image

Р.Энхтүвшин: Хэт эмзэг, санаа зовомтгой, гутранги хүмүүст хөл хорио хүнд тусдаг

Цар тахлаас шалтгаалан хатуу хөл хорио тогтоосон нь хувь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж, ажилгүй гэртээ удаан хугацаагаар байх үед ямар нөхцөл байдал үүсдэг болон үүнээс хэрхэн сэргийлэх талаар АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшинтэй алсын зайнаас ярилцлаа.

- Хатуу хөл хорионы үед хүн бүр багагүй стресстэй байх шиг. Ажлаа хийхгүй гэртээ удаан хугацаагаар байхад хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

- Маш олон сэтгэл зүйн өөрчлөлтөд орж болно. Хөл хорионд орж буй хүмүүс хамгийн түрүүнд хязгаарлагдах мэдрэмж авдаг. Ажлаа хийхгүйгээр удаан хугацаанд гэртээ байгаа энэ цаг үе хүн бүрт үнэт зүйл, суурь хүчин зүйлээс нь хамаараад өөрөөр нөлөөлнө. Ямар ажил хийдэг байсан бэ, ажилдаа хэр дуртай байв, хэр их ажилладаг байсан бэ, ажлын нөхцөл байдал нь таатай байсан уу, ажил нь эдийн засгийн хувьд хэр ач холбогдолтой байсан бэ гэдгээс хамаараад хүн бүр өөр өөр сэтгэл зүйн хариу урвал үзүүлдэг. Ажилгүй гэртээ суух нь яагаад сэтгэл зүйд өөрчлөлт оруулдаг вэ гэвэл ажил хийх нь зөвхөн мөнгө олох хэрэгсэл биш. Зөвхөн гэр орон болон үр хүүхдээ тэжээх зорилго биш. Ажил хийх гэдэг нь үнэн хэрэгтээ хүний сэтгэл зүйн хамгийн том хэрэгцээнүүдийн нэг. Ажил хийх гэдэг нь хүнтэй харилцах буюу нийгмийн хэрэгцээ. Ажил хийх нь мөнгө олохоос гадна чухал хэрэгцээ гэдгийг мартаж болохгүй. Энэ хэрэгцээ өөрөө хүн болгонд хэрэгтэй байтал дутуу болж, хангагдахгүй байгаа үед хүссэн хүсээгүй стрессээр хариу урвал өгөх нь ойлгомжтой. Тодорхой хэмжээнд хязгаарлагдсан нөхцөл байдлын үед олон төрлийн хариу урвал өгнө. Айх, түгших, санаа зовох, тайван биш болох, тогтворгүй болох, гутрах, идэвхгүй болох гэх мэт. Ажил хийнэ гэдэг нь өөрөө нийгмийн чухал хэрэгцээний тоонд ордог. Ажил хийх хэрэгцээний цаана найз нөхөд, сэтгэл ханамж хамт явж байдаг. Өөрийнхөө ололт, амжилтыг сайнаар мэдрэх, хийж буй зүйлээсээ таашаал авах, өөрийнхөө хийж буй зүйлээр өөрийгөө тордох хэрэгцээг ажлаасаа авдаг. Тэгэхээр ажлаа хийхгүй удах юм бол хүн өөрийн мэдэлгүй сөрөг стрессээр хариу урвал үзүүлдэг.

- Ихэнх цагт гэртээ байдаггүй хүмүүсийн сэтгэл зүйд хөл хорио яаж нөлөөлөх бол?

- Гэртээ байдаггүй хүмүүсийн ажил амьдралынх нь баланс алдагдсан байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл ажил нь номер нэг хэрэгцээ буюу үнэт зүйлийн баримжаа нь ажил дээрээ төвлөрчихсөн хүмүүст хөл хорио хүнд тусна. Ихэнх хүний хувьд үнэт зүйлийн баримжаалал нь найз нөхөд дээрээ нэг хэсэг, ажил дээрээ нэг хэсэг, ах дүү дээрээ нэг хэсэг, гэр бүл нэг хэсэг гээд олон хуваагддаг. Харин бүх үнэт зүйлийн баримжаалал нь ажил дээрээ төвлөрчихсөн хүнд ажил нь гол цөм нь гэсэн үг. Амьдралынх нь ихэнх хувийг ажил нь дангаараа эзэлчихсэн бол тэр хүнд хөл хорио маш хүнд нөлөөлнө. Хийж буй ажлаасаа аз жаргал мэдэрдэг, ажлаасаа бусад сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг, ажил дээрээ ярьж ярих хэрэгцээгээр хангадаг, хамт олонтойгоо яриад хуваалцах хэрэгцээгээ хангадаг, гаргасан бүтээмжээсээ таашаал авдаг хүмүүсийн сэтгэл зүйг хөл хорио таагүй болгож байгаа. Далд сэтгэл гутралтай хүн энэ үед илүү их гутрах хариу урвал үзүүлнэ.

- Хэдий нөхцөл байдлыг мэдэж байгаа хэдий ч ажил, банкны зээл гэх мэт асуудалд шаналж, яах аргагүй нервтээд байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?

- Хөл хорионд байгаа хүмүүсийн сэтгэл зүйд санхүүгийн асуудал хүнд тусч, төвөгтэй байдал үүсгэж байгаа нь үнэн. Мэдээж төр засгаас дэмжлэг үзүүлэх зорилгоор зээл хойшлуулах гэх мэт арга хэмжээ авч байгааг анзаарч байгаа байх. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг энгийн нөхцөлд байдалтай ижил хэмжээтэй дүйцүүлж хүлээж авах боломжгүй гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөхцөл байдал ямар байгааг мэдсээр байж зээлтэй болохоор стресстээд байна гэж үү. Энэ нь ойлгоод байгаа хэрнээ хүлээж авч чадахгүй байна гэсэн үг. Бодит байдлыг бид чин сэтгэлээсээ хүлээж авахаас өөр аргагүй. “Энэ бол дэлхий нийтийг хамарсан асуудал, цар тахлын хүнд нөхцөл байдал шүү” гэдгийг хүлээн зөвшөөрч чадвал давж гарах сайн боломжуудаа нээнэ. Хүн нөхцөл байдлыг мэдэх, ойлгох, хүлээн зөвшөөрөх гэж гурван шатлалаар явдаг. Үүнийг бүгд дамжина. Аль болох хурдан дамжиж дуусвал нөхцөл байдлыг хөнгөнөөр хүлээж авах боломж нээгдэнэ. Хүлээн зөвшөөрөх гэхээр ойлгомжгүй байж магадгүй. Цар тахал гэдэг бол угаасаа дэлхий нийтийг хамарч байсан. Улаан бурханаас эхлээд хүний төрөлхтний амьдралд ийм үе олон тохиолдож байсан. Үүнийг давж гарсан хүмүүсийн дийлэнх нь хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлдсэн байдаг. Харин хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс “яаана аа яаана аа” гэж санаа зовсоор байгаад өөрийгөө эрсдэлд оруулдаг. Тийм учраас хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал.

Яаж хүлээн зөвшөөрөх вэ. Бид нар аль болох байгаа боломжоороо энэ нөхцөл байдалд зохицож ажиллана. Юу чухал вэ гэдэг эрэмбийг тавьж чадвал хүлээн зөвшөөрөхөд амархан болдог. Жишээ нь, байр чухал уу, машин чухал уу, идэж уух чухал уу, боловсрол чухал уу. Боловсрох нь чухал уу гэвэл чухал зүйл мөн. Гэхдээ энэ бүгд амь нас, эрүүл мэндээс илүү чухал зүйл мөн үү гэдгийг анзаарах хэрэгтэй. Тиймээс эрэмбээ зөв тогтоож гэмээнэ нөхцөл байдлыг илүү сайн ойлгоно. Өөрөөр хэлбэл эрэмбээ зөв тогтоод эхэлбэл банкны зээл хэддүгээрт байгаа асуудал вэ гэдэг гарч ирнэ.

Энэ цаг үеийг давах бас нэг сонирхолтой арга бий. Алсын хараатай, зорилготой байх. Хүний амьдралд маш хэцүү үйл явдал тохиолдол байдаг ч гэсэн түүнийг давж чадсан хүмүүсийн дийлэнх нь өөрийн гэсэн үнэт зүйлтэй, зорилготой хүн байдаг. Мэдээж хэвийн үеийн зорилго биш. Үнэт зүйлтэй холбоотой зорилготой хүмүүс цар тахлын нөхцөл байдлыг яаж давах аргаа мэддэг. Одоогийн байгаа нөхцөл байдлаа хүндээр хүлээж авахгүй, цочрол айдсаа дардаг. Санаа зоволтоо буулгадаг гэсэн үг. Ингэснээр одоогийнх шиг цаг үеийг давж гарах боломжтой.

- Нийгэм тэр чигтээ айдастай, бас стресстэй байна. Энэ үед хувь хүн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?

- Гэртээ стрессийг даван туулах ямар боломж байгааг хайх хэрэгтэй. Гэрт удаан байхаар хуучин зүйлс сэдэрдэг. Эсвэл бугласан дурсамж, болж байсан үйл явдлууд сэдэрдэг. Энэ үед бидэнд нэг боломж байна. Нэгдүгээрт, нэгэнт бугласан зүйлээ ил гаргах. Хоёрдугаарт, даван туулах. Стресстэй хүмүүс амьсгалын дасгал, иог хийх, тэмдэглэлийн дэвтэр хөтлөх гэх мэт зүйлүүд хийж өөртөө цаг гаргаж, өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Зөвхөн хүүхдүүд, гэр бүлдээ цаг гаргах гэхээс илүү өөртөө цаг гаргах нь энэ нөхцөл байдлыг давах боломж. Мөн бусад хэрэгцээгээ хангах. Эмэгтэй хүн өдөрт 8000 үгээр ярих хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр найз нөхөд, ах дүүтэйгээ онлайнаар холбогдож ярилцах, гэртээ тоглоом тоглох, гэртээ байгаа зүйлээс санаа авч шинэ зүйл хийх хэрэгтэй. Тоглох нь тархиа амраах, стрессээ тайлах тохиромжтой арга.

Амьсгалын дасгал хийхдээ эхний гурван секунд цээж дүүрэн амьсгал авна. Дараа нь гурван секунд амьсгалаа түгжинэ. Дараа нь ам эсвэл хамраараа амьсгаагаа хоосон болтол намуухан гаргана. Энэ дасгалыг таван минут орчим хийхэд айдас, түгшүүр, стресс, санаа зоволт, шаналал аажмаар арилах нөлөөтэй.

- Гэртээ байх тусам сэтгэлээр унаж, цухалдаж, бүх зүйл санаанд таарахгүй байх нь сэтгэл зүйн ямар шинж тэмдэг вэ?

- Энэ бол далд байсан зүйл сэдэрч байна гэсэн санаа. Далд сэтгэл гутралтай хүмүүс яг ийм хариу урвал үзүүлэх магадлал өндөр. Бүх зүйл таалагдахгүй, бүх зүйлээс таашаал авахгүй, хүнтэй ярилцах гэхээр дургүй хүрээд байгаа нь сэтгэл гутралын шинж сэдэрч байна гэсэн үг. Цар тахлын үед сэтгэл гутралтай хүмүүс илүү их шаналах, чимээгүй болох, ганцаардах, хоосон болох нөхцөл байдал бүрддэг. Ганцаардмал байгаа хүмүүс яах ёстой вэ гэвэл аль болох олон хүний дунд байх. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй хамт байх хэрэгтэй. Хүн хэт их ганцаараа байх тусмаа сэтгэлээр унах, илүү их шаналах сөрөг байдалтай тулгардаг. Энэ шинж тэмдгүүд гүнзгийрсэн тохиолдолд мэргэжлийн хүнтэй заавал холбогд. Онлайнаар байсан ч болно. Шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хүртэл авах ёстой.

Далд сэтгэл гутралын шинжтэй хүмүүс маш сайн унтах ёстой. Тэр дундаа физиологийн цагаар унтах нь чухал. Өөрөөр хэлвэл оройн цагаар унтах. Сүүлийн үед далд сэтгэл гутралтай хүмүүс шөнө унтаад, үдээс хойш үд дунд сэрж байна. Шөнийн нойрыг ямар ч өдрийн нойр нөхөж чадахгүй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Өдөр шөнөгүй завгүй байдаг хүмүүс гэртээ байхаар гэр бүлийн дарагдчихсан байсан асуудал сэдэрдэг. Хэрүүл, үл ойлголцол гэх мэт. Энэ асуудлыг эерэгээр шийдэхийн тулд хосууд ярилцах хэрэгтэй. Гэр бүлийн зөрчил, салалт, ахуйн архидалд нэмэгдэж байна. Ихэнх тохиолдолд боловсрол муутай, стресс менежментгүй хүмүүсийн дунд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл их байдаг.

"Шударга хэлэхэд, хэт эмзэг, мэдрэмтгий, санаа зовомтгой, бэрхшээлийг даван туулах чадвар муутай , гутранги хүмүүст хөл хорио хүнд тусдаг. Энэ нөхцөл байдал биднээс илүү хүчтэй байхыг шаардана. Илүү чадварлаг, чанартай, хүчтэй байхыг шаардана. Ийм зовлонтой, хүнд үеийг давж, дасан зохицож байж хүчтэй сэтгэл зүйн дархлаа бий болдог"

М.Баасандэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
27

СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ТУХАЙ 10 КИНО БА НАДАД СУРГАСАН ЗҮЙЛ

Кино үзэх бүртээ би энэ дэлхий дээр ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Надтай ижилхэн зовлонг туулсан, надтай ижилхэн дайнд тулалдаж байгаа хэн нэгэн байгаа гэдгийг сануулдаг болохоор тэр.

Цааш үзэх
Image 01
26

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг | Хааяа сул дорой гунигтай, хааяа бүхнийг чадах юм шиг баяртай

Зүгээр мөрөөрөө байж чаддаггүй яагаад гэнэт залхуураад, гутраад, юу ч тоохоо болиод, эргэн тойрныхныгоо ч үл тоомсорлоод өөрийн болон эргэн тойрны хүмүүсийн амьдралын чухал агшнуудыг үл тоомсорлох байдал үүсчихдэг, энэ занг минь бусад хүмүүс хувиа хичээсэн гэж онош тавьдагт. Бас хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийж байсан. Яг л миний дотор хоёр хүн амьдардаг мэт мэдрэмж.

Цааш үзэх
Image 01
21

БАЙНГА Л ӨЛСӨХ МЭДРЭМЖ ТӨРӨӨД ... 🤤😓

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна:

Цааш үзэх