image

Н.Батбаатар: Уран зургийг тайлж уншихад дан ганц мэдрэмж хангалтгүй

Тэнгэрийн цэнхэр, намрын дулаахан өнгүүд хийгээд үзэсгэлэнтэй үзэгдлүүдэд дуртай нэгний хувьд НУТАГ НУТГИЙН ӨНГӨ судалбар зургийн үзэсгэлэнгээр аялах нэн таатай. Уран зураг зурдаггүй ч түүнийг ойлгож мэдэрдэг бол чи авьяастан л гэсэн үгхэмээсэн үзэсгэлэнгийн эзэн Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Батбаатарын давтагдах болон үл давтагдах дотоод санаа, үзэл бодлыг уран бүтээлчийн уянгаар хөглөн уншигчдадаа хүргэе.

Аливаа уран бүтээл хийхийн тулд гол ба туслах дүрүүд болон уран бүтээлд орох дүр дүрслэлүүдийг хэсэгчлэн судалж зурсныг л судалбар зураг гэж нэрлэдэг. Юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахад судалбар зураг чухал нөлөө үзүүлдэг. Бидний сууж байгаа энэхүү зургийн үзэсгэлэн Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хэнтий, Төв аймгийн нутгуудаар явж зурсан нийт 32 судалбар зургаас бүтсэн.

Тухайн орон зайд буюу байгальд сууж нар, салхи, бороо гээд байгалийн түмэн үзэгдэлд уран бүтээлчийн мэдрэмжээр, байгалийн араншин, өнгө гэрэл сүүдрийг гаргахыг зорьдог гол онцлог нь уран бүтээлчид хамгийн том багш болдог. Нөгөө талаараа байгальд зурсан зураг нь байгалийн энерги, уран бүтээлчийн мэдрэмжийг шингээсэн дахин давтагдашгүй өнгө будаг, зохиомжийн төгс хослол юм.

Судалбар зурагт зураач уран бүтээл рүүгээ улам татагддаг.

 

Уран бүтээлчийн мэдрэмжийн тухай

ЧИ ЗОВЖ БИШ ЖАРГАЖ ЗУР гэж сайн зураачид хэлдэг. Энэ үгийг сонссон, сонсдог хэрнээ байнга санаандаа агуулаад явдаггүй. Яах вэ гэхээр уран бүтээл туурвиж байх хугацаанд үе үе тийм ЖАРГАЛТАЙ мэдрэмжийг мэдэрдэг. Яг энэ үед л уран бүтээлээ илүү сайжруулах боломжийг олдог байх шүү.  

Магадгүй мэдрэмждээ хөглөгдсөн ч зурж эхлэхэд хэцүү байвал санаа зоволгүйгээр сайн уран бүтээлчдээс жишиг авч, суралц гэж хэлэх гээд байна лдаа. Уран бүтээлч, тамирчин хоёр ахиц дэвшлийнхээ хувьд ижилхэн. Байнгын оролдлого хийхгүй л бол зэвэрнэ. 

Төөрч удаж байхаар үнэхээр сайн уран бүтээлчийн үгийг сонсоход гэмгүй. Эргэлзэх цаг хугацааг товчилж сайн уран бүтээл төрүүлэхэд тусална.

Уран бүтээлчийн мэдрэмжийн 80 хувь нь үзэгчдэд шууд хүрч чадвал тэр уран бүтээл мөн чанараа оллоо л гэсэн үг.

УГЗ зураач Д.Цэдэндорж гуай алдарт ЭЭЖ ХАЙРХАН УУЛ зургаа 200-аад хувь зурж байсан түүхтэй. Анхны сэдэл нь бодит шүтээн уулнаас эхтэй. Тухайн зураачийн мэдрэмж давтагдашгүй тул дахин дахин захиалгууд ирсээр л байсан гэсэн үг. 

Мөн уран зургийг тайлж уншихад дан ганц мэдрэмж хангалтгүй. Хүн төрөлхтнийг олон тал болгон талцуулдаг Мона Лиза, Одтой шөнө, Хашхираан зэрэг дэлхийд алдартай зургийн уран бүтээлчид эдгээр бүтээлүүдээрээ юу хэлэхийг зорьсон гоо сайхны санаа ямар хэмжүүрт байсан гэдэг нь тэднийг ямар цаг үед амьдарч байсантай нь нягт холбогддог. Бүр зураачийн юу хүсч, ямар амьдрал хувь заяаг туулж ирсэн нь уран бүтээлийн чинад нууцыг ч хадгалж байдаг шүү дээ. Тэгэхээр уран зургийг үнэлэх асуудал нь нэгэн зуунд ч хэмжигдэхгүй асар том үнэ цэнэ юм.  

Хэзээнээс жинхэнэ уран бүтээлч болов оо гэдэг асуултад хариулт байхгүй. Мэдээж сайн уран бүтээл төрүүлэхийн тулд уран зургийн хэл, ухаанд нэвтэрч мэддэг уран бүтээлч болох хэрэгтэй. Ингэхэд сэтгэл чинь тогтож төвлөрсөн үгүй нь чагнагдана. Дараа нь бүтээх үйл явцад орж эцсийн шатандаа үзэгчдийн мэлмийд хүргэх явдал бий болно.

Эхлэлээсээ эцэс хүртлээ анхны мэдрэмжээ хадгалж чадсан уу гэдэг их чухал.

Таван настай байхаасаа цас орохоор цасан дээр, элстэй газрын элс шороон дээр, цантсан цонхон дээр бүр сүүлдээ ханан пийшингийн цагаан шохойг алаг эрээн болтол зурдаг байлаа. Тэр нь ямар нэг ухамсаргүйгээр дуртай учраас дурлан дурлан ажил болгож зураас цэг болгоноо амьтай гэж итгэдэг байсан үеэс зураачийн мэдрэмжийг мэдэрдэг болсон гэвэл хилсдэхгүй байх. Манай аав ээжийн талд зургийн байтугай ямар нэг урлагийн авьяастан байхгүй нь сонин шүү.

Уран бүтээл бол байнгын процесс. Миний хувьд Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургуульд суралцаж байхдаа нэг хэсэг уран бүтээлийн завсардалттай байсан. Гэхдээ тийм завсардах үе ч уран бүтээлийг бий болгодог юм билээ. Байнгын хүчлэхгүйгээр үйл явц бүрийн мэдрэмжээр өөрийгөө цэнэглээд л...

Зарим зураг бүтээгдэж дуусаад маргааш нь зураачдаа гологддог бол зарим нь бүр олон жилийн дараа үнэлэгддэг. 

Аль ч үед зураач илүү сайн уран бүтээл туурвихын төлөө байнгын зүтгэлтэй байх хэрэгтэй. Хэдий чи төрмөл авьяастай ч нас залуу тул зарим зүйлсийн дутууг дүүрэн гэж эндүүрэх нь олон. Нөгөө талаараа олон жилийн бүтээл туурвисан туршлагатай ч залуу уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгох нь чухал. Энэ хоёр талт байдлаар юу хэлэх гээд байна вэ гэхээр уран бүтээлчид мэдрэмж, авьяасаараа энгийн хүмүүсээс илүү байдаг ч бодит туршлага, хөдөлмөрийг хэзээ ч орхигдуулж болохгүй. 

Хадгалагдсан сэтгэл хөдлөлийг алдаж болохгүй зурах... Чи урлагийг ойлгочихлоо гэж бодох буруу, огт ойлгохгүй байна гэж эргэлзэх ч буруу тэр хоёрын завсар байх нь чиний бодит үнэ цэнэ гэж нэлээн дээх нь нэгэн багш хэлж байсан нь байнга боддогддог юм. Сайн уран бүтээлчийн бүх уран бүтээл сайн байдаггүй, тийм байх ч албагүй. Учир нь нэг хэвд цутгасан олон тооны зүйлс урлагт хэрэггүй. Дараа дараагийн гайхалтай уран бүтээл төрөхөд тааж мэдэхгүй цаг хугацаагүй, танилцах хүмүүс, таамаглаагүй тохиолууд нөлөөлөх хэрэгтэй шүү дээ. Уран бүтээл ингэж л төрдөг бодит ба бодит бусын сүлэлдээнээс...

Бидний мэддэг алдартан зураачдын 20-30 гаруй зураг нь л нийтэд ил байдаг бол цаана нь болоогүй хоёр мянгаад зураг хүртэл байдаг.

Бодит биш хийсвэрээр төсөөлж зурсан эмэгтэй хүмүүсийг ихэвчлэн зурсан Анир” нэртэй бие даасан үзэсгэлэн 2010 онд, мөн судалбар зургуудаас бүтсэн Хаврын урь” бие даасан үзэсгэлэнг 2016  онд тус тус дэлгэж байлаа. Тухайн үед гаргаж байгаа үзэсгэлэн дээрээ тогтож суудаггүй байсан. Харин энэ жилийн буюу 2020 оны зургийн үзэсгэлэн дээрээ тогтож суухыг нэлээн их хичээлээ. Тэр чинээгээрээ сэтгэгдэл ч өндөр байна. Учир нь хүмүүсийн амьд харилцаа урлагт ямар чухал байдгийг дахин суралцлаа. Нэг зургийг зуун хүн зуун өөр өнцгөөр харна гэдэг гайхалтай биш гэж үү.

Уран бүтээлч сэтгэлгээний хувьд тэнүүлч байдаг гэхэд нэг их гажуудахгүй байх. Уран бүтээлч бүрийн уран бүтээл оргилох орон зай, цаг хугацаа, сэтгэл хөдлөл, мэдрэмж бүгд л өөр өөр үеүдэд байдаг. Миний хувьд хөдөө байгальд бүтээл туурвихад хамгийн тааламжтай. Надад биш, мөн л нэг залуу уран бүтээлчид нэгэн настай зураач чи хөдөө очоод МОНГОЛ ӨНГӨ гэдгийг мэдрээд ир гэсэн байгаа юм. Мэдээж түүнийг нь хэлсэн дариуд ойлгоогүй ч хөдөө явж л дээ. Тухайн үедээ энэ л юм байна гэж барьцтай зүйл хариу болгож авсангүй гэнэ. Өвөл нь урлан дээрээ суугаад л хариуг нь олсон байгаа юм. Тэр юу байсан гэхээр ЧИМЭЭ. Сонин байгаа биз Монгол өнгийг өнгө ялгаж харахаас гадна гарч буй дуу авианаас зураг төрүүлж болдог. Адуу үүрсэх, үнээ тугал нийлэх, саалийн хөнөгөнд саасан сүү шунганах гээд л нэрлэж болох олон зүйл бий. Тэгэхээр зураг бол бүхий л мэдрэхүйн нийлбэр. 

Тэр ч утгаараа Монгол зураг бүтэх хугацаа урт байдаг. Эхний будгаа хатахыг хүлээнэ, тэгээд л бүх л зүйлс нь дэс дараалалтай. Хэрвээ холилдох л юм бол Монгол зурагны утга алдагдана.

Урлагт тэр дундаа уран зурагт дурлагсад ч нэмэгдэж байгаа мэдрэгдэж байна. Уран зургийг таашааж цуглуулгатай болох хүсэлтэй хүмүүс ч олширч. Энэ бол сайхан мэдрэмж сайн мэдээ. Зураг хэзээ ч давтагддаггүй. Энэ хамгийн том үнэ цэнээ хэзээд ч алдахгүй явдаг. Уран бүтээлээс маань таашаагаад худалдан авахад үргэлж сайхан санагддаг. Тэр нь  мөнгөн дэвсгэртэд ч байгаа нөлөө биш харин уран бүтээлийг үнэлж сонголт хийж байгаа нь сэтгэл сэргээдэг. Тэр зураг ямар айлд, ямар байгууллагад хэн хэн харж өглөөг эхлүүлж өдөр тааралдаж орой баяртай гэж хэлдгийг таашгүй ч уран зурагт ямагт сайхан увдис байдаг.

Бас нэг төөрөлдсөн асуулт хариултын тухай ярихад: Аливаа ямар ч уран бүтээлч сэтгэл хөдлөл ихтэй байдаг нь нөгөө талын хүмүүст буруугаар ойлгогддог нь харамсалтай. Болж бүтэхгүй, хөнгөн хуумгай мэтээр яригддаг. Магадгүй тэр бүх сэтгэл хөдлөл нь уран бүтээлд л хэрэгтэй болохоос биш уран бүтээлчид байнгын хэрэггүй. Миний гадаадын орнуудаар явж бас суралцаж байхдаа сүүлд ойлгосон нэг зүйл байна. Энэ нь азийн орнууд тэр дундаа Монгол хүмүүсийн өөрийгөө ойлгох буюу юуг хүсдэг, юунд дуртайгаа мэдэх нь нэлээн хожим. Бүр дургүй зүйлээ ойлгох нь ч хожуу. Энэ нь уран бүтээлчид ч хүртэл хамааралтайгаар мэдрэгддэг. Уран бүтээлийн гол санаа, хүссэн бүтээлийн санаагаа хаанаас эрэл хайгуул хийхээ мэдэхгүй урт хугацааг зарцуулаад байх шиг. 

Манай улсад уран бүтээлчдийн үзэсгэлэнгүүд нэг их хол зайгүй дэлгэгдэж зураачийн хөдөлмөр зургийн өнгө будгийн гайхамшгаар үзэгчдийн сэтгэл, мэлмийг баясгадаг. Гэвч дийлэнх нь үнэ төлбөргүй үргэлжилдэг дадал тогтчихож. Үүнийг яваандаа тогтсон, тохирсон үнэ төлбөртэй зохион байгуулдаг байх хэрэгтэй. 

Урлагаар нийгмийг соён гэгээрүүлнэ шүү дээ. Жишээ нь хүүхэдтэйгээ багаас нь хамт үзэсгэлэн үзэж урлагтай ойрхон байлгахын бол тухайн хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлнө. Яагаад, яагаад, яагаад гэж байнга асуудаг асуултынхаа хариултыг өөрөө ойлгохыг ч үгүйсгэхгүй. Түүнд өөр өөр ертөнцийг таниулж болно. Дээр хэлсэн зураачийн тэвчээрийг хүлээн авч буй үзэгч хүртэл мэдэрч түүнд суралцдаг. 

 

Морь мал, машин тэрэг цуглуулагчдаас илүү уран зураг цуглуулагчдад донтолт их байдаг. Учир нь ганцхан чамд байдаг уран зургийг хайрлахгүй, үнэ цэнийг нь мэдрэхгүй байхын аргагүй. Өөрөө зурдаггүй ч зургийн цуглуулгатай, мэдрэмж өндөртэй хүмүүс тухайн уран бүтээлийг хэрхэн амьдруулах урт наслуулахыг зураачаасаа илүү сайн мэдэх нь ч бий. Туршлагагүй эсвэл одооноос л уран зурагт дурлаж сонирхож байгаа хүмүүс уран зургаа урт наслуулаарай. Хадгалалт хамгаалалт нэн чухал шүү. Нарны шууд тусгалаас хол газар байрлуулах, чийгтэй эсвэл хэт халуун газарт байлгахгүй байх. Мөн зураач уран бүтээл туурвихдаа л сайн чанарын хэрэглэл, хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Ер нь одооноос галерейн зүгээс ч шаардлага хангасан зураг хүлээн авах тухай шаарддаг болсон. Энэ нь хариуцлагагүй залуу уран бүтээлчид ч цензур тогтоодог боллоо гэсэн үг. Сайхан уран бүтээл хийхийн тулд анхнаасаа нягт нямбай байхыг хичээх юм.

 

Сэтгүүлчийн асуултад хариулъя. Хэрвээ би зураач биш байсан бол... Ойр тойрныхон маань хэлдэг л дээ, чамд зохион байгуулах чадвар байна гэж. Энэ чадвараа өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрдөг. Албан бусаар мөн ч олон ажлын зохион байгуулалтын ард гарч байсан /инээв/. Гэхдээ хүн эцэстээ унаган авьяасаа л тордоно шүү дээ. Тийм ч учраас уран бүтээлээ туурвиж байхдаа юу юунаас илүү жаргалтай байдаг. Бусад бага сага хийж чаддаг зүйлсээ хийж болох ч зургаас өгдөг, өөртөө авдаг мэдрэмжийг тултал авах нь юу л бол?! 

 Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Батбаатарын уран бүтээлээс: 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

АЙ ҮЗЭСГЭЛЭНТ БАЛЛЕТЧИН МИНЬ | FromINNA

Нэгэн баллетчинтай хөөрөлдөж суусан цаг саяхан. Түүний амьдрал биднийхээс илүү хариуцлагатай санагдаж байсныг нуух юун. Баллетчиныхаа аманд орчих шахуу л ар араас нь асуултаар булж байгаагаа ч анзаарсангүй. Мэдээж ярьсан зүйлсийнхээ голыг энд бичиж хуваалцана. ... Уртаар санаа алдмаар санагдав. Асар их тэсвэр тэвчээр, хөдөлмөр, өвдөлтийн хязгаарыг давсан бүжгийн урлагийн гоо сайхныг мэдрүүлэхдээ дэндүү баяр хөөртэйгөөр үзэн суух надаас илүү аз жаргалтай байдагт чинь баярлалаа БАЛЛЕТЧИН минь...

Цааш үзэх
Image 11
23

Алдартай зургийн эзэд өөрсдийгөө нууцлах болсон шалтгаан | УСАН ЦЭРГИЙН ҮНСЭЛТ

Их хөл хөдөлгөөн дунд гал халуунаар үнсэлцэх залуу хосын хар цагаан зургийг хэзээ нэгэн удаа харж байсан уу?. Тэгвэл энэ зургийн тухай цаг үе, нууц эздийн тухай үнэн түүхийг хүргэе.

Цааш үзэх
Image 11
21

Орон орны VIRTUAL моделиуд | Цар тахлын үед тэднийг сонгон ажиллах төлөв нэмэгдэж байна

Корона вирусын цар тахлын энэ үед дэлхийн томоохон брэндүүд өөрсдийн нүүр царайгаар Virtual model-уудыг сонгон ажиллаж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд орон орны Virtual моделиудыг танилцуулж байна.

Цааш үзэх
Image 11
18

Үнсүүлж буй эмэгтэй л чимээгүй | Эг маггүй чалчигчид түр азна

Дургүй хүргэм бүдүүлэг энэ гарчиг нэгэн зурагнаас л боллоо.

Цааш үзэх