image

БЭЛГИЙН БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЗӨВ МЭДЛЭГИЙГ БАГА НАСНААС НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

 

Эрүүл мэндийн боловсрол тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол бол онол биш. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар өсвөр үеийнхэн 60 хувь нь нөхөн үржихүйн үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй, 37 хувь нь эрүүл мэндийн багш, 47 хувь нь олон нийтийн телевиз, 44 хувь нь найз нөхдөөсөө БЗХД, ХДХВ/ДОХ болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг тодорхой хэмжээгээр авдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн өөр нэгэн судалгаанд анх удаа бэлгийн хавьталд орсон 15-17 насныхны 80 хувь нь энэ талаар ямар ч мэдлэггүй байсан байна. Бэлгийн замын халдварын судалгааг 15-18 нас, 18-23 нас, 23-25 нас, 25-35 насныханд явуулахад 15-18 насныхны дунд бэлгийн замын өвчлөл, жирэмслэлт, үр хөндөлт хамгийн их байгаа нь тогтоогджээ. Энэ бүх судалгааны үр дүнд ганц л үр дүнд хүрч байгаа нь өсвөр насныханд бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Тэд хэтэрхий нээлттэй юм шиг хаалттай байдлаар хүмүүжиж байна.

Монголд бэлгийн харьцаанд орох нас жилээс жилд залуужиж байгаа болохоор хүүхэд, өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн талаар өгөх боловсролдоо анхаарах цаг нь болжээ. Гэхдээ уг боловсролыг зөвхөн сургууль, сурган хүмүүжүүлэгчдэд даатгах нь өрөөсгөл ойлголт юм. Хүн төрж бойжих, өсч хүмүүжих анхны гол орчин нөхцөл бол гэр бүл.

Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд: “Хамгийн түрүүнд зөв мэдлэгийг эцэг эхчүүд өгч, багаас нь сайн ярилцдаг байх хэрэгтэй. Аливаа амьтанд эр, эм хүйс байдаг гэдгээс эхлүүлээд дөрөв, таван настайгаас нь шат дараалалтай ойлгуулах хэрэгтэй”.

Хэзээнээс бэлгийн бойжилтын талаар ярилцах хэрэгтэй вэ?

0-6 НАС

0-2 насанд бэлэг эрхтнээ танин мэдэж, хүйсийн ялгаагаа мэдэж охин хүүхэд аавдаа, хөвгүүд ээждээ илүү сайн болдог. Харин 3-6 насандаа янз бүрээр шээж үздэг, өөрийн бэлэг эрхтний талаар төсөөлөлтэй болдог. Эсрэг хүйстнээ татагдаж, бие биендээ таалагдаж эхэлдэг. Би яаж бий болсон бэ? Хаанаас төрсөн бэ? Үүний эр гэх мэт сониуч асуултууд асууж эхэлнэ.

Энэ үед хэрхэн харилцах вэ?

Бие эрхтнүүдийнх нь нэршлийг зөвөөр нэрлэж хэвшүүлэх, тайлбарлаж өгөх мөн энэ насныхан гэртээ төдийгүй олон нийтийн газар ичимдэг эрхтнээрээ оролдох тохиолдол их байдаг бөгөөд энэ үед бусдын өмнө ичээж, шүүмжлэлгүйгээр олон нийтийн газар ингэх нь тохиромжгүй гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй юм. Хүүхдүүд эцэг, эхийнхээ хариу үйлдлээс суралцдаг бөгөөд та өөрийнхөө хийж буй зүйл, гаргаж буй зан авиртаа анхаарах нь маш чухал. Мөн ээж нь охинтойгоо, аав нь хүүтэйгээ хамт усанд орж хэвших илэн далангүй байх, ээж, аавдаа итгэх итгэлтэй байх, дотно байх олон давуу талтай. Багаас нь ингэж хэвшсэн хүүхдүүд өсвөр насандаа асуудалд орох хамгийн түрүүнд эцэг, эхдээ ханддаг байна.

Мөн энэ насныхан хүүхдийн гэнэн байдлаар эсрэг хүйстэндээ татагдах, нэг нэгэндээ таалагдаж эхэлдэг. Зарим үед бүр нэг нэгнийхээ ичимдэг эрхтнийг сонирхох, хүрч үзэх ч тохиолдол бий. Энэ үед буруутгаж, загнахын оронд анхаарлыг өөр зүйлд хандуулах хэрэгтэй. Энэ бол физиологийн нэг үйл явц тул хүндээр тусгаж авах хэрэггүй харин хүүхдийнхээ таалагдаж буй охин/хөвгүүний  талаар ярилцах, харилцааг нь дэмжих, хүн бүрд ийм дотор гижигдэм сайхан мэдрэмж төрдөг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

6-9 НАС

Энэ бүлгийн насны хүүхдүүдэд бэлгийн ертөнц, мөн чанартай холбоотой маш олон асуудлууд гарч ирдэг. Зарим хүүхдүүдэд бэлгийн бойжилтын эхэн үеийн шинж тэмдэг илэрдэг. Тэд биеэ бусдад харуулахаас ичдэг. Охид ээжийнхээ дэргэд хүртэл хувцсаа солихоос ичдэг.

Энэ үед хэрхэн харилцах вэ?

Бэлгийн бойжилтын талаар анхан шатны мэдээллийг өгөх нь тохиромжтой. Мөн тэдний асууж буй асуултыг хаалттай, хориотой сэдэв гэж үлдээлгүй тайлбарлаж байх хэрэгтэй юм. Тэд таниас хүүхэд хаанаас ирсэн бэ? Секс гэж юу вэ? гэх мэт гүн гүнзгий асуултуудыг асууж мэднэ. Танай гэр бүл нээлттэй гэр бүл бол энэ асуултад торолгүй хариулж хүүхдэдээ зөв ойлголт өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь бидний ихэнх нь энэ талаар туршлагагүй бас хаалттай байдгаас үүдэн ирээдүйд гарч болох олон эрсдэлийн суурийг бэлдэж, дундын харилцаандаа хана өрдөг. 6-9 нас бол бэлгийн бойжилт, бэлгийн амьдралын талаар анхан шатны мэдлэг олгох хамгийн тохиромжтой үе юм. Тиймээс энэ сэдвийг хаалттай, хориотой сэдэв болголгүйгээр тайлбарлаж, ярилцаж байхыг зөвлөж байна.

Жишээ: Хүүхэд маань гэнэт л секс гэж яадаг юм бэ? гэж асуусан. Би эхэндээ балмагдсан ч “Энэ бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд хайранд үндэслэн болдог зүйл” гэж тайлбарласан юм. Үүний дараа хүүхэд минь сонирхсон бүхий л асуултаа эмээлгүйгээр эхэлж надаас асуудаг болсон. Би үүнд маш их баяртай байгаа. /7 настай хүүгийн ээж/

9-12 НАС

Ихэнх хүүхдийн бэлгийн бойжилт энэ насанд эхэлдэг. Хөвгүүдэд үс ургаж, бэлэг эрхтэн нь хөвчирч, охидод хөх ургаж, анхны сарын тэмдэг нь ирдэг. Энэ үед зарим хүүхдүүд арьсны асуудалтай тулгардаг. Зан араншингийн хувьд өөрчлөгдөж илүү ичимхий хаалттай болох нь бий. Мөн бусдад сэтгэл алдарч, дурлаж, үерхэж эхэлдэг.

Энэ үед хэрхэн харилцах вэ?

Хүүхдүүд тань бэлгийн бойжилт гэж юу болох? Биед нь ямар ямар өөрчлөлтүүд гарч эхлэх? Уг өөрчлөлтийн үр дүнд бие, физиологи болон сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгдөх?  Бэлгийн замаар дамжих халдвар / БЗДХ / гэж юу болох? Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь ямар муу нөлөөтэй? Анхны бэлгийн хавьтлаар жирэмслэх бүрэн боломжтой талаар ярилцахад хангалттай сайн ойлгох насанд хүрсэн байна. Тиймээс энэ талаар аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо ярилцаж хэвших нь ирээдүйд гарах олон эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийн нандин харилцааг авч үлдэх олон давуу талтай.

Бэлгийн бойжилт, бэлгийн амьдралаас гадна хувь хүний төлөвшилд нь хамгийн их анхаарал хандуулж, зөвлөх ёстой үе нь энэ нас билээ. Охид, хөвгүүддээ сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, тусч сайхан сэтгэл хэзээд эргээд ирдгийг, бүх хүн ижил тэгш эрхтэй, чиний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг болохыг, зөвшөөрөлгүй хэн нэгний биед халдаж болохгүй гэдгийг хүйс ялгалгүй ойлгуулах хэрэгтэй.

13-19 НАС

Дааврын өөрчлөлт өсвөр насныхны сэтгэл зүйг тогтворгүй болгодог. Тэд том болж байгаагаа илүү ихээр анзаардаг бөгөөд ганцаараа байхыг эрмэлзэж, бусдад уруу татагдах эрсдэлтэй болж эхэлдэг. Томоогүй зангаар тамхи татах, согтууруулах ундаа уух, эрсдэлтэй алхам хийх нь их. 13 нас орчимд ихэнх охидын анхны сарын тэмдэг ирсэн байдаг. Гэхдээ хүн хүний бие физиологи өөр гэдгийг санууштай.

Энэ үед хэрхэн харилцах вэ?

Мэдээж энэ маш чухал бөгөөд маш хэцүү үе гэдэгтэй хүн бүр л санал нийлэх биз. Тэд илүү хаалттай, дотогшоо болсон нь харилцааг хүндрүүлдэг. Гэхдээ л та энэ үед маш сайн найз, зөвлөх байх шаардлагатай юм. Хэрвээ та өмнө хүүхэдтэйгээ бэлгийн амьдрал, бэлгийн бойжилтын талаар хангалттай сайн ярилцдаг байсан бол энэ үеийг та хоёр ажрах юмгүй давчих байх. Гэвч бидний ихэнх нь ингэж ярилцдаггүй бүлэгт багтана. Тиймээс энэ бүлгийнхэн/өмнө нь сайн ярилцаж байгаагүй эцэг, эхчүүд/ энэ үед л хүүхэдтэйгээ хүсээгүй жирэмслэлт болон түүний хор уршиг, жирэмснээс хамгаалах арга хэрэгсэл, БЗДХ-ын талаар ярилцах ёстой.

“Бэлгийн замаар дамжих халдварын талаарх судалгаанд 15-18 насныхны дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх, хүсээгүй жирэмслэлтэнд өртөх, үр хөндөлт хийлгэх тохиолдол хамгийн их байна гэдгийг тогтоогджээ” Өсвөр үеийнхэн бэлгийн боловсролгүй, мэдлэггүй байгааг энэ судалгаа харуулж байна. Бэлгийн боловсролыг зөвхөн “Эрүүл мэндийн хичээл” тодотголоор эр бэлгийн эс, эм бэлгийн эс гэх мэтээр зөвхөн онолын төвшинд биологийн хүрээнд авч үзэх үнэхээр өрөөсгөл ойлголт юм. Энэ сэдвийг хориотой сэдэв болгон хаалттай чигт нь үлдээж хэрхэвч болохгүй.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
12

Ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал буюу худалдан авах чадваргүй хүмүүс

Бага орлоготой иргэд өөрт тохиромжтой ариун цэврийн хэрэглэлээ худалдан авах чадваргүй байдлыг “ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал” гэдэг.

Цааш үзэх
Image 01
11

SEX EDUCATION | Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.

Цааш үзэх
Image 01
08

SEX EDUCATION | Бэлгийн эрүүл мэнд яагаад чухал вэ

Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь хүүхэд байхаас өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх