Би тэгж боддог

Манай гэр бүл урлагийн гэр бүл....

Тэд жүжигчид

Дуулж, бүжиглэж, шүлэг уншиж чаддаг

Харин уйлж, санааширч л чаддаггүй

Уйлахыг нь, санаашрахыг би олж хараагүй, олж сонсоогүй 

Тэдний нулимс, санаашрал, шаналант эмзэглэл

Намайг очихыг хүлээсээр, мөрөөдсөөр байгаад

Тэднийх биш болсон байх

Өөрийн минь тэргүүнд ургах

Өтгөн бүр өтгөн

Уртаас урт хилэн хар үс болчихсон байх

Энэ үсийг л тайруулж болохгүй юм шүү

Харилцуурын цаанаас

Тэд жүжиглэхээ больчих нь

Удахгүй очих өдрийг минь хүлээх зориг үгүй болчих нь... 

/Л.Мажиггарав/


 

Дуртай шүлгүүд: 

Түүнээс дуртай шүлгүүдийг нь бичүүлж аваад яагаад энэ шүлгүүдэд яагаад дуртай тухай мэдрэмжийг нь асуухад "сайхан болохоор нь дуртай шдээ" л гэсэн хариулт өгөөд инээвхийлэв. Нууцлаг харцандаа дахиад л нууцаа хадгалчих шиг...

 

       Ц.Бавуудорж “Хайрын романс”

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа
Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа
Нарийн цагаан хур хацар норгодог байлаа

Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа
Гогцоо гогцоо долгис цээжрүү урсдаг байлаа
Яруухан учралт газар цастын намар байлаа
Явуухулангийн нутаг цэнхэр манантай байлаа
Үүрийн шаргал туяанд чамайг дурсдаг байлаа
Үнэр ялдам цэцэгс анхил залуухан байлаа
Ус дамнасан бүсгүй цэнхэр дуу байлаа
Уулын морин харгуй буданд шургадаг байлаа

Од зүсэлсэн чи минь орь залуухан байлаа
Огторгуйн цагаан заадас зүрхэн дээр тусдаг байлаа
Навчис улаарах цагаар чамайг дурсдаг байлаа
Намрын цагаан хус түшиж суудаг байлаа
Цагны мөнгөн зүү чамруу заадаг байлаа
Цайвар сарны хөмсөг мөстөж хонодог байлаа
Хээрийн цагаан бороо сэтгэл норгодог байлаа
Хэвтсэн газрын өвс хуурай үзэгддэг байлаа

Цаст уулын намраар чамайг дурсдаг байлаа
Цармын цагаахан үдэш цэцгээр шуурдаг байлаа
Мартагдсан захидлын үгс дугтуйндаа гэрэлтдэг байлаа
Манан дундах сар марал шиг үзэгддэг байлаа
Нарны цэнхэр униар цээж дүүрдэг байлаа
Нандин залуу өдрүүд аяншиж буцдаг байлаа
Хангайн будант намраар чамайг дурсдаг байлаа
Харганын алтан үйсэнд саран шингэдэг байлаа

Орчих цагийн аяс сэвэгнэн үлээдэг байлаа
Одны гялгар туяа бодолд харвадаг байлаа
Үүрийн шаргал гэгээнд дуу зохиодог байлаа
Үеийн хонгор бүсгүйн мөрийг түшдэг байлаа
Уулын цагаан шөнөөр чамайг дурсдаг байлаа
Усанд үйсэн навчис мөнгөн бүрхүүлтэй байлаа
Хээр хөдөөгийн зам сэтгэлд дотно байлаа
Хяруу сүвлэсэн өвс хөх өнгөтэй байлаа

Дэнгийн шаргал туяа зүрхний дэргэд байлаа
Дэлхийн хөхөмдөг мандалд чамтай хоёулаа байлаа
Сөл тасрах цагаар чамайг дурсдаг байлаа
Сүрэг цэнхэр үдэш далласаар зөрдөг байлаа
Мөнхийн дурсамж бүтээсэн ариун учрал байлаа
Мөндрийн цагаан зурвас цайрсаар холддог байлаа
Хэн нэгэн бүсгүй дуулсаар буцдаг байлаа
Хэсэг цагаан манан сэтгэлд намарждаг байлаа

Цагаан өвс сэвэгнэхэд чамайг дурсдаг байлаа
Цасны будан хөшиглөсөн уулын намар байлаа
Цайвар үүлсийн нүүдэл цэнхэр хүрээтэй байлаа
Цамцны сувдан товч шинэхэн торгон дээр байлаа
Зүүрмэг шаргал орчлон цээжинд илхэн байлаа
Зүүдний шаргал хөндийд зөвхөн чи л байлаа
Аянч үүлс цавцайхад чамайг дурсдаг байлаа
Аясын хонгор салхинд сэтгэл ганхдаг байлаа

Дүрлэгэн алаг нүд зүрхэнд чимэг байлаа
Дүүрэн цагаан саран орчлонд хосгүй байлаа
Хөх өвс сэрчигнэх намарт дуртай байлаа
Хөнгөн шаргал үүлс чиний нутгийнх байлаа
Аниргүй гэгээн харцны чинь навчсыг би хөндөхгүй
Алтан бөмбөрцөг харцны чинь сартай зөргийг сэрээхгүй
Дотно урин сэтгэлийн чинь зандан балгаст зугаацахгүй
Долоон бурхан биеийн чинь мөнгөлөг гэрлийг нөмрөхгүй

Цэнхэр аадарт шөнөөр чамдаан би очихгүй
Цэлмэг үдшийн сарнаар чи минь наддаа ирэхгүй
Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

...

 

 

 А.Эрдэнэ-Очир  “Голын тохой дээр”

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж

Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү

Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж

Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод

Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө

Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж

Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад

Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна

Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж

Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд

Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой

Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа

Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

... 

Л.Өлзийтөгс "Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг"

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг

Хэтэрхий гунигтай

Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг

Түгшүүртэй, нэг л түгшүүртэй

Хайр гэдэг бол жаргалтай айдас юм

Хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм

Тэгээд тэмтчин тэмтчих атлаа

Зүүдээ өөрөө зохион байж үзээд

Түүндээ үхтлээ итгэхийн нэр юм

Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л

Цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

Хэн нэгнийг хайрлана гэдэг

Хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм

Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч

Хэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм

Энэ бол

Дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа амьдралын,

Цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм

Энэ бол

Нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй

Асар харанхуй гүн хонгил доторх

Хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах

Аяар аяархан зовлонт инээд юм

 

 

1 Сэтгэгдэл:

  1. mash ih taalagdlaa mundag ohin shvv amjilt

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Наоми Осака "Louis Vuitton" брэндийн шинэ дүр төрхөөр тодорлоо

“Louis Vuitton” брэндийн зүгээс Наоми Осакаг “олон талд хувирч чаддаг, бие даасан, орчин үеийн, LV брэндийг бүрэн тодорхойлж чадахуйц, бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий теннис тоглогчдын нэг" гэж тодорхойлжээ.

Цааш үзэх
Image 01
14

МОНГОЛ ХҮН БҮРИЙН МЭДЭХ ЁСТОЙ 20 УРТЫН ДУУ

Монгол ардын уртын дууны гайхамшиг дахин давтагдашгүй билээ. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно.

Цааш үзэх
Image 01
13

"Хүмүүсийг хайрлахаас илүү уран бүтээлч гэж байхгүй" | ВАН ГОГИЙН 10 ЗУРГИЙН ТУХАЙ

Винсент Виллем Ван Гог (1853 оны 3-р сарын 30 - 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач. Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.

Цааш үзэх
Image 01
12

FromINNA | ХУН-д дурласан ХҮН-ий өдөлсөн хайр

Хүн хүндээ дурладагаас бус хунд дурлаж байсан тохиолдол бий болов уу? Магадгүй ийм учраас л “Хунт нуур” зуун зуун дамжин хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар ирсэн байх. Зүгээр нэг хүн биш язгууртан гаралтай, зарц, шивэгчин, алиа салбадай, үзэсгэлэнт бүсгүйчүүд гээд хүний хүсэж болох бүгдтэй ханхүү гоо цагаахан хунд анхны хайраа өгч, ухаангүй дурладаг түүх. Дурлалынх нь эзэн хорон санаат хар хунгийн ид шидээр хун болон хувирсан үзэсгэлэн гоо гүнж. Урьд өмнө нь хэнд ч дурлаж байгаагүй хүн чин сэтгэлээсээ дурлавал хүн болж хувирах тавилантай Одетта гүнж. Ийм романтик үлгэр хөгжмөөр амилсан учраас “Хунт нуур” хамгийн хүчирхэг нь байж, хүн төрөлхтний түүхэнд бүтээгдсэн номер нэг байр сууриа хэнд ч алдахгүй ирсэн билээ.

Цааш үзэх