image

FromINNA | ХУН-д дурласан ХҮН-ий өдөлсөн хайр

Хүн хүндээ дурладагаас бус хунд дурлаж байсан тохиолдол бий болов уу? Магадгүй ийм учраас л “Хунт нуур” зуун зуун дамжин хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар ирсэн байх. Зүгээр нэг хүн биш язгууртан гаралтай, зарц, шивэгчин, алиа салбадай, үзэсгэлэнт бүсгүйчүүд гээд хүний хүсэж болох бүгдтэй ханхүү гоо цагаахан хунд анхны хайраа өгч, ухаангүй дурладаг түүх. Дурлалынх нь эзэн хорон санаат хар хунгийн ид шидээр хун болон хувирсан үзэсгэлэн гоо гүнж. Урьд өмнө нь хэнд ч дурлаж байгаагүй хүн чин сэтгэлээсээ дурлавал хүн болж хувирах тавилантай Одетта гүнж. Ийм романтик үлгэр хөгжмөөр амилсан учраас “Хунт нуур” хамгийн хүчирхэг нь байж, хүн төрөлхтний түүхэнд бүтээгдсэн номер нэг байр сууриа хэнд ч алдахгүй ирсэн билээ.



П.И.Чайковский амьдралдаа гурван балет туурвисан нь гурвуулаа хүн төрөлхтний түүхэндээ бүтээсэн шилдэг бүжгийн жүжгийн жагсаалтын эхний гуравт жагсдаг. “Хунт нуур”, “Шелкунчик”, “Нойрссон гүнж” гуравгүйгээр дэлхийн сонгодог урлагийн урын санг төсөөлөх ч аргагүй юм. 134 жил дэлхийн өнцөг булан бүрт жилд хэдэнтээ тоглогдохдоо “Хунт нуур” хэзээ ч үзэгчдийг уйдааж байсангүй. Харин ч түүнд шунан дурлах фанатуудын тоо өссөөр. Энэ бол хөгжмийн урлагаар дамжуулан хүний зүрхний утсыг хөндөх агуу ид шидийн хүч юм. Энэ бол үгээр илэрхийлж хэлж болдоггүй дотоод сэтгэлийн нарийн нандин мэдрэмжийг долоохон нотоор илэрхийлж болдгийн нууц юм.



Тиймдээ ч Чайковскийг сонсох тусам шунан дурладаг. Балетуудыг нь үзэх тусмаа Чайковский ямар зэвүүн юм бэ гэж өөрийн эрхгүй дуу алддаг. “Хунт нуур”-т бүжиглэж, балетчны хувьд орон зайгаа тодорхойлох орь хүсэл бүх бүжигчдэд байдаг. Тэгсэн хэрнээ сүнсээ зайлтал айдаг. Яагаад гэвэл балетын урлагт байдаг хамаг л хүнд, бэрх техникүүд чухамдаа “Хунт нуур”-ынх. Ялангуяа эмэгтэй хунгаас маш их хүч хөдөлмөр шаарддаг. Уран гоёмсог хүзүүтэй, усны мандал дээр хөвөх, үнэнч хайрын бэлгэдэл хунгийн дүрд хувирна гээд бод доо. Балерина байхын тулд хөл маш чухал гэдэг бол “Хунт нуур”-т бүжиглэх балетчины гар, нуруу, хүзүү маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
Цагаан хун дэвэлт ихтэй болохоор маш хэцүү. Хар хун нүдний хурц хөдөлгөөн ихтэй болохоор их ядардаг гэлцдэг. Мэдээж хар хунгийн па де де, алдарт 32 эргэлт балетчинаас хамгийн их тэсвэр тэвчээр, ур чадвар, техник шаарддаг оргил хэсэг нь.  

Яагаад 32 эргэлт тийм алдартай юм бэ. Бид 32 эргэлтийг догдлон хүлээж, зарим нь бүр амьсгаа даран тоолдог. Хамгийн анх хар хунгийн 32 эргэлтийг Италийн нэрт балерина Pierina Legnani 1895 онд хийж байсан гэдэг. Түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг балерина нарын нэгээр нэрлэдэг билээ. Legnani-ыг “Хунт нуур”-т гоцлохоо больсны дараа шинээр хун болсон балерина бүрийг түүнтэй харьцуулдаг байсан аж. Түүнийг одоо хэр нь хамгийн гайхалтай хун гэлцдэг хэвээр.  
 “Хунт нуур” чухам иймдээ л алдар хүндийн оргил дээр хоёр зуун дамжин балетчдыг ч, үзэгчдийг ч өөртөө дурлуулсаар, байлдан дагуулсаар ирлээ. Дээр нь хөгжим байна. Чайковскийн хөгжим эгэл хүнээс гарамгүй этгээд сонин мэдрэмж дүүрэн аялгуу урсгадаг. “Шелкунчик” нь өхөөрдөм, хөөрхөн Маша охины сэтгэлийн шаналалыг тэр гэхийн аргагүй хөгжмөөр илэрхийлдэг. Цасан охидын бүжиг гээд хүйт оргисон хөгжим “Шелкунчик”-ийг үзсэний дараах лав долоо хоног зүрхнээс хонх уяна даа. Харин “Хунт нуур” бол хэтэрхий хүчирхэг, хүйтэн жихүүн. Амьдралаас хол хөндий хэрнээ сэтгэлд ойр. Өхөөрдөм дөрвөн хунгийн бүжиг, хар хунгийн хэсэгт гардаг айдас түгшүүрийн гэмээр аялгуу хэдэн өдөр аманд хүлхэгдэнэ.

