image

Сальвадор Дали | ЗҮҮДНИЙ ЗУРААЧ

XX зууны хамгийн нэр хүнд бүхий уран зураачдын нэг Сальвадор Далийн дуулиантай, өвөрмөц, нууцлаг амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсү. Тэрээр Испанийн Каталон мужийн Фигарэс хотод 1904 онд төржээ. Ойр дотнын хүмүүс нь “Бага байхдаа гунигласан харцтай хэрнээ бардам зантай, гөжүүд хүү байсан. Том болоод их туранхай, урт нарийхан эргүүлсэн сахалтай, үсээ Аргентины танго бүжигчдийнх шигээр өтгөн тосоор хэлбэрт оруулан янзалж, тод өнгөтэй цамц, хуурамч эрдэнийн чулуутай бугуйвчаар гоёдог. Маш ичимхий, шаардлагагүй үед хөхөрч инээдэг, ямар нэг зүйлээс айсандаа уйлчихдаг их хачин зан авиртай хүн байлаа” хэмээн хожим нь ярьжээ.

Тэрбээр испани гаралтай боловч удаан хугацаанд АНУ-д амьдарчээ. 1922 онд Мадридын хааны урлагийн академид элсэн орж, уран бүтээл авьяас чадвараараа гайхагдаж байсан ч багш нартайгаа бүдүүлэг харьцдаг гэх шалтгаанаар 1926 онд хөөгдсөн гэдэг. Тэр даруйдаа Парист очиж Пабло Пикассо, Жоано Миро нарын зураачтай уулзаж өөрийн уран бүтээлийн төрөл, жанр, чиглэлийг олохыг хичээж байжээ. 1925 онд Барселоны “Далмау” галерейд Федерико Гарсиа Лоркатай хамтран анхны үзэсгэлэнгээ дэлгэжээ. 1928 онд Питсбург хотноо болсон Карнегийн олон улсын үзэсгэлэнд зургуудаа дэлгэснээр нэрд гарах эхлэлээ тавьсан байна. Дали эхэндээ кубизм, футиризм, метафизик, дадаизмын урсгалыг сонирхон зурж байгаад сюрреализмийг судалж гол уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Сюрреализм нь Францын “syrealisme” буюу “бодит байдлын дээрх” хэмээх үгнээс гаралтай нэр томьёо бөгөөд дадаизмын урсгал задрахад түүнийг залгамжлан авсан хийсвэр урлагийн нэг төрөл юм. Сюрреализм нь зүүд, зөн совин, ухамсаргүйн үйлдлийг хүний оюун ухааны чадвараас дээгүүр тавьдаг иррационалист философийн үндэстэй урлагийн чиглэл билээ.

Эрүүл саруул ухамсрын зүгээс тавих хяналт суларсан үед соёлжсон хүний дотроос зэрлэг хүн, эсхүл хүүхэд сэрэн гарч ирдгийг баталсан Зигмүнд Фрейдийн ухамсаргүйн онол сюрреалист олон уран бүтээлчид гүн сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Тэд үүнд үндэслэн “Эрүүл саруул оюун ухаан уран сайхны бүтээл туурвих чадваргүй” хэмээн мэдэгдэж байв. Чухам энэ үеэс л өрнө дахины уран зураг, уран барилга зэрэг урлагийн бүх төрөлд хэвшмэл ойлголт нэг загвараас татгалзсан хийсвэр хэлбэр дүрсийн огт өөр өгүүлэмжтэй бүтээл олноор төрөх болсон нь тухайн цаг үеийн үзэл санаанд нийцэж, оюун ухааны хязгааргүй боломж, хийсвэрлэл, задгай эрх чөлөөг эрэлхийлсэн урлагийн ертөнцөд онцгой үнэт зүйл болсон юм. Тэдний төсөөлдгөөр бол оюун ухаан нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэг олж хуримтлуулж чадна.Гэтэл урлаг нь оюун ухаанаас наана байдаг далд ухамсарт эхлэлээс л зөвхөн үүсч бий болдог хэмээн үзэж байлаа. 1938 онд Дали суут эрдэмтэн Зигмунд Фрейдтэй танилцсан нь түүний урлагт хандах сэтгэлгээг орвонгоор нь эргүүлсэн байна. Улмаар тэрбээр Фрейдийн онолыг сонирхон судалж паранойд шүүмжлэлт аргуудыг хэрэглэн хүний ухамсаргүйгээр зүүд адил хийсвэрлэн бодох бодролуудыг тусган харуулахыг зорьсон уран бүтээл туурвиж эхэлжээ. Гол төлөв хүмүүс, эд юмсыг зүүдэлж буй мэтээр эмх цэгцгүй, бодит бусаар дүрсэлдэг байв. Тэрбээр зураг зурахынхаа өмнө зургийнхаа хэрэглэлийг бэлтгэж, үүрэглээд унтвал өөрийгөө сэрээх гэж халбагыг тогтоож тавьдаг байж. Тэгээд халбагыг унахад цочин сэрээд зүүдэлсэн сонин хачин үзэгдлүүдийг цаас юмуу зотон дээр буулгадаг байжээ. Урлаг судлаачид С.Далийн “Дурсамжийн өмнөх оршихуй”, “Анар жимс тойрон нисч буй зөгийний тухай сэрэхийн өмнөх зүүд” зэрэг уран зургийг сюрреализмын гол бүтээл хэмээн үздэг. Урлаг судлаач Э.Х.Гомбрих “Далийн зургуудад Грант Вүүдийн нягт нямбай арга маягаар илэрхийлсэн бодит байдлын салангид хэсгүүд дахин дахин давхарласаар ямар ч учир утгагүй мэт зүйлээс нь ямар нэг утга санаа тодрон гарч ирдэг.

Түүний бүтээлүүд аливаа үгийн олон салаа утга нь ерөнхий утга агуулгаас хамаарч байдгийг илтгэн харуулахын нэгэн адил хавтгай дээрх өнгө будагтай хэлбэр дүрсүүдийн олон янзын утга санаатай шинж чанарыг тод үзүүлдэг. Далийн энэхүү давхар дүр дүрсүүд болох дун-нүд, таваг, хүүхний нүүр зэрэг нь могойн биеэр бүтээгдсэн толгойтой, Ацтекцийн хурын бурхан Тлакокийн чулуун барималтай төстөй. Дали тавгийг нохой болгож дүрсэлсэн нь тухайн нэг хүний л зүүдний хэсэг. Түүнийг тайлах түлхүүр бидэнд үгүй билээ” хэмээн дүгнэжээ. Түүний “Далайн эргийн элсэн дээрх жимсний савнаас хүний нүүр тодрох нь” зургийн зохиомжийг сайн ажиглавал баруун дээд өнцөг дэх хачин жигтэйхэн байгаль буюу давалгаа хаялсан тэнгисийн булан, нэвт гарсан хонгил бүхий уул хүзүүвч нь тэнгис дээгүүр дамнасан төмөр замын гүүр болж харагдах нохойны толгой руу эвхэгдэн орж байна. Энэ нохой хий үзэгдэл мэт агаарт жингүйдсэн байх ба биеийнх нь дунд хэсэг өөрөө эмэгтэй хүний нүүр болж харагдах жимстэй савыг үүсгэжээ. Эл эмэгтэй тэнүүлч хий үзэгдлүүдийн наран шарлагын энэхүү талбайгаас үсрэн зайлж байгаа дун хорхой-нүдээрээ биднийг эгцлэн ширтэнэ. Яг л зүүдэнд байгаа юм шиг, хэрчим уяа, алчуур мэт зарим зүйл нь тодоос тод харагдаж байхад бусад нь бүдгэрэн уусч таних аргагүй болсон байх ажээ. Нэг л хэлбэр нь нэгэн зэрэг хэд хэдэн зүйлийн дүрслэл болж байдаг. Алив бүхний бүтэн бүрэлдэж буй болоход зайлшгүй шаардагддаг нөхцөл бол орон зай. Урлаг, уран зурагт ч мөн ялгаагүй. Бүтээлч хийгээд бүтээлд орон зай заавал шаардагддаг. Оюун ухаанд төрсөн үүдэл санаа урган хэлбэржиж, биежин боловсроход энэ нь зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэ орон зай бол бүтээгчийн оюуны орон зай юм.

Сальвадор Дали 1977 онд Оросын “Новое время” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Уран зурагт чухал зүйл бол агаарын оролцоо гэж би боддог. Веласкесийн “Менин”-ийг аваад үз л дээ. Хэчнээн их агаар байна вэ” хэмээн уулга алдсан байдаг. Ингэж уулга алдмаар зураг өөрт нь ч олон бий. Ер нь Далийн зурагт агаар буюу орон зайн оролцоогүй зураг нэг ч байхгүй. Тэрбээр бүтээл бүхэндээ орон зайг буй болгоод зогсдоггүй, орон зайгаар уран зургийг бүтээгчдийн нэг юм. 1929 онд Дали Гала /Елена Тронская/ хэмээх орос, зураач бүсгүйтэй танилцаж улмаар тэд гэрлэжээ. Тэд “Ээж рүүгээ нулимна” хэмээх үзэсгэлэнг хамтран гаргаж, нэлээд шуугиан дэгдээв. 1940 оноос Дали гэргийн хамт Парисаас Нью-Йорк хотод ирж суурьшин тэндээ найман жил амьдарч, ид шидийн гэмээр цуврал үзэсгэлэнгүүдээ америкчуудад толилуулжээ. Гала түүнд зөвхөн сайхан хайр мэдрүүлээд зогсохгүй уран бүтээлд нь ихээхэн урам зориг өгдөг байлаа. Дали уран зөгнөлт зургаа ар араас нь зурж доор нь “Гала-Сальвадор Дали” хэмээн тамгалдаг байжээ. Гала нөхрийнхөө зургуудыг галерейд тавих хүсэлт гаргахын сацуу чинээлэг нөхдөдөө Далигийн уран бүтээлд хөрөнгө оруулахыг ятгаж чаддаг байж. Энэ бүх хөдөлмөрийнх нь үр дүн тун хурдан гарч Дали дэлхий дахинаа тийм их алдаршаагүй байхдаа уран бүтээлээ 29000 франкаар худалдаж байсан гэдэг. Энэ цаг мөчөөс эхлэн гэр бүлийн хоёр эд баялагт умбан олон нийтийг этгээд уран бүтээлээрээ гайхшруулахаас ер халгахаа байжээ. Яруу найрагч Лотеноос Сальвадор Далид “Хүнд бэрх үед минь олон удаа тус болсон” хэмээн өгүүлж хирсний эвэр бэлэглэжээ. Хожим нь С.Дали эхнэртээ “Энэ эвэр намайг аварна. Энэ үг өнөөдрөөс эхлэн биелж байна. “Христос”-оо зурж байхдаа би гэнэт зурж байгаа Христос маань тэр чигээрээ хирсний эвэрнээс тогтох ёстойг олж харлаа. Биеийнх нь аль ч хэсгийг аваад үзсэн хирсний эвэр хэлбэртэй байх юм. Нэг эвэрний дэргэд өөр тийш нь харуулчихсан өөр нэг эвэр. Түүнтэй залгаад бас өөр нэг эвэр гэхчлэн нэг нэгэнтэй нь залган холбосон үй олон хирсний эвэрнүүд. Өөрийнхөө энэ нээлтэд гайхан баярласандаа өөрийн эрхгүй өвдөг дээрээ сөгдөн Христост баярлаж билээ” гэж хэлсэн байдаг. Үеийн үед зураач, уран бүтээлчдийн тэмүүлж байсан зүйл бол хэлбэрийг олох. Тийм ч учраас Леонардо да Винчи ямар нэг өндөг, Энгр хагас бөмбөрцөг, Сезан куб ба цилиндр гэх мэт хэлбэрүүдээр өөрийгөө илэрхийлэхийг оролдоцгоож байсан юм. Ганцхан Дали л “хирсний эвэрний давтагдашгүй хэлбэрийг оллоо” гэж хэлсэн байдаг. 1956 онд Парис хотод “Хуучны мэдрэмжтэй орчин үеийн урлагийн хоёр нүүртэн” ном хэвлэгдэх нүүр хуудсанд нь “Авидадолларс” гэсэн товчилсон үгс байв. Энэ бол сюрреалист зураач Андро Брэтоноос дотнын анд Сальвадор Далийн овог, нэрийг товчлон ”Долларт шуналтай эр” гэсэн утга гаргасан нь энэ ажээ.

Дали өөрийнхөө тухай “Би бага байхдаа Мигель де Сервантес “Дон Кихот” хэмээх мөнхийн роман бичиж, Испани эх орноо дэлхийд алдаршуулсан ч ядуу зүдүү байдалд үхсэн. Шинэ тивийг нээсэн Х.Колумб орох орон, оочих аягагүй байсныг мэдсэн учир аль болох түргэн тэрбумтан болох мөрөөдөлд автсан” гэж дурсан бичсэн байдаг. Дали 1953 онд Ромд гаргасан бие даасан үзэсгэлэндээ 24 уран зураг, 27 эскиз зураг, усан будгийн 102 зураг дэлгэжээ. 1973 онд Фигераст “Далигийн музей” хэмээх зураачийн амьдрал уран бүтээлийг харуулсан сюрреалист музейг нээсэн юм. 1984 оны наймдугаар сарын 30-нд Далигийн гэрт түймэр гарч, түүний арьсных нь 18 хувь шатаж, бие нь ихэд доройтжээ. 1985 оны хоёрдугаар сарын 30-нд түүний бие арай дээрдэж, Испанийн “Паис” сонинд сүүлчийн ярилцлагаа өгсөн байдаг. Гэвч түүний бие улам бүр доройтсоор зүрхний дутагдалд орж эмнэлэгт хүргэгдэж, 1989 оны нэгдүгээр сарын 23-нд зүрх нь зогсчээ. Түүний цогцсыг тусгай аргаар тослон цагаан даавуунд ороож Фигерас дахь музейд долоо хоног хадгалж, шүтэн бишрэгчид нь салах ёс гүйцэтгэсний дараа оршуулжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
02

Танго бүжгээр зүрхний шигдээс өвчнийг эмчилдэг

Аргинтина улсын эмч нар танго бүжгийн тусламжтайгаар зүрхний шигдээс болон зүрхний хүнд мэс ажилбарт орсон хүмүүсийг эмчлэхээр шийджээ.

Цааш үзэх
Image 03
31

FromINNA | ”Охин үрээ хайрла” шүлгийн бүтсэн түүх

"Охин үрээ хайрла" хэмээх шүлгийг үл мэдэх хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрхэн бичигдсэн тухай хуучилжээ.

Цааш үзэх
Image 03
28

Микеланжило Бунонарроти “Ром хотын Сикстиний капелла сүмийн таазны зураг”

Микеланжило амьдралынхаа хугацаанд олон хотод очиж, уран бүтээлээ туурвиж байсан ч, дийлэнх хэсгийг Ром, Флоренц хотуудад өнгөрөөжээ. 1508-1512 оны хооронд түүний зурсан Ром хотын Сикстиний Капелла сүмийн таазыг чимсэн ханын зураг нь урлагийн бүх цаг үеийн аугаа их ололт гэж тооцогдсоор байна.

Цааш үзэх
Image 03
24

МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШИЛМЭЛ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН МОСКВАД

ОХУ-ын Соёлын яам, Дорно дахины улсын музей (Государственный музей Востока)-н захиргааны санаачилгаар “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Москва хот дахь Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн төв байранд нээгдсэн билээ.

Цааш үзэх