image

Шар арчуурын түүх | Үнэнч гэргий, хайр сэтгэлийн тухай

Питт Хэмилл (Америкийн сэтгүүлч, зохиолч)

Би доорх түүхийг хэдэн жилийн өмнө Нью-Йоркийн Гринвичэд танилцсан нэгэн охиноос сонсож билээ. Энэ түүх магадгүй хэдэн жил болоод л ахин шинэ янзаар яригддаг тийм л нууцлаг явдлуудын нэг байх л даа. Гэлээ ч би үүнийг хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ болсон бодит явдал гэж бодох дуртай.

***

Тэд бүгд Форт Лодердэйл рүү явж байлаа. Тэд гэдэг нь гурван хүү, гурван охин. Автобусандаа суухдаа тэд бүгд цаасан уутанд хавчуургатай талх, дарс хийн бариад ард үлдсэн Нью-Йоркийн хүйтэн, саарал хаврыг бодон өмнөөс нь тосон буй алтан шаргал элстэй эрэг хөвөө газар, тэнгисийн давалгааг төсөөлөн байв. 

Автобус нь Нью Жерсигээр дайран өнгөрөх үедл тэд Вингог анзаарчээ. Залуусын урд талд суух, өнгө алдсан, таарамж муутай хүрэм өмссөн тэр эр огт хөдлөхгүй агаад тоос шороонд дарагдсан төрх царай нь жинхэнэ насыг нь нуух мэт харагдана. Тэрээр завьжныхаа дотор талыг хий зажлах агаад анир гүмийн гүнд хөшиж хөлдсөн аятай байх аж. Вашингтоноос холдоод удаагүй байхад, шөнө дундын хэрд автобус Ховард Жонсоны хоолны газар зогсон Вингогоос бусад бүх зорчигч буулаа. Тэр л ганцаараа суудалдаа шигдэн үлдсэн тул мөнөөх залуус түүнд юу тохиолдсон юм бол гэж өвөр зуураа ярилцаж эхэлжээ. Магадгүй тэр тэнгисийн хөлгийн ахмад байх, эсвэл эхнэрээ орхиж яваа нэгэн юм болов уу, эсвээс гэрээдээ харьж байгаа ахмад цэрэг ч байж мэдэх юм. Залуусыг буцаад автобусандаа суух үед тэдний нэг нь түүний дэргэд суун өөрийгөө танилцуулав. Өнөөх охин “Бид Флорида явж байгаа юм. Үнэхээр сайхан газар гэж дуулсан шүү” хэмээн яриа өдлөө. Харин мөнөөх эр мартахыг хичээсэн зүйлээ гэнэт санах мэт “Тийм ээ, үнэхээр сайхан” гэж аяархан дуугарав.

Охиныг “Та дарс уух уу?” гэхэд Винго инээмсэглээд лонхтойгоос нь жаахныг хүртлээ. Тэгээд охинд талархсаныхаа дараа ахиад л нам гүмдээ уусав. Охин ч хэсэг байзнаснаа бусад дээрээ очсон бол Винго удалгүй унтаад өгчээ. Өглөө зорчигчдыг сэрэхэд автобус ахин нэг Ховард Жонсоны хоолны газрын өмнө ирж зогссон байлаа. Энэ удаад Винго автобуснаас буун дотогш оров. Өмнөх орой нь түүнтэй танилцаад амжсан өнөөх охин түүнийг өөртэй нь болон найзуудтай нь хамт суухыг урилаа. Нууцлаг эр тун ч бүрэг ичимхий агаад далайн эрэг дээр унтаж амрах тухай хөөрөлдөх залуусын дэргэд хар кофе захиалчихаад ихэд нухацтай царайлан тамхиа баагиулах аж. Зорчигчдыг автобусандаа буцаж суух үед өнөөх охин ахиад л Вингогийн дэргэд суув. Харин хэдэн хормын дараа тэрээр тун ч удаанаар, бас ихэд шаналсан аятай амьдралаа хүүрнэж эхэлвэй. Тэрээр Нью-Йоркт сүүлийн дөрвөн жил шоронд хоригджээ. Харин одоо харьж яваа нь энэ гэнэ.

- Та гэр бүлтэй юу?

- Мэдэхгүй ээ.

- Мэдэхгүй гэнэ ээ?

- Би шоронд байхдаа эхнэр лүүгээ захиа бичсэн юм л даа. Удаан хугацаагаар эзгүй байх нь, хэрэв энэ амьдрал хэцүү бэрх байвал, хүүхдүүд олон юм асууж шалгаагаад байвал, тэр нь дааж давшгүй хүнд тусвал намайг зүгээр мартчихаж болно шүү гэж би бичсэн юм. Тэгвэл би ойлгоно. Ер нь өөр эр хүнтэй бол гэж л хэлсэн хэрэг. Тэр маш сайхан эмэгтэй. Тэгээд л би намайг март, бас над руу заавал хариу бичих гэсний хэрэггүй гэж хэлсэн. Үнэхээр ч хариу бичээгүй дээ. Гурван жил, хагас над руу захидал явуулаагүй.

- Та тэгээд юуг нь ч мэдээгүй байж одоо гэр лүүгээ явж байгаа юм уу?

- Тийм ээ. Гэхдээ би түрүү долоо хоногт суллагдахаа баттай мэдмэгцээ эхнэртээ дахиад захидал бичсэн юм. Бид Жэксонвиллийн наахна Браунсвикт амьдардаг байлаа л даа. Тэнд, яг хот руу орох замд нэг том царс мод байдаг юм. Би тэгээд эхнэртээ шинэ эр хүнтэй болоогүй бол, хэрэв намайг ахин хүлээж авахад бэлэн гэвэл тэр модон дээр шар өнгийн алчуур өлгөөрэй, тэгвэл би унаанаас буугаад гэртээ орно гэж бичсэн. Харин тэр намайг хүлээж авахгүй, ор тас мартана гэвэл модонд алчуур өлгөхгүй, би цаашаа замаа хөөх юм.

- Хөөх.

Охин ахин нэгэнтээ дуу алдаад бусдадаа энэ тухай ярьж өгчээ. Удалгүй автобусанд яваа хүн бүр Браунсвикт дөхөж ирэхийг тэсэн ядан хүлээнгээ Вингогийн эхнэр, гурван хүүхдийн зургийг гар дамжуулан үзэв. Эхнэр нь эгэл борог авч ер бусын үзэсгэлэнтэй, хүүхдүүд нь тун ч дэгтэй, дүрэмт хувцсаар жигдэрчээ.

Автобус Браунсвикт 20 бээрийн зайтай ойртож ирлээ. Мөнөөх залуус цонхны дэргэдэх суудалд шилжин сууцгааж, аварга том царс модны барааг харуулдаж эхлэв. Харин Винго цонх руу харахаа болиод царайгаа хамаг байдгаараа үрчийлгэн ахиад урам хугарах вий гэсэн шиг биеэ чангаллаа. Браунсвикт 10 бээрийн зайтай, удалгүй таван бээрийн зайтай ойртож ирэв. Гэтэл гэнэтхэн залуус дор бүрнээ суудал дээрээ өндийн зогсоод орилж хашхиралдан, зарим нь нулимс унаган, зарим нь баярын бяцхан бүжиг хийж эхэлвэй. Вингогоос бусад нь бүгд хөөр хөгжөөн боллоо.

Харин Винго гайхаж балмагдсан аятай хөдөлгөөнгүй сууж, царс модыг ширтэх аж. Модон дээр бараг 20-30, магадгүй бүр хэдэн зуун шар алчуур өлгөжээ. Аварга царс мод салхинд дэрвэх угталтын баярын дарцаг адил харагдана. Хөөрсөн залуусыг орилж хашхичихтай хамт хоригдол явсан эр суудлаасаа өндийн, гэртээ харихаар автобусны урд талын хаалга руу яаран зүглэвэй. 

 

 

1 Сэтгэгдэл:

  1. Yamar saihan yumbee😍 Xaipttaigaa l uulzahsan

Сэтгэгдэл илгээх

Image 01
13

#CRYPTOTUUKH | МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХАТНЫ ЭМГЭНЭЛТ ТҮҮХ

Төрийн өмчийн сангаас түүнийг 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг. Тэрбээр өөрийн дурлалт залуу Даншигийн начин Лувсандамбатайгаа ханилж дөрвөн хүүхдийн ээж аав болон амьдарч байлаа.

Цааш үзэх
Image 01
08

МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТНЫ ДОМОГ

Мандуул хаан Баянмөнх болох жонон хоёр эх захаа нэгдэн зургаан түмнийг мэдэж явав. Мандуул хаан хоёр хатантай ажээ. Их хатан нь Ойрдын Бэгэрсүн тайжийн охин их хамарт Юнгэн, бага хатан нь Энгүд Цоросбай төмөр чинсангийн охин Мандухай цэцэн хатан билээ. Тэндээс Мандуул хаан таван он болох 42 гахай жил халив. (1467 он)

Цааш үзэх
Image 01
04

КЕННЕДИГ АНУ-Н 35 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН МЭТГЭЛЦЭЭН

1960 оны АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн. Түүхэн дэх хамгийн залуу нэр дэвшигч, 43 настай Кеннеди, дэд ерөнхийлөгч Никсоны эсрэг өрсөлдөж байлаа. Нас залуу цус шингэн Кеннеди энэ аварга улсыг удирдаж явах хэмжээнд бэлэн болж амжсан эсэх, мөн цагаан ордонд суухаар нэр дэвшиж буй 2 дахь католик шашинтан зэрэг нь сонгогчдод эргэлзээ төрүүлж байлаа. Эхний католик нэр дэвшигч тэртээ 32 жилийн өмнө Нью-Йоркын засаг дарга Ал Смит байсан бөгөөд шашнаасаа болоод сонгуулиас мултарч байсан.

Цааш үзэх
Image 12
29

МОНГОЛ ОРОН МАНЖИЙН ЭРХШЭЭЛИЙН ҮЕД

Манжид эзлэгдэхээс өмнө Монголчууд өөрсдийн эв нэгдлээ хадгалахын тулд 1580-аад онд албан ёсоор шарын шашныг дэлгэрүүлж Эрдэнэзуу хийдийг байгуулжээ. Шашны далбаан доор төрийнхөө эв нэгдлийг хангах гэж оролдсон бөгөөд төрийн албан ёсны шашингүй байсан Монголчууд буддын шашныг шүтэж эхэлжээ. Ард түмэн дотоодын дайн байлдаанаас залхсан байсан учраас тайван амьдралыг номлосон буддын шашныг амархан хүлээн авсан төдийгүй асар хурдан түгэн дэлгэрсэн юм. Манжийн хаан ч шашнаар далимдуулан эзлэн түрэмгийлэх бодлогоо амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Цааш үзэх