Сайн балетыг яаж ялгах вэ? Хариулт нь маш энгийн. Тухайн балетыг үзчихээд танхимаас гарахад аманд чинь, тархинд чинь, зүрхэнд чинь нэг аялгуу үлдсэн бол сайн бүтээлийн шинж. Тэгвэл “Хунт нуур” хэдэн өдрөөр зүрхэнд бүжнэ. Сонгодог урлаг ийм л гайхамшигтай эд. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөж байдаг. “Хунт нуур” гэхэд л анхны тавилтаараа үзэгчдийн төдийгүй Чайковскийн сэтгэлд хүрээгүй гэдэг. Социалист Оросын түүхэнд эл бүжгийн жүжгийг хориглож байсан ч үе бий. Гэтэл 21-р зууны өндөрлөгөөс эргээд харахад “Хунт нуур”-ыг гүйцэх балетыг хүн төрөлхтөн одоогоор бүтээж чадаагүй байна. Ийм гайхамшигтай бүтээлийг энэ зургадугаар сард эх орондоо таван тивийн цэл залуухан балетчдыг цуглуулж, элэг нэгтнүүддээ сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн, залуу гавьяат Д.Алтанхуяг тоглолтын хөтөлбөртөө сонгож аван, өөрөө гоцоллоо. 

П.И.Чайковский эхнэргүй хүн байв. Түүний хувьд хайр дурлал, гэр бүл нь хөгжим байлаа. Магадгүй тийм учраас ханхүү Зигфридийг хунд дурлуулсан хачин жигтэй хөгжмөө зохиосон байж болох юм.
“Хунт нуур”-ын ихэнхи тавилт нь Зигфрид ханхүү төрсөн өдрийнхөө үдэшлэгийн дараа гэнэт хунд дурласанаар жүжиг үргэлжилдэг. Эх зохиол дээрээ үдэшлэгийн дараа ханхүү уйтгар гунигт автсан хэсэг байдаг бөгөөд энэхүү монолог бүжгийг голцуу Америк зүгийн театрууд тавьдаг бол бусад нь алгасаад шууд ангийн хэсэг рүү ороод явчихдаг. Манайд ч мөн адил. Харин энэ удаад Д.Алтанхуяг гавьяат ханхүүгийн монолог бүжгийг хийсэн юм. Ганцаардсан сэтгэл, байгалийн мэдрэмж, байгалийн амьтан-хүний инстинкт бүхэн энэ хэсэгт хөгжим, хөдөлгөөний зохиоцлоор гайхалтай илэрнэ.

Тэргүүн цагаан хун Одеттад Япон балерина Миса Куранага, Зигфрид ханхүүд Д.Алтанхуяг гавьяат, хар хун Оделлияд Америкийн бүжигчин Уитнье Женьсон, хар санаат шидтэн Родбард шувууны дүрийг Куба улсын Родриго Алмаралес нар гоцолж, Стэнфордын удирдаач Шен Дон Кей дохилоо. Үүгээрээ энэ удаагийн “Хунт нуур” ялгаатай. Бусад нь манай театрын тайзнаа жилд арваад удаа тавигддаг тэр л хэв маягаараа. Харин үзэгчид нь манай дээдсийн хүрээнийхэн, тэр бүр театрт үзэгдэж харагддаггүй эрхмүүд. Эндээс алдар хүнд гэдэг юутай чухал зүйл болохыг харж болохоор. Жирийн үед 6 мянган төгрөгийн үнэтэй тасалбар Д.Алтанхуяг гоцлох учраас 70 мянга хүрч, ердөө цагийн дотор зарагдаж дууссан гэж байгаа.
Орос, Болгар, өөр хаана ч биш эх орондоо балетын боловсрол эзэмшсэн, Дуурийн ягаан байшингийн унаган балетчин Д.Алтанхуяг өдгөө Америкийн “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж буй. Тайзан дээр гарахаараа салхи шуурга мэт, аянга цахилгаан лугаа эрч хүчтэй болчихдог залуу гавьяат залуу насны ид хав, байгалиас төрмөр авьяас юугаар дэлхийн сонгодог урлагийн дэвжээнд “зодоглож” басхүү гайхуулж яваа. Чансаагаар дэлхийн шилдэг 10 балетчны тоонд багтдаг тэрээр энэ удаад эх орондоо “Балетын хөгжил” сан байгуулж, нээлтээ алдарт “Хунт нуур”-аар эхлүүлсэн нь энэ юм.

1 Сэтгэгдэл:

  1. Love ya'll

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Наоми Осака "Louis Vuitton" брэндийн шинэ дүр төрхөөр тодорлоо

“Louis Vuitton” брэндийн зүгээс Наоми Осакаг “олон талд хувирч чаддаг, бие даасан, орчин үеийн, LV брэндийг бүрэн тодорхойлж чадахуйц, бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий теннис тоглогчдын нэг" гэж тодорхойлжээ.

Цааш үзэх
Image 01
14

МОНГОЛ ХҮН БҮРИЙН МЭДЭХ ЁСТОЙ 20 УРТЫН ДУУ

Монгол ардын уртын дууны гайхамшиг дахин давтагдашгүй билээ. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно.

Цааш үзэх
Image 01
13

"Хүмүүсийг хайрлахаас илүү уран бүтээлч гэж байхгүй" | ВАН ГОГИЙН 10 ЗУРГИЙН ТУХАЙ

Винсент Виллем Ван Гог (1853 оны 3-р сарын 30 - 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач. Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.

Цааш үзэх
Image 01
12

FromINNA | Нууцлаг харцандаа дахиад л нууцаа хадгалчих шиг...

FromINNA залуу шүлэгч Л.Мажиггаравын бодол, мэдрэмжээс төрсөн шүлгүүдийг болон найрагчдын бичсэн дуртай шүлгүүдээ онцлон хуваалцаж байна.

Цааш үзэх