image

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хүнд арьс ширээр хэрхэн гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе. 

- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа

- Сайн, сайн байна уу? Намайг урьсанд баярлалаа.

-  Та бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

- Намайг Доржийн Мөнгөн гэдэг. Улаанбаатар хотын унаган иргэн. Хүүхэд байхаасаа л зурах сонирхолтой байсан. Арван жилээ зургийн сонгоны анги төгсөөд дүрслэх урлагийн сургуульд уран зургийн ангид сурч байлаа.

 

- Хөл хорионы эдгээр өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

- Улсаас гаргасан шийдвэрийн дагуу халдвар ариутгалын дэглэмээ сайн сахиад гэртээ ажлаа хийгээд л байж байна даа. Удахгүй цаг сайхан болох байхаа. 

- Хэзээнээс ийнхүү гөлөм хийдэг болсон бэ?

- 2006 онд анх бөхийн монгол гутлын  түрийний боолт оёж эхлээд 2007 оноос эмээлийн гөлөм оёж эхэлсэн.

 

- Ийм төрлийн зүйл урлахад гарын ур дүй басхүү хэд хэдэн чухал чадварууд шаардлагатай. Та хэрхэн эхэлж байсан бэ? Мөн нөлөөлсөн хүчин зүйл?

-  Өмнө нь хэлсэнчлэн багаасаа зурах, сийлбэр хийх гар урлалын зүйлд их сонирхолтой хүүхэд байсан болохоор одоогийн хийж байгаа зүйлсээ амархан сурсан. Миний том ах мөн л гар ур дүйтэй, урлалаараа олонд хүндлэгдсэн хүн бий. Ах 1990 оноос хойш эмээлийн дөрөө, баавар, гөлөм  гэх мэт морины эд хэрэгсэл урлаж эхэлсэн нь миний хобби болсон. Алтны дэргэдэх гууль шарална гэдэг дээ /инээв/. Энэ л ийм төрлийн урлал хийхэд гол түлхэц болсон нөлөө байх. 

- Таны удмын өвлөсөн ур чадвар уу?

- Манай өвөө, аав гарын ур дүйтэй хүмүүс байсан. Аав сийлбэр хийдэг, техник, цахилгааны мэдлэгтэй, бүх төрлийн зүйлсийг төвөггүйхэн засчихдаг байлаа. Тэр нарийн чадвар нь үр хүүхдүүд нь өвлөгдөж ирсэн байх гэж боддог.

- Таны үйлчлүүлэгчдийн дийлэнх?

- Ихэнх захиалагчид урд хөрш буюу Өвөрмонголчууд байдаг. Харь улсад харьяалагддаг элгэн саднууд маань монгол эд агуурсд илүү хүндэтгэлтэй хандаж хэрэглээгээ нэмж байгаа нь бахархууштай. Мэдээж манай хөдөөний малчин ард иргэд ч бас авдаг.

 

- Таны өөрийн сонирхлоороо хийдэг зүйлс ганц нэгээр ч тогтохгүй харагдсан?

- Тиймээ. Өмнө нь хүүхдийн буриад гутал, эсгийн тавчик оёхоос эхлээд модоор морин хуур гэх мэт бэлэг дурсгалын зүйлс, арьсан дээр зураг зурах,  ясны сийлбэр хүртэл хийдэг байлаа. Саяхан арьсан дээр фактур цохиж цүнх түрийвч нэг удаа хийж үзсэн болмоор юм шиг санагдсан. Шинэ хоббитой болсон /инээв/. Гэхдээ одоогоор гөлмөө дагнаад хийж байгаа. 

- Яагаад заавал монгол эд хэрэгслийн өв соёлыг хадгалж, үргэлжлүүлэх энэ ажлыг эхлүүлсэн юм бэ?

- Манай монголчууд дээр үеэсээ адууны эдлэл хэрэгслэлээ өөрсдөө хийсээр ирсэн одоо ч гараар хийдэг хүмүүс цөөн биш болсон байна. Адуун соёл монголчуудын салшгүй нэг том соёл юм. Адуу хийморьлог амьтан учраас би хийж байгаа зүйлдээ их дуртай.  Миний гөлөм хийж байгаагийн цаад нэг санаа нь адуун соёлоо хөгжүүлээсэй, өв уламжлалаа бүү мартаасай гэсэн санаа юм аа.

- Энэ төрлийн урлал эмэгтэй хүн хийхэд хэр хүндрэл бэрхшээлтэй вэ?

- Зузаан арьсыг нэг бүрчлэн шивдэг. Энэ нь эмэгтэй хүн нэлээн хүнд л дээ. 

- Нэг гөлөм хийхэд хэр хугацаа шаардагддаг вэ?

- Ганцаараа хийхэд 7~10 хоногт нэг гөлөм гарчихна.


 

- Хэрхэн яаж худалдаа борлуулалтад гаргадаг вэ?

- Хувийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан онлайнаар захиалга авдаг. Мөн Нарантуул захад бөөндөж зардаг. Тэгээд урд хөрш рүү явуулдаг.

Д.Мөнгөний фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/munguu.munguu.7140

- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цаашдын зорилго?

Төрөл бүрийн гар урлалын цех байгуулж бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, тодорхой ажлын байр бий болгох зорилготой.

- Хийж буй ажлаасаа авдаг мэдрэмжээ хуваалцаач?

Үхрийн шир, арьс, сарьсыг хэвлээд, хээ угалз болгоод шивж оёод өөрийн гараар бүтээл болгоод харахад сайхан байдаг. Ямар сайхан моринд очиж, гангараа нь болох болоо гэж бодож гараа гаргаж урладаг.

Урд нь юм хийх гэхээр материалын олдоц муутай байсан, харин одоо юуг л бол юуг ч хийх боломжтой болсон байна. Ялангуяа энэ үнэгүйдээд байгаа малын гаралтай түүхий эдээ  боловсруулж ажлын байрыг өөртөө бий болгож өрхийн амьжиргаагаа дээшлүүлэн өв соёлоо хадгалж хойш хойшдоо залгамжлуулан үлдээе.

- Баярлалаа 

7 Сэтгэгдэл:

  1. Minii nz vnheer uranshvv amjilt nzdaa

  2. Гайхалтай. Үнэхээр уран шүү. Амжилт хүсье💖

  3. Янзтай.Эд нь юу гэдэг билээ эзэн нь мөнх байх болтугай.

  4. Мундаг хөдөлмөр ч бүсгүй шүү дээ.Амжилт аз жаргал хүсье.

  5. Сайн бнауу та.Тандаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.зорилгодоо төдийгүй дэлхий дахинд нэрээ гаргасан мундаг уран бүтээлч болох болтугай.Амьдралд нь ажилд нь хамгийн сайн сайхныг хүсье

  6. Уран гартай дүүдээ баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье Бид маш их баярлаж байна бид бүгд маш их хайртай хүнд хэцүү цаг үед ажилтай, зорилго той байна гэдэг сайн байна

  7. Хөөх ямар уран гартай бүсгүй вэ? Гөлөм нь маш сайхан харагдаж бн. Уран гартай бүсгүйд цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье.

Сэтгэгдэл илгээх

Image 02
05

Г.Мөнгөн: Хэрэгжүүлж чадахгүй бол ямар ч төлөвлөгөө гаргах хэрэггүй

Интернэтийг зөв эсвэл буруу ашиглах нь хувь хүний амьдралын зохион байгуулалтаас хамаарна. Интернетэд хэтэрхий их цаг зарцуулах нь буруу гэж хэлээд нэмэргүй. Зарим сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглож байна гэсэн. Хориглосон ч гэсэн бид интернэтийн эрин үед амьдарч байгаа учраас хэрэглэж л таарна.

Цааш үзэх
Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх