image

"Хүмүүсийг хайрлахаас илүү уран бүтээлч гэж байхгүй" | ВАН ГОГИЙН 10 ЗУРГИЙН ТУХАЙ

Винсент Виллем Ван Гог (1853 оны 3-р сарын 30 - 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач. Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.

Арван зургаан настайдаа авга ахынхаа тусламжтайгаар галлерейд туслах ажил хийж эхэлсэн нь түүний анхны ажил байв. Винсент тэнд удаан ажилласангүй, аавыгаа ятгаж Амстердамын Их Сургуулийн шашны номлолын факультетэд хоёр жил суралцаад маш ядуу уул уурхайн бүс нутагт шашин дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ.1879 онд номлогчийн ажлаасаа халагдсанаар түүний ядуу тарчиг, тэнүүлчин амьдрал эхэлсэн байна. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр хуулбар хийж, хаяа байгаль дээр судалбар зурдаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцжээ. Тэрээр өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арльд байхдаа бүрэн хөгжүүлжээ. Амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн бөгөөд чухам энэ үед тэр Поль Гогентой андын харилцаагаа тасалснаас болж зүүн чихээ огтолсон билээ. Үүнээс хойш түүний сэтгэцийн өвчин үе үе хөдлөн улам хүндэрч, улмаар амиа хорлоход хүргэсэн.

Ван Гогийн амьдралд нөлөө үзүүлсэн гол хүн бол мөнгө төгрөгөөр харамгүй, байнга дэмжиж байсан түүний дүү Тео юм. Тэдний насан туршийн үерхэл нөхөрлөл нь 1872 оны наймдугаар сараас хойш харилцаж байсан олон захидлаас нь харагддаг. Ван Гог сүүлд экспрессионизм гэгдэх болсон урсгалыг анх үндэслэгчдийн нэг юм. Тэрээр орчин үеийн урлагт, ялангуяа фовизм болон Германы экспрессионизмд асар их нөлөө үзүүлсэн ажээ.

 

Бүйлс моддын цэцэглэх үе /Almond Blossoms/ 1890 он

 

1888–1890 оны хооронд Ван Гог Францад байхдаа гөлөглөж буй моддын тухай цуврал бүтээлүүдээ туурвисны нэг нь “Бүйлс моддын цэцэглэх үе” юм. Винсент дүүтэйгээ их дотно байсан ба түүнийг уран бүтээлчийн замнал хөөж ядруухан амьдарч байх үед дүү нь мөнгө явуулж тусалдаг байж. 1890 онд Тео хүүтэй болохдоо ахынхаа нэрийг хүүдээ өгчээ. Ингээд саяхан мэндэлсэн бяцхан Винсентэд зориулж Ван Гог энэ зургийг зурсан байна.

Гэрэлтсэн өнгөтэй, цэцэглэж буй энэ модод Ван Гогийн хувьд итгэл, найдвар, сайн сайхныг бэлгэдсэн онцгой утгатай аж. Францын өмнөд нутагт амьдарч байх үедээ тэрээр тэндхийн хаврын тухай “Цаг агаар их өөрчлөгдөх юм, хуйларсан тэнгэртэй, ихэвчлэн салхитай байна. Гэвч хаа сайгүй л бүйлс цэцэглэж байна даа” хэмээн бичиж байжээ.

Ван Гог Японы урлаг, соёлд ихээхэн сонирхолтой байсан нь түүний зарим бүтээлүүдээс харагдана. Жишээ нь энэ зургийг тэрээр Ukiyo-e гэх модон барын аргыг ашиглан зуржээ. Ер нь XIX зууны сүүлийн хагаст Европчуудын дунд Японы соёлыг сонирхон, шимтэх байдал ихэд дэлгэрсэн байлаа.

Төмс идэж буй хүмүүс / The Potato Eaters/ 1885 он

 

Уран бүтээлч болохоор шийдсэнийхээ дараахан зурсан энэ бүтээлийг нь түүний анхны шилдэг бүтээл гэж шүүмжлэгчид үнэлдэг. Нидерландад тариачид, ажилчидтай хамт амьдарч байхдаа Ван Гог тэдний амьдралын эгэл жирийн өдрүүдийг нь элдэв гоёчилсон зүйлгүй бодитоор нь дүрслэхийг хүсчээ.

Зурагт буй хүмүүсийн царай хөрсний эсвэл шинээр хураасан төмсний өнгөтэй харагдана. Тэдний төрх эв хавгүй, гар хуруунууд нь бүдүүн баараг. Хөдөө нутгийн тариачдын амьдралыг үзүүлэхдээ тэрээр “тавган дээр буй гарнууд бол газар хагалж, ажилласан хүмүүсийнх юм .. . идэж буй хоол хүнсээ тэд өөрсдийн хөдөлмөрөөр олж авсан” гэдгийг хэлэхийг зорьжээ. Ширээ тойрон суусан хүмүүсийн царай төрхийг анатоми эсвэл зурах техникийн үүднээс харахад зөв биш. Гэвч Ван Гогийн хувьд ер нь түүний бүх л уран бүтээлд зургаар дамжуулж илэрхийлэх гэсэн санаа нь л хамгийн чухал байлаа.

Бусад бүх бүтээлүүдийнх нь адилаар энэ зураг Ван Гогийг нас барсны дараа л олонд танигдаж шилдэг гэдэг алдар хүртсэн юм. Гэрэлтэй цайвар өнгө давамгайлсан импрессионистууд Парисын урлагийн ертөнцийг ноёлж байсан тэр үед Ван Гогийн энэ мэт бараан өнгөтэй зургуудыг зарах гэж оролдох нь түүний дүү Теогийн хувьд хэцүүхэн даалгавар байсан биз ээ.

Сонирхуулахад энэ зурагны эхний хувилбар нь Ван Гогийн өөр хоёр зургийн хамтаар 1988 онд Нидерландын нэгэн музейгээс алдагджээ. Зургийг хулгайлсан хүмүүс энэ зургийг буцаан өгсөн бөгөөд үлдсэн хоёр зураг өөрсдөд нь байгааг мэдэгдээд 2,5 сая долларын барьцаа шаардаж байв. Мөн 1991 онд энэ зургийн сүүлийн хувилбар нь өөр нэг музейгээс бас дахин хулгайлагдсан байна. Гэхдээ зөвхөн 35 минутын турш.

Цахилдаг /Irises/ 1889 он 71*93см

 

Удаан хугацаанд үргэлжилсэн сэтгэлийн гүн хямрал, хэд хэдэн удаа өөрийгөө гэмтээх гэж оролдсоныхоо дараа Ван Гог Францад байх нэгэн эмнэлэгт хэвтжээ. Тэрээр нас барах хүртлээ энд байсан бөгөөд эмнэлгийн эргэн тойрон дахь цэцэрлэг түүний хамгийн ихээр зурах дуртай зүйл байлаа. Эмнэлэгт очсон эхний долоо хоногоосоо л тэр цахилдаг цэцэгс зурж эхэлжээ. Амьдралынхаа сүүлийн нэг жилийн хугацаанд Ван Гог зуун гуч орчим зураг зурсан байдаг. Эдэн дунд “Одод түгсэн шөнө” болон “Цахилдаг” хэмээх энэ зураг орно.

Ван Гогийн бүтээлүүдэд тод өнгөнүүд, тэдний онцгой содон зохицлууд голлох үүрэгтэй байсан гэж судлаачид үздэг. Тухайн цаг үеийн зарим уран бүтээлчдийн адил Японы бар зургийн нөлөө энэ зурагт бас шингэжээ. Сайн ажиглавал зурагт буй цахилдаг цэцэгс бүр өөр өөр байгаа нь зураач цэцэгсийн өнгө, хэлбэр, хөдөлгөөнийг үнэхээр сайн ажигласан бололтой.

Цахилдаг болон цэцэрлэгийн тухай зургууддаа Ван Гог төдийлөн ач холбогдол өгөөгүй зүгээр л зургийн дасгал шиг үздэг байж. Харин энэ зургийг үзсэн дүү Тео нь “Одод түгсэн шөнө” гэх өөр нэг зургынх нь хамтаар жил тутамд зохиогддог үзэсгэлэнд явуулж байжээ.

Энэ зураг 1987 онд 54 сая доллараар зарагдсан нь уран зургийн дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй худалдан авалтуудын нэг болсон юм.

Church at Auvers, 1890 он

 

Ван Гогийн зурагт буусан энэ сүм Парисаас баруун хойд зүгт 27 км орчим зайд байдаг. Нас барахынхаа өмнөхөн бичсэн нэг захидалдаа тэр “… Хэдий өвчтэй байсан ч гэсэн би хэдэн жижигхэн зурагнууд зурлаа. Чамд дараа нь үзүүлнэ ээ, хуучны дурсамжууд, хойд нутгийн дурсамжууд …” гэж бичсэн байжээ.

1890 оны тавдугаар сард Ван Гог хэвтэж байсан эмнэлгээсээ гарч Францын хойд зүг рүү аялав. Нүдэнд шууд тусах бодит байдлыг зураач хөдөлгөөн, өөрийн сэтгэл хөдлөлөөр нэмэн өөрчилж зарим зургуудынхаа адил хурц тод өнгөний тусгалыг харуулжээ. Зурагт харагдах сүм бодит байдлаасаа их өөр. Ван Гог барилгын шийдлийг өөрчилж харуулсан нь шашны тухай түүний хувийн үзлийг илэрхийлжээ. Жинхэнэ сүнслэг чанар байгальд байдгаас биш хүний гараар бүтсэн барилга, байшинд ордоггүй ээ гэж Ван Гог итгэдэг байж.

Гачет эмчийн хөрөг /Portrait of Dr.Gachet/ 1890 он

 

Ван Гог амьдралынхаа сүүлийн саруудад Гачет хэмээх сэтгэл зүйч эмчтэй байжээ. Шанаагаа тулан бодлогоширч суугаа энэ эрхмийн хөргийг зураач хоёр хувилбараар зурсан бөгөөд өөр нэг хувилбарт нь хөх, цэнхэр өнгө илүү голлосон юм. Урд нь суугаа хүнээ эсвэл эргэн тойрны орчноо огтхон ч анзаарахгүй байгаа мэт бодлогошрон суух энэ эрхэм Ван Гогын сүүлийн найз байсан бололтой. Тэрээр дүүдээ бичсэн нэг захидалдаа “Би Гачет гэдэг нэг маш сайн найзтай боллоо, бид бараг л ах дүүс шиг байна. Тэр бид хоёр гадна төрхөөрөө адилхан харагддаг төдийгүй үзэл бодол ч бас адилхан юм….” хэмээн дурдсан байжээ. Уг нь анх танилцахдаа Ван Гог эмчид төдийлөн таатай хандаагүй гэдэг.

Зурагт буй эрхмийн гуниг шингэсэн харц, бодлогоширсон царай төрх нь түүний дотоод сэтгэлийг төдийгүй Ван Гогийн өөрийнх нь байр байдлыг ч илэрхийлсэн бололтой. Тогтоол усанд гадны биет унахад ус бидэртдэг шиг эмчийн хүрэмний өнгө цаад орчин руугаа уусч харагдана.

Шөнийн кафе /Cafè Terrace at Night/ 1888он

 

Францын өмнөд хэсэгт Арльд амьдарч байхдаа Ван Гог анх удаа шөнийн орчинг зурсан нь энэ зураг юм. Өнгөнүүдийн хурц тод, эрс тэс ялгарлыг ашигласан нь кафе дотроос гийх гэрлийг улам гоёмсгоор тодосгож, шөнийн тэнгэрийг ч гэрэлтэх мэт харуулна. Засмал чулуун зам ч эрхгүй харц булааж цааш сүмийн цаана харагдах шөнийн тэнгэр өөд үзэгчийг дагуулах шиг. Зурагт дүрслэгдсэн энэ кафе одоо ч байдаг ба Ван Гогийн шүтэн бишрэгчдийн очихыг хүсдэг газруудын нэг болжээ.

Шөнийн тэнгэр, шинэ зурагныхаа тухай тэрээр дүү охиндоо бичсэн захидалдаа ”… хар өнгө бараг байхгүй ч шөнийн зураг. Харин маш үзэсгэлэнтэй цэнхэр, нил ягаан, ногоон өнгөнүүд бас эргэн тойрны орчин нь гэрэлтсэн байгааг харж болно …” гэжээ. Ван Гог энэ зургийг зурахдаа импрессионистуудын нэгэн адилаар өөрийн харж буй өнцгөөсөө дүрслэн зуржээ.

Наранцэцэгс /Sunflowers/ 1888 он

 

Ихэнх зургуудаа цуврал маягаар, заримыг шинэчилж, олон янзаар зурдаг байсан Ван Гогийн өөр нэг алдарт цуврал нь наранцэцэг юм. Их энгийн, гойд сонин зүйлгүй энэ зураг яагаад ийм алдартай юм бэ гэж асууж болно. Хэдийгээр урлагийн бүтээл ойлгогдохын тулд биш мэдрэгдэхийн тулд байдаг боловч, басхүү хэн хүний мэдрэмж өөр өөр авч ерөнхий хариултууд бас бий.

Ван Гог энэ зургаараа хэрхэн нэг өнгөний олон хувирлыг голчлон ашиглахыг гэхдээ бас уран тансаг байдлыг нь алдуулахгүй байхыг харуулжээ. Цуврал зурагнуудын зарим нь Лондон, Мюнхэн зэрэг хотуудын галлерей, музейд, зарим нь хувийн цуглуулгад бий. Харин дөрөв дэх хувилбар нь болох энэ зураг Амстердам дахь Ван Гогийн музейд бий.

Цэцэгс Ван Гогийн хувьд талархал, сайн сайхныг бэлгэддэг. Бүйлс моддын нэгэн зургийг шинэ төрсөн ач дүүдээ зориулсан бол тэрээр наран цэцэгсийн зургийн заримыг нь өөрийн дотны найз Гогендоо зориулан зуржээ. Гогеныг ирэх болоход ихэд баярлаж зочны өрөөгөө бэлдэж байсан тэр эдгээр зургуудын нэгийг нь найзыгаа ирэхээс өмнө зурж хананд өлгөсөн байлаа. Гогенд наранцэцэг ихэд таалагдсан гэдэг.

Энэ зурагт буй цэцэгс янз бүрийн насны онцлогийг харуулах мэт өөр өөр байдалтай. Зарим нь цэцэглэж, дэлбээгээ дэлгэсэн байх бол зарим нь хатаж хорчийн бараг хагдрах дөхжээ.

Гэмтсэн чихтэй хөрөг /Self portrait with Bandaged ear/ 1889 он

 

17дугаар зууны үед амьдарч байсан Данийн зураач Рембрандтыг тухайн үеийнхээ уран бүтээлчид дотроос хамгийн олон удаа өөрийн хөргийг зурсан гэдэг билээ. Түүнээс хоёр зуу орчим жилийн дараа Ван Гог бас өөрийнхөө гуч гаруй хөргийг зурж үлдээжээ.

Энэ зурагны түүх бол Ван Гогийн амьдралд хинээн олон таагүй зүйлс тохиож байсны, тэрээр хэр их тогтворгүй, ойлгомжгүй араншинтай хүн байсны түүх юм. Ван Гогийг Арльд амьдарч байх үеэр Парист танилцсан найз, зураач басхүү өрсөлдөгч нь болох Пол Гоген түүнтэй хамт амьдарч, уран бүтээлээ туурвихаар иржээ. Хоёр найз хамтдаа Францын өмнөд нутагт өөрсдийн урланг байгуулж, Парисын Монмартрегээс өөр бас нэг уран бүтээлчдийн хүрээлэл үүсгэхийг мөрөөдөж байлаа. Ван Гог найзынхаа айлчлалд ихэд хөөрч хэдий зүдүүхэн амьдарч байсан ч дүүгээсээ ирсэн мөнгөөр гэртээ шинэ тавилгууд түүн дотор Гогенд зориулан сандал хүртэл худалдан авчээ. Харамсалтай нь энэ нөхөрлөл, уран бүтээлчдийн хамтын замнал есөн долоо хоногоос илүү үргэлжилсэнгүй. Гоген өөр тийш явав.

Нэгэн удаагийн ширүүн маргааны үеэр Ван Гог өөрийн зүүн чихийг гэмтээжээ. Маргааш өглөө нь Гоген ирээд хүзүүнийхээ судсыг гэмтээж, цус алдсан найзыгаа олов. Удалгүй Ван Гог эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийхээ дараа хоёр хөрөг зурсны нэг нь энэ юм.

 

Bedroom in Arles, 1888он

 

Францад байхдаа амьдарч байсан шаргал өнгөтэй гэрийнхээ өрөөг Ван Гог гурван удаа зуржээ. Эхний хувилбарыг тэрээр 1888 оны аравдугаар сард зурж дуусаад энэ тухай дүү Теодоо дэлгэрэнгүй захиа бичив. Тэр захиандаа зурагныхаа таталбарыг хүртэл хамт явуулсан байдаг. Винсент энэ зурагтаа их сэтгэл хангалуун байсан бөгөөд “энэ зурагт өнгө голлох үүрэгтэй байна” хэмээн бичжээ. Тэрээр дараа өдөр нь сайн найз зураач Гоген руу илгээсэн захидалдаа мөн энэ зургийн тухай дурдсан байдаг.

1889 оны эхээр тэрээр сэтгэл гутралд орж, чихээ гэмтээж Арль дахь эмнэлэгт хэсэг эмчлүүлжээ. Эмнэлгээс гарч ирснийхээ дараа хуучин зургуудаа эргэж үзтэл өөрт нь хамгийн их таалагдсан нь энэ зураг байсан гэдэг. Харамсалтай нь түүнийг эзгүй байх хойгуур үер болж зураг гэмтсэн байлаа. Ингээд Ван Гог унтлагын өрөөнийхөө хоёр дахь хувилбарыг зуржээ. Эхний хувилбар нь Амстердам дах Ван Гогийн музейд, хоёр дахь хувилбар нь Чикагод, гурав дахь нь Парист бий. Сүүлийн хувилбараа тэрээр 1889 оны зун зурсан юм. Ээж, охин дүү хоёртоо зориулан өөрийн хайртай зарим бүтээлүүдээ шинэчлэн зурсны дотор энэ зураг багтсан байна.

Орны дээхнэ ханан дээр байгаа зургуудын ялгаатай байдлаар гурван хувилбарыг таньж болно. Тэнд буй зургууд бол Ван Гогийн хоёр найзынх нь хөрөг юм. 

“Одод түгсэн шөнө” /The Starry Night/ 1889 он

 

“Одод түгсэн шөнө” хэмээх энэ зураг магад Ван Гогийн уран бүтээлүүдийн оргил нь биз ээ. Тэрээр ихэнх зургаа бодит зүйлсийг ажиглаж буй тэр үедээ шууд зурсан байдаг бол энэ зураг харин өөр юм. Зураачийн сэтгэл санааны байдал, дотоод зөрчлийг илтгэх мэт хуйларсан, нүүгэлтсэн шөнийн тэнгэр түүний бусад зурагт харагдах байгаль, орчин байдлаас ялгардаг. Ширээ тойрон суугаад хооллож буй тариачдын зураг нь зөв техник байхгүй, эв хавгүй гэдэг шүүмж хүртэж байсан Ван Гог энэ зурагт сар, одод, гараг эрхсийг шөнийн тэнгэрт тун зөв зохицолтойгоор дүрсэлжээ.

Зурагт үүр дөнгөж цайгаад, нар мандахын өмнөхөн үзэгдэх тэнгэр үзэгдэнэ. Ван Гог эмнэлгийн унтлагын өрөөнийхөө цонхоор үзэгдэх байдлыг дүрсэлсэн бололтой. Бусад өвчтөнүүдийг бодвол тэрээр зураг зурах, унших, хүссэн үедээ цэцэрлэгээр зугаалах зэрэг давуу эрхтэй байжээ. Бүр түүнд өөрийн гэсэн урлангийн өрөө ч байсан гэдэг. Харамсалтай нь зураач хий юм харах, сонсох болж амиа хорлох тухай бодолд автах болж, сэтгэлийн хямралд өртсөн хэвээр л байлаа.

Одоо энэ зураг Нью-Йорк хотын Модерн Арт Музейд хадгалагдаж буй.

 

 Зургийн тайлбарыг: NIMA ART https://medium.com/@nima.tsgn/about

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Наоми Осака "Louis Vuitton" брэндийн шинэ дүр төрхөөр тодорлоо

“Louis Vuitton” брэндийн зүгээс Наоми Осакаг “олон талд хувирч чаддаг, бие даасан, орчин үеийн, LV брэндийг бүрэн тодорхойлж чадахуйц, бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий теннис тоглогчдын нэг" гэж тодорхойлжээ.

Цааш үзэх
Image 01
14

МОНГОЛ ХҮН БҮРИЙН МЭДЭХ ЁСТОЙ 20 УРТЫН ДУУ

Монгол ардын уртын дууны гайхамшиг дахин давтагдашгүй билээ. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно.

Цааш үзэх
Image 01
12

FromINNA | Нууцлаг харцандаа дахиад л нууцаа хадгалчих шиг...

FromINNA залуу шүлэгч Л.Мажиггаравын бодол, мэдрэмжээс төрсөн шүлгүүдийг болон найрагчдын бичсэн дуртай шүлгүүдээ онцлон хуваалцаж байна.

Цааш үзэх
Image 01
12

FromINNA | ХУН-д дурласан ХҮН-ий өдөлсөн хайр

Хүн хүндээ дурладагаас бус хунд дурлаж байсан тохиолдол бий болов уу? Магадгүй ийм учраас л “Хунт нуур” зуун зуун дамжин хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар ирсэн байх. Зүгээр нэг хүн биш язгууртан гаралтай, зарц, шивэгчин, алиа салбадай, үзэсгэлэнт бүсгүйчүүд гээд хүний хүсэж болох бүгдтэй ханхүү гоо цагаахан хунд анхны хайраа өгч, ухаангүй дурладаг түүх. Дурлалынх нь эзэн хорон санаат хар хунгийн ид шидээр хун болон хувирсан үзэсгэлэн гоо гүнж. Урьд өмнө нь хэнд ч дурлаж байгаагүй хүн чин сэтгэлээсээ дурлавал хүн болж хувирах тавилантай Одетта гүнж. Ийм романтик үлгэр хөгжмөөр амилсан учраас “Хунт нуур” хамгийн хүчирхэг нь байж, хүн төрөлхтний түүхэнд бүтээгдсэн номер нэг байр сууриа хэнд ч алдахгүй ирсэн билээ.

Цааш үзэх