image

Гэр хорооллын гэгээлэг өдрүүд | Хүн өөрийнхөө бүтээсэн орчинд жаргалтай амьдардаг

Өглөөний зургаан цаг. Яг энэ цагаар гэр амнаас уур савсам хүйтэн байдагсан. Ес эхэлсэн бол ярих ч юм биш. Монгол гэр хаяанаасаа эхлээд сийгэх оргино. Аз болж манай аав хаяагаа сайн манадаг тулдаа газар унтсан ч сийгэх юмгүй нь сайхан.

Өглөөний хэсэгхэн жаврыг давчихвал манайх байрны айлаас дулаахан өнжинө. Нойр сэргээд босох гэсэн ч дулаан хөнжилнөөсөө өндийж чадахгүй атийж хэвтэх зуур ээж бушуухан орноосоо өндийж саарал малгайгаа өмсөв. Юу юугүй малгайгаа толгой дээрээ шидчихдэг нь манай ээжийн зан. Нүд ирмэхийн зуур өөрийгөө хувцаслаад, зуухны өмнө өвдөглөж суугаад сурамгай гэгч нь үнсээ аваад гарна. Хоёр гар нь чөлөөгүй хэрнээ гэрийн хаалга, үүдний амбаарны хаалгыг тун эвтэйхэн нээж хаана. Ээж боссон л бол гэр пөнхийх нь хэдхэн минутын асуудал. Гэрээ дулаацахаар бос гэж эрхлүүлдэг ээж минь дүү бид хоёрыг нэг ч удаа хүйтэн гэрт босгож байгаагүй билээ. Өвөл хаалгаа дэлгэж унтдаг манайх шиг айл байдаг болов уу. Орой унтахдаа хувин нүүрс хийхээр, шөнө дунд айхтар халуун болно. Бүгд газар гудас хаяж цувж хэвтэнгээ нэгнийхээ улайж чимчийсэн нүүрийг хараад шоолно. Манай аав халуун үзэхгүй ээ. Гүйж босоод тоононы хаалтаа нээнэ. Бүр болохгүй бол хаалгаа дэлгэнэ. Ингэхээр үүрээр гэр хөрөхгүй гээх яах вэ дээ. Манай ээжийн гялалзуурыг хэлэх үү. Нүүр халуу оргиод л, гэр дулаацаад эхэллээ. Дүү сэрж элдвийг ярьж, инээд хөөр болоод. Ээж цай тавингаа өчигдрийн хийсэн сэгсгэр цуйванг халаагаад л. Сүүтэй цай, хоносон цуйван хоёр яг л манай аав ээж хоёр шиг л сайхан зохицно. Босч ороо хураагаад, давсагаа суллаж, нүүр гараа угаах гээд дүү бид хоёрын ажил дуусахгүй. Ядахад бушуухан хөдөлчихгүй хошин шогийн хэсгүүд  дуурайж мар мар гэсээр байтал ээж цайгаа уу гэж урина. Аав бид хоёрыг хараад толгой сэгсэрнэ. Та хоёр бүтэхгүй ээ. Ямар юмандаа нак нак хийгээд савж ойчоод байдаг юм бэ гээд өхөөрдөнгүй харна. Манай дүүгийн шооч гэж жигтэйхэн. Эмэгтэй юм байж алиа гэж яаана. Шинэ юм үзүүлж болохгүй. Өлгөж аваад л тоглоом наргиан болгоно шүү дээ. Манай удамд лав чам шиг өдөр шөнөгүй утсаараа оролдсон хүн байхгүй шүү гэсэн чинь нээх удмаараа утастай байсан ч юм шиг гэдэг онигоо дүү бид хоёрын аманд оржээ. Сав л хийвэл манай удамд тань шиг, чам шиг ... Ингэж тэгсээр сая нэг юм өглөөний ариун цэвэр сахиад ширээ тойрж суулаа. Ээжийнхээ гарын хоол цайг идсэн бол тэр өдрийн өлийг хангалттай даана. Мэдээж дүрмийн дагуу аав хоолны мөнгө өгнө. Нэмээд номны мөнгө, анги засварын мөнгө тэргүүтэй татваруудаа аваад сургуулийн зүг гарна.

Аавын мөнгө дуусдаггүй. Биш ээ, аав охидуудаасаа юугаа ч харамлахгүй.

Сургууль төгсөөгүй байхдаа аав сургуулиас мөнгө нэхлээ гэхээр шар таксигаа унаад халтууранд гардаг байсансан. Үүрээр намайг гарахын алдад орж ирнэ. Аавын машин гудамжаар эргэхийг ээж андахгүй. Саарал малгайгаа өмсөөд, хоолоо гал дээр тавина. Нүд нь гархилсан ч донжтой инээсэн аав минь үүдэнд тавьсан шалны алчууран дээр хэсэг зогсоно. Цас чигжсэн арзгар ултай гутлаараа шавхай тарихгүй гэж тэр. Угаасаа ээж цагаан шаргал хулдаасаа худалч хүнд нүүр харагдмаар болтол нь цэмцийлгэжээ. Аав ширээн дээр сууж цай амсангаа зузаан гэгч нь задгай мөнгө тоолоод, гайгүй шинэвтэр бүхэл мөнгийг нь надад өгнө. Болох уу, хүрэх үү. Энийг авах уу гэж эвлэгхэн асууна. Эвий дээ, миний аав биднийг юугаар ч дутаадаггүйсэн. Ээж том охиндоо өвлийн гутал авахгүй бол гэж хэлээд маргааш нь орны хөлд шинэ, гоё гутал намайг угтана. Одоо бодохнээ, бидний аавууд лав гэрт байдаг хүсэл биелүүлэгч өвлийн өвгөн байхаа. Ээж, дүү бид гурав гэртээ үлдэхдээ ааваас хуурай идэх юмны мөнгө авна. Нэг уут боов, дундын савтай кола, гурван шүгэлтэй модон чихэр авсан байхад тэр өдөртөө данга. Ээж дандаа гоё хоол хийдэг. Махгүй өдөр ч төмстэй хуушуур хийгээд аав бид гурвыг тансаглуулна. Талх масло, сүү, гурван маруужин бариад орж ирэх аавынхаа дүрийг. Гудамжны үзүүрээс хоёр гартаа дүүрэн тортой өгсөж ирэх ээжийнхээ дүрийг бодохоор сэтгэл дулаацдаг юм. Бидний ээж аав амьдралыг нуруун дээрээ үүрдэг эгэл баатрууд ажээ.

Дүүтэйгээ хамт усанд явна аа. Замдаа худгийн хажуу талын сааданд орж гулсуур, савлууран дээр сууна. Хамар хашааны найзуудтайгаа таарна. Бас дэлгүүр орж ганц ганц бабулай, шивээстэй бохь, хорийн чавга гэх мэт чамин амттан авна. Ээжийн угаалга хийх өдөр тул дүү бид хоёр ус зөөх нь ойлгомжтой. Дээшээ чи түр, доошоо би түрнэ гэж тохиролцоод худгийн зүг явна. Хүн болгонд л худагтай холбоотой гоё дурсамж байдаг биз. Усанд явах чинь өөрөө олон нийттэй харилцаж байгаа том хэлбэр шд. Тиймдээ ч хөвгүүд усанд явахдаа гангалдаг байх. Хоёр шар саваа түрээд гудамж өгссөн хүүхэд нас минь туйлын жаргалтай өнгөрчээ. Намайг жаахан байхад лав шил авна гэж орилдог хүмүүс байсан. Дүү бид хоёр ундааны саваа өгөхөд нэг удаа доод дэлгүүр орох мөнгөтэй болно. Тэрүүхэн тэндээ хөөрхөн хүнс цуглуулаад гэртээ айл гэр болж тоглох шиг жаргал үгүй. Орой ээжийг ирэхийн өмнө махаа гаргана. Дөрөвдүгээр ангидаа сайн охин болох гэж төрөл бүрийн банштай шөл хийв ээ. Будаатай, ногоотой, махтай банш гээд л. Гэвч махнаас бусад банш нь түүхийрсэн л дээ. Аргагүй шд, будаагаа агшаагаагүй, бас ногоогоо чанаж болгоогүй болохоор яаж олигтой юм болохов. Аав хоол голдгийг ч хэлэх үү. Тэр өдрөөс хойш ээж оройн хоолоо өөрөө хийнэ. Аавыг байхгүйд бид гурав нууцаар гоймондоно. Одоо бодохоор ямар гоё цаг үеийг туулаа вэ.

Мартагдашгүй дурсамж бидний энгийн өдрүүдээс ирдэг ажээ.

Хогны машины дуунаар ээж ум хумгүй гарна. Араас нь дүү бид хоёр гарч бараа болно. Манай дүү намайг бодвол хүчтэй болохоор ээжид илүү нэмэртэй. Хийхийг нь та хоёр хийж, ёолхыг нь би ёолно гэдэг шиг хошуу нэмэх ажилдаа би сайн. Угсруулаад ээж хашаагаа цэвэрлээд эхэлнэ ээ. Амбааруудаа ухаад л, хог новшоо хаяад. Айлын новш барагддаг биш. Хаях гэхээр хаяж болохгүй, авах гэхээр авч болохгүй сонин сонин юмнууд. Ээж л шатаа, хая, хэрэггүй, тэрэнд өг, энэнд өг гэж овоолоод. Дүү бид хоёр наанаас нь энүүгээр тоглоно шдэ ээж, энийг өмсөнө шдэ ээж, энийг хаяж яахын бэ гэх мэтээр шомбодно. Энэ их ажлын дараа уламжлалт ёсоор банштай будаатай цай чанана. Овоо ажил нугалсан гэсэн шиг хөлсөө гартал цай уугаад орон дээрээ тэрийж хэвтэнгээ зурагтаа үзнэ.

Цагаан сар, шинэ жилээр миний хамгийн сайн хийдэг ажил бол гэр шүүрдэх билээ. Гэхдээ хашаагаа шүүрдэж чадахгүй л дээ. Ногоон шүүрээ даадаггүй юм. Хөнгөн болохоор дүүгээрээ өргүүлж гэр дээр гарна. Эхэндээ овоо шүүрдэж байснаа нэг мэдэхэд уулын бараа харангаа цоо ширтэж сууна. Эсвэл хажуу айлын хашаан дотор юу болж байгааг сонирхож, аан эндээ нохойны үүр, тэндээ жорлонтой юм байна. Пүү эдний яндангаас пад хар утаа гарч байна. Лайтай айн, хэзээ эднийх сагсны шийдтэй болчхов гэх мэтээр үндсэн ажлаа мартана. Тоононы цаанаас ээж миний охин яаасан бэ, салатны төмс арилга гэх дуунаар сая нэг гэр шүүрдэх ажлаа дуусгана. Дээгий, дээгий гэж багалзуураа шахан муухай  орилох зуур манай дүү та ямар боож үхэх гэж байгаа ямаа юу гээд хөхөрсөөр гарч ирнэ. Жаахан байхдаа бие засахдаа ноолийн цаасаа мартчихна. Ингэж хэлвэл цаас гэсэн үг шүү, хүмүүс сонсвол цаас аваад ир гээд онигоо шдэ гэж тохирдог байж билээ. Тэр жижигхэн бамбагар охин өдрөөс өдөрт л том болоод байх юм. Тэгсэн ч бид хоёр одоо дэлгүүр ороод гудамжаар уруудахдаа хуучнаараа. Ер засарсан юмгүй, нисэхийн гудамжаар дүүрэн инээлддэг.

Гэр хорооллын амьдрал сайхан. Тэнд үнэн буцалсан амьдрал өрнөж байдаг. Угаар үнэртэж, өмхий жорлон тойруулсан гэж шүүмжлэх хэрэггүй. Гэр бүлийн хайр, халуун дулаан уур амьсгал тэндээс ундардаг. Жинхэнэ арчаатай амьдрал, хөдөлмөрийн үйл явц тэнд бүрддэг юм. Хашаандаа гэр бариад, гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах сонголт хүн бүрт бий. Заавал тансаг хотхоны, өндөр байранд жаргалтай амьдардаг гэвэл худлаа. Хүн өөрийнхөө бүтээсэн орчинд л сайхан амьдардаг. Зуны орой нар шингэх цагаар гадаа пийшин дээр шинэ хонины гэдэс чанангаа элдвийг хуучлах юутай сайхан.

Хаана амьдарч байгаа нь хэний ч жаргалтай аж төрөхөд саад болдоггүйг санаарай. Засч, янзалж, өөрчилж, сайжруулж, хөгжүүлэх боломж гэр хорооллын иргэн бүрт байдаг. Хашаандаа сайхан амьдаръя!

Сэтгүүлч: М.Баасандэлгэр

Гэрэл зургийг: Ц.Түмэнбаяр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
25

ГАЗАР БОЛ БАЯЛАГ | ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Газар бол байгалийн чухал нөөц баялаг бөгөөд амьдралын эх үүсвэр, нийгмийн оршин тогтнол, үйл ажиллагаа явуулах үндэс болохын зэрэгцээ хамгийн гол нь өмчлөлийн зүйл, үйлдвэрлэлийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт, бизнесийн эх сурвалж болдог. Газрын нөөц бол хязгаарлагдмал, харин хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй гэдгийг харгалзан түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны хөгжил, түүний дотор хувь хүмүүсийн амьдралд чухал ач холбогдолтой юм.

Цааш үзэх
Image 11
17

Өөрийнхөө гараар гэртээ зориулсан гар урлал, чимэглэл | Бүтээлч санаанууд

Гэртээ цаг зав зарцуулах боломжтой байгаа энэ үед гэрийн чимэглэлээ өөрөө хийж, туршиж үзээрэй. Өөрийн гараар хийх боломжтой жижиг зүйлүүд нь таны гэрт тав тухыг бий болгох гол хүчин зүйл болдог. Тэдгээрийн ихэнхийг хийхэд тийм ч хэцүү биш. Бага зэрэг төсөөлөл, бүтээлч урам байхад та гайхалтай бүтээлч зүйлс хийж чадна.

Цааш үзэх
Image 11
11

“Нэгнээ гэсэн сэтгэлтэй, нийлээд давах итгэлтэй байхад БУСАД НЬ АЯНДАА БҮТДЭГ”

Бүх зүйл нийлээд 15 сая төгрөгөнд багтжээ. Тухайн үед эхнэр нь зургаан сартай бие давхар байсан хэдий ч ар гэрийнхээ ажлыг огтхон ч түүртэлгүй амжуулав. Бүх зүйл бэлэн болсны дараа нөхрийнхөө ажлын 14 хоногийг хуруу тоолон хүлээж, түүнийгээ ирэхээр бушуухан гэртээ орохсон гэхээс хойр нь хүрдэггүй байснаа Баярмаа ярьлаа.

Цааш үзэх
Image 11
09

Өөрсдийн гараар босгосон амьдрал илүү үнэ цэнэтэй | Доороос дээш зүтгэсэн амьдралаас хожмын дурсамж үлддэг

Хосууд өнгөрсөн оны зургадугаар сард Бэлхийн эцэст хуучин байшинтай хашаа худалдан авчээ. Нам гүм, цэвэр агаартай, зуслангийн зориулалттай болохоор амьдархад таатай, сэтгэл амар байдаг гэнэ. Хүмүүс хотын төвөөс зайдуу гэдэг ч тэдний хувьд хотын төв рүү ажилдаа очих тийм ч хэцүү байдаггүй.

Цааш үзэх