image

Сэтгэл гутралыг эмчлэх энгийн 10 арга

Сэтгэл гутралд орсон үед танд юу ч тус болохгүй мэт санагддаг. Гэвч сэтгэл гутралыг эмчлэх эмийн болон сэтгэц заслын аргууд байхаас гадна, та өөрөө өөртөө тусалж эрч хүчээ эргүүлэн авах боломжтой. Өөрийн зан үйл, амьдралын хэв маяг, бодлоо өөрчлөх нь сэтгэл гутралтай тэмцэх энгийн бөгөөд үр дүнтэй аргууд юм.

Дараах зөвлөмжүүдийг одооноос хэрэгжүүлж, сэтгэл өөдрөг байгаарай.

1. Өдрийн дэглэм мөрдөх. Сэтгэл гутралд өртсөн үедээ цагийн хуваарь бүхий дэглэм мөрдөх нь үр дүнтэй. Сэтгэл гутрал нь амьдралын зорилго, утга учир, зохион байгуулалтыг үгүй хийсэн мэт санагддаг. Иймд өдөр тутам хийх ажлын уян хатан хуваарь зохиож түүнийгээ мөрдөх нь гол шугамнаас хэт хазайхгүй байхад тустай.

2. Зорилготой байх. Сэтгэл гутралд орсон үед юуг ч хийж, бүтээх боломжгүй мэт санагдаж байна уу? Энэхүү бодол нь танд өөрийгөө буруутгаж, сөрөг сэтгэгдэл төрүүлэх болно. Иймд өөртөө зориулж өдөр тутам өмнөө зорилт тавьж, түүнийгээ биелүүлэх нь таны сэтгэлийг өргөнө. Зорилт маш жижгээс эхэлж болно. Өөрийн биелүүлж чадах зорилтыг тавих нь хамгийн чухал. Жишээлбэл, орой бүр хоолны дараа аяга тавгаа угаах гэх мэт энгийн зорилтууд ч танд эергээр нөлөөлдөг. Таны мэдрэмж, бодол дээрдэхийн хирээр өдөр тутмын зорилтуудаа нэмж, өөрийгөө сорьж болно.

3. Дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн хийх үед аз жаргалын даавар эндорфины ялгарал нэмэгддэг. Энэ нь сэтгэл гутралтай хүмүүст урт хугацаанд сайнаар нөлөөлөх магадлалтай. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тархи өөрийнхөө талаар эергээр мэдрэхэд тус болдог. Тэгвэл хэр их дасгал хийх хэрэгтэй вэ? Дээр дурдсан эерэг үр дүнг харахын тул марафонд гүйх шаардлагагүй. Ердөө долоо хоногийн хэдэн өдөр өөртөө цаг гарган явган алхахад л хангалттай.

4. Эрүүл хооллолт. Сэтгэл гутралыг эмчлэх ид шидийн хоолны дэглэм үгүй. Харин идэж байгаа хоолоо ажиглах нь хамгийн эхний алхам. Хэрэв сэтгэл гутралын улмаас хоолны дуршил нэмэгдэж, өмнөхөөсөө их идэж байвал үүндээ анхаарал хандуулж, идэж байгаа хоолоо хянах нь сэтгэлээ засахад эергээр нөлөөлнө. Салмон, туна зэрэг омега-3 тосны хүчлээр баялаг загасны мах, бууцай, авокадо зэрэг фолийн хүчлээр баялаг хүнс нь сэтгэл гутралыг ялан дийлэхэд тустай.

5. Хангалттай унтаж амрах. Сэтгэл гутралд орсон үед гүн нойрсож, хангалттай унтахад хүндрэл учирдаг. Эргээд дутуу нойрсох нь сэтгэл гутралыг улам дордуулна. Та юу хийж чадах вэ? Хамгийн түрүүнд амьдралын хэв маягтаа багахан өөрчлөлт хийх хэрэгтэй. Өдөр бүр тогтмол цагт унтаж, сэрэхийг хичээх хэрэгтэй. Өдрийн цагаар дуг хийх шаардлагагүй. Компьютер, телевиз зэрэг унтахад саад болох зүйлсийг унтлагын өрөөнөөсөө гарга. Эдгээр арга хэмжээг авсны дараа таны унтах дадал сайжирсан байх болно.

6. Үүрэг хариуцлагаа ухамсарлах. Сэтгэл гутралд орсон үед идэвхгүй болж, ажил дээрээ болон гэртээ өөрийн үүрэг хариуцлагаас зугатаж, бууж өгөх хандлага ажиглагддаг. Энэ маш буруу алхам. Өдөр тутмын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, оролцоотой байх нь амьдралын хэв маягаа өөрчлөлгүйгээр сэтгэл гутралтай тэмцэхэд тустай. Ингэх нь үүрэг даалгавраа биелүүлсэн мэдрэмж төрүүлнэ. Хэрэв та бүтэн цагаар сургуульд сурч, ажил хийдэггүй бол хагас цагаар ажиллах эсвэл сайн дурын ажил хийх талаар бодож болох юм.

7. Сөрөг бодлуудаа өөрчлөх. Сэтгэл гутралтай тэмцэх үед хамгийн гол тулаан өөрөө өөртэйгөө тэмцэх оюун санааны буюу бодлоо өөрчлөх алхам байдаг. Сэтгэл гутралд өртсөн үед байж болох хамгийн сөрөг бодлуудад дарагддаг. Хэрэв өөрийнхөө талаарх сөрөг бодлоосоо салж чадахгүй байвал логик сэтгэлгээг ашиглаад үзээрэй. Хэрэв та хүн бүр танд дургүй, үзэн яддаг гэж боддог бол үүнд нотолгоо бий юу? Хэрэв та өөрийгөө дэлхий дээрх хамгийн бүтэлгүй, хэрэгцээгүй хүн гэж мэдэрдэг бол, энэ үнэн гэж үү? Ингэж бодож сурахад дадлага хэрэгтэй ч сөрөг бодлуудаа хяналтаас гарахаас нь өмнө дахин тунгаан бодож, эргэцүүлэх хэрэгтэй.

8. Эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө эмчид хандах. Сэтгэл гутралд сайнаар нөлөөлдөг эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний судалгаанууд олноор хийгдэж, зарим эерэг үр дүнгүүд гарсаар байна. Загасны тос, фолийн хүчил зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг дурдаж болно. Гэвч илүү гүнзгий судалгаанууд хийгдэх шаардлагатай бөгөөд ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчид зайлшгүй хандана.

9. Ямар нэг шинэ зүйл турших. Сэтгэл гутарсан үед хавханд ороод гацчихсан мэт мэдрэмж төрдөг. Ямар нэг шинэ зүйл хийхийг өөртөө ятгах хэрэгтэй. Шинэ кино үзэх, хуучны ном унших, сайн дурын ажил хийх, хэлний сургалтанд суух гэх мэт юу ч байж болно. Шинэ зүйл хийж, өөрийгөө сорих явцад тархины химийн урвалд өөрчлөлт гардаг. Шинэ зүйл туршихад тархинд допамины ялгарал ихэсч, сэтгэл ханамж, баяр хөөрийг мэдэрдэг байна.

10. Хөгжилтэй байх. Сэтгэлээр унасан үедээ хийх дуртай зүйлээ хийхэд цаг гарга. Гэсэн хэдий ч юу ч сонирхолтой санагдахаа больсон бол яах вэ? Энэ бол сэтгэл гутралын шинж тэмдэг яах аргагүй мөн. Тиймээс оролдлогоо зогсоож болохгүй. Хэдийгээр танд хачирхалтай санагдаж болох ч, хөгжилтэй байхын тулд хичээх хэрэгтэй. Урьд хийх дуртай байсан зүйлсээ сэргээж, өмнөх шигээ сонирхолтой биш байсан ч хий. Шинээр гарсан кино үзэж, найзуудтайгаа гарч цагийг зугаатай өнгөрөө.

Сэтгэл гутралд орсон үед амьдралаас баяр хөөрийг мэдрэхээ больсон байдаг. Гэвч дахин дахин оролдож, аз жаргал, баяр хөөрөө буцаан авчрах нь чухал.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
13

#13REASONSWHY | Нүүрэнд түрхсэн тос ходоодонд орсон хоолноос түрүүлж цусанд очдог

Гоо сайхны бүтээгдэхүүнд нуугдсан хор: Яг одоо гоо сайхны бүтээгдэхүүнийхээ найрлагыг уншаарай.

Цааш үзэх
Image 01
11

ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХӨД Л БҮХ ЗҮЙЛ "ӨӨРЧЛӨГДӨНӨ"

Энергийн төвшинг бууруулдаг хүчин зүйлс

Цааш үзэх
Image 01
06

ГАНЦААРДАЖ СУРАХ НЬ ЗӨВ ЧАДВАР

Судалгаагаар ганцаардах нь зүрхний титэм судасны өвчлөлийн эрсдлийг 29%-иар, хорт хавдраар нас барах эрсдлийг 25%-иар тус тус нэмэгдүүлж, 32% нь цус харвах эрсдэлтэй байдаг гэжээ.

Цааш үзэх
Image 01
06

Уураа илэрхийлж сураагүй хүн бусдыг байнга шүүмжилж, үл тоомсорлодог

Уур бухимдал нь тодорхой цочроогчоос үүдэн сөрөг, таагүй мэдрэмж үүсч цаашлаад уур уцаар, уур хилэн болтол өөрчлөгддөг сэтгэл хөдлөл юм. Бусад сэтгэл хөдлөлүүдийн нэгэн адил физиологийн болон биологийн өөрчлөлтүүд бий болдог. Уурлах үед зүрхний цохилт, цусны даралт нэмэгддэг ба цусанд стрессийн даавар болон адреналин ихээр ялгарч, биеийн булчингууд чангарч, даралт ихсэх, нүдний хүүхэн хараа өргөсөх, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг өөрчлөлтүүд бие махбодод явагддаг.

Цааш үзэх