image

SEX EDUCATION | Бэлгийн эрүүл мэнд яагаад чухал вэ

Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь хүүхэд байхаас өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Биеийн болон сэтгэц, оюун санааны эрүүл мэндээ хамгаалахын чухлыг та байнга сонсдог ч, бэлгийн эрүүл мэнддээ сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байх нь мөн адил чухал. Бэлгийн эрүүл мэндэд дараах үндсэн гурван ойлголтыг авч үздэг: 

- Эрүүл дотно харилцаа

- Гэр бүл төлөвлөлт

- Бэлгийн замын халдвараас сэргийлэх

Иймд бэлгийн эрүүл мэндийн талаар зөв мэдээлэлтэй байх нь сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байхад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл бэлгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн талаар мэдлэгтэй байвал үүнээс урьдчилан сэргийлэх бололцоотой болно гэсэн үг. Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар эмчид хандаж, мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаасаа санаа бүү зовоорой.

БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх

Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), эсвэл бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) гэдэг нь бэлгийн хавьтлаар дамждаг халдваруудыг хэлнэ. Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор БЗХӨ-ний халдвар авдаг.

Ихэнх БЗХӨ шинж тэмдэггүй, далд явагддагаас халдвартай хүнийг мэдэх боломжгүй байдаг. Ихэнх тохиолдолд тухайн хүн өөрөө ч халдвартай гэдгээ мэдэлгүй явсаар байдаг.

Иймд бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхэд нухацтай, хариуцлагатай хандах хэрэгтэй. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүн бүр бэлгийн цор ганц хамтрагчтай байх, бие биендээ үнэнч байх талаар зөвшилцөх нь та болон таны хамтрагчийг эрсдэлээс сэргийлнэ. Жирэмснээс сэргийлэх хаалтын аргуудын нэг бэлгэвч нь ихэнх БЗДХ-ын эрсдэлийг бууруулдаг.

Эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн эрүүл мэнд нь маш өргөн хүрээний ойлголтуудыг багтаадаг. Жишээ, гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудал гэх мэт.

Дотно харилцаандаа сэтгэл хангалуун байх, БЗДХ-аас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээлэлтэй байх нь чухал. Дунд наснаас хойш эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт гардаг ч, аль ч насанд эрүүл, сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байх бүрэн боломжтой.

Эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд

Эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн эрүүл мэнд нь гэр бүл төлөвлөлт, БЗДХ-аас сэргийлэх, шодойн хөвчрөлийн алдагдал болон бэлгийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудлыг хамарна.

Зарим эрэгтэйчүүд бэлэг эрхтэний хэмжээндээ сэтгэл хангалуун бус, энэ нь тэдний сэтгэл ханамжид ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.

Эрэгтэйчүүд ч ялгаагүй нас ахихын хирээр бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарах бөгөөд аль ч насанд эрүүл, сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байх бүрэн боломжтой.

Насжилт ба бэлгийн амьдрал

Ахимаг настнуудад бэлгийн амьдрал чухал уу? Маш чухал, тэд физиолгийн хувьд бэлгийн идэвхтэй амьдралтай байх бүрэн чадамжтай бөгөөд бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь эргээд ерөнхий эрүүл мэнд, сэтгэлзүйд нь эергээр нөлөөлдөг. Бэлгийн харилцаа бол зөвхөн нөхөн үржихүйн насны хүмүүст хамаатай зүйл бишээ.

Бэлгийн амьдралын сэтгэл ханамж гэдэг нь бэлгийн дур хүсэлтэй байх, бэлгийн хавьтлын чанар болоод давтамжид сэтгэл хангалуун байхыг хэлнэ.

Гэвч, ахимаг насанд бэлгийн амьдралд зарим өөрчлөлт гарах нь зайлшгүй. Бие махбодид гарах өөрчлөлт, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл болон зарим эм бэлдмэлийн гаж нөлөөгөөр бэлгийн хавьтал хийхэд хүндрэл үүсэх, сэтгэл ханамж, ташаалын мэдрэмж буурах зэрэг асуудал тулгардаг.

Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар эмчид хандаж, мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаас бүү санаа зовоорой. Мөн БЗДХ-ын эрсдэл аль ч насанд байдгийг анхаарах хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ сексийн талаар ярилцах

Ихэнх эцэг эхчүүд энэ сэдвээр хүүхэдтэй ярилцахаас эмээдэг. Гэсэн хэдий ч бэлгийн амьдралын талаар хүүхдийнхээ насанд тохируулж, илэн далангүй ярилцах нь эцэг, эхийн үүрэг юм. Өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн зан үйлтэй холбоотой шийдвэр гаргах, эрүүл, зохистой бэлгийн зан үйлтэй болоход эцэг, эхийн зөвлөмж тун хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ энэ талаар ярилцахад хүүхэд бүрт тохирсон стандарт зөвлөмж байхгүй. Иймд ярилцахын өмнө хүүхдээ сайтар ажиглах, ойлгох, мэдрэх хэрэгтэй. Таны өгөх зөвлөмж, мэдээлэл хүүхдийн нас, бэлгийн бойжилт, сэтгэлзүйн онцлог, таны өөрийн зорилго, үнэт зүйлд тохирсон байвал зохино. Хүүхэд тань танаас өдөр тутам асуудаг энгийн асуултуудад ч ач холбогдол өгч, чин сэтгэлээсээ ярилцдаг байгаарай.

Хүүхэдтэйгээ сексийн талаар ярилцах үед сандрах, тавгүй мэдрэмж төрөх нь хэвийн зүйл. Хүүхэдтэйгээ нээлттэй, зохистой байдлаар ярилцах нь тэдэнд таны үнэт зүйлийг ойлгож, эрүүл бэлгийн зан үйлтэй бие хүн болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Онош мед

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
14

БЭЛГИЙН БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЗӨВ МЭДЛЭГИЙГ БАГА НАСНААС НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

БЭЛГИЙН БА НӨХӨН ҮРЖИХҮЙН МЭДЛЭГИЙГ БАГА НАСНААС НЬ ЗӨВ ОЙЛГОЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Цааш үзэх
Image 01
12

Ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал буюу худалдан авах чадваргүй хүмүүс

Бага орлоготой иргэд өөрт тохиромжтой ариун цэврийн хэрэглэлээ худалдан авах чадваргүй байдлыг “ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал” гэдэг.

Цааш үзэх
Image 01
11

SEX EDUCATION | Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.

Цааш үзэх