image

Монголын одот тэнгэрийг аялал жуулчлалын баялаг болгох нь миний мөрөөдөл

HumanZ сайтын уншигч та бүхэндээ хөдөөний  малчин хүү, арлын Япон улсад тэтгэлгээр сурч, өөрийн дуртай зүйлээ мөрөөдлөө болгон, мөрөөдлөө ажил болгож хэрхэн өөрийн компаниа байгуулж ажиллаж, амьдардаг талаар #SHUUDAN булангаараа захидал болгон хүргүүлж байна. 

Сайн уу намайг Б.Энхтүвшин гэдэг. Би одон орны аялал жуулчлалын "Dark Sky Mongolia" компаний үүсгэн байгуулагч. Хүний дуртай зүйл, хүмүүсийн хүсэж буй зүйлийн нэгдэл гэдэг юунаас ч илүү хүчтэй. Тиймээс би компаниа байгуулж чадсан.

Манай монголын тэнгэр, одод ямар үзэсгэлэнтэй гэж бодож байна. Хөдөө би тооноор од харж унтах дуртай хүүхэд байсан. Од харж орчноосоо тасарч, мөрөөдлөө боддог. Монголын тэнгэрийн одод унаж ирэх гэж байгаа юм шиг, тэнгэр дүүрэн үзэсгэлэнтэй одтой. Тэр тусмаа говь, цэлгэр тал газар дээшээ харахгүйгээр хажуу тийшээ харахад л гялтганасан одод харагддаг. Монгол орон минь өргөн уудам тэнгэртэй.  

No description available.

Би хөдөөний хүүхэд. Архангайн Ихтамирт төрж өссөн. Миний үед хөдөөний хүүхдүүд малаа маллангаа хичээл сургуульдаа явдаг байсан. Би ч тэгж л өссөн дөө. Өглөө босоод үнээгээ саана, хонь малаа бэлчээж, хажуу айлдаа даатгачхаад хичээлдээ яваад буцаж ирдэг байлаа. Тэр үед хөдөөний хүүхдүүдэд хоёр зам мөр байдаг байсан. Наймдугаар анги төгсөөд жоохон тааруу сурсан улаан шугамын доор жагссан хүүхдүүд мал дээрээ үлдэх эсвэл МСҮТ-рүү явдаг байсан юм. Сайнууд нь дэвшээд явна. Би ч нээх онц сурдаг хүүхэд байгаагүй л дээ. Гэхдээ улаан шугамын дээгүүр жагссан. Тэр үед би эмээдээ Манайх хүн бүл муутай, өчнөөн олон жил уламжлагдаж ирсэн мал ахуйгаа дагаад би малчин болъё гэж хэлсэн юм.Би бодохдоо эмээг их гоё хүлээж авна гэж бодтол эмээ минь Нэгдлийн үед Монгол улс мал аж ахуйн орон байсан. Нэг шуурга болоод малгүй болсон ч маргааш нь нэгдлээс мал аваад амьдрах боломжтой байсан. Одоо байгаль их ширүүн болсон, чи малгүй болох л юм бол ядуу нэгэн болно. Тиймээс чи хот руу явж, чамаас хэн ч авч чадахгүй эрдэм боловсролыг эзэмших хэрэгтэй гэж хэлж байсан юм. Тэгээд л би эмээгийн хэлснээр хот руу сурахаар явж байсан. Хотод анх очоод өндөр байшин барилгууд гээд эхэндээ гоё л байсан. Би чинь хөдөө өсөж, торнисон хүүхэд юм болохоор удалгүй хөдөөрүүгээ буцмаар санагдаж эхэлсэн л дээ. Яг тэр үед ээж надад ЕБС-д сурч байхаар мэргэжил олгох, амьдралд арай хурдан гарах зүйл сонгосон дээр биш үү гэж асуугаад ,би зөвшөөрч бид хоёр нэг сургууль руу очиж байсан юм. Хуучин соёлын дээд сургуулийн, мэргэжлийн боловсролын сургуульд очсон. Олон ангиуд дундаас аялал жуулчлалын анги гэдэг сонголт миний нүдэнд туслаа. Би нарийн сайн мэдэхгүй байсан ч хар ухаанаар бол ямартай ч хөдөө явах байх, аялах юм байна. Хүмүүстэй танилцана, гадаад хүмүүсд өөрийнхөө нутаг орноо танилцуулах юм байна гэж бодоод шууд л тэр ангийг сонгоод, шалгалтаа өгөөд тэнцчихсэн. Манай сургуульд Япон хэлний хөтөч орчуулагчийн анги шинээр нээгдэж байгаа гэдгийг эрхлэгч надад хэлээд энэ ангид орох уу гэж санал болгосон юм.

Би гуравдугаар анги байхдаа анх удаа гадаад хүн, (Япон өвөөтэй) таарч байсан юм. Адилхан хүн байгаад байдаг, тэгсэн хэрнэ өөр хэлээр яриад, өөр соёлтой байсан нь надад их л сонин гоё санагдаж байлаа. Япон хэл гоё аялгуутай сонсогдоод, би том болоод өөрөө энэ хэлийг нь сурчхаад ярилцах юмсан гэж бодож байсан дурсамж минь сэдрээд эрхлэгчийн санал болгосон ангид орж байлаа. Бидний хичээлд хэрэглэгддэг Япон ханзны толь бичгийг анх аваад нээж үзтэл, миний багадаа уулзаж байсан Япон өвөөгийн редакторласан ном байж таарсан. Тэр нь их гоё санагдаж байсан. Яг хувь тавилангаараа л явж байгаа юм шиг. Гурван жил сурахаас би эхний хоёр жил нь яг үнэнийг хэлэхэд хичээлээ хайхардаггүй, пс тоглодог, хааяа хичээлээ таслаад унтчихдаг байсан.

No description available.

Маргаашийг бодож шаналалгүй зөвхөн өнөөдөртөө хамгийн сайнаараа хичээгээрэй

Нэг өдөр би амьсгалж чадахгүй давчдаад хэцүү болсон. Учир нь энд тэнд хүмүүс ингэж үхлээ, энд аюул осол боллоо гэсэн мэдээ үзсээр байгаад хүн ер нь төрөөд ингээд л үхчих юм бол яах гэж төрдөг юм бол гэж байнга бодож шаналж, явсаар нөгөөдөх буглаад хэцүүдсэн нь тэр. Гэр бүлийхэндээ хэлэх хэцүү. Сургуулийн сүүлийн жил манай сургуульд Япон багш ирсэн юм. Тэр багш маань Япон хэлээр миний яриаг их сонсдог байсан. Тиймээс би багшдаа өөрт төрж байгаа мэдрэмжээ хэлтэл Хүнд тийм үе байдаг, надад ч гэсэн байсан. Чи өөрийн амьдарч буй өдөр болгоныг чухалчилж амьдрах хэрэгтэйгэж хэлсэн. Энэ үг их энгийн хэрнээ надад тэр үед агаар шиг л хэрэгтэй байсан. Яг энэ үгийг сонсоод би маргаашаас нь л шууд өөрийгөө өөрчилсөн. Өглөө бүр таван цагт босож, галаа түлнэ, хоолоо хийж, гэрээ цэвэрлэчхээд, тасганы овоо хүртэл гүйдэг. Амьдарч байгаадаа баяртай байна гэж өөртөө өдөр бүр хэлдэг болсон. Манай гэрийнхэн хичээлээ хийгээч гэж загнадаг байсан бол бараг унтаачээ гэж уурлах нь холгүй болсондоо. Хүнээс уучлалт гуйх, баярласнаа илэрхийлэх бол яг л тухайн цаг мөчдөө илэрхийлж маргааш байхгүй ч байж магад гэсэн сэтгэлээр бүх зүйлд хичээж, хичээлээ таслалгүй хийж, маргаашийг бодож шаналахгүй өнөөдөр л амьдрах юм шиг бүх юмыг амжуулах гэж хичээдэг болсон. Би Япон хэлэндээ гайгүй байсан ч бусад хичээлээ сайн давтдаггүй байсан болохоор тааруу сурдаг байлаа. Гэхдээ би хичээсний үр дүнд төгсдөг жилээ сургуулийнхаа шилдэг оюутан болж байсан.

Мөнгө чухал ч хүссэн зүйлээ хийх нь илүү чамайг амжилтанд хүргэнэ

Сургуулиа арван долоон настай төгссөн. Нас ч бага, ер нь мэргэжлээрээ ажил олдохгүй болохоор нь, цагийн ажил хийе гэж шийдээд Номадс-д зөөгч хийсэн юм. Тэнд жуулчид их ирнэ. Жуулчдийг дагуулж яваа хөтөч, тайлбарлагч нар их гоё харагдана. Нэг өдөр би тэд нарыг харчхаад би өөрийгөө яг юу хийгээд яваад байгаагаа гайхаж, мэргэжлээрээ ажиллах хэрэгтэй гэж шийдэж, тэр өдрөө л шууд ажлаасаа гарч, мэргэжлийн ажлаа хайж эхэлсэн. Интернетээс монголын бүх аялал жуулчлалын компаниудын жагсаалтыг олж аваад, бал дэвтрээ барьж байгаад л эхнээс нь бүгдэн рүү нь таксофоноор ярьлаа. Намайг ачаа зөөгчөөр ч хамаагүй аваач, би хичээнэ, суралцана гээд л ярьсан. Гэтэл аль нь ч тусгай шаардлага энэ тэр яриад зөвшөөрөөгүй. Тиймээс би өөрийгөө илүү боловсруулах ёстой юм байна гэдгийг ойлгоод Монгол, Японы төвд очиж түүх, хэл бүх юмаа бэлддэг байсан. Яг тэр үед танил ахтайгаа тааралдаад надад "Монгол Казе травэл" гэж төв байдаг залуусыг их дэмждэг очоод үз гэж хэлсэн юм.

Тэр төв рүү очоод анх удаа л би тийм гоё оффист орж үзсэн. Захирал нь надад нэг ханз өгөөд энэ ханзыг унш, хэрвээ уншиж чадахгүй бол “уучлаарай, баяртайгэж байна. Уг нь морь унах гэсэн ханз байгаа юм. Нийлүүлээд унших гэхээр нийлбэр дуудлагыг нь мэдэхгүй байсан. Тэгээд л намайг арай болоогүй байна гэж хэлэхээр нь би зориг гаргаад Би бол хөдөө өссөн, хөдөөний малчин хүүхэд, энэ уламжлалыг маань үзэх гэж ирсэн жуулчдад би илүү сайн тайлбарлаж, ойлгуулж чадна гэж боддог. Та надад боломж олгооч, би хичээнэ гэж хэлсэн. Тэгсэн надад том зузаан хөтчийн гарын авлага өгөөд, долоо хоногийн дараа гэхэд цээжлээд ир гэсэн. Өгсөн номыг нь сөхөөд хартал битүү ханз би уншиж ч чадахгүй. Тиймээс би Япон багшаасаа тусламж авч заалгаад хаанаас нь ч асуусан алдахааргүй болтлоо бэлдээд очиж шалгуулаад тэнцэж байлаа. Тэгж анх удаа мэргэжлээрээ ажиллаж, доллараар цалинждаг болсон. Гэхдээ мөнгө төгрөг гэхээсээ илүү, хүссэн зүйлдээ цаг зарцуулж, өөрийн хүчээр хүрч байгаа минь надад үнэ цэнэтэй байсан.

No description available.

Хөтөч хийж ажиллаж байхдаа би Япон орныг очиж үзье гэж шийдсэн юм. Гэр бүлээ зовоохгүй, их мөнгө төгрөг гэхгүй өөрийн боломжоор явах боломжтой нь Асахи сонины тэтгэлэг байсан. Гэхдээ би гурван удаа унаж, дөрөв дэх дээрээ тэнцсэн юм. Яагаад гэхээр тэр үед би Япон хэлэндээ их сайн өөрийгөө тэнцэнэ гэдэгт итгэлтэй онгироо, сүүлийн шалгаруулалт дээр хөлөө ачиж суучихдаг байсан байгаа юм. Тиймээс сэтгэлзүйн хувьд болоогүй байна гээд намайг тэнцүүлдэггүй байсан юм билээ.Тэгсээр дөрөв дэх шалгаруулалт дээрээ арван есөн настайдаа тэнцэж, Япон орныг зорих боломж гарсан.

Дэлхийн хойд хагасын хамгийн их од харагддаг газар бол Монгол юм гэдгийг гуравдагч этгээдээр хэлүүлэх нь миний мөрөөдөл

Финланд улсад туйлын туяа хардаг их гоё ресорт байдаг юм. Яг тэрэн шиг од хардаг ресортыг монголд байгуулах нь миний мөрөөдөл. Энэ мөрөөдлөө би хүн болгонд ярьдаг байсан. Манай Монгол хамгийн гүн харанхуй тэнгэртэй, гэрлийн бохирдолгүй унаган байгалиараа.

Монгол Японы төвд японд магистрын сургуульд оюутан элсүүлэх өдөрлөг болоод тэнд ирсэн хүнд Япон танил маань намайг танилцуулсан юм. Би ч хүсэл мөрөөдөл, зорилго, юу хийдэг талаараа бүгдийг нь хэлсэн. Тэр хүн  Чамд дүрэлзсэн их хүсэл мөрөөдөл байна. Тийм учраас чи бизнес яаж явуулдаг, хөрөнгө оруулалт хэрхэн авдаг гээд бүхнийг эхнээс нь сурах хэрэгтэй гэж зөвлөсөн. Би их сургуульд сураагүй, бакалаврын зэрэггүй хүн яаж болох билээ гэтэл, бакалаврын төвшний мэдлэгтэй гэдгээ батлах шалгалт өгөөд тэнцвэл болно гэсэн. Ингээд би Нигата хотын бизнес зохион байгуулалтын магистрын сургуульд хоёр жил тэтгэлгээр сурч төгссөн.

Шинэ Зеланд улсын 300 хүн амтай жижиг тосгонд жилд дэлхийн өнцөг булан бүрээс 50 мянган хүн ирж од харахаар зорьж ирдэг. Яг энэ жишээг би дэлхийн хойд хагасд монголдоо бий болгохыг хүссэн. 

Би сурч байх явцдаа хамгийн их одонд дуртай, хамгийн их од сонирхдог хүмүүсийн нэгдэл хаана байна гэдгийг хайж, судалж астрономийн сэтгүүл олсон юм. Энэ сэтгүүлийн хүмүүс рүү Монголын од бол дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй нь, хамгийн их од харагддаг, японоос, Монгол хамгийн ойр байна гээд бүх боломжуудыг хэлж мэйл бичсэн. Тэгээд санаа минь дэмжигдэж, судалгаа төслөө бодит болгож, өөрийн “Dark sky Mongolia” компаниа байгуулж, корона гараагүй үед хоёр сарын хугацаанд 15 аялал амжилттай зохион байгуулсан. Гэрэлгүй харанхуй газруудад аялж, од хардаг, зураг авдаг аялал юм.

No description available.

No description available.

Манай компанийн үндсэн үзэл санаа бол аялал жуулчлалын баялагын үнэнхүү ач холбогдол үнэ цэнийг тайлбарлан ойлгуулах явдал юм

Би өөр нэг бизнес эхлүүлэхдээ өөрийн санаандаа хэтэрхий их итгэснээс болж хөрөнгө оруулалт авж алдаж байсан юм. Хүн өөрийн санаандаа хэт согтоно гэж байдаг юм билээ. Би энэ туршлагаараа бизнесийг нарийн тооцоогүй ганц сэтгэл хөөрлөөр явж болохгүй юм байна гэдгийг маш сайн ухаарсан. Өөрийн мөрөөдлөө нэг ч хүнд хүргээгүй, нэг ч төгрөг олоогүй үед үнэхээр итгэлгүй болох үе байдаг. Би хийсвэр зүйл хийгээд яваад байна уу, больчихдог ч юмуу гэсэн бодол зөндөө төрж байсан. Өөр ажлын санал ирнэ, өөр юм хийх санаа ч орж ирнэ. Яг энэ үедээ би хүнд гэр бүл, найз нөхөд, багш нартаа мөрөөдлөө, ажлаа ярьж урам авдаг, тэд минь намайг дэмждэг байсан. Би хурдан сэтгэлээр унана, шантардаг төрлийн хүн юм шиг байгаа юм. Яг шантарсан үедээ би юу ч гэсэн энийг хийгээд үзье, бүтэхгүй ч байж магадгүй гэхдээ оролдоод үзье гэж их зүйл бодолгүй жижигхэн ч хамаагүй зүйл хийдэг. Яг ингэж явсаар би одоо мөрөөдлийнхөө үнэт зүйлийг бүтээж, хэний ч өмнө хэлж итгэлтэй хэлж чадах хэмжээнд хүрсэн байна.

Заавал том мөрөөдөл зорилготой байх гээд хэрэггүй. Чиний сэтгэлийн үзүүрт юу хүсэж байна тэрийгээ л хий. Тэр чинь гэрээ цэвэрлэх байсан ч болно. Тэрний дараа дахиад өөр хүсэж буй зүйлээ хий. Сэтгэлзүйн гоё орчингоо л бүрдүүл.

No description available.

No description available.

No description available.

 

 

 

 

1 Сэтгэгдэл:

  1. Үнэхээр сэтгэлд хүрлээ сүүлийн үед ихэнх зүйлийг оромдож хийж байлаа магадгүй үеийхэн маань ихэнх нь ийм биз өнөөдрөөс зөвхөн өнөөдөртөө амьдарах болно магадгүй амьдралыг үзэх үзлийг минь өөрчилсөн нийтлэл байлаа баярлалаа <3

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

МОНГОЛЫН БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН МАСТЕРЫН 10 БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ. Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя

Нэг ч хямарсан хүн алга. Яг энэ үед би дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үеийг давж, хөл дээрээ амжиллтай боссон старт ап бизнесийг бүтээе гэж зорьсон юм. Чадна гэсэн итгэл төрөх үед нийт ажлын 50 хувь биелдэг. Би гэрээсээ гарахгүй ээ. Төр засгаа ч буруутгахгүй. Сошиал дээр зовлон тоочихгүй. Хийцгүйрч орон дээрээ өнжихгүй. Алив, босцгоо. Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Цаг хугацааны юунд найдах, юунд тэмцэх

Цаг хэд болж байна вэ? Хэд болж байгаа нь хамаатай ч биш дээ. Халуун чацарганын шүүс хандлахаар тавьчихлаа. Энэ хооронд юу хийхээ бодолгүйгээр, юу хийхээ эрж хайх нь тэр.

Цааш үзэх
Image 10
16

#SHUUDAN | НАЙЗ: Тэр надад асгартал уйлах эрх чөлөөг олгодог

Нэг жилийн өмнөх яг энэ өдөр (2019.10.16) тэр минь эрдэм өвөрлөөд ирнэ ээ гэсэн их хүслээр жигүүрлээд алс хол Ирландыг зорьсон билээ. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ... Саяхан л нисэх онгоцны буудлаас үдэж зогссон санагдана.

Цааш үзэх