image

2MOOD | "Үгээр хэлэмгүй сайхан зүйл бол ихэр хувь заяа"

Ихрүүдийн хэлэх үг, хийх үйлдэл нь хүртэл ихэнхдээ адилхан байдаг гэдгийг та нар мэдэх үү. Бид энэ удаа ихрүүдийн 2MOOD буландаа Б.Мөнхцэцэг, Б.Мөнхгэрэл гэх усны дусал шиг адилхан хоёр ихрийг онцлон танилцуулж байна. Тэдний асуултанд хариулж байгаа нь хүртэл адилхан хайр хүрмээр байсан гээч.

- Ихэр байх мэдрэмж ямар байдаг вэ?

Б.Мөнхгэрэл: Гоё шдээ. Бүх юмс хосоороо. Үгээр хэлэмгүй сайхан зүйл бол ихэр хувь заяа минь билээ.

Б.Мөнхцэцэг: Мэдээж сайхан шүү дээ. Бүх зүйлс нь хоёроороо. Хэзээ ч уйдамгүй хөгжилтэй янз янзын гоё зүйлс их байна.

- Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Б.Мөнхгэрэл: Маш их баярладаг. Ихэр заяаг олж төрнө гэдэг тийм ч амархан хэн бүхэнд тохиодог хувь тавилан биш гэж боддог. 

Б.Мөнхцэцэг: аярлалгүй яахав. Хүмүүний орчлонд хоёр ихэр болж төрнө гэдэг бол ховорхон азтай хувь тохиол. 

- Хэзээ ихэрдээ хамгийн ихээр баярлаж байсан бэ?

Б.Мөнхгэрэл:  Цэцэгээ их романтик. Хөөрхөн бэлэг дурсгал авч өгөх, энгийн үед ч гэнэт гадуур зугаалъя, гоё хоолонд орьё гэх мэт зөндөө зүйлсийг ярьж хэлж, хийж өгч баярлуулдаг. Хамгийн сүүлд санаж байгаагаар би их сургуулиа төгсөөгүй байсан юм. Корона гараад би хөдөө яваад бараг гурван сар бид хоёр хол байсан. Тэгээд хичээл орох болоод  өглөө  гэртээ орж иртэл “Welcome to Home” гээд ханан дээрээ бичээд, зүрхэн хэлбэртэй миний хамгийн дуртай өнгөтэй зөөлөн чихмэл бэлдчихсэн байж билээ. Тэр үед үнэхээр маш их баярлаж байсан, бас хэзээ ч мартдаггүй юм.  Үнэтэй гэхээс илүүтэйгээр сэтгэлээ гаргаж бэлдсэн зүйлд би их дуртай. Бусад хүмүүст ч мөн ялгаагүй тийм байдаг байх. Хожим хойно хүний  чин сэтгэлийн  зүйлс л бидэнд илүү тод үлддэг.

Б.Мөнхцэцэг:  Би ихэртээ өдөр бүр, хором бүрд баярладаг. Орой болгон миний хоолыг бэлдээд, хийчихсэн байдаг. Намайг эмчилдэг, халамжилдаг гуйсан бүхнийг минь зөвшөөрдөг. Ихэр минь их цайлган, сайхан сэтгэлтэй.

- Ихрийг чинь хэн нэгэн гомдоовол чи яах вэ, эсвэл яаж байсан бэ?

Б.Мөнхгэрэл: Цэцэгийн сэтгэл санаа тавгүй байх мэдээж надад таатай байдаггүй ээ. Хажууд нь хараад сууж байгаа хүнд ямар сайхан байхав дээ. Би бараг дагаад хямарчихдаг. Хэн нэгэн гомдоовол эхлээд шалтгаан учрыг нь гаргаж ярилц гэж зөвлөдөг.

Б.Мөнхцэцэг: Ер нь нээх их тэрэнд гомдсон, энэнд гомдсон гэж хэлдэггүй. Гэхдээ тэр үед тэрэнд жаахан тиймэрхүү санагдсан гэж хэлэх үе байдаг. Тухайн үед нь ярилцаад хэлж, ойлголцсон  нь дээр гэж зөвлөдөг. Намайг бодвол ер нь дөлгөөхөн хүн л дээ.

- Өөрсдөө ихэр ч гэсэн бусад гоё гэж боддог ихрүүд бий юу?

Б.Мөнхцэцэг: Туркийн олон ангит “Karasevda” киноны Zeynep-ийн дүрээр тоглодог жүжигчин ихэр. Тэр хоёр ихэр ёстой шилдэг санагддаг. Бас өөр нэг ихрүүд бол нэг нь МУИС-д, нөгөөх нь АШИУС-д сурдаг хоёр хөөрхөн охин байдаг юм. Нэрийг нь сайн мэддэгүй ээ. Анука хэн гэдэг билээ дээ. Би инстаграмаар л мэднэ. Гэхдээ танай 2Mood буланд оролцсон ихрүүдийг харсан ёстой бүгд хөөрхөн юм билээ.

Б.Мөнхгэрэл: Цэцгээтэй санал нэг байна. HumanZ- ийн 2Mood буланд оролцсон ихрүүдийг хараад л мэддэг болж байна.

- Ихрүүдээс ер нь хүмүүс их сонин сонин асуулт асуудаг. Та хоёроос хүмүүсийн хамгийн их асуудаг тэнэг асуулт юу вэ?

Б.Мөнхцэцэг: Хамгийн тэнэг асуулт бол та хоёрыг найз залуу чинь ялгахгүй байвал яах уу, нэг өдөр хамтдаа хуримаа хийх үү, чи ихрээ яг одоо юу хийж байгааг мэдэрч байна уу гэх мэт инээдтэй инээдтэй юм их асууна. Ихэр л болохоос ямар үзэж хардаг үзмэрч, лам биш яаж мэдхэв. Нэг эсийн ч гэсэн хоёр өөр бие хүмүүс шүү дээ.

Б.Мөнхгэрэл: Зөндөө шүү дээ. Найз залуучууд чинь андуурдаг уу, нэг нь өвдөхөөр дагаад өвддөг үү л гэнэ. Гадуур хамт явж байх үед заримдаа бүр араас дагаж ирээд та хоёр ихэр үү гэнэ. Нэгэнд нь хайр зарлавал андуураад байвал яахуу, ялгах тэмдэг тавьчихмаар юм биш үү гээд л сонин сонин юм их асууна шдээ. Сүүлдээ ч бүр чихэнд дасал болчихжээ.

- Ихрүүд нэгэндээ гэр бүлийн ах дүүгээсээ илүү амь байдаг. Харин тэгвэл яг одоо ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Б.Мөнхгэрэл: Төсөөлөхөд ч бэрх юмаа. Нүдэнд тортог ороод дутуу эсвэл харж чаддаггүй болчихдог шиг тийм л хэцүү байна байх. Нэг  үгээр бол хорвоо хоёр хуваагдсантай л адил гэхүү дээ. Би Цэцэгт хэлдэг юм хөгширсөн хойноо миний л дараа бурхны орон луу яваарай гэж.

Б.Мөнхцэцэг: Муухай штээ. Надаас нэг том юм алга болчихсон ч юм шиг гунигтай байна. Ер нь олон хоногоор хамт байхгүй үед эхний хэдэн өдөр бол миний хувьд нэг тийм хоосроод байгаа юм шиг мэдрэмж төрдөг.  Манай Гэрлээ эмч учир зуны амралтаар дадлага гээд хөдөө гадаа явчихдаг байсан. Тэр үеүдэд их бодогдож санагалздаг байсан.

- Ихэртэйгээ хийж байсан хамгийн хөгжилтэй, сахилгагүй зүйл?

Б.Мөнхгэрэл: Бага байх үеэс гээд их л дурсамж  байна. Одоо хамгийн тод санагдаж байгаа нь зуны амралтаараа би мотоцикл унаж сурсан үе байлаа. Тэр зун бид хоёрт нэг хөөрхөн эрх ишиг байсан юм. Тэр ишигээ дундаа дүүрч явж байгаад гэнэт хонь дайрах гээд сандарсан даа болоод нүх рүү мотоциклтойгоо уначихсан. Тэгээд би мотоциклын халуун янданд хөлөө түлчхэж билээ. Нөгөөдөхөө аав ээжид хэлэхээс эмээгээд нуугаад сүүлдээ хөл маань болохоо байгаад араггүй эрхэнд хэлж байсан.

Б.Мөнхцэцэг: Ер нь би зүгээр сууж байгаад л чадчихдаг. Яаж ийж байгаад өдөөд чадчихдаг дэггүй гэх юм уу. Хүүхэд наснаас эхлээд зөндөө сайхан дурсамжууд байна. Аав маань та хоёр эмээгээ мөн ч их ийш тийш нь алхуулдаг байсан даа. Чихэр өгье гэхээр нь гүйж очиж чихрээ авчхаад бусад үед очдоггүй зугтаагаад чи тэрүүгээр гүй, би энүүгээр гүйе гээд баригддаггүй хүүхдүүд байсан. Эмээ чинь хөөрхий таягаараа та  хоёрыг  эргүүлээд л явдаг байсан гэж ярьдаг.

- Ихэрдээ хэр их хайртайгаа 0-10 хооронд  тоогоор илэрхийлээрэй гэвэл?

Б.Мөнхгэрэл: 10 Би ихэрдээ өөрөөсөө ч илүү хайртай шдээ МЦ. Сүүлийн үед ихрийнхээ нэрийг ингэж товчилж дуудахаар гоё санагдаад байгаа.

Б.Мөнхцэцэг: Мэдээж 10-ийг өгнө. Сайхан зүйлс тохиолдвол дагаад баярладаг, сэтгэл нь таагүй байвал аль болох дэмжихийг хичээдэг. Ер нь тэгээд ямар ч үед бүхнийг хамтдаа хийдэг, шийддэг болохоор бүх зүйлд хамт байгаад сурчихжээ.

- Аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүдээсээ ихэрдээ илүү хайртай байж чадах уу?

Б.Мөнхгэрэл: Гэр бүлдээ бүгдэд нь маш их хайртай. Хорвоо дээр төрүүлж өсгөсөн аав ээждээ хамгийн их хайртай. Дараа нь мэдээж ихэр.

Б.Мөнхцэцэг: Аль алинд нь хайртай. Гэхдээ хамгийн эхэнд гэр бүл. Түүний дараагаар Гэрлээдээ ч мөн хайртай байлгүй яахав